| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0346/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/355 |
| Огноо | 2021-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
....... овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............................. дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
............... овогт Б.Э нь Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ................. аймгийн ............... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ................................................................ тоотод оршин суух бүртгэлтэй, ................................... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:............................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим ............................................................. тоотод хохирогч А.Э найз эмэгтэйтэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ......................................дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуурай эгч Н “маргааш ажилд хамт явъя” гэхээр нь би 20 цагийн үед гэрт нь очсон. Тэгээд Н эгч бид хоёрыг байж байхад 22 цагийн үед миний өмнө нь үерхэж байсан А /О/ найз гэх нэг залуутай хамт том пиво аваад орж ирсэн. Ууж байхад О намайг тэвэрч аваад “би чамд урьд нь сайн байсан шүү” гэж хэлж байхад Э уурлаад, дургүйцээд байх шиг байсан. Удалгүй тэр хоёр гарч явсан. Э буцаж орж ирээд над руу “чи найз охин тэвэрч авдаг хэн юм бэ” гээд миний ам руу гараараа нэг удаа цохисон. Газарт унасан байхад Н эгч бид хоёрыг салгасан. Э нэлээн согтуу байсан. Би шүдээ хугалуулсан болохоор 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),
2. Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:
“...Би А.Э өмнө нь үерхэж байгаад 1 жилийн өмнө салсан. Н эгчийнд очоогүй удсан болохоор 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз Этай хамт очсон ба ороход Н эгч, Э хоёр байсан. Би дэлгүүрээс нэг пиво авсан байсныг Э, Н эгч, Э гурав хувааж ууж сууж байгаад Э Э руу “чи миний хуучин найз охинтой ямар холбоотой юм, чи үерхээд байгаа юм уу” гэж хардах шинжтэй хэрүүл хийгээд байхаар нь би гараад явсан. Удалгүй Э миний араас гарч ирээд бид хоёр гэр гэр рүүгээ харьсан. Дараа нь Н эгч над руу залгаад “чамтай хамт ирсэн найз чинь Эн шүдийг цохичихлоо” гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
3. Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад Э над руу залгаад “хийх ажил байна уу” гэхээр нь “нэг ажил байна, гэрт хүрээд ир” гэхэд 20 цагийн үед ирсэн. Хэд хоногийн өмнө Отэй утсаар манай гэрт байгаа модыг худалдаж авахаар ярьсан байсан болохоор тухайн өдөр 22 цагийн үед нэг залуутай /Э/ хамт орж ирсэн. Тэгэхэд О надаас ёолкны мод худалдаж авах 20.000 төгрөг бэлнээр өгөхөд Э надад “нэг пиво аваад өгөөч” гэхээр нь 2.5 литрийн пиво авсан. Тэгээд О, Э, Э бид дөрөв хувааж уугаад дууссаны дараа О, Э хоёр гараад дахиж нэг пиво авч орж ирсэн. Тэгээд ууж сууж байхад Э, Э хоёр хоорондоо маргалдаад байхаар нь О манай гэрээс гараад явсны дараа Э хойноос нь гараад удалгүй орж ирснээ “эгчээ хонох газар байхгүй, танайд хоночихъё” гэхээр нь би зөвшөөрсөн. Орондоо ороод хэвтэж байхад Э, Э хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж авахаар нь боль гээд салгах гэсэн чинь Э Эн нүүр рүү /шүд рүү/ нэг удаа гараараа чанга цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Эыг гэрээсээ хөөгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
4. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр саяхан танилцсан найз Эмэгтэй А буюу /О/ “нэг эгчийнд очоод ёолкны мод авчхаад ирье” гэхээр нь би дагаад .............................тоотод очсон. Тэр айлд ороход Н гэх эгч, Агийн өмнө нь үерхэж байсан гэх Э хоёр байсан. Бид дөрөв ууя гэж ярилцаад дэлгүүр орж хоёр ширхэг том пиво аваад уусан. Ууж байхад Э Аг надтай хамт явж байсан болохоор уурлаж, агсам тавих шинжтэй авир гаргаад байхаар нь А уурлаад түрүүлээд гараад явсан. Би хойноос нь ёолкны мод авч гарахад А явсан. Би буцаад гэрт нь ороод тэдний гэрт хоночихъё гэж гуйгаад Э, Н эгч бид гурав архи уугаад сууж байгаад би Э руу уурлаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон.
Надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, би энэ жил хөдөө самарт явж ажилласан. Удахгүй Эд учирсан хохирлыг төлж барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ...... тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дээд баруун үүдэн 1-р шүд булгарсан, буйланд унасан шүдний оромтой, цус хурсан, дээд уруулын дотор салстад язарсан шархтай, хавдсан, хүзүүний баруун хажуу хэсэгт 5х0.2 см, ар хэсэгт 8х0.2 см зулгаралттай.
Дүгнэлт:
1. А.Э биед 11-р шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч С.Чулуунсүх/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
6. Шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Дээд баруун үүдэн 1-р шүд гэдэг нь Анагаах ухаанд эмч нарын хэрэглэдэг, шүдний томьёонд 11-р шүд гэж тэмдэглэдэг. Ийм учраас дээрх хоёр нэршил нэг ойлголт юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:
Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 21 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 19 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим ......................................... тоотод хохирогч А.Э найз эмэгтэйтэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим ............................................тоотод хохирогч А.Э найз эмэгтэйтэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О намайг тэвэрч аваад “би чамд урьд нь сайн байсан шүү” гэж хэлж байхад Э уурлаад, дургүйцээд байх шиг байсан. Удалгүй тэр хоёр гарч явсан ба Э буцаж орж ирээд над руу “чи найз охин тэвэрч авдаг хэн юм бэ” гээд миний ам руу гараараа нэг удаа цохисон. Газарт унасан байхад Н эгч бид хоёрыг салгасан. Э нэлээн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),
-Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э Э руу “чи миний хуучин найз охинтой ямар холбоотой юм, чи үерхээд байгаа юм уу” гэж хардах шинжтэй хэрүүл хийгээд байхаар нь би гараад явсан. ...Дараа нь Н эгч над руу залгаад “чамтай хамт ирсэн найз чинь Эн шүдийг цохичихлоо” гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Э хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж авахаар нь боль гээд салгах гэсэн чинь Э Эн нүүр рүү /шүд рүү/ нэг удаа гараараа чанга цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э, Н эгч бид гурав архи уугаад сууж байгаад би Э руу уурлаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ............ тоот дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), шинжээч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч А.Э нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчийн эх Ц.А 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн байна. Иймд шүүгдэгч Б.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч А.Э нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс “Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан тул түүнд оногдуулах ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс орлогогүй зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Эд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Э нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА