| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 117/2019/0010/З |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А к” ХХК /РД: 5574226/
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах,
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах,
Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж / ТОӨЗ /-ийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “А к” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Манай байгууллага нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Наадмын талбайн дуусгал нэртэй тендер сонгон шалгаруулалтанд оролцсон билээ. Тус тендер нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээгдсэн бөгөөд хариу нь тухайн сарын 26-ны өдөр гарч манай байгууллагад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8/870 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Манай байгууллагын гаргасан гомдлыг Сангийн яам хянаад үндэслэлтэй байгаа талаар 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4983 тоот гомдол хянасан талаарх хариуг ирүүлсэн байдаг. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь дээд шатны байгууллагын гаргасан албан бичгийг үл тоон хуульд нийцээгүй шийдвэрийг дахин гаргаж манай байгууллагад 2019.07.30 огноотой 8/1000 тоот албан бичгийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн байдаг.
Уг тендерт манай байгууллагатай хамт өрсөлдсөн “З к” ХХК-ийн талд удаа дараа хууль бус шийдвэрийг гаргалаа. Бид Сангийн яамны хариуг авсанаас хойш тус тендерийг эрх бүхий байгууллага нь дахин зарлахыг харж байсан боловч эрх бүхий биш албан тушаалтан болох Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэсийн дарга Г.С нь 2 удаагийн албан бичгээр “З к” ХХК-д уг тендерийг гүйцэтгэх гэрээ байгууллах эрх олгож байгаа нь илт хууль акт үйлдсэн юм.
Хялбаршуулсан цахим тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28-р зүйл /ТБОНӨХБАҮХАТХ/ буюу тендерийг үнэлэж нийцсэн тохиолдол тус хуулийн 29-р зүйлд заасны дагуу гэрээ байгуулах эрх олгодог. Гэтэл Монгол Улсын Сангийн яам тус тендерийг хянаад гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгж болох “З к” ХХК-г хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэх боломжгүй гэсэн бичгийг хүргүүлсээр байтал уг тендерийг дахин зарлалгүй дахин ирүүлсэн тендерийг үнэлж хууль зөрчин гэрээ байгуулах эрх олгох актыг үйлдэн тус актаа үндэслэж гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн болно.
Жишээ нь:
1.Орон нутгийн өөрөө удирдах байгуулага болон тендер зарлах эрх бүхий байгууллагаас зарласан тендерийн хариуг тус эрх бүхий байгуулагын орон нутгаас бол Тамгын газрын дарга эсвэл Засаг дарга баталгаажуулдаг. Яамнаас зарласан тендерийн хариуны баталгаажуулалтыг Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулдаг билээ. Гэтэл Тамгын газрын даргын бланкийг ашиглан Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэсийн дарга Г.С Захиргааны акт баталгаажуулсан нь анхнаасаа хууль бус хүчин төгөлдөр биш акт юм.
2.Г.С гэх албан тушаалтан тендерийн хариуг хэт нэг талыг баримтлан хууль бус шийдвэрийг удаа дараа гаргаж хэрэгжүүлсэн нь З к ХХК-тай хувийн харилцаатай байж давуу байдал олгон тендерийг үнэлсэн нь Авилгын шинж байгаа бөгөөд мөн авилгын эсрэг хуулийг зөрчсөн байх магадлалтай...”гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...“Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгаар сарын 23-ны өдрийн А/67 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо “Сайнцагаан сумын наадмын талбайн дуусгал” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарлан, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонины N295 дугаарт болон www.tender.qov.mn веб сайтуудад тус тус нийтэлсэн.
Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.30 цагт Орон нутгийн өмчийн газрын хурлын өрөөнд Үнэлгээний хорооны гишүүд байлцуулан зохион байгуулсан.
Тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг дор үзүүлэв.
| № | Компанийн нэр | Батлагдсан төсөвт өртөг (төгрөг) | Санал болгож буй үнэ (төгрөг) | Тайлбар |
| 1 | “З к”ХХК | 2.5 тэрбум | 2.450.467.195 |
|
| 2 | “А к” ХХК | 2.5 тэрбум | 2.477.826.276 |
|
Үнэлгээний хороо “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”(ТБОНӨХБАҮХАТ) хууль, Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн жишиг баримт бичиг”, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” болон бусад холбогдох журам, тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан үзэж шалгаруулалтыг явуулж, оролцогчдод "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн “29.1. Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж. энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу оролцогчдод хүргүүлсэн.
Гэвч “А к” ХХК-иас үнэлгээний хорооны шийдвэрийг үл зөвшөөрөн Сангийн яаманд гомдол гаргасан гэх үндэслэлээр Сангийн яамнаас хуулийн дагуу гэрээ байгуулахыг түр түтгэлзүүлэн гомдолыг хянаж 2019 оны 07 дугаар сарын 19-ний 6-1/4983 албан бичгээр хариуг ирүүлсэн.
Улмаар Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотод заасны дагуу Тендерийн үнэлгээг дахин хийсэн. Улмаар Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотод заасны дагуу Тендерийн үнэлгээг дахин хийсэн.
Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг дараах байдлаар дахин хянан үзэж үнэлсэн.
Үүнд:
Монгол Улсын болон үүсгэн байгуулагдсан хуулийн дагуу татвар, хураамжаа төлсөн эсэх, тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл, төлбөрийн чадваргүй татан буугдаж байгаа, дампуурсан эсэх, татвар хураамжаа төлсөн эсэх, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх, тендерийн бичиг баримтыг бэлтгэсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой эсэх оролцогчдыг төлөөлж гарын үсэг зурах итгэмжпэлтэй эсэх зэрэг талаарх тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-нд тусгагдсан материалуудыг “З к” ХХК, “А к” ХХК-иуд ирүүлсэн.
б.Тусгай зөвшөөрлийн талаар
“З к” ХХК, “А к” ХХК-иуд ирүүлсэн тусгай зөвшөөрөл шаардлага хангаж байсан.
Гэрээг хэрэгжүүлэх чадвар, Санхүүгийн чадавхийн талаар “З к” ХХК, “А к” ХХК-иудын борлуулалтын орлого шаардлага хангасан. Мөн түргэн хөрвөх хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээг оролцогчид хангаж байсан.
Сангийн яамны албан бичигт “З к “ХХК-ийн тухайд “...Харин тус компани сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн талаар шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй нь ТОӨЗ 4.4 (а)-д заасан шаардлагыг, ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага нь ТОӨЗ 5.3(б)-д “... 2014, 2015, 2016, 2017, 2018 оны аль нэг жилийн хугацаанд төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна....” гэж заасан шаардлагыг тус тус хангахгүй байна гэсэн. Иймд тухайн албан тоотод заасны дагуу дахин үнэлгээ хийхэд:
ТОӨЗ 4.4 (а)-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан, татварын тодорхойлолт, Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, харилцагч банкны тодорхойлолт зэргийг тус тус ирүүлнэ.” гэж заасан бөгөөд “З к “ХХК ирүүлсэн байна. Тендерийн баримт бичгийн 70-76 дугаар хуудсанд ирүүлсэн байна.
б.Инженер техникийн ажилтануудын талаар
ТОӨЗ-ын 5.3(г)-д заасан шаардлагыг оролцогчид хангаж байсан.
в.Үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын талаар
ТОӨЗ-ын 5.3(в)-д заасан шаардлагыг “З к” ХХК хангаж байна. “А к” ХХК-ийн хувьд “А з” ХХК-тай өөрөө буулгагч түрээслэх гэрээг 2019 оны 05 дyraap сарын 01-ний өдөр байгуулсан боловч нотариатчаар 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчлүүлсэн тамга дарагдсан байна. Мөн технологийн машин механизм түрээслэх гэрээний хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болохоор байгаа нь ажлын гүйцэтгэх графикт заасан ажлыг гүйцэтгэхэд машин механизм байхгүй байх нөхцөл бүрдэж байна. Энэ ажил нь он дамжиж хийгдэх ажил тул түрээсийн гэрээний хугацаа үүнтэй уялдах ёстой. Иймээс шаардлага хангахгүй байна.
г.Ижил төстэй ажлын талаар
Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 5 жил /2014, 2015,2016,2017,2018 он) Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн хугацаанд төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажпыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргана” гэсэн заалтыг оролцогчид хангаж байна.
Сангийн яамнаас зохих гомдлыг хянаж ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 19-ний 1/4983 албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин үнэлэхэд:
ТОӨЗ 5.3(б)-д "... 2014, 2015, 2016, 2017, 2018 оны аль нэг жилийн хугацаанд төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлыг ядаж нэг гүйцэтгэсэн байна....” гэж заасан бөгөөд “З к “ХХК нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд “Сайнцагаан сумын ЗДТГ-ын ажилчдын 20 айлын орон сууц”, “Мэргэжлийн хяналтын газрын ажилчдын 20 айлын орон сууц” барьж ашиглалтанд оруулсан ба нийт төсөвт өртөг нь 1 700 000 000 (нэг тэрбум долоон зуун сая )төгрөг байгаа нь төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажпыг гүйцэтгэсэн байна.
"Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-ын ажилчдын 20 айлын орон сууц, “Аймгийн МХЕГ-ын ажилчдын 20 айлын орон сууц” -ны ажил нь 2 орцтой нэг барилга бөгөөд орц орцоор тус тусын байгууллагатай гэрээ байгуулсан бөгөөд улсын комиссын акт болон гэрээг ирүүлсэн байна. Нэг барилга тул тухайн барилга дээр ажилласан улсын комиссын акт мөн гэрээг ирүүлсэн нь салгаж гэрээ байгуулахыг хориглосон заалт байхгүй байгаа тул шаардлагыг хангаж байна.
2.Тендерийн баталгаа
“З к” ХХК, “А к” ХХК-иуд нь тендерийн баталгааны дүн болон хугацааг бүрэн тооцож ирүүлсэн.
3.Ажлын даалгаврын дагуу тооцсон төсөв ирүүлэх
“З к” ХХК ажлын даалгаврын дагуу тооцсон төсвийг ирүүлсэн.
ТБОНӨХБАҮХАТ хуулийн “22.4.3ахиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн жуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно’’ гэж заасны дагуу “Цахим худалдан авах систем”-ийн тодруулга хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-нд зураг төслийн үнэ болох 49 500 000 төгрөгийг өөрийн төсөвт тооцож ирүүлнэ” гэж заасан.
Гэвч “А к” ХХК нь тооцож ирүүлээгүй. Мөн ажлын тоо хэмжээг дутуу ирүүлсэн дотор гэрэлтүүлгийн ажлыг тооцож ирүүлээгүй. Иймд “Төрийн болон орон нутгийн өмчийн *ерөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27.4-т заасны дагуу “А к” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан байна.
Шаардлагад нийцсэн тендер буюу тендерийн үнэлгээний тухайд:
“З к” ХХК-ийн тендер нь “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж байгаа тул хуулийн 27.3-т заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, шаардлагад нийцсэн “З к” ХХК-ийн тендер нээхэд зарлагдсан үнэд тооцооны буюу арифметик алдаа байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн алдаа байхгүй байгаа нь тогтоогдсон.
| № | Компанийн нэр | Батлагдсан төсөвт өртөг (төгрөг) | Санал болгож буй үнэ (төгрөг) | Тайлбар |
| 1 | “З к” ХХК | 2.5 тэрбум | 2.450.467.195 |
|
Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “З к” ХХК ирүүлсэн тул 28.7.4-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, ТБОНӨХБАҮХАТ хуулийн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж заасныг мөрдлөг болгожээ.
Тендерийн үнэлгээний дүгнэлт
Тус тендерт “З к” ХХК, “А к” ХХК-иуд оролцсон бөгөөд бага харьцуулах үнэтэй тендерийг “З к” ХХК ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28.7.4-н дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
“А к” ХХК-ний ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.4-т заасны дагуу үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар татгалзаж, “З к” ХХК -ийг шалгаруулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байна.
Иймд “А к” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо “З к” ХХК-ийг шаардлагад нийцсэн гэж 2 удаа үнэлсэн байгаа... Хэрэгт өгсөн хариу тайлбарыг дэмжиж байна... Өнөөдрийн шүүх хуралдаанд би Засаг даргын тамгын газрын даргыг төлөөлж итгэмжлэлээр оролцож байгаа, Үнэлгээний хороог төлөөлөх эрх олгогдоогүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй зохицуулалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орчихсон. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, агуулгаа өөрөө тодорхойлж байгаа... Нэгдүгээрт хариуцагч нь биш байна... Маргах ёстой акт буюу хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны тэмдэглэл, дүгнэлт, тодорхой актуудтай огт маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан логик агуулгаараа дарааллынхаа хувьд мэдэгдэл нь хүчингүй болчих юм бол Үнэлгээний хороо хүчингүй болгох ёстой гэдэг ийм байдлаар шууд хариуцагчид хамаатуулж захиргааны байгууллага буюу захиргааны шүүхээр шийдвэр гаргуулах хууль зүйн боломж байхгүй... Иймээс нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага сонгон шалгаруулалтанд оролцоод 2 удаа хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан... Хариуцагч талын тайлбартай санал 1 байна. Манай зүгээс холбогдох бүх баримт, материалаа нотлох баримтаар хэрэгт өгсөн...” гэв
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн гаргаж байгаа 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах,
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах,
Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж / ТОӨЗ /-ийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.
Шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг хангасан гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн, шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд захирагдах ёсны зарчмыг баримтлан[1] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: Маргааны үйл баримтын талаар:
Анх Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/167 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж[2], 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №01 дүгээр хурлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерын баримт бичгийг боловсруулан[3] батлуулж[4], тендерыг товыг тогтоон товложээ.[5]
Улмаар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тендерын үнэлгээний хорооны №03 дугаар хурлаар “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн гүйцэтгэгчээр 2,450,467,195 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин сая дөрвөн зуун жаран долоон мянга нэг зуун ерэн таван / төгрөгийн санал ирүүлсэн “З к” ХХК-ийг “ хамгийн сайн” үнэлэгдсэн оролцогч гэж үзэн гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг[6] хүргүүлэхээр шийдвэрлэсэн[7].
Харин уг тендерт оролцогч, тус хэрэг маргааны нэхэмжлэгч “А к” ХХК-иас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /цаашид хуулийн гэх/ 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тус тендер сонгон шалгаруулалтын гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэхийг захиалагчид даалгасан[8].
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзээд 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/4983 албан бичгээр “...тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу зөрчлийг арилган хуульд нийцсэн шийдвэр гаргахыг мэдэгдэж, тендер шалгаруулалтын ажиллагааг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгожээ[9].
Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо дахин хуралдаж, мөн “З к” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн оролцогч гэж үзэн[10] гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг, харин тендерын хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг баримтлан “...“А к” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зураг төсвийн үнэ болох 49,500,000 төгрөгийг тендерт оролцогч нь өөрийн төсөвт тооцож ирүүлэх тухай тодруулга оруулсан боловч тооцож ирүүлээгүй, мөн төсөвт “дотор гэрэлтүүлэгийг ажлыг “ өөрийн төсөвтөө тусгаагүй байгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 14.1 ”ж” 1 дэх заалтыг, машин механизм түрээслэх гэрээнүүд 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусч байгаа, “А з” ХХК-тай өөрөө буулгагч түрээслэх гэрээг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан боловч нотариатаар 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчлүүлсэн тамга дарагдсан байгаа нь гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ ирүүлсэн нь ТОӨЗ-ийн 5.3”в” дэх заалтуудыг тус тус хангаагүй үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж татгалзсан дүгнэлтийг захиалагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.[11]
Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас дээрх үнэлгээний хорооны шийдвэрийн талаар 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тендерт оролцогч “З к” ХХК-д[12] болон ”А к” ХХК-д[13] албан бичгээр мэдэгджээ.
Хоёр: Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Нэхэмжлэгч “А к” ХХК-ийн захирал О.Боос Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “...тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгт байх “тендерт оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэл, тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл... хуулбарыг нотаритаар батлуулж ирүүлээгүй нь ТОӨЗ-н 5.2 “а” хангаагүй,
“...Үндсэн ажилчдын туршлага, мэргэжлийн үнэмлэхний материал дутуу байгаа нь ТОӨЗ-н 5.2 “в” хангаагүй ,
“...гэрээт ажилд ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй нь ТОӨЗ-н 5.2 “е” хангаагүй,
“...Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн тодорхойлт ирүүлээгүй нь ТОӨЗ-н 5.2 “з” хангаагүй,
“...Үндсэн тоног төхөөрөмж нь доод тал нь 4 байхаас 2 машин өөрийн нэр бүртгэлтэй, 2 машин үзлэгт ороогүй бүрэн бус тээврийн хэрэгсэл байх тул ТОӨЗ-н 5.3 “в” хангаагүй,
“...нийт 6 инженертэй байхыг шаардсан бүгд 1 жилээс доошгүй өөрийн компанид ажилласан байх ёстой. Гэтэл 5-6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь ТОӨЗ-н 5.3 “г” хангаагүй,
“...банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлт авсан нь ТОӨЗ-н 5.3 “д” хангаагүй,
“...гүйцэтгэлийн баталгааны гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцүү баримтаа ирүүлээгүй нь ТОӨЗ-н 40.1-г хангаагүй...“болон илгээсэн тендерийн материал эмх замбараагүй, түншлэлийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан.
Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г “...Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болговол Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №03 дугаар хуралдааны шийдвэр болон үнэлгээний хорооны дүгнэлт логикороо хүчингүй болох ёстой. Үнэлгээний хороо нь өөрөө захиргааны байгууллага болохгүй, гаргасан шийдвэр нь захиргааны акт биш...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, түүнийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч..., гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т заасны дагуу хариуцагчийг зөвхөн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар гэж, мөн хуулийн 52.2.4-т заасны дагуу “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ээ өөрөө тодруулан тодорхойлсон[14].
Хэдийгээр нэхэмжлэгч өмнө буюу урьдчилан шийдвэрлэх ажиллаганы үед юм уу нэхэмжлэл гаргах үедээ гаргаж өгөх боломжгүй буюу чадахгүй байсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ батлах шинэ нөхцөл байдал, нотлох баримт, хууль зүйн тайлбар зэргийг анхан шатны шүүх хуралдаан дуусахаас өмнө гаргаж өгч мэтгэлцэх боломжтой[15] ч энэ тохиолдолд нэгэнт нэхэмжлэгч болон хууль зүйн туслалцаа өгч байгаа өмгөөлөгчийн хамтаар “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлоогүй, үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандаж маргаагүй тул нэг талын үндэслэл тайлбараар тус хорооны гаргасан шийдвэрт халдах боломжгүй байлаа.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, “...47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх; 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...” гэжээ.
Үүнээс үзвэл Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/167 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан Захиргааны байгууллага мөн, түүнээс гарч байгаа хамтын шийдвэр нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан Захиргааны актын шинжийг агуулахаар байна.
Өөрөөр хэлбэл “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаас гаргасан “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хянан үзээд хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно; 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” дагуу үнэлээд бүрэн эрхийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг хянуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “нэхэмжлэл”-ийг гаргаагүй байхад шүүх санаачилгаараа холбогдох хууль зөрчсөн талаар дүгнэлт өгч хүчингүй болгох үндэслэл алга байна.
Хэдийгээр шүүх хөндлөнгийн байр сууриа алдалгүй, шударга ёсны зарчмыг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийг зөв тодорхойлох боломжийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан хойшлогдох тохиолдол бүрт, цаашлаад шүүхийн эцсийн хэлэлцүүлэг хүртэл хангалттай олгосон боловч өөрсдийн зарчмын байр сууринд бат зогссон болно[16].
Гэтэл хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасан Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний захиалагч болохын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, зэргийг үндэслэн, хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д ”үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;” үүргээ хэрэгжүүлж 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд нийцүүлэн гаргасан энэхүү мэгдэгдэл бүхий албан бичиг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.
2.2. Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа[17], шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тодорхойлт[18] авагдсан, Хаан банкны Ривер гарден тооцооны төвийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05212/19/89 тодорхойлолт “...756,000,000 сая төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтойг тодорхойлсон байхын сацуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/1138 албан бичгээр 2019 оны 06 дугаар сарын 05-ны байдлаар мэдээллийн нэгдсэн санд шимтгэл төлөлтийн өргүй, 5 даатгуулагчтай бүртгэгдсэн байна...”
Түүнчлэн Үнэлгээний хорооны шийдвэрээр “...2015 оны 01 дүгээр сарын 19-нд улсын комисст Сайнцагаан сумын ЗДТГ, МХГ-ын захиалгаар 1,700,000,000 сая төгрөгний төсөвт өртөгтэй 40 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн улсын комиссын актыг үндэслэн Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичигт дурьдсан Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгтийн ТОӨЗ –ийн 5.3 ”б” заасан нөхцлийг хангасанд тооцсон гэж байхаас гадна Монгол Улсын Сангийн яам хуулиар олгосон өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд уг тендер сонгон шалгаруулалтын баримтуудыг бүхэлд татан авч хянан үзээд “...З к” ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 ”а”, “ж”, 6.1-д заасан шаардлагыг хангасан талаар дүгнэсэн, нэхэмжлэгч “А к” ХХК-ийн захирал О.Бийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэрлэн заасан үндэслэлийг дурьдаагүй байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн үндэслэлд дурьдсан энэ заалттай холбоотой асуудал тендерийг хүчингүй болгох ноцтой алдаа гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоон өгсөн гэж үзэхээр байна.
Мөн тендерт орж байгаа компанийн захирал өөрөө материалаа бүрдүүлэн оролцож байгаа тохиолдолд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн итгэмжлэл шаардлагагүй болно.
2.3.Нөгөөтээгүүр нэхэмжлэгч уг маргаан бүхий Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бүрдүүлсэн үндэслэлээр түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т ”сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон; заасан нөхцөл байдал үүссэн болох баримтыг ирүүлсэн болно[19].
2.4.Хавтас хэрэгт “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “....А к ХХК-ийн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу тендерийн шаардлагад нийцээгүй гэж татгалзсан шийдвэр болон уг шийдвэрийг үндэслэлж гарсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/1000 тоот бүхий хүчин төгөлдөр эрх зүйн акт байх бөгөөд уг актуудын талаар нэхэмжлэгчээс огт маргаагүй болно.
Энгийнээр хэлбэл дээрх актууд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжгүй юм.
Гурав: Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Гэрээ байгуулах эрх олгох” талаар зохицуулсан бөгөөд нэгэнт захирамжаар байгууллагдсан үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхийг тендерийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар захиалагч олгосон тул хариуцагч тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” зааснаар БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг гуравдагч этгээд “З к” ХХК-тай байгуулжээ.
Нэхэмжлэгчээс “...хуулийн 29.4-т заасан арга хэмжээг авах байсан, 43.4.2-т заасан Гүйцэтгэлийн баталгаа, түүний хэмжээ, гүйцэтгэлийн баталгаа гаргах” ажиллагаа хийгээгүй байхад гэрээг байгуулсан…” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь энэхүү гэрээг захиалагч болон гүйцэтгэгч компани 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу үнэлгээний хорооны “гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтээс хойш 8 хоногийн дараа гэрээг байгуулсан. Энэ хооронд гэрээг байгуулах хугацааг хойшлуулах тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан арга хэмжээг авах нөхцөл байдал үүсээгүй.
Тендерийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно” гэж байгаагаас үзвэл гэрээ байгуулахдаа зэрэгцэн гүйцэтгэлийн баталгааг гаргачихсан гуравдагчийг үйлдлийг буруутгах боломжгүй юм.
Товчхондоо энэхүү гэрээ ямар нэг хуульд харшлах зүйлгүй болно.
Дөрөв: Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж / ТОӨЗ /-ийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэдийгээр даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх ёстой боловч энэхүү хэрэг тусгай журмаар шийдвэрлэх маргаан, нэхэмжлэгч хуульд тусгайлан заасны дагуу шүүхэд шууд хандсан болно.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёр болон гурав дахь хэсэгт нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар хүсэж буй захиргааны актад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч хариуцагчаас гэрээ байгуулах эрх олгосон, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3-т заасныг баримтлан “А к” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/201902347 дугаартай “Сайнцагаан сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах,Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж / ТОӨЗ /-ийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.Б
[1] Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”
[2] Хавтас хэргийн 36 хуудас
[3] Хавтас хэргийн 47-50 хуудас
[4] Хавтас хэргийн 51-91 хуудас
[5] Хавтас хэргийн 93 хуудас
[6] Хавтас хэргийн 97-98 хуудас
[7] Хавтас хэргийн 94-95 хуудас
[8] Хавтас хэргийн 101 хуудас
[9] Хавтас хэргийн 102 хуудас
[10] Хавтас хэргийн 103-104 хуудас
[11] Хавтас хэргийн 105-106 хуудас
[12] Хавтас хэргийн 107 хуудас
[13] Хавтас хэргийн 108 хуудас
[14] Хавтас хэргийн 171 хуудас
[15] Г.Банзрагч “Захиргааны процессын эрх зүй” ном 310 тал
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлийг үзнэ үү.
[17] Хавтас хэргийн 140 хуудас
[18] Хавтас хэргийн 142 хуудас
[19] Хавтас хэргийн 214-216, 236-237 хуудас