Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/322

 

 

 

 

 

 

     

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,   

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

...... овогт  Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..............................дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

..... овогт Н.А нь Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 13-ны өдөр .................... төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн хоол борлуулдаг ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...................................тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................................................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:..............).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед ............. улсын дугаартай .......................... маркийн өөрийнх нь машинд суусан Д.А таксины мөнгө дутуу өглөө гэх шалтгаанаар ................................................................ хойд талд машин руу чихэж суулгах гэж үснээс нь зулгааж, толгой тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Эрүүгийн ......................... дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед ............................ буудлын хойно байрлах ......................... төв доторх ажлаасаа тараад гэртээ харихаар такси барьсан. Надаас хаашаа явах вэ гэж асуухаар нь би “................................ хүртэл 10.000 төгрөгөөр явах уу” гэж асуухад жолоочийн эхнэр нь бололтой, хажууд сууж байсан эмэгтэй надад хандаж “.......................... хүртэл 10.000 төгрөг гардаг юм, ................................... 10.000 төгрөг болдог билээ, чи 20.000 төгрөг өгчих, тэгвэл болох юм” гэж хэлсэн. Тэгээд би ................................... гэж хэлээд тус үйлчилгээний төвийн автобусны буудал дээр ирсэн ба хэдэн төгрөг гарч байна вэ гэж асуутал 10.000 төгрөг гарсан гэж эхнэр нь хэлсэн. Би дансаар шилжүүлчихье гэтэл бид хоёрын утсанд дансны мэдээлэл ирдэггүй юм, чи наад утсаа харуулж байгаад мөнгө шилжүүл, эсхүл АТМ ороод аваад өг гэж хэлсэн. Тэр үед буудал дээр ................................ чиглэлийн нийтийн тээвэр хойд талд ирээд зогссон. Надад карт байхгүй болохоор би өөрийн интернет банкыг ашиглаад шилжүүлье гэхэд жолооч нь надад А гэх хүний Хаан банкны ............................ тоот дансыг өгсөн. Би тухайн данс руу өөрийн Хас банкны .................................... тоот данснаасаа 5.000 төгрөг шилжүүлээд, 5.000 төгрөг хийсэн шүү, .......................... хүртэл 5.000 төгрөг гардаг юм гэж хэлсэн чинь тухайн машинд сууж байсан эмэгтэй 10.000 төгрөг гарсан, чи дахиж 5.000 төгрөг өг гэж хэлэхээр нь би 10.000 төгрөг гардаггүй юм, би байнга такси барьдаг гэхэд тэгвэл 8.500 төгрөг өг гэж хэлсэн. Тэгээд 5.000 төгрөг хийсэн гэж хэлээд машинаас нь буугаад хаалгыг нь хаах гэж байтал хоёулаа бууж ирээд нөхөр нь “чамайг анх суусан газарт чинь буцаагаад аваачаад буулгачихъя” гэж хэлсэн. Тэр үед эмэгтэй нь бууж ирээд хэл амаар доромжлоод, машиныхаа арын хаалгыг онгойлгож намайг буулгах гэж түлхсэн. Мөн үснээс зулгаагаад, толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тухайн эмэгтэй намайг зодож байх үед миний гарт байсан ........................ маркийн гар утас, ууттай бэлэг машины доогуур унасан. Нөхөр нь салгасны дараа эхнэр нь машиндаа буцаж суусан. Жолооч эрэгтэй нь “чи мөнгөө өгчих, би чамаас илүү мөнгө авахгүй” гэж хэлсэн. Тэгтэл урд сууж байсан эмэгтэй дахин машинаас бууж ирээд намайг барьж аваад, мөнгөө өг гээд хувцаснаас татаж чангаагаад, хэл амаар доромжилсон. Жолооч эрэгтэй нь машиныхаа доороос миний утас, ууттай бэлгийг авч өгсөн. Ууттай бэлэг хагарч эвдэрсэн байсан. ...Нөхөр рүүгээ залгаад болсон явдлын талаар ярихад нөхөр Б.Б цагдаад дуудлага өгсөн. Тус бэлэг нь “..................” ХХК-ийн 4 ширхэг жижиг бялуунууд байсан, би 12.000 төгрөгөөр авсан. Намайг таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-хохирогчоор 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дах.................... гүүрний ойролцоо зам хаасан байсан болохоор тойрч яваад гүүрээр гарсан. Гарахдаа ойролцоогоор 1 км явсан болов уу гэж бодож байна. Миний утасны дэлгэц нь унтарч асаад, мөн ярихаар дуу нь сонсогдохгүй байсан тул засуулсан. Миний биед одоо өвдөж байгаа зүйл байхгүй. А надад утасны болон бэлэг, эм тарианы мөнгийг өгч хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

 

2. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед эхнэр А над руу залгаад “........... дээр таксинаас буухдаа зодуулчихлаа, одоо автобусаар гэр рүү явж байна” гэж хэлэхээр нь би эхнэрээ автобусны буудал дээрээс тосож авсан. Тухайн үед эхнэр Агийн гарт нь байсан цаасан ууттай зүйл задарчихсан, дух хэсэгтээ улайгаад хавдсан байсан тул би цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Таксины мөнгө өгөхөд бага байна гэж хэлээд маргалдаад намайг зодсон гэж хэлсэн. Эхнэр А над руу залгаад зодуулчихлаа гэж хэлэхэд гар утасны ярьж байгаа яриа нь сонсогдохгүй паржигнаад байсан. Тэгээд над руу мессеж бичээд буудал дээрээс ирж аваарай гэсэн. Маргааш нь эхнэр утсаа асаах гэтэл дэлгэц дээгүүр нь хар зураас үе үе гарч ирээд байсан. Засварчин дээр очоод үзүүлэхэд дэлгэцийг нь солих хэрэгтэй, мөн дуу дамжуулагч нь эвдэрсэн байна, дэлгэц нь 320.000 төгрөг, дуу дамжуулагч нь 120.000 төгрөг болно гэж хэлсэн. Гар утсаа саяхан засварт өгсөн байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

 

3. Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой хамтран амьдарч байсан Атай хамт таксинд явахаар болсон. .................... буцаад явж байхад нэг эмэгтэй гараа өргөхөөр нь зогсоход ................... оръё гэж хэлсэн. “.........................” үйлчилгээний төв ............................ гүүр даваад явах гэтэл шулуун замыг нь хаасан байсан болохоор баруун талаараа тойроод гүүрээр гарч “.....................” үйлчилгээний төвийн буудал дээр ирсэн. Би тухайн эмэгтэйд 8.000 төгрөг гарч байна гээд километрийн заалтыг харуулахад 8 км гарсан байсан. Гэтэл тэр эмэгтэй 5.000 төгрөг гардаг юм гэж хэлэхээр нь би та километрээ хараач, 8 км гарсан байна гэж хэлсэн чинь 5.000 төгрөг хийчихье гэсэн. А машинаасаа буугаад жолооч талын хойд хаалгыг онгойлгоод тухайн эмэгтэйг татаж буулгахад тэр эмэгтэй газарт унасан. Мөн гарт байсан утасных нь баттерей нь салаад газарт унасан. Би утсыг нь авч угсарч өгөхөд А тухайн эмэгтэйн гараас нь бариад таталцаад зогсож байсан. Тухайн эмэгтэйн нүүр хэсэг рүү 1 удаа алгадсан. Тэгээд би Аыг машиндаа суу гэж хэлээд суулгасан. Тухайн үед Аын утас унтарсан байсан болохоор мөнгө орсон эсэхийг мэдэх боломжгүй байсан. Нөгөө эмэгтэйг автобусанд суугаад явчихаар нь мөнгөө авах гээд араас нь очсон. .........................автобусны буудал дээр зогсохоор нь автобус дотор орж тухайн эмэгтэйгээс мөнгө хийсэн үү гэж асуухад утсан дээрх дансны хуулгаа харуулсан. Аын нэр дээр зээлээр авч байсан ................ маркийн ...................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явсан. А тухайн эмэгтэйд хандан “чи суучих, буцаж яваад анх чамайг авсан газарт чинь очъё, тэгээд чи хэдэн км гарсныг нь харчих” гэж хэлсэн. ...А зан аашийн хувьд түрэмгий зантай, хурдан уурладаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Тухайн өдөр ...19 цагийн үед хамтран амьдрагч Э ажил дээрээс нь очиж аваад, такси үйлчилгээнд явсан. Таксинд явахад нөхөр Э миний машиныг барьсан. ............ дүгээр буудлаас эмэгтэй хүн гараа өргөхөөр нь суулгаад хаашаа явах талаар асуухад .............................төв орно гэж хэлсэн. ............................. төв рүү ............................... даваад орох гэтэл голын шулуун зам хаасан байсан тул тойрч яваад .............................. буудал дээр ирсэн. Нөхөр Э 8.000 төгрөг гарч байна гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй 8.000 төгрөг гардаггүй юм, 5.000 төгрөг гардаг гэж хэлсэн. Тэр үед би “мөнгөө төлж чадахгүй байж яах гэж такси авсан юм бэ” гэсэн чинь “би жолоочтой ярьж байна, тантай ярьсан хүн алга” гэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд маргалдаад хойшоо хараад хувцас руу нь гараараа цохисон. Тухайн эмэгтэйг машинаас буучихаар нь би “чи буцаад суу” гэж хэлээд түлхээд суулгасан. Зүгээр бай гэж хэлэхээр нь машинаас татаж буулгахад тухайн эмэгтэй өвдгөөрөө газарт унасан. Би газарт унасан байхад нь цохиогүй. Тэр эмэгтэй автобусанд суугаад явсан. Тухайн охины мөнгө нь ороогүй байна гэж хэлэхэд Э сууж явсан, автобусных нь араас очоод тэр эмэгтэйгээс мөнгөө асуухад шилжүүлчихсэн гээд дансны хуулгаа үзүүлсэн байна лээ. Тухайн үед миний утас унтарсан байсан болохоор дансанд мөнгө орсон мэдээллийг харах боломж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр Агийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Машинаас татаж буулгахад тухайн эмэгтэй газарт унасны дараа босож ирээд над руу дайрахаар нь би түлхээд, гараараа нэг удаа цохисон. Би Агийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ....... дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны гол үстэй хэсэгт 1.5х0.8 см зулгаралттай, хавдсан.

Дүгнэлтэд:

1. Д.Аийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч С.Чулуунсүх/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

 

6. “..........................” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ц-022 дугаартай “........маркийн гар утасны дэлгэцийг 180.000 төгрөгөөр, speaker-ийг 20.000 төгрөгөөр тус тус үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

7. Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дугаар тал),

8. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

9. Хохирогч Д.Аийн “............”-нд эзэмшдэг дансны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга (хавтаст хэргийн 64-66 дугаар тал),

10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Д.А, яллагдагч Н.Аын нарын хүсэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар тал), хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай тогтоол, прокурорын ялын санал (хавтаст хэргийн 111-112 дугаар тал), 

 

            11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал),  оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар тал), түүний “..............”-нд эзэмшдэг ........... дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 77-94 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Д.А таксины мөнгө дутуу өглөө гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, толгой тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.А нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед ........................... улсын дугаартай ........................ маркийн өөрийнх нь машинд суусан Д.А таксины мөнгө дутуу өглөө гэх шалтгаанаар ................................ойд талд машин руу чихэж суулгах гэж үснээс нь зулгааж, толгой тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэртээ харихаар такси барьсан. ...автобусны буудал дээр ирсэн, хэдэн төгрөг гарч байна вэ гэж асуутал 10.000 төгрөг гарсан гэж эхнэр нь хэлсэн. Би дансаар шилжүүлчихье гээд ... жолооч нь надад ........................тоот А гэх хүний .............. банкны дансыг өгсөн. 5.000 төгрөг шилжүүлээд, .................. хүртэл 5.000 төгрөг гардаг юм гэж хэлсэн чинь тухайн машинд сууж байсан эмэгтэй 10.000 төгрөг гарсан, чи дахиж 5.000 төгрөг төл гэж хэлсэн. ...машинаас нь буугаад хаалгыг нь хаах гэж байтал хоёулаа бууж ирээд ...эмэгтэй нь ...хэл амаар доромжлоод, машиныхаа арын хаалгыг онгойлгож намайг суулгах гэж түлхсэн. Мөн үснээс зулгаагаад, толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тухайн эмэгтэй намайг зодож байх үед миний гарт байсан ....................... маркийн гар утас, ууттай бэлэг машины доогуур унасан. ...нөхөр Б.Б цагдаад дуудлага өгсөн. ...Намайг таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би эхнэрээ автобусны буудал дээрээс тосож авсан. ...Таксины мөнгө өгөхөд бага байна гэж хэлээд маргалдаад намайг зодсон гэж хэлсэн. Эхнэр А над руу залгаад зодуулчихлаа гэж хэлэхэд гар утасны ярьж байгаа яриа нь сонсогдохгүй паржигнаад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой ...Атай хамт таксинд явахаар болсон. ..нэг эмэгтэй гараа өргөхөөр нь зогсоход “......... оръё” гэсэн. ....................... төвийн буудал дээр ирсэн. ...8.000 төгрөг гарч байна гэхэд ...тэр эмэгтэй 5.000 төгрөг гардаг юм гээд ...5.000 төгрөг хийчихье гэсэн. А машинаасаа буугаад жолооч талын хойд хаалгыг онгойлгоод тухайн эмэгтэйг татаж буулгахад тэр эмэгтэй газарт унасан. ...А тухайн эмэгтэйн гараас нь бариад таталцаад зогсож байсан, тухайн эмэгтэйн нүүр хэсэг рүү 1 удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “................дүгээр буудлаас эмэгтэй хүн гараа өргөхөөр нь суулгаад хаашаа явах талаар асуухад ...................... төв орно гэж хэлсэн. ................ буудал дээр ирсэн. ...8.000 төгрөг гарч байна гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй 8.000 төгрөг гардаггүй юм, 5.000 төгрөг гардаг гэж хэлсэн. Тэр үед би “мөнгөө төлж чадахгүй байж яах гэж такси авсан юм бэ” гэсэн. ...машинаас татаж буулгахад тухайн эмэгтэй өвдгөөрөө газарт унасан. ...Шинжээчийн дүгнэлтээр Агийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Машинаас татаж буулгахад тухайн эмэгтэй газарт унасны дараа босож ирээд над руу дайрахаар нь би түлхээд, гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ..... дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-“.....................” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ц-022 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дугаар тал),

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

-Хохирогч Д.Аийн “.......................”-нд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 64-66 дугаар тал) болон  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Н.А нь хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Аыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Д.А нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Н.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид гар утасны болон эм тарианы мөнгийг төлж барагдуулсан талаар хохирогч нь мэдүүлсэн байх /хх-20/ тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Атай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Н.А нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Н.А нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг  танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Н.Ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........ овогт Н.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА