| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00475/И |
| Дугаар | 183/ШШ2017/00822 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2017/00822
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2017/00822 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3н 6-140 тоотод оршин суух Боржигон овогтой Билэгдэмбэрэлийн Батдорж /РД:МЮ65022815/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө гудамж 7 байр 4 тоотод оршин суух Хадынхан овогтой Нямхүүгийн Ганбат /РД:УК62041637-д холбогдуулан гаргасан 650 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч Н.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батдорж би 2015 оны 6 сард өөрийн танил Түвшинтэй тааралдаж уулзахдаа Орос руу хил гарахад шаардлагатай цэнхэр бичгийг зам тээврийн яамнаас авдаг тухай ярихад Ганбаттай танилцуулсан ба Ганбат нь цэнхэр бичгийг олж өгнө гээд би түүнд бэлнээр 650 000 төгрөгийг 2017.07.01-нд өгсөн боловч уг бичгийг олж өгөөгүй. Иймд иргэн Н.Ганбатаас 650 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Ганбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 сарын хугацаанд 325 000 төгрөгөөр 2 хувааж төлөх хүсэлтэй байна. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж болно гэв.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б.Батдоржийн нэхэмжлэлтэй Н.Ганбатад холбогдох 650 000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч байна. Н.Ганбат нь нэхэмжилж буй 650 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор Б.Батдоржид өгөхөөр эвлэрсэн тул бидний эвлэрлийн гэрээг бататгаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батдорж нь хариуцагч Н.Ганбатаас 650 000 төгрөг гаргуулах
тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 650 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Батдоржийн нэхэмжлэлтэй Н.Ганбатад холбогдох 650 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 650 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 20 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ