Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1516

 

Б.Урангоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01846 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Урангоогийн хариуцагч Т.Дашбатад холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Урангоо, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Т.Дашбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Урангоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оноос эхлэн Баруун-Урт сумын 7-р баг хуучнаар Шарга зочид буудлын 1-2 тоотод амьдарч эхэлсэн. Аав маань 2006 онд нас барж, ээж, би хэдэн дүүтэйгээ өнчин үлдсэн. Байрны өмчлөгчөөр би бүртгэгдэж, өмчлөлийн гэрчилгээгээ авсан байсан. 2008 онд Дашбат ах ээжтэй маань танилцаж, бидэнтэй хамтдаа амьдрах болж, тэд хүүхэд төрүүлсэн. Ингээд Дашбат ах бидэнтэй 2012 он хүртэл хамтдаа амьдарсан. Бидэнд их тус дэм болж байсан болохоор байраа нэр дээр нь шилжүүлэхээр болж нотариатч дээр очсон. Надтай хамт манай найз Солонгоо хамт явсан бөгөөд ороход нотариатч Ариунзаяа ийм гэрээ хийх гэж байгааг мэдэж байсан. Надаас зөвхөн хэдээр үнэлэх юм бэ л гэж асуусан. Би 15 сая гэхэд Дашбат ах 10 саяар биччих гэсэн. Бидний дунд өөр ямар нэгэн яриа болоогүй, Ариунзаяа эгч энэ гэрээг хийвэл ийм тийм үр дагавартай шүү гэдгийг тайлбарлаж өгөөгүй. Ингээд гэрээн дээр надаар гарын үсэг зуруулаад Дашбат ах тэндээ үлдээд би явсан. Гэрээний хувийг ч надад өгөөгүй. Үүнээс хойш бид нар хамтдаа амьдраагүй, Дашбат ах хүүхдээ аваад Улаанбаатар явсан. 2015 онд надад танай байрыг Дашбат чинь зарчихсан байна гэж Мөнхцэцэг эгч хэлсэн. Тэгэхээр нь Дашбатруу ярихад би байрыг чинь зараагүй, ахад нь гэрчилгээ чинь байгаа гээд утсаа тасалсан. 2015 оны 8 дугаар сард шүүхээс намайг дуудахад Мөнхнаран гэдэг хүн байр чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байсан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар энэхүү орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дэр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар уг орон сууцыг худалдахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй тул анхнаасаа хүчин төгөлдөр бус болно. Мөн 2012.05.31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2013.03.11-ний өдөр Дашбат, Мөнхнаран нарын хооронд орон сууц хүдалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар энэ гэрээ нь ч хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Т.Дашбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Б.Урангоотой орон сууц худалдан авах гэрээг нотариатч Б.Ариунзаяагаар худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулан хийсэн. Нотариатч Б.Ариунзаяа нь Б.Урангоо бид 2-т иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шалгасан бөгөөд уг гэрээнээс үүдэн гарах учир холбогдлыг асууж тайлбар өгсөн болно. Мөн нотариатч Б.Ариунзаяа нь иргэн Б.Урангоогоос байраа зарахыг ээж чинь мэдэж байгаа юу та хэд байраа зарж яах гэж байгаа юм бэ гэж асуухад Б.Урангоо ээж мэдэж байгаа би наймаа хийх гэж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан. Б.Урангоо нь худалдах гэрээг бэлэглэлийн гэрээний хэлбэрээр хийе гэсэн санал тавихад нотариатч Б.Ариунзаяа надад байрыг бэлэглэлээр өгч байгаа юм уу, худалдан авч байгаа юм уу гэж асуухад би худалдан авч байгаа учраас бэлэглэлийн гэрээ хийхгүй гэсэн. Б.Ариунзаяа нь Б.Урангоод хандан та өмнө нь Хишиг дэлгүүрийн эзэн Л.Мөнхцэцэгт байраа бэлэглэлийн гэрээгээр өгөөд уг гэрээг цуцлаж байраа буцааж авч байсан. Иймээс үнэхээр худалдаж авч байгаа бол заавал худалдах худалдан авах гэрээгээр хийх нь зүйтэй гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд иргэн Б.Урангоо бид нар хуулийн хүрээнд худалдах худалдан авах гэрээг хийсэн нь үнэн болно. Иймд бүх зүйл хуулийн дагуу үйлдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхнаран шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаж амьдардаг бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдөр иргэн Т.Дашбатаас 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны гэрээг нотариатаар баталгаажуулан худалдаж авсан. Тухайн үед байр худалдаж авах саналыг иргэн Т.Дашбат тавьсан бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт өргөтгөл хийх боломжтой гэж үзэж байрны ордер бичиг баримтыг шалгахад Т.Дашбат хууль ёсны эзэмшигч нь болоод нэг жилийн хугацаа болсон байсан учир саналыг нь хүлээн авч байрыг худалдан авсан. Гэрээг нотариат баталгаажуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг улсын бүртгэлээс авахад тус байрыг иргэн Б.Урангоо, Т.Дашбат, Мөнхцэцэг гэх 3 хүн хэд хэдэн удаа худалдах, худалдан авах гэрээг хоорондоо хийсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш байраа суллуулж авах гэтэл Т.Дашбат ах хашаа байшин бариулж байгаа өвлийн цагт ажил зогссон, миний дүү өвлийн цагт ажил зогссон байраа яг одоохондоо засаж янзлахгүй хүлээж байгаа ч гэсэн хүсэлт тавьсан. Би байраа дулаан орохоор засах бодолтой байсан тул хүслэтийг нь хүлээн авсан боловч тэр үеээс хойш байраа суллуулж авч чадаагүй. Гэрээ хйисэн хүнээсээ байраа авч чадахгүй байсан тул оршин суугч Б.Урангоод хэлэхэд байрыг суллаж өгөхөөс татгалзаж, хэл амаар доромжилж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэд хэдэн удаа Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн шүүхэд хандсан байсан. Миний бие байраа суллуулах тал дээр Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Т.Дашбат, Б.Урангоо нарын хоорондын маргаан шийдвэрлэгдтэл хойшлогдсон байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Дашбатад холбогдох 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Урангоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т зааснаар нэхэмжлэгч Б.Урангоо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тухайн үед нотариат ороход Т.Дашбат бүх зүйлийг бэлтгэсэн байсан ба хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалыг би бүрдүүлнэ гээд надаас орон сууцны "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ"-г авч явсан. Улмаар намайг нотариатын газар дуудаж энэ дээр гарын үсэг зур гэж шууд зуруулсан, би хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд ингэх шаардлагатай юм байх гэж бодсон бөгөөд түүнд орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, нотариатч ч гэрээнээс үүсэх үр дагавар, бидний хооронд ямар гэрээ байгуулагдаж байгаа талаар тайлбарлаж өгөөгүй, гэрээний хувийг ч надад өгөөгүй.

Нэхэмжлэгчийн анхны хүсэл зориг юу байв, хүсэл зоригоо илэрхийлэхдээ нэхэмжлэгч ноцтой төөрөгдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь анх нотариат орохдоо хариуцагчид маргаан бүхий орон сууцыг худалдах, өмчлөх эрхийг түүнд шилжүүлэх ямар ч зорилгогүй байсан, зөвхөн түүнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх зорилгоор очсон болох нь тогтоогддог. Тухайн үед анхнаас хөрөнгөө худалдах хүсэл зориг надад байгаагүй учраас Т.Дашбаттай гэрээ байгуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох эх Ө.Эрдэнэцэцэг, дүү Б.Нарангоо, Б.Солонго нарт мэдэгдээгүй, тэднээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй.

Хэргийн материалд намайг орлого олж, хуульд заасны дагуу холбогдох татвараа төлсөн мэт болгож харагдуулах зорилгоор Сүхбаатар аймгийн Татварын албаны Хас банк дахь 5000769848 тоот төгрөгийн дансанд 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 200 000 төгрөг тушаасан "Орлогын ордер"-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл уг татварыг Т.Дашбат миний өмнөөс төлжээ. Т.Дашбат нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авч, бусдад худалдан борлуулж, ашиг хонжоо олсон байх тул Т.Дашбат, Б.Мөнхнаран нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжтой юм.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, миний өмчлөх эрхийг сэргээх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Урангоо нь хариуцагч Т.Дашбатад холбогдуулан 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, нотариатч гэрээний үр дагаврыг тайлбарлаж байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Маргааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-1213001142 дугаартай, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 7 дугаар баг, Шаргын 1 давхар, 2 тоотод байрлах 28 м.кв орон сууц нь нэхэмжлэгч Б.Урангоогийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч 1989 оноос тэрээр эцэг эх, дүү нарын хамт амьдарсан,  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Урангоо нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гараагүйгээс гадна, маргааны зүйл болох байр нь тухайн гэр бүлд байгаа бүх эд хөрөнгө болох талаар зохигчид тайлбарлажээ. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах бөгөөд уг шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм.

Хариуцагч Т.Дашбат нь уг байрыг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн хариуцагч нь гэрч С.Бооёогийн “.., Дашбат байраа томсгоно, манай дүү нарыг сайхан байранд амьдруулна” гэж байсан гэх мэдүүлэг, гуравдагч этгээд Мөнхнарангийн “..,Дашбат би энэ хэдийгээ хашаа байшинд оруулах гэж байгаа. Зүүн дэнжид хашаа татсан 2 байшин барьж байгаа гэсэн” гэх тайлбар, гэрч Б.Солонгийн “ нотариатч Урангоод эрхийг нь тайлбарлаж өгөөгүй. Урангоо гарын үсэг зурангуут гарсан. Урангоо надад 2015 оны 7 дугаар сард манай байр зарагдсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн “.., гэр бүлийн гишүүдээсээ би зөвшөөрөл аваагүй. Дашбат манай  байрыг томсгоно гэсэн” гэх тайлбарыг баримтаар няцааж чадаагүй байна.

 Хамтран өмчлөх дундын өмчөө захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүн болох Ө.Эрдэнэцэцэг, Б.Нарангоо, Б.Солонго нараас хуульд заасны дагуу зөвшөөрөл аваагүй байх тул Б.Урангоо Т.Дашбат нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч Б.Урангоо нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан бөгөөд хэцлийн үр дагаврыг арилгуулах талаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Гуравдагч этгээд Б.Мөнхнаран нь тухайн орон сууцыг Т.Дашбатаас худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх тул  Б.Мөнхнарангийн Т.Дашбаттай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. 

 

Б.Мөнхнаран нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу шударга эзэмшигч тул түүний эрх ашгийг хөндөх боломжгүй,  Б.Мөнхнаран, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

 

            Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01846 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.3” гэснийг “115.2.2” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Б.Урангоо Т.Дашбат нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул Б.Мөнхнаран, Т.Дашбат нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл Б.Урангоо нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжиаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

                                                                                   Ш.ОЮУНХАНД