Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/585

 

 

 

 

2021           9        16                            2021/ШЦТ/585

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч /эх/  Ч.Э, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

****** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт *******-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч:Монгол улсын иргэн, **** оны **  дугаар сарын ** -нд **** хотод төрсөн, ** нас *  сартай,эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл * , эцэг, эх, дүү нарын хамт ****  дүүргийн ** дүгээр хороо, **********************оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:********  / ** овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө *** дүүргийн *  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** байрны гадна насанд хүрээгүй хохирогч А.С-ыг зодож түүний биед баруун шанаа, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тархи дОт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн  хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 120.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлнө.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч *******-ын хууль ёсны төлөөлөгч /эх/ Ч.Э шүүх хуралдаанд “Миний хүү нь ямарваа нэгэн муу зуршил байхгүй.  Өмнөговь аймагт ажил хийж байгаад гараа гэмтээсний улмаас Улаанбаатар хотод ирсэн байсан үедээ ийм асуудал болсон байна. Манай гэр бүлийн амьдралын хувьд манай нөхөр тархины гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадваргүй гэртээ группэд байдаг.  ******* манай том хүүхэд 4 дүүтэй. Айлын том болохоор ажил хийж надад тусална, аав дүү нараа хардаг хүүхэд байгаа юм.  Манай хүү ******* миний үгэнд ордог. ” гэв.

Хавтаст хэргээснасанд хүрээгүй хохирогч А.Смөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ****  дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *************** байрлах төрсөн ах А.С-ын гэрт амарч байгаад орой 22 цагийн орчимд ах А.С түүний найз охин Д хамт сагс тоглохоор гарсан. Тэгээд Сотын 2/2 дугаар байрны урд талд байрлах сагсны шийдэн дээр тоглож байхад өмнөх өдөр хамт сагс тоглож байсан 2 охин, 1 залуу хойно гэрэлтүүлэгтэй шийд байгаа тийшээ очиж тоглох уу гэхээр нь за тэгье гэж хэлээд явсан. Шийдэн дээр очиход тухайн шийдэн дээр 6 хүүхэд байсан. Бид нар сагс тоглож байхад доороос 6 залуу гялгар ууттай архи пиво авчирснаа шийдний ойролцоо байрлах сүүдрэвчинд орж сууснаа авчирсан архи пивоо ууж байгаад бид нар дээр ирж хамт бооцоотой тоглох уу гэхээр нь ах С яах юм бэ гэж хэлээд явсан. Тэд нар араас өө муу арчаагүй лалар вэ, та нар хаана ирсэнээ санаж байна уу, энэ та нарын газар биш, дараа таарах байх, гэх мэтээр орилоод байсан. Бид нар эргээд хуучин тоглож байсан шийд дээр ирчихээд сагс тоглож байхад араас нөгөө хүүхдүүд ирэхээр нь явах гэхэд бид нарын замыг хаагаад явуулахгүй байсан. Тэнд байсан нэг залуу нь эгч Д цамцыг булаагаад өгөхгүй байсан бөгөөд нөгөө нэг залуу нь бөмбөг авчихаад С ахтай маргалдаад байснаа нүүр хэсэг рүү нь цохисон. Харин намайг халимаг үстэй, хар өнгийн цамцтай нэг залуу миний нүүр хэсэг рүү 2 удаа, 1 удаа хөлөөрөө цохисон. Ах С ирж тухайн залууг салгаж тэгээд бид 3 тухайн хашаанаас гарч зугтаасан. Дараа нь цагдаад дуулга өгсөн...170 см орчим өндөртэй, туранхай, бор царайтай, цагаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн подволктой, баруун гарынхаа шуу хэсгээ боосон байсан. Би харвал танина. О гэх залуу намайг зодсон хүн мөн байна. А.С нь О гэх залуутай маргалдаж зодолдсон. Харин халимаг үстэй, өндөр бор өнгийн цамцтай биерхүү залууА.С-ыг О-той зодолдож байхад салгах гэж байхдаа хувцсыг нь урсан. Түүнээс өөр цохисон гэхээр зүйл байхгүй. би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа бөгөөд мөн тээврийн хэрэгслийн зардал болон хэрэгт шалгагдаж байх үеийн зардлаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11, 14-15/,

Гэрч А.С мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би ****** дүүргийн *  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **********тоотод байрлах гэртэй амарч байгаад орой 22 цагийн орчимд төрсөн дүү А.С, найз охин Д хамт сагс тоглохоор гарсан. Тэгээд Сотын 2/2 байрны урд талд байрлах сагсан шийдэн дээр тоглож байхад өмнөх өдөр нь хамт сагс тоглож байсан 2 охин 1 залуу хойно гэрэлтүүлэгтэй шийд байгаа тийшээ очиж тоглох уу, гэхээр нь за тэгье гэж хэлээд явсан. Шийдэн дээр очиход тухайн шийдэн дээр 6 хүүхэд байсан. Бид нар хамт сагс тоглож байхад доороос 6 залуу гялгар ууттай архи пиво авчирснаа шийдний ойролцоо байрлах сүүдрэвчинд орж сууснаа авчирсан архи пивоо ууж байгаад бид нар дээр ирж хамт бооцоотой тоглох уу, гэхээр нь би яах юм гэж хэлээд явсан. Тэд нар араас өө муу арчаагүй лалар вэ, та нар хаана ирснээ санаж байна уу, энэ та нарын газар биш, дараа таарах байх гэх мэтээр орилоод байсан. Бид нар эргээд хуучин тоглож байсан шийд дээр ирчихээд би С-г дэлгүүр оруулж ундаанд явуулсан. Тэгээд сагс тоглож байхад араас нөгөө хүүхдүүд ирэхээр нь явах гэхэд бид нарын замыг хаачхаад явуулахгүй байсан. Нэг хугархай гартай хүүхэд миний нүүр хэсэг рүү цохихоор нь би эргээд хашааны хаалгаар гарах гэхэд нэг залуу нь араас хөлөөрөө жийсэн. Мөн Сыг зодож байсан. Тэгээд бид 3 тухайн хашаанаас гарч зугтаасан. Дараа нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

Насанд хүрээгүй гэрч Н.М мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 26-нд би   ***** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт ***** гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр О, М , Б  , Б  нартай уулзаж сагс хамт тоглосон. Бид нар гэр хороолол дунд байрлах сагсны шийд дээр очиход тэнд 3 эмэгтэй, 3 залуу сагс тоглож байсан. Бид нар хамт тоглох уу, гэхэд үгүй гэж хэлээд Сотын байр руу явсан. Эргээд цэцэрлэг орж Pubg тоглох гээд явж байтал **** гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хойд шийдэн дээр тоглож байсан 3 эмэгтэй, 3 залуу ирсэн тоглож байхаар нь очиход хамт явж байсан нэг жижиг биетэй залуутай О маргалдсан. Тухайн залуу би та нарыг ах нартай чинь ална шүү гэж чаддаг юм бол та нар бөөнөөрөө хүрээд ир гэж хэлээд хувцсаа тайлаад байсан. Энэ үед би шар үстэй залуутай юм яриад сууж байхад түүний ах нь болох нэг залуу миний нүүр хэсэг рүү 1 цохисон. Тэгээд би тухайн залуутай маргалдаж байгаад салаад явсан. Харин О хамт явж байсан шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиход нүүрээ дараад доош суух үед нь дахин 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар шийднээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

Насанд хүрээгүй гэрч Э.Д мөрдөн байцаалтанд“2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би **** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотод байрлах гэртэй амарч байгаад орой 22 цагийн орчимд дүү А.С, найз залуу С-ын хамт сагс тоглохоор гарсан. Тэгээд  ***** урд талд байрлах сагсан шийдэн дээр тоглож байхад өмнөх өдөр нь хамт сагс тоглож байсан 2 охин 1 залуу хойно гэрэлтүүлэгтэй шийд байгаа тийшээ очиж тоглох уу гэхээр нь за тэгье гэж хэлээд явсан. Шийдэн дээр очиход тухайн шийдэн дээр 6 хүүхэд байсан. Бид нар хамт сагс тоглож байхад доороос 6 залуу гялгар ууттай архи пиво авчирснаа шийдний ойролцоо байрлах сүүдрэвчинд орж сууснаа авчирсан архи пивоо ууж байгаад бид нар дээр ирж хамт бооцоотой тоглох уу, гэхээр нь би яах юм гэж хэлээд ярсан. Тэд нар араас өө муу арчаагүй лалар вэ, та нар хаана ирснээ санаж байна уу, энэ та нарын газар биш, дараа таарах байх гэх мэтээр орилоод байсан. Бид нар эргээд хуучин тоглож байхад араас нөгөө хүүхдүүд ирэхээр нь явах гэхэд бид нарын замыг хаачхаад явуулахгүй байсан. Нэг хугархай гартай хүүхэд А.С-ын нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Мөн А.С-ыг халимаг үстэй, хар өнгийн цамцтай нэг залуу нүүр хэсэг рүү цохиж байсан. Тэгээд бид 3 тухайн хашаанаас гарч зугтаасан. Дараа нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28/

Гэрч О.Б мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би ***** дүүргийн  *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***** гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр О, М , Б, Б нартай уулзаж сагс хамт тоглосон. Бид нар гэр хороолол дунд байрлах сагсны шийд дээр очиход тэнд 3 эмэгтэй, 3 залуу сагс тоглож байсан. Бид нар хамт тоглох уу, гэхэд үгүй гэж хэлээд **** луу явсан. Эргээд цэцэрлэг орж Pubg тоглох гээд явж байтал ****** гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хойд шийдэн дээр тоглож байсан 3 эмэгтэй, 3 залуу ирсэн тоглож байхаар нь очиход хамт явж байсан нэг жижиг биетэй залуутай О маргалдаж тухайн залуу би та нарыг ах нартай чинь ална шүү гэж чаддаг юм бол та нар бөөнөөрөө хүрээд ир гэж хэлээд хувцсаа тайлахаар нь би салгасан. Харин хамт явж байсан өндөр залуу нь бөмбөгөө аваад явах гэхээр нь би очиж уучлаарай хамттоглож болох уу, гэж хэлээд зогсож байхад араас нь О хөшиглөсөн. Тэгээд бид нар зодолдсон. Би тухайн зодооныг салгах гэтэл  О хамт явж байсан шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиход нүүрээ дараад доош суухаар нь дахин 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар шийднээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/

Яллагдагчаар өсвөр насны ******* мөрдөн байцаалтанд“2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би ****** дүүргийн *  дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***** гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр Б,М, Б, Б нартай уулзаж сагс тоглосон. Бид нар гэр хороолол дунд байрлах сагсны шийдэн дээр очиход 3 эмэгтэй, 3 залуу сагс тоглож байсан. Хамт тоглох уу гэхэд үгүй гэж хэлээд ***** явсан. Эргээд цэцэрлэг орж Pubg тоглох гээд явж байхад ***** гадна байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хойд шийдэн дээр тоглож байсан 3 эмэгтэй, 3 залуу ирсэн тоглож байхаар нь очиход хамт явж байсан нэг жижиг биетэй залуу бид нар дээр ирж та нар зүгээр байгаарай би та нарыг ах нартай чинь ална шүү гэж өдөөд байсан. Тэгээд би хамт явж байсан өндөр залуугийн баруун хөл хэсэг рүү өшиглөж тухайн залуутай зодолдсон. Мөн адил хамт явж байсан шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү 1 цохиж доош суухаар нь дахин 1 удаа өшиглөсөн. Дараа нь бид нар сагсан бөмбөгийн талбайгаас гарч өөр тийшээ явсан. С гэх залууг би цохисон. Миний буруу, тухайн үед би цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн *****  дугаартай “А.С-ын биед баруун шанаа, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тархи О-т гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47/

Өсвөр насны шүүгдэгч *******-ын нас тоолсон “...******* нь хэрэг гарах үед буюу 2021оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 17 нас 07 сар 09 хоногтой...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 71/

Өсвөр насны шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх ял шалгах хуудас /хх-ийн 66/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө  ****** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***************байрны гадна насанд хүрээгүй хохирогч А.С-ыг зодож түүний биед баруун шанаа, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тархи О-т бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн *******-ын “...Тэгээд би хамт явж байсан өндөр залуугийн баруун хөл хэсэг рүү өшиглөж тухайн залуутай зодолдсон. Мөн адил хамт явж байсан шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү нэг цохиж доош суухаар нь дахин нэг удаа өшиглөсөн. Дараа нь бид нар сагсан бөмбөгийн талбайгаас гарч өөр тийшээ явсан. С гэх залууг би цохисон. Миний буруу, тухай үед би цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/, өсвөр насны хохирогч А.С-ын“...С ахтай маргалдаад байснаа нүүр хэсэг рүү нь цохисон. Харин намайг халимаг үстэй, хар өнгийн цамцтай нэг залуу миний нүүр хэсэг рүү 2 удаа, 1 удаа хөлөөрөө цохисон...О гэх залуу намайг зодсон хүн мөн байна.А.С нь О гэх залуутай маргалдаж зодолдсон. Харин халимаг үстэй, өндөр бор өнгийн цамцтай биерхүү залуу А.С-ыг О-той зодолдож байхад салгах гэж байхдаа хувцсыг нь урсан. Түүнээс өөр цохисон гэхээр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч А.С-ын “...Нэг хугархай гартай хүүхэд миний нүүр хэсэг рүү цохихоор нь би эргээд хашааны хаалгаар гарах гэхэд нэг залуу нь араас хөлөөрөө жийсэн. Мөн С-ыг зодож байсан. Тэгээд бид 3 тухайн хашаанаас гарч зугтаасан. Дараа нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, өсвөр насны гэрч  Н.М н “.... Энэ үед би шар үстэй залуутай юм яриад сууж байхад түүний ах нь болох нэг залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би тухайн залуутай маргалдаж байгаад салаад явсан. Харин О хамт явж байсан шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү 1 удаа цохиход нүүрээ дараад доош суух үед нь дахин нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, өсвөр насны гэрч Э.Д “...нэг хугархай гартай хүүхэд А.С-ын нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28/,гэрч О.Б ийн “...  О хамт явж байсан шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиход нүүрээ дараад доош суухаар нь дахин нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар шийднээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 7 дугаар сарын 29-ний өдрийн \****  дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47/, хохиролын баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр А.С-ын нүүр хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж,  нэг удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шанаа, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, тархи О-т” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Өсвөр насны шүүгдэгч *******-ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.С-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ****** дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Гэм буруугийн талаар хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч ******* нь 2003 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 07 сар 09 хоногтой байсан бөгөөд насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаарх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн субъектэд хамаарна.

 

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч *******l-ыг насанд хүрээгүй хохирогч А.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж зүйлчилсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Гэвч “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон өсвөр насны шүүгдэгч *******-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан,  мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг” *******д оногдуулахгүйгээр түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч *******-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаатай холбоотойгоор түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарах ба насанд хүрээгүй шүүгдэгчийн бусдад учруулсан хохиролыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, харгалзан дэмжигч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5., 503.6.-д заасан үндэслэл, журмын дагуу хариуцан арилгана.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******-ын хууль ёсны төлөөлөгч /эх/  Ч- с 120.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.Сын хууль ёсны төлөөлөгч /эх/ Ч.О олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч **** овогт *******-ыг“ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүхээс үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******-д анхааруулсугай.

5. Зан үйлээ засах сургалтад хамрагдахүүрэг хүлээлгэх хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтдаахүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч /эх/ Ч.Э-т тус тус даалгасугай.

6. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5., 503.6.-д заасан хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-ын хууль ёсны төлөөлөгч /эх/  Ч.Эээс 120.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.С-ын хууль ёсны төлөөлөгч /эх/ Ч.Отгонсодод олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ