| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2016/01110/И |
| Дугаар | 183/ШШ2017/00833 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2017/00833
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2017/00833 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын /18101/ тоотод байрлах “Ньюпрогресс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, /РД:2601125/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр Велла хотхон 108 байрлах, “Стандарт групп” ХХК-д /РД:2559609/ холбогдох
39 316 230 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, “Стандарт групп” ХХК-ийн “Ньюпрогресс” ХХК-д холбогдох 21 235 000 гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнх-Амар, Т.Мөнгөнцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 9 сарын 8-ны өдөр “ Стандарт групп ” ХХК-тай дулааны шугамын тэвш, түүний таг болох лотки бэлтгэн нийлүүлэх тухай 02/03-36 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэг бүр нь 281 000 төгрөгийн үнэ бүхий лотки L7 200 ширхэг, нэг бүр нь 254 000 төгрөгийн үнэ бүхий лотки L7 таг 200 ширхэг нийт 400 ширхэг бетон хийц эдлэлийг нийлүүлэхээр харилцан тохирсон. Гэрээний явцад захиалагч талаас 02/03-36 тоот гэрээний нөхцлөөр нэмж 46 ширхэг лотки худалдах авах санал гаргасныг манай компани хүлээн авч нийт 46 ширхэг бетон нийц эдлэлийг нийлүүлсэн.
Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 118,765,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. 02/03-36 тоот гэрээний гуравдугаар зүйлд төлбөрийг 3 үе шаттай төлөхөөр тохирсон. 1-т урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөг төлөх, 2-т 2014 оны 9 сарын 18-ний өдөр 15,000,000 төгрөг, 3-рт 2014 оны 10 сарын 8-нд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон боловч “Стандарт групп” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсаар байна.
02/03-36 тоот гэрээний 6.5-д заасны дагуу төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохирсон. Үүний дагуу 2016 оны 9 сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 23,765,000 төгрөг, алданги 15,551,230 төгрөгийн төлбөр үүсээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нью прогресс” ХХК нь “Стандарт групп” ХХК-тай 2014 оны 09 дүгээр 08-ны өдөр 02/03-36 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үндсэн төлбөр нь нь 23,765,000, алданги 15,551,230 төгрөг болдог. Энэ гэрээний үндсэн төлбөр болон алдангийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг тиймээс нийт 39,316,230 төгрөг гаргуулж өгнө үү.
2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болон 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус тус 2 гэрээг 10 хоногийн хугацаатай байгуулсан, шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэр гарсан нийт үлдэгдэл 115,000,000 төгрөг дээр хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс 91,235,000 төгрөг нь бетон зуурмагийн гэрээний төлбөр, үлдсэн нь одоо бидний нэхэмжилж байгаа мөнгө. Тиймээс хариуцагч талын гаргаж өгч байгаа нотлох баримт нь өмнө гэрээний мөнгө төлсөн байна. Одоо 36 тоот гэрээнд ярьж байна. Хариуцагчийн гаргаж өгч байгаа нотлох баримтууд нь дандаа 38 тоот гэрээний төлбөрт хамаарах баримтууд байна. Гэрээнд хамаарах төлбөрийг хасаад бидний нэхэмжилж байгаа төлбөр гарч байгаа. Ганбат нь зориуд өмнө өгсөн баримтаа өөр гэрээнд оруулах гэж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнх-Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр өмнө хэрэгжсэн, бид анхнаасаа лоткиний гэрээг хаасан гээд бетон зуурмагийн гэрээнд нэхэмжлэл гаргасан байсан, лоткиний гэрээний үнийг төлөөд дуусгасан байсан гэсэн ойлгож байсан та шүүх хуралд дээр энэ лоткиний төлбөр биш барааны төлбөр лоткиний төлбөр байсан бетон зуурмагийн төлбөрийг би тусдаа бетон зуурмаг гэж бичсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд 115,000,000 төгрөгөөс 91,000,000 төгрөг үлдсэн нь лоткиний төлбөр та нар битгий манараад бай гэж загнаад байсан одоо та өөрөө манараад байна. 36 , 38 гэсэн 2 гэрээ байгаа 38 нь шийдэгдсэн одоо 36 гэрээний дагуу нэхэмжилж байна. Та 115,000,000 төгрөг дээрээ маргаагүй, бид хуурамч нотлох баримт огт гаргаж өгөөгүй. 21,235,000 төгрөгийг яаж гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Бидэнд өгсөн мөнгө нь дээр тань нэмж мөнгө гаргаж өгөөгүй, мөн хэрэгт бид 2 гэрээн дээрээ тооцоо нийлсэн акт нотлох баримтаараа байгаа гэв.
Хариуцагч “Стандарт групп” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дулааны шугам тэвш, түүний таг болох төмөр бетон хийц эдлэлүүдийг авахаар тохиролцож бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу нийт 140 000 000 төгрөг төлсөн. Бид нийт 118 765 000 төгрөгийн дулааны шугамын тэвш, тагийг “Ньюпрогресс” ХХК-аас гэрээний дагуу хүлээн авч төлбөр тооцоог графикийн дагуу төлж ирсэн ба харин 21 235 000 төгрөгийг илүү төлж өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Төлбөр төлсөн байдал нь 2014 оны дүгээр сарын 8-ны өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг , 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 220-ны өдөр 40 000 000 төгрөг нийт 140 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 39 316 230 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжлэх хуульзүйн үндэслэлгүй тул манай компани сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх 2014 оны 9 дүгээр сард дулааны шугам татах гээд гэрээний үнийн дүн 140,000,000 төгрөг төлсөн байдаг. Төлбөр тооцоог графикийн дагуу төлсөн нийт 140,000,000 төгрөг төлсөн илүү өгсөн. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир илүү төлсөн 21,235,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Лотки гэж байгаа нь бид “Хурд групп-тай дулааны шугам татахын тулд уг компаниас авсан лотки авсан. 9 дүгээр сарын 8-аас мөнгө төлж эхэлсэн. Эхний 15,000,000 төгрөгийг цаг тухайд нь тушаагаад явж байсан, одоо урьд өгсөн мөнгөө хутгаад байна гэж байна. Одоо үндэслэлгүй мөнгө нэхэж байна. Эдний 36, 38 тоот гэрээ гэж өөрсдөө энэ гэрээнүүддээ төөрөлдөж байна. Бид зуурмаг байсан бол зуурмагийн үнэ гэж бичнэ. Лоткиний үнэ гэж тодорхой бичсэн байхад өмнөх зүйлтэй холиод байна. Манайхаас мөнгө орсон үед дандаа юмаа нийлүүлдэг байсан. Бид 140,000,000 төгрөг лоткиний үнэ дангаар төлсөн илүү төлсөн 21,235,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК нь хариуцагч “Стандарт групп” ХХК-д холбогдуулан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний төлбөр, алданги нийт 39 316 230 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Стандарт групп” ХХК нь “Ньюпрогресс” ХХК-д гэрээнээс илүү төлсөн төлбөрт 21 235 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул тооцооны үлдэгдэл 23 765 000 төгрөг, алданги 15 551 230 төгрөг, нийт 39 316 230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 8-нд бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу дулааны шугамын тэвш, түүний таг төмөр бетон хийц эдлэлүүдийг авахаар тохиролцсон, нийт 140 000 000 төгрөг төлсөн, “Ньюпрогресс” ХХК-аас 118 765 000 төгрөгийн тэвш, таг хүлээн авсан, төлбөр тооцоог хийж ирсэн, 39 316 230 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин илүү төлсөн 21 235 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж маргасан.
Нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК нь хариуцагч “Стандарт групп” ХХК-тай 2014 оны 9 дугаар сарын 8-ны өдөр “Захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, технологийн шаардлага хангасан Лотки L7-200 ширхэг, Лотки L7-таг 200 ширхэг нийт 400 ширхгийг, өдөрт 15 ширхгийг 20 хоногт нийлүүлэхээр 2014 оны 10 сарын 8-ны өдрийг дуустал 107 000 000 төгрөгийг 3 үе шаттай төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”, үнийн санал, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтаар тус тус тогтоогдож байх бөгөөд зохигчид гэрээ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно. /хх 5-7, 10-р хуудас/
Зохигч талууд “Захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК нь хариуцагчаас шилжүүлсэн барааныхаа үнийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан “Захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний 3.1-д “захиалагч нь үнийн дүн болох 107 000 000 төгрөгийг 3 үе шаттай нийлүүлэгчид төлнө гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч “Стандарт групп” ХХК нь нийт 23 765 000 төгрөгийн үлдэгдэлтэй, бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзийг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “Захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний 7.2-д “захиалагч төлбөрийг гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алдангийг нийлүүлэгчид төлнө” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг гэрээнд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 23 765 000 төгрөгөөс алданги тооцоход 15 551 230 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 140 000 000 төгрөг шилжүүлсэн асуудал нь өмнөх шүүхийн шийдвэр буюу 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02429 шийдвэрт тусгагдсан буюу 2014 оны 9 дүгээр сарын 18-нд “Бетон зуурмагийн гэрээ”, 2014 оны 9 дүгээр сарын 8-нд лоткины гэрээ байгуулагдсан. Өмнөх 38 дугаар гэрээ нь шүүхээр шийдвэрлэгдсэн, 91 235 000 төгрөг нь өмнөх гэрээнд хамаарагдана, үлдэгдэл 23 235 000 төгрөг нь 36 тоот гэрээ нь лоткины гэрээнд хамаарахыг хариуцагч өөрөө тухайн үед зөвшөөрсөн байдаг, сөрөг нэхэмжлэлийн хувьд өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн баримтыг нөгөөг нь нөгөөхөөр нь хаах гэж төөрөгдүүлж байна, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайх “Ньюпрогресс” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 8-нд дулааны тэвш, таг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 140 000 000 төгрөг төлсөн. Уг гэрээний дагуу 118 000 000 төгрөгийн тагыг хүлээн авсан, төлбөрийг графикийн дагуу төлсөн, 39 316 230 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэлгүй, лоткинд илүү төлсөн 23 235 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК-ийн гаргасан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-нд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд “Стандарт групп” ХХК нь нийт үнэ 118 765 000 төгрөгөөс 95 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 23 765 000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх 10-р хуудас/
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 23 765 000 төгрөгийн алданги 15 551 230 төгрөг нэхэмжилсэн гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-д “...төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алдангийг нийлүүлэгчид төлөх ” гэж заасан байх тул алданги нь хууль болон гэрээнд зааснаас хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.
Иймд алдангийг 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 23 765 000 төгрөгний 50 хувь болох 11 882 500 төгрөгийг гаргуулах, үлдэгдэл 3 668 730 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч “Стандарт групп” ХХК-аас бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 23 765 000 төгрөг, алданги 11 882 500 төгрөг, нийт 35 647 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 668 730 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин хариуцагч нь нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК нэхэмжлэл гаргасантай нь холбогдуулж бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу илүү төлсөн 23 235 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу “Стандарт групп” ХХК нь дулааны шугамын тэвш, түүний таг болох төмөр бетонон хийц эдлэлүүдийг авахаар тохиролцож 140 000 000 төгрөг төлсөн, 118 765 000 төгрөгийн дулааны тэвш, таг хүлээн авсан, төлбөр тооцоог графикийн дагуу төлж, 21 235 000 төгрөг илүү төлсөн.Үүнд 2014.09.08-нд 25 000 000 төгрөг, 2014.09.19-нд 15 000 000 төгрөг, 2014.10.03-нд 20 000 000 төгрөг, 2014.10.10-нд 20 000 000 төгрөг, 2014.10.14-нд 20 000 000 төгрөг, 2014.10.20-нд 40 000 000 төгрөг нийт 140 000 000 төгрөг “Ньюпрогресс” ХХК-д төлсөн гэжээ.
Гэвч нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК нь өмнөх шүүхийн шийдвэрт эдгээрийг оруулчихаад дахин оруулах гэж байна гэсэн нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2429 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...харин хариуцагчийн шүүхэд ирүүлсэн кассын зарлагын ордер, банкны орлогын мэдүүлгээс бетон зуурмагийн төлбөрт 320 085 000 төгрөгийг / 2014.09.09-нд 15 000 000 төгрөг+20 000 000 төгрөг+ 20 000 000 төгрөг/ гэж 38 тоот бетон зурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу тооцуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд “Стандарт групп” ХХК-ны “Ньюпрогресс” ХХК-нд холбогдуулан гаргасан бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу байгуулсан 118 716 000 төгрөгийн гэрээнээс 140 000 000 төгрөг шилжүүлсэн, илүү мөнгө төлсөн гэх тайлбар шүүхийн хэлэлцүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй тул хангах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК 39 316 230 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч “Стандарт групп ” ХХК-аас 35 647 500 /гучин таван сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ньюпрогресс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 668 730 /гурван сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун гучин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч “Стандарт групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй “Ньюпрогресс” ХХК-д холбогдох 23 235 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Стандарт групп” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 336 187 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, харицагч “Стандарт групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаарлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ