Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Иргэн С.Г-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б-д холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, М.Баасанбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилласан. Энэ хугацаандаа 3 жилийн хийсэн ажлаа онцлон сэтгүүл болгон ард иргэддээ хүргэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор аймаг орон нутгийн ард иргэдийг ая тухай амьдруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээл зүтгэл гаргаж ажилласан. Нийгэм эдийн засгийн байдал өссөн, таван хошуу мал өссөн, ард иргэд өссөн. 58,4 мянгад хүрсэн. Нийгэм эрүүл мэндийн салбарлуу улсын болон орон нутгийн төсвийг зөв зохистой хэрэглэж аймаг орон нутаг хөгжиж, дээр нь аймагтаа 3,5 километр засмал замыг тавьсан. Аймаг орон нутагт тулгамдсан 3 асуудал байгаа. Цэвэр ус, Улаанбаатартай холбогдох зам, дулааны станц зэрэг асуудлуудыг эхнийх нь 2 ажил хийж 18 сумдаар ард иргэдтэй уулзаж аймгийн 10 багийн ард иргэдтэй уулзаж саналуудыг авч эрэмбэлэн аймгийн иргэдийн Хурлаараа батлуулж 18 сумд жишиг гудамж нэртэй сум орон нутгийн үзэмж сайжруулах олон сайхан ажил хийсэн. Миний бие яагаад энэ нэхэмжлэлийг гаргасан гэхээр 2019 оны 06 дугаар сарын 06-нд хурал болохыг би мэдээгүй. Өглөө ажилдаа ирсэн. Хурал болсон, таныг огцруулсан гэсэн. Тэр утгаараа хуулийн дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан. Ерөнхий сайд В.Р даргыг батламжилсан учраас төрийн ажил цалгардахгүй явж байх ёстой гэдэг утгаар ажлаа нэр төртэй өгсөн. Намайг огцруулсан хурал нь хууль бус хурал гэж үзсэн. Хэргийн материалтай танилцахад 8, 9 заалтаар огцруулна гэж С-дийн Х иргэдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч санал хүргүүлсэн байсан. Би 8, 9 огцруулах үндэслэл дээр тайлбар хэлье. Нэгдүгээрт орон нутгийн эдийн засгийн хөгжлийг хангаагүй гэж байна. Юуг үндэслэж хангаагүй гэж байгаа юм. Хийсэн ажил тодорхой байна. Ард түмнийхээ саналын дагуу аймгийн иргэдийн Хурлаар батлагдаж өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны хурлаар Засаг даргын мөрийн хөтөлбөр 87 хувьтай, Засаг даргын үндсэн чиглэл 89,11 хувьтай хангалттай гэдгээр 100 хувийн саналаар ажлаа аймгийн иргэдийн Хурлаар дүгнүүлсэн. Хоёрдугаарт Байгаль орчны тухай хууль, Ялаат, Шаврын гол гэсэн уул уурхайг ашиглуулсан гэдэг зүйл бичсэн байна. Энэ нь ор үндэсгүй зүйл гэж хэлмээр байна. Өөрөө хүсэлтээ тавьж би авилгатай тэмцэх газар өөрөө өөрийгөө шалгуулсан. Уул уурхай ашигт малтмалын талаар миний өмнөх үед ч уул усыг ухсан хэл ам тасардаггүй байсан. Үүнтэй холбоотой зохих хэмжээний ажил хийх нь зүйтэй гэж хөөж үзсэн. Ажилгүй бичил уурхай эрхлэгчдийг ажлын байраар хангаж чадахгүй дээрээс нь хууль тогтоомж зөрчилдөөд байсан учраас ажиллуулахгүй гэдэг талаас нэлээд ажил хийсэн. Швейцарын буюу бичил уурхай эрхлэгчдийн холбоотой хамтран ажилласны хүчинд Алтай сумын Замын ам, Ялаат гэх газар нөхөн сэргээлт бичил уурхай эрхлэх бичиг албан ёсоор ирсэн. Түүний дагуу бичил уурхай эрхлэгчид маань сум орон нутгийн удирдлагуудтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж ажилласан. Үүнд миний ямар нэгэн захирамж шийдвэр гарахгүй. Уул уурхайтай холбоотой яривал Бугат сумын Хөвчийн чулуу гэж байна. Энэ нь хаана, юу байдаг талаар мэдэхгүй. Иргэдийн Хурлын дарга Б тухайн үедээ төрийн тусгай чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдааг зодож, нинжа хийж байсан асуудал байгаа. Огт үндэслэлгүй зүйлүүдээр намайг огцруулах үндэслэл болгож байгаа юм. Гуравдугаарт Аудитын дүгнэлтээр зөрчилтэй дүгнэлт гаргасан гэж байна. 2018 онд Засаг дарга байсан миний ажлын тайланг төрийн аудит зөрчилгүй гэж гаргаж өгсөн байгаа. Юуг зөрчөөд байгааг би мэдэхгүй. Төрийн аудит Их Хурлын Тамгын газар ажлаа тайлагнадаг байгууллага, аймгийн иргэдийн Хуралд хуулийн 15.2.4 дээр орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийг үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулна гэж байгаа. Дөрөвдүгээрт төрийн албан хаагчдын боловсон хүчний бодлого алдагдуулж шүүхийн шийдвэр гарсан байхад биелүүлсэнгүй гэдэг талаар байна. Жишээ татаж хэлье. Тодорхой хэмжээний баг бүрдүүлэх, улс төрийн тодорхой хэмжээний томилгоо хийгдсэн. Говь-Алтай аймгийн Алтай чуулгад О дарга түр орлон гүйцэтгэгч байсан. Би ажил аваад О-ыг чөлөөлж Э-ыг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан. Тэр сонгон шалгаруулалтад хэн бүхэн орох эрх нээлттэй байсан. Тэгэхэд О ороогүй. Э өгч тэнцсэн учраас жинхэлсэн. Жинхэлсэн хүнээ ажлаас нь чөлөөлөөд түр орлонгоор шалгалт өгөөгүй хүнийг буцааж тавих боломж байхгүй. Худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал яригдсан. Худалдан авах ажиллагааны газар өөрөө зохион байгуулж үнэлгээний хороогоо өөрөө байгуулдаг. Би баталдаг байгаа. Ийм шалгалтаар хууль дүрмийн талаар явагдсан. Ийм 8, 9 асуудлуудыг тавьж намайг огцруулах үндэслэлтэй гэсэн байсан. Хаалттай хурал гэж байдаг юм уу? тэр нь телевизээр гарсан. 9 зүйлийг тавьсан гэдэг дээр тайлбар өгье. Түгээмэл тархацтай газар, ашигт малтмал гэж байгаа. АХ лиценз Засаг даргын мэдэлд байдаггүй. Дээрээсээ олгодог, би олгодог биш. Миний хувьд түгээмэл тархацтай газар 3 жил ажиллахдаа нэг ч удаа олгоогүй. Аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрсдөө сайн мэдэж байгаа. Ирсэн саналыг тухайн сум орон нутаг руу хүргүүлж сумын иргэдийн Хурал дэмжсэн үү? дэмжээгүй юу гэдэг бичиг ирээд ирсний дараа аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдэд би өргөн барьж шийдвэр гарч байж би захирамж гаргаж олгодог зүйл. Би караоке байгуулаад караокены машин зөөгөөд байж байдаг хүн биш. Тамгын газар гэж байгаа. Тамгын газар хариуцаад алжаал тайлах өрөө гэсэн өрөө байгуулбал зүгээр юм байна. Цайны цагийг хэмнээд кофе, цай уух хэмжээний зүйл хийе гэж хийгдсэн байгаа. Уул уурхайтай холбоотой терм гэж байна. Терм гэдэг зүйлийг анхны хурлаар ч хэлж байсан. Манай аймагт 2 терм байвал болохгүй зүйл байхгүй. 2017 онд уул уурхайн форум дээр худалдаа аж үйлдвэрийн танхим, бичил уурхай эрхлэгчдийн холбоо, засаг дарга нар мэргэжилтнүүдийн форум дээр Баянхонгор аймгийн Засаг дарга Б хэлж байсан. Манайх терм ажиллуулсан. Шавар гардаг тэрийг цайр натри хэрэглэдэг Бор нуурын зөвшөөрөлтэй үйлдвэрт аваачиж орон нутгийн төсөвт 1,8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэсэн. Би тэрнээс санаа авч аймаг орон нутагт 2 терм байвал болохгүй зүйл байхгүй юм байна гэж иргэдийн Хурал дээр хэлж байсан. Тэр нь ямар үр дагвартай гэхээр манай аймагт пинцилений шилтэй цайрыг 200.000-300.000 төгрөгөөр зарж байсан тохиолдол гарсан. Дээр нь ганц нэг шуудайтай чулуу авч ирсэн хүмүүс гэрээрээ угаадаг. Цайрын натри гэдэг зүйл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний 160см дээш дэгдэхгүй. Үүнээс доош дэгдэмхий бага насны хүүхэд урагт нөлөөлөх юм байна. Тэгэхээр авч ирсэн чулуугаа тээрэмдээд тэндээс ашиг орлогоо тооцоод аймаг орон нутагт нийгмийн хариуцлагын гэрээ байгуулбал болох юм байна гэж бодож хурал дээр хэлж байсан. Монгол ардын намын 20 төлөөлөгч, Монгол ардын хувьсгалт намын 2 төлөөлөгч,  Ардчилсан намын 17 төлөөлөгч, бие даагч гээд нийт 40 хүн байгаа. Энэ 40 хүнд материал тараагдсан зүйл байхгүй. Бүлэг хуралдан зүйл байхгүй. Ардчилсан намын 17  хүн өглөө намынхаа байранд цугларч бөөндөө орж ирээд манайхаас 6 хүн орж Монгол ардын намын 2 хүн орсон би 9 цагт ажилдаа ирээд 10 цагт болж байхад хуралдаад таныг унагаачихлаа гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хурлаас гаргасан 01 дугаартай Засаг даргыг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 04 дугаартай Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагаа тодруулж урьд эрхэлсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулна. Нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэлэхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 138 хоног ажилгүй байсан. Энэ хугацааны цалинг тооцвол 9.105.654 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлүүдийг тайлбарлая. Эхний шаардлагаа 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн 07 дугаар хуралдааны 01 дугаартай тогтоолыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр нутгийн өөрөө удирдах байгууллагын нэг онцлог байгаа. Засаг дарга өөрөө тухайн орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа субъект. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа субъект байдаг. Тэр утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дээр нутгийн өөрөө удирдах байгууллагын яах талаар тодорхой заасан. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргахдаа 2 үндэслэлээр аймгийн Засаг даргыг огцруулж байна гэсэн тогтоол гаргасан. Эхний үндэслэл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж заасан байгаа. 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 тогтоолын эхний огцруулах болсон үндэслэл нь Засаг даргаар ажиллаж байсан С.Г бол 32.2-т заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлээгүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг тодорхойлохдоо аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах зорилт чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж нэг үндэслэл болгосон. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, хуралдааны тэмдэглэл бүрэн эхээрээ хэрэгт авагдсан. Засаг даргаар ажиллаж байх үедээ энэ хүн хангалттай биелүүлсэн байна гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж энэ хүн ажлаа хангалттай биелүүлсэн буюу 89,11 хувьтай гүйцэтгэсэн гэж үзсэн. Хоёрдугаарт энэ хүний 3 жилийн хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага мэдэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын аудитын дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ дүгнэлтээр 2019 оны эхний хагас жилийн байдлаар Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч 23 агентлаг, харьяаны байгууллагууд, 18 сум хамаардаг энэ байгууллагын үйл ажиллагаа нь амжилттай хэрэгжсэн гэж аудитын байгууллага зөрчилгүй байна гэсэн санал дүгнэлт өгсөн. Тэгэхээр нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хууль бус байна. 2 дахь үндэслэлээ Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дахь хэсэгт зааснаар хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Х гэдэг төлөөлөгч нийт 9 үндэслэл дурдаж Засаг даргыг огцруулах албан бичгийг хурлын Тэргүүлэгчид өгсөн байна гэж ойлгож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хурлын Тэргүүлэгчид хуралдсан бол хурлын даргад энэ хуулиар олгосон бүрэн эрх байгаа. Ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм уу? хуульд заасан бүрэн эрх байгаа. 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаан нь ээлжит бус хуралдаан байсан нь тодорхой байна. 06 дугаар сарын 04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад ээлжит бус хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцье гээд хуралдааныхаа товыг тогтоосон байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан. Бусад хуралдааныг тэргүүлэгч хуралдуулах тохиолдолд 15 хоногоос доошгүй хоногийн өмнө Тэргүүлэгчид хуралдаж хурлын товоо тогтооно гэж тодорхой заасан байгаа.  06 дугаар сарын 03-ны өдөр энэ хүн 15 төлөөлөгчийн гарын үсэг бүрдүүлээд ирэхээр нь 06 дугаар сарын 04-ний өдөр зарлаад 06 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дараагийн нэг алдаа нь 06 дугаар сарын 04-ний өдөр хурлын товыг тогтоож байгаа бол хуралдаан эхлэхээс нэг хоногийн өмнө тухайн хурлаар хэлэлцэх материалыг төлөөлөгчид тараана гэж байгаа. Тараасан байхдаа мэдэгдсэн байна гэж байна. Хуралдааны тэмдэглэлээс харахаар нийт 26 төлөөлөгч оролцоод 2 нь гарч яваад 24 төлөөлөгч асуудлыг шийдсэн харагдаж байна. Тэр 26 төлөөлөгчид энэ хуралдааны товыг 06 дугаар сарын 06-ны өдөр ийм асуудлыг хэлэлцэнэ гээд 9 үндэслэл бүхий Хишигжаргал төлөөлөгчийн гаргасан санал, тооцоо, судалгаа, лавлагааны хамт баримтууд байхыг шаардаж байгаа. Үүний хамт энэ төлөөлөгч нарт яаж хүргүүлсэн юм. Яаж хүргүүлсэн талаар хэрэгт баримтаар байхгүй. Энэ үндэслэлээр 06 дугаар сарын 06-ны хурал хууль зөрчиж хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг харахаар тухайн өдрийн хуралдаанаар иргэдийн төлөөлөгчдийн хурал Л.Б гэдэг хүнийг огцруулах талаар байсан байгаа юм. Огцруулах уу гэж санал хураагаад бүгд огцруулахгүй гээд дэмжсэн. Тухайн хурал үргэлжлээд аймгийн засаг даргыг огцруулах хурал болсон байна гэж харсан. Энэ үндэслэлээр мөн 06 дугааар сарын 06-ны өдрийн тогтоол нь хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ 2 үндэслэлээр тогтоол гаргаж аймгийн засаг даргыг огцруулсан. Хариуцагчийн зүгээс улс төрийн шийдвэр учраас энэ нь Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй гэсэн агуулгатай тайлбар хийсэн байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын тодорхойлохдоо нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр үйл ажиллагаанууд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага гэж заасан. Тийм учраас энэ С.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэг дээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын Тэргүүлэгч Л.Б гэдэг хүн оролцож байгаа гэж ойлгож байна. Энэ үүднээс шүүх С.Г гэдэг хүний нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллага нь захиргааны байгууллага байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг заавал хийх ёстой. Яагаад гэхээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас гарч байгаа эрх зүйн хэм хэмжээ нь өөрөө захиргааны актын шинжийг агуулж байгаа учраас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал мэдэгдэх ёстой. Хуралдааны тэмдэглэлээс харахаар С.Г гэдэг хүнд яаж мэдэгдсэн талаар байхгүй. 06 дугаар сарын 04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Б-ын гарын үсэгтэй ийм ийм үндэслэлээр таныг огцруулах гэж байна гээд 9 заалт бүхий баримтаа гаргаад үүн дээр нэг бүрчлэн тайлбар гаргаж хуралд оролцоно уу? гэсэн тодорхойлолт явуулснаа хэрэгт өгсөн байна. Тэр иргэдийн төлөөлөгчдийн тогтоолыг С.Г гэдэг хүн хүлээж авсан, хүргүүлсэн, гардуулсан зүйл байхгүй. Хурлын товыг тэгэхээр С.Г гэдэг хүнд мэдэгдээгүй байна гэж харагдахаар, мөн хурлын төлөөлөгч нар гэж гарын үсэг зуруулсан баримтууд мөн зарим нь зураагүй байгаа. Засаг даргыг огцруулахтай холбоотой ямар, ямар асуултыг хэлэлцэх байсан юм. Үүнийг хүргүүлээгүй нь хууль зөрчсөн асуудал байна. Шинээр хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хуулийн нэг онцлог нь заавал эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж, мэдэгдсэнээ баримтжуулсан байх ёстой. Эргээд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нэгэнт эрх ашиг нь хөндөгдөж байгаа учраас тайлбараа гаргаж хуралд өөрөө оролцох боломжийг олгоогүй нөхцөл байдлууд харагдаж байгаа учраас хууль бус байна. 06 дугаар сарын 04-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тов тогтоосноос харахад 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдааныг 12 цагт хэлэлцэхээр зарласан байдаг. 06 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлийг харахаар 09 цаг 15 минутад хурлыг эхлээд 09 цаг 57 минутад Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хурлын тов болон энэ баримтуудыг нэг хоногийн өмнө хүргэхдээ 12 цагт хэлэлцэнэ гэсэн бол тэр төлөөлөгч нар яаж 9 цагт хуралд оролцсон бэ гэдэг асуудал байна. Шүүх шийдвэр гаргахдаа үүнийг анхаараасай гэж бодож байна. Тэнд 26 төлөөлөгч оролцож байгаа бол 12 цагаас хэлэлцэнэ гэсэн мэдээлэл хүрэх ёстой. Тэр мэдээлэл хүрсэн үгүй нь тодорхойгүй энэ асуудлаар хууль зөрчсөн байна. Мөн хуралдааны тэмдэглэлээс харахаар 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл дээр С.Г гэдэг хүнийг огцруулаад үргэлжлүүлээд В.Р гэдэг хүнийг Засаг даргаар нэрийг нь дэвшүүлээд хэлэлцсэн асуудал байгаа. Үргэлжлүүлж хуралдаад мөн 06 дугаар сарын 06-ны өдөр тов тогтоосон. Үүнийгээ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэж байгаа. Тэгээд 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн засаг даргыг В.Р гэдэг хүнийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж тэр тогтоолоо Ерөнхий сайд руу уламжилсан байгаа. Эдгээр нь бүгд хууль зөрчсөн байна. В.Р гэдэг хүнийг 06 дугаар сарын 06-ны өдрийн тэргүүлэгчдийн баталсан хуралдааны тов тогтоох тухай хэлэлцэх асуудал дээр В.Р-ийг томилох гэсэн зүйл байхгүй байж тэрийг хэлэлцээд явсан байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах, хуулиар тусгайлан зохицуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баасанбат  шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг хуульчлаад өгсөн байгаа. 4.2.1 дээр дараах үйл ажиллагааны зарчмыг баримтална гээд хуульд үндэслэх, 4.2.6 дээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангахыг хуульчилж өгсөн.  Эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд яаж мэдэгдсэн юм. Хариуцагчийн төлөөлөгч нь бид нар албан тоотоор мэдэгдсэн Тамгын газар нь Засаг даргатай ялгаагүй. Тамгын газарт өгсөн байхад засаг даргад өгсөнтэй адил гэж байна. Засаг дарга эзгүй байвал яах вэ? хөдөө явсан байвал яах вэ? Тамгын газарт өгсөн учраас хамаагүй гэх юм уу? тийм зүйл байхгүй. Тэр нь хууль хэрэглээн дээр хариуцагчийн төлөөлөгч буруу тайлбар хэлж байна. Хурлын тэргүүлэгч нарт хэлэлцэх асуудлыг тараасан 40 төлөөлөгч өгсөн гэж байна. Шүүхийн өмнө ялгах зааг байх хэрэгтэй гэж бодож байна.  06 дугаар сарын 05-ны өдөр аймгийн иргэдийн Хурлын 40 төлөөлөгч Говь-Алтай аймагт дөчүүлээ байсан юм байна. Хүргүүлсэн гэдгээ нотлох ёстой. Энэ хүмүүс хүлээж аваад гарын үсэг зурсан баримт нь энд байна гээд байх ёстой. Нэхэмжлэл 07 дугаар сард гаргаж өгснөөс хойш энэ талаар гаргаад өгсөн байх ёстой. Амаар хүргүүлсэн гэсэн тайлбар хэлээд тэр нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй.  Захиргааны актыг тайлбарлаж байна. Улс төрийн шийдвэр байсан гээд хэлчих шиг боллоо. Тэгэхээр иргэдийн хурлаас гарч байгаа шийдвэр нь улс төрийн шийдвэр юм уу? захиргааны акт юм уу? ийм хариуцлагагүй тайлбар хэлж болохгүй байх. Энэ нь өөрөө бодитой байх ёстой. Засаг даргыг огцруулах 9 үндэслэл байсан. Тэрийг нь өгсөн гэж хэлээд байгаа бол энэ 9 үндэслэл ийм газруудаар хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон гэж гаргах ёстой. Ингэж хууль зөрчөөд тэдэн сарын тэдний өдөр ийм лицензийг захирамжаараа олгосон гэсэн зүйлээ тусгай зөвшөөрөлтэйгөө авч ирээд хийчих ёстой байсан.  Тийм зүйл байхгүй. Зүгээр нэг иргэдийн Хурлын төлөөлөгч 9 заалт оруулаад ирдэг. Таны саналыг хэлэлцье гэхээр тогтоогдож байгаа баримт нь хаана байна гээд 11 тэргүүлэгч хуралдаад Засаг даргыг огцруулах гэсэн Х-ын саналыг хурлаараа хэлэлцэх гээд байна. Хэлэлцэх гэхээр таны энэ тооцоо судалгаа байхгүй байна. Хэлэлцэх асуудлыг 15-аас доошгүй хоногийн өмнө хурлын товыг зарлана гэж байгаа. Энэ хүмүүс иргэдийн хурлын тогтоолоо гаргахдаа яагаад 23.4-ийг барихгүй байгаа юм. 22.1-ийг яагаад барихгүй байгаа юм. Хамааралгүй 32.2, 32.6-г барьж тайлбарлаад байна. Хурлын төлөөлөгч нарт хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн гэж байна. 28 төлөөлөгч ирээд 2 нь гарч 26 нь шийдсэн гэж байна. Энэ 12 төлөөлөгч яасан юм. Хэлэлцэх асуудал хүргэгдээгүй. Энэ хүмүүсийн эрх ашиг гэж бас байна. Ард иргэдийг төлөөлөөд сууж байгаа, сум сумын төлөөлөгч байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Бүрэн ирцээрээ орсон бол олонхийн санал авч чадах байсан уу? үгүй юу зөндөө маргаан үүснэ. Боломжит хугацааг олгосон гэж байна. Хавтаст хэргийн материалд 06 дугаар сарын 05-нд ирсэн бичгийн бүртгэлийг авсан байсан. Энэ албан тоотыг 17 цаг 30 минутад өгсөн бол яах вэ? өглөө нь 9 цаг 15 минутад хуралдсан. Тэрнээс хойш 18 цаг гээд ажлын цаг дууссан. Шөнийн цагаар боломж олгож байгаа юм уу? бодит боломжийг олгоогүй. Тэгэхээр 06 дугаар сарын 06-нд 2 хоногийн дараа хурлаа товлоод энэ 2 асуудлыг шийдсэн. Д гэдэг төлөөлөгч хэлж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах талаар өчигдөр яриад байсан чинь юун Засаг дарга болоод хэлэлцэх асуудалд яагаад орж ирээгүй юм гээд хуралдааны тэмдэглэлд байсан. Мөн Ч гэдэг төлөөлөгч иргэдийн хурал өөрөө хүсэлтээрээ тарвал яасан юм гэсэн. Уг нь Б гэдэг хүний асуудлыг ярихаар цугларсан ч юм шиг ийм дүр зураг байна. Аймаг орон нутгийн хөгжил гэж байна. Намын засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөр гэж байна. Бүх зүйлийг тасалдуулдаг. Нийтийн эрх ашгийг ярьж байна. Нэг хүний эрх ашгийг яриагүй. Аймаг орон нутгийн бүтээн байгуулалт ажил гэж байна. Тэгэхээр О.Мягмарсүрэн өмгөөлөгчийн хэлснийг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү?  Гэв.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулахаар 06 дугаар сарын 03-ны өдөр иргэдийн хурлын даргад, иргэдийн хурлын төлөөлөгч С.Х болон бусад 14 хүний гарын үсэгтэй материал ирсэн. Энэ материалд хэд хэдэн үндэслэлүүд дурдагдсан байсан. Тухайн үндэслэлүүдийг үндэслэлтэй эсэх тал дээр хариултыг өгөөрэй гэдэг байдлаар Засаг даргад албан тоотоор өгсөн. 15 хүний гарын үсэг зурж ирсэн материалыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д заасны дагуу иргэдийн хурал 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. 32.6-д заасан үндэслэлийн хүрээнд иргэдийн хурлын хуралдааныг 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулна гэж Тэргүүлэгчдээс тогтоосон. Энэ хурал хугацааны хувьд хууль зөрчиж хуралдсан зүйл байхгүй гэдгийг хуулиас тодорхой харах боломжтой байгаа. Тус ээлжит бус 7-р хуралд 28 төлөөлөгч оролцсон. 28 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч Засаг даргыг огцруулах дээр санал өгч энэ шийдвэрийг гаргаж Ерөнхий сайдад уламжилсан. Тухайн хуралд аймгийн засаг дарга огцруулах үндэслэл дээр өөрийнхөө эсрэг үндэслэлгүй гэсэн нотлох баримтаа юм уу? тайлбараа өгч оролцох боломж байсан. Аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчийн 06 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдааныг хуралдуулах талаар шийдвэр гаргасан нь 06 дугаар сарын 05-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Захиргааны хуулийн 26, 28-д заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны хүрээнд Засаг даргад албан тоотоор хурлын товыг хүргүүлсэн. Тухайн огцруулах үндэслэл дээр өөрийнхөө байр суурийг хамгаалах талаар энэ хуралд оролцоорой гэдэг байдлаар хүргүүлсэн байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.1 дээр аймаг нийслэл, сум дүүргийн засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж байна. Аймгийн иргэдийн хурлаас албан байгууллагынхаа хувьд аймгийн засаг даргын өөрийнх нь ажлын албанд хурлын товыг хүргүүлсэн нь аймгийн засаг даргад өөрт нь өгсөнтэй дүйцэхүйц байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7 дээр улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж байгаа. Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын холбогдох тогтоол журмуудаар аймгийн засаг дарга болон иргэдийн хурал нь төрийн өндөр албан тушаалтан 5 гэсэн ангиллаар явдаг. Тэгэхээр нь яах аргагүй улс төрийн албан тушаалтан бөгөөд тухайн улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой хурлаас гаргаж байгаа шийдвэр нь улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарч болох юм гэдэг байдлаар хариуцагчийн тайлбарыг гаргаж хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн хувьд маргаад байгаа гол зүйлүүд нь 7, 8 дугаар хурлын шийдвэрээс гарсан тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгуулна гэж байгаа. Тухайн хурлаар зөвхөн Засаг даргыг огцруулах, аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцсэн учраас тухайн тэмдэглэл дээр тухайн процессууд тодорхой бичигдсэн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуралдааны хэлэлцэх асуудалд тусгагдаагүй асуудал хэлэлцсэн байна гэж байна. Үүнд 2 өөр хуралдааны талаар, 2 өөр шийдвэрүүдийн талаар маргаан байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх.  Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын алба нь гарын үсэг зурсан төлөөлөгчдийн материалыг иргэдийн хурлын 40 төлөөлөгчдөд хуралдаан зарласан 06 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн.  Тэр шийдвэрийг мөн 05-ны өдөр Засаг даргад хүргэсэн. Нэгжийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар иргэдийн хурлын ажлын алба нь төлөөлөгчдийнхөө хуралдаа оролцоорой гэж урих үүрэгтэй нэгж байгаа. Тэгэхээр бид хуульд заасан үндэслэлийнхээ хүрээнд Төлөөлөгчдийг хуралдаа оролц гэдэг урилга хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн. Төлөөлөгч нар өөрсдөө ирж суусан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Төлөөлөгчдийн олонхи нь ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцож хуралдааныг эхлүүлж болно гэсэн заалтын дагуу хурал хуралдсан.  Урилга, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө хүргэгдсэн учраас 26 төлөөлөгч ирсэн. Аймгийн Засаг даргыг ч юм уу? иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулан гэдэг нь орон нутгийн улс төрийн хүрээнд байгаа том асуудал. Тэрийг хэн нэгэн төлөөлөгч мэдэхүй үлдэх ч юм уу? хэлэлцэх асуудлаа аваагүй ч юм уу? тийм зүйл байхгүй. Төлөөлөгч нар бүгд мэдэж мэдээллээ авсан. 12 юм уу 14 төлөөлөгчдөө материал өгөөгүй гэсэн асуудал яриад байгаа. Өгсөн, тэр хүмүүс тодорхой шалтгааны улмаас ирээгүй байх. Хурлын хуралдаан гээд 23.4-т заасан 20 хоног болон эсхүл бусад үед 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэдэг нь энэ хуулийн үндсэн зохицуулалт нь, гэхдээ 32 дугаар зүйлийн 32.6 гэдэг нь тусгайлсан онцлог зохицуулалт байгаа. Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал уг саналыг 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж байгаа. С.Х-ын оруулж ирсэн санал нь үндэслэлтэй байна, үндэслэлгүй байна. Үндэслэлгүй учраас хуралд оруулахгүй гэдэг саналыг тэргүүлэгчдийн хурал дээр ярих ямар ч боломжгүй. Хуулиараа шууд хуралдаа оруул олонхийн саналаар асуудлаа шийд гэж заасан. Зохион байгуулалтын асуудал дээр тухай санал гаргаж байгаа төлөөлөгчид юм уу? асуудал оруулж ирж байгаа эрх бүхий этгээд нь  ороод ирвэл зохион байгуулалтын асуудлыг тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргана эсхүл тухайн дэвшүүлж оруулж ирсэн асуудал нь үндэслэлтэй эсэхийг хянан эсхүл чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг яаж нотолж байгаа юм гэсэн асуултууд асууж байна. Гэтэл энэ бүхэн аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх Засаг даргыг томилох,   чөлөөлөх эсэхийг хэлэлцэх, тэр асуудлыг шийдвэрлэх эрх нь нэгжийн тухай хуулиараа иргэдийн хурлын төлөөлөгч нарт байгаа. Нэгжийн тухай хуульд аймгийн иргэдийн Хурлын тэргүүлэгчид ажлын албатай байж болно гэж байгаа. Ажлын алба нь тэргүүлэгчтэй холбоотой ирсэн бичиг тоот санал хүсэлтийг холбогдох албан тушаалтанд танилцуулах ажлыг хийдэг. Нэгжийн тухай 33.1 дээр Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна гэж байгаа. Төрийн байгууллагын хувьд төрийн байгууллагадаа албан ёсны бичиг тоотоор харилцаад аймгийн Засаг даргад хаяглаад явуулсан албан тоот нь тодорхой эрх зүйн үр дагавар бүхий албан бичиг учраас үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг тухайн үеийн нөхцөл байдал болон боломжит хурал зарлагдсан хугацаандаа ажиллагааг хийсэн гэж үзэж байна. 32.6-г харахаар гуравны нэгээс доошгүй гарын үсэг зураад ороод ирвэл хуралдаанаараа хэлэлцээрэй тэргүүлэгчид үндэслэлтэй, үндэслэлгүй гэж маргахгүйгээр шууд хурлаар оруулж шийдвэрлэнэ гэсэн нарийвчилсан зохицуулалт байгаа. Бид нар 40 төлөөлөгчид материалаа өгсөн. 40 төлөөлөгчид материал өгсөн гэдгийн нотолгооны нөгөө хэсэг нь 28 төлөөлөгч ирснээр харж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Я.Э, Л.Б, Д.Н, Д.А, Ч.Б, Д.Б, А.П, А.Д, М.Н, С.Х, Б.Б, Ц.А, Д, А, М.М нарын 15 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулах тухай 9 заалт бүхий бичгийг өргөн мэдүүлсэн байна.

         Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 40 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч буюу гуравны нэгээс доошгүй нь аймгийн Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн тул 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товлон зарлаж, аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хуралдаанаар хэлэлцэхээр тогтоож 31 дүгээр тогтоол гаргасан байна.

         2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлд: “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 07 дугаар хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 15 минутанд Иргэний танхимд ирвэл зохих 40 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр хурлын ирц 65%-тай эхэллээ. Хуралдааныг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга үг хэллээ. Л.Б /хурлын дарга/: Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гээд ... М.М /төлөөлөгч/ аймгийн Засаг даргын тухай хэлэлцэх гэж байгаа учраас өөрийг нь байлцуулах шаардлагатай гэж бодож байна. Өөрөө бидний асуултанд хариулаад хэлж ярих зүйлээ хэлэх нь зөв гэж бодож байна. Та өөрт нь мэдэгдсэн үү ... Л.Б /ИТХ-ын дарга/: Аймгийн Засаг даргад албан тоот явуулсан /уншиж танилцуулав/. Хуралдаан эхлэхээс өмнө утсаар залгаад утсаа авахгүй байна ... А.Д  /төлөөлөгч/ ...нэгэнт аймгийн Засаг даргад хуралд оролцох тухай албан тоот хүргүүлээд мэдэгдсэн бол тэр хүнийг байсан байгаагүй хурлаа цааш үргэлжлүүлээд явах ... Хурлын дундуур 09 цаг 36 минутанд МАН-ын бүлгийн дарга Ш.Д, төлөөлөгч Т.Г нар ирж ирц 70%-тай хуралдаан үргэлжиллээ ... Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг тэргүүлэгч, төлөөлөгч С.Х танилцууллаа. Хуралдааны дарга: Хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт, саналтай төлөөлөгч байна уу гэхэд Төлөөлөгч Т.Г, Г.Ч, А.Д нараар асуулт саналаа тасаллаа ... хуралдаан үргэлжилж байх үед 09 цаг 57 минутанд санал хураалт явагдахаас өмнө төлөөлөгч Ш.Д, Т.Г нар гарч явлаа ... тооллогын комисс байгуулсан тогтоолыг төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа ... Л.Б /хурлын дарга/: Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцруулья гэдэг томьёоллоор санал хураая гээд дэгийн дагуу санал хураалтыг илээр явуулаа ... Ч.Э /төлөөлөгч/ Тооллогын комиссын тогтоолыг уншиж танилцууллаа. Нийт санал хураалтанд 26 төлөөлөгч оролцсоноос 24 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжлээ. Гэхдээ ирцийг 28 төлөөлөгчөөр тооцож гарч явсан 2 төлөөлөгчийг эсрэг санал өгснөөр бодож нийт 24 төлөөлөгч дэмжиж 85,7%-иар Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулах саналыг хуралдаанд өргөн мэдүүлж байна ... хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн Засаг даргыг огцруулах тухай ИТХ-ын тогтоолыг баталлаа ... хуралдаан 10 цаг 20 минутанд өндөрлөлөө” гэсэн байна. Хурлын тэмдэглэлд тусгагдсанаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны хуралд нэхэмжлэгч аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г оролцоогүй, нийт 40 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирсэн, хуралдааны дундаар 2 төлөөлөгч ирсэн боловч хурлаа дуусгалгүй гарч явсан, төлөөлөгч С.Х аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг танилцуулж, тооллогын комисс байгуулагдан санал хураалтыг илээр явуулж 24 төлөөлөгч огцруулах санал өгсөнөөр 85,7 хувийн саналаар Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулсан байна.

        Дээрхи нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.7-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд 28 төлөөлөгч хүрэлцэн ирж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32 дугаар зүйлийн 32.6-т “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар аймгийн Засаг дарга С.Г-ийг огцруулах саналыг хэлэлцэж олонхийн саналаар албан тушаалаас нь огцруулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтыг үндэслэн 01 дүгээр тогтоол гаргасан байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

         Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны процесс зөрчигдсөн эсэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар Хурлын Тэргүүлэгчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 15 аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуудахаар байгаа хэдий ч Засаг даргыг огцруулахаар Хурлын Төлөөлөгчид санал гаргасан тохиолдолд хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т “... Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Засаг даргыг огцруулах саналыг 15 хоногийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулж хэлэлцэн шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна.

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, хуулийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “ … шаардлагатай тохиолдолд гарын үсэг зуруулдаг. Энэ тохиолдолд зуруулсан зүйл байхгүй ... утсаар ярина. Фэйсбүүк мессенжер чат, олон нийтийн сүлжээ, мэйл хаягаар хүргүүлдэг…” гэсэн тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад аймгийн Засаг даргыг огцруулах саналыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараасан талаарх баримт авагдаагүй боловч хуралд 28 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байхад хэлэлцэх асуудлыг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй байна.

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1/146 дугаар албан бичгээр аймгийн Засаг дарга С.Г бүхий материал ирүүлснийг ....ИТХ-ын ээлжит бус долоодугаар хуралдааныг 06 дугаар сарын 06-ын өдөр нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулж асуудлыг хэлэлцэхээр болсон. Иймд огцруулах бичигт дурдсан 9 заалтад хариу тайлбартай ирж оролцоно уу” гэсэн агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэрийн 777 дугаарт 06 дугаар сарын 05-ны өдөр 3 хуудас 1/146 дугаар албан бичгийг бүртгэж хүлээн авсан байна. Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд Засаг даргад ирсэн албан бичгийг хөтлөх, танилцуулах үүрэгтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

         Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 07 дугаар сарын 04-ны өдрийн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

         2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товлон зарлаж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.

         Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 8 дугаар хуралдааны тэмдэглэлд: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 50 минутанд Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд 24 төлөөлөгч ирж ирц 60 хувьтай эхэллээ ... санал хураалтанд нийт 26 төлөөлөгч оролцож 25 төлөөлөгч дэмжиж 96.1%-ийн саналаар В.Р-ийг аймгийн  Засаг даргад нэр дэвшүүлж хуралдаанд оруулах тогтоолыг Хуралдааны даргад өргөн барив ... хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Говь-Алтай аймгийн Засаг даргаар В-гийн  Р-ийг сонгож томилуулах тогтоолыг баталлаа ... хуралдаан 24 цаг 40 минутанд өндөрлөлөө...” гэж тэмдэглэлд тусгагдсан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г” “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, хуулийн 19.1-т “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаанд оролцсон  Төлөөлөгчдийн 25 буюу 96.1 хувийн саналаар В.Р-ийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар В.Р-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилсон байна. 

         2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааныг хийж аймгийн Засаг даргын огцруулж 01 дугаар тогтоол гаргаснаар тухайн хуралдаан дууссан. Харин тухайн өдрөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 08 дугаар хуралдааныг товлон зарлаж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 07, 08 дугаар хуралдаан нь тус тусдаа өөр өөр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ээлжит бус 08 дугаар хуралдаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргад В.Р-ийг нэр дэвшүүлж 04 дүгээр тогтоол гаргасан байгаа нь нэхэмжлэгч С.Г-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г”, хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан Есөнбулаг сумын иргэн С.Г-ийн нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б-д холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ