Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/323

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,   

шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Д.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......................................... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.У нь Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 31-ний өдөр .........................................суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр .................................................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................................................................. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2001 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ............................ дүүргийн шүүхиийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан (РД:.........................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Д.У нь 2021 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 24 цаг 30 минутын орчим ............................................................... тоотод байрлах нийтийн байрны...............тоотод Ц.Д хамт архи ууж, түүнийг архины мөнгө нэхлээ гэдгээр шалтаглан нүүр тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би гэртээ байхад Д намайг гэртээ дуудсан. Дийн гэрт нэг шил архи хувааж уусан. Архи ууж дууссаны дараа Д надаас архины мөнгө нэхсэн. Би уурлаад нүүр тус газарт нь хутгаар хутгалсан. Тэгээд Д “намайг хутгалчихлаа” гээд цагдаа, түргэн тусламж дуудсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн ............................дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дугаар тал),

 

2. Хохирогч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...Би ............................................... тоот нийтийн байрны ............ тоотод амьдарч, мөн байрандаа галчаар ажилладаг. 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед дэлгүүрээс 1 шил Сүлд нэртэй архи аваад хөрш У дуудаж оруулж ирсэн. Бид хоёр юм ярингаа архи хувааж уусан, дахиад архи авъя, мөнгө байна уу гэхэд У байхгүй гэхээр нь бид маргалдсан. Би түүнийг хүний архи уучхаад мөнгө байхгүй гэлээ гээд мөрнийх нь хажуу талд баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд муудалцаж байхад У гэр рүүгээ орсон. Жаахан байж байгаад буцаж орж ирээд “чи ер нь яахаараа надаас архи шаналгадаг юм” гээд хэрүүл өдсөн. Манай гал тогооны тавиур дээр байсан хутгыг аваад “хоёрын хооронд чам шиг цохихгүй, ингэж шаадаг юм” гээд миний нүүр рүү хутгаар нэг удаа хатгасан. Хутга нь миний хоёр нүдний дунд хамрын дээр хатгаад цус гарсан. Энэ үед гаднаас О орж ирж салгаад цагдаа, түргэн дуудсан. Түргэн ирээд намайг Гэмтэл дээр аваачиж оёдол тавьсан. Өнгөц зүсэгдсэн байсан тул 3 оёдол тавьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би түүнийг эхэлж цохиж уурлуулснаас ийм асуудал болсон. Бид эвлэрч, ямар нэгэн маргаангүй болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

3. Гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...18 цагийн үед Дийн амьдардаг .... тоот өрөөнд ороход Д .... тоотод ганцаараа амьдардаг нэг өвгөнтэй хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би гэртээ ороод амарч байхад 22 цагийн үед Д орилоод байхаар нь би яваад ороход Дийн нүүрнээс цус гарсан, гэрт нь нэлээн цус гоожсон согтуу байсан. Юу болсон талаар асуухад гэртээ хамт байсан хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө өвгөнөөс юу болсон талаар асуухад Дийг согтуу гэрийнхээ паарыг мөргөчихсөн гэж хэлэхээр нь би эмнэлэг, цагдаа дуудсан. Дийн зүүн талын нүд болон хамрын хоорондох хэсгээс цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би .................................. тоот нийтийн байрны ... тоотод 1 өрөөг түрээслэн амьдардаг. Манай өөдөөс харсан өрөөнд Д гэдэг нэртэй нийтийн байрны галч залуу амьдардаг юм. 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Д намайг ороод ир гэхээр нь тэднийд ороход тэр “хамт юм ярьж сууя” гээд бид амьдрал ярьж, хөзөр тоглож нэлээн суусан. Д нэг шил 0.75 литрийн Сүлд нэртэй архи гаргаж ирээд хамт ууя гээд бид уусан. Би согтоод гэр рүүгээ орох гэж байтал Д надаас архи нэхээд миний зүүн мөр рүү гараараа ёворсон. Би маргалдаж байгаад ширээн дээр байсан хутгыг аваад түүнийг айлгах гээд нүүр рүү нь хатгачихсан. Хоёр нүднийх нь хооронд хатгасан байсан ба цус гараад, Д муухай орилсон чинь байрны жижүүр О гэх эмэгтэй орж ирээд бид хоёрыг загнаад, цагдаа, түргэн дуудсан. Би түүний биед хутгаар хатгаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ..... дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дотор доод хэсэгт хөндлөн байрласан 2 см шарханд 3ш оёдолтой, зүүн зовхи хавдсан, тойроод бүдэг шаргал өнгийн цус хуралттай.

Дүгнэлтэд:

1. Ц.Дийн биед зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Номинцэцэг/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

6. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...нийт 43 см урттай, түүнээс ажлын хэсэг нь 20.5 см урттай, бариулын урт нь 12.5 см урттай, хүрэн өнгийн бариултай хутга байв. ...” гэсэн хэсэг, уг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9-12 дугаар тал),

 

7. Хохирогч Ц.Д, яллагдагч Д.У нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 62, 64 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоол (хавтаст хэргийн 66 дугаар тал),

 

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Д.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 48 дугаар тал), ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-52 дугаар тал), ............................... хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал), тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 45, 47 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.У нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Уад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.У нь 2021 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 24 цаг 30 минутын орчим .......................................................тоотод байрлах нийтийн байрны ... тоотод Ц.Д хамт архи ууж, түүнийг архины мөнгө нэхлээ гэдгээр шалтаглан нүүр тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.У нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Д.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.У нь 2021 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим ...........................хороо, ................................... тоотод байрлах нийтийн байрны 11 тоотод Ц.Д хамт архи ууж, түүнийг архины мөнгө нэхлээ гэх шалтгаанаар нүүр тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дугаар тал),

-Хохирогч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед архи аваад хөрш У дуудаж оруулж ирсэн. Бид хоёр юм ярингаа архи хувааж уусан, дахиад архи авъя, мөнгө байна уу гэхэд У байхгүй гэхээр нь бид маргалдсан. Би түүнийг хүний архи уучхаад мөнгө байхгүй гэлээ гээд мөрнийх нь хажуу талд баруун гараараа нэг удаа цохисон. ...“чи ер нь яахаараа надаас архи шаналгадаг юм” гээд хэрүүл өдсөн. Манай гал тогооны тавиур дээр байсан хутгыг аваад “хоёрын хооронд чам шиг цохихгүй, ингэж шаадаг юм” гээд миний нүүр рүү хутгаар нэг удаа хатгасан. Хутга нь миний хоёр нүдний дунд хамрын дээр хатгаад цус гарсан. Энэ үед гаднаас О орж ирж салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д орилоод байхаар нь би яваад ороход Дийн нүүрнээс цус гарсан, гэрт нь нэлээн цус гоожсон согтуу байж байсан. Юу болсон талаар асуухад гэртээ хамт байсан хүн хутгалчихлаа гэж хэлсэн. ...Дийн зүүн талын нүд болон хамрын хоорондох хэсгээс цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

“...Би ........................................... хороо, .................................. тоотод 1 өрөөг түрээслэн амьдардаг. Манай өөдөөс харсан өрөөнд Д гэдэг нэртэй нийтийн байрны галч залуу амьдардаг юм. 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Д намайг ороод ир гэхээр нь тэднийд ороход тэр “хамт юм ярьж сууя” гээд бид амьдрал ярьж, хөзөр тоглож нэлээн суусан. Д нэг шил 0.75 литрийн Сүлд нэртэй архи гаргаж ирээд хамт ууя гээд бид уусан. Би согтоод гэр рүүгээ орох гэж байтал Д надаас архи нэхээд миний зүүн мөр рүү гараараа ёворсон. Би маргалдаж байгаад ширээн дээр байсан хутгыг аваад түүнийг айлгах гээд нүүр рүү хатгачихсан. Хоёр нүднийх нь хооронд хатгасан байсан ба цус гараад, Д муухай орилсон чинь байрны жижүүр О гэх эмэгтэй орж ирээд бид хоёр загнаад, цагдаа, түргэн дуудсан. Би түүний биед хутгаар хатгаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ..... дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...нийт 43 см урттай, түүнээс ажлын хэсэг нь 20.5 см урттай, бариулын урт нь 12.5 см урттай, хүрэн өнгийн бариултай хутга байв. ...” гэсэн хэсэг, уг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9-12 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.У нь хохирогч Ц.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Уыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.У нь хохирогч Ц.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ц.Д нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Утай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.У нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.У нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Д.Уад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 43 см урттай, хүрэн өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.У “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Д нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 43 см урттай, хүрэн өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА