Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 343

 

Иргэн Б.Барсболдын ХХХнэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0467 дугаар магадлалтай, Б.Барсболдын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Барсболдын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/1535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0467 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан Б.Барсболдын нэхэмжлэлийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/1535 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Барсболдыг урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн дэглэм, харуул хамгаалалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Барсболдыг ялтан Г.Нэргүйбаатарын хэвийн хэрэгт бэлнээр байсан 80000 төгрөгийг хувийн сонирхлоор авч ашигласан нь нотлогддог. Нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хошууч Х.Анхбаярт өгсөн тайлбартаа “бэлэн мөнгөний талаар асуухад би сайн санахгүй байна” гэсэн атлаа Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чойжилсүрэнд өгсөн тайлбартаа “энэ асуудлыг ШШГЕГ-аас шалгаж байсан болохоор мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа” гэсэн зөрүүтэй тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн нэгдсэн тоо бүртгэл хөтлөлтийн зааврын 3 дугаар хэсгийн 3.1.5-д “ялтан анги хооронд шилжин явах үед хувийн хэргийг лацдаж, хуяглан хүргэх албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэн өгнө” гэж заасан ба Б.Барсболд өөрт яваа лацтай хувийн хэргээс бэлэн мөнгийг авсан нь тодорхой байна. Учир нь, хуяглан хүргэлтийн үед хуяглан хүргэгчээс өөр хүн цүнхийг хадгалах, гар хүрэх эрхгүй юм.

Магадлалын дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй болсон. Б.Барсболд ялтныг хуяглан хүргэлтээр хорих ангид хүргэж өгөхдөө холбогдох хууль журмаар олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн. Хорих ангийн дотоод журмын холбогдох заалтыг буруу тайлбарласан. Ялтан Г.Нэргүйбаатар дамжин 401 дүгээр хорих ангиас хуваарилагдаагүй, өөрийн гэсэн нэрийн данс үүсээгүй байсан тул хувийн мөнгийг нь хувийн хэрэгт нь хадгалж байсан. Хорих ял эдлэхээр хуяглан хүргэлтээр ирсэн ялтанд хорих ангиас нэрийн данс нээж өгч, түүний ар гэр мэдэгдэх учиртай юм. Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэлтэй бодитой үнэлж дүгнээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн б/1535 дугаар тушаалаар Хорих 401 дүгээр ангийн дэглэм, харуул хамгаалалтын байцаагч, ахлах дэслэгч Б.Барсболдыг “ялтны хувийн хэрэгт хадгалагдаж байсан 80,000 төгрөгийг бэлнээр өөртөө авсан зөрчил гаргасан” гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Барсболд нь Хорих 401 дүгээр ангийн дэглэм, харуул хамгаалалтын байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялтан Г.Н-ыг Хорих 423 дугаар ангид хуяглан хүргэх үүргийг гүйцэтгэж, ялтны хувийн хэргийг хадгалсан цүнхийг хариуцаж явсан ба хувийн хэрэгт байсан 80,000 төгрөгийг Хорих 423 дугаар ангид  хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдсон байна.

Б.Барсболд ялтны “Хувийн хэрэг”-т байсан 80,000 төгрөгийг зохих журмын дагуу Хорих 423 дугаар ангид хүлээлгэн өгөөгүйг албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагч үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдэл гаргасан бол сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч хувьд дээрх зөрчлийг арилгах /80,000 төгрөгийг Хорих 423 дугаар ангид зохих журмын дагуу хүлээлгэн өгөх/ арга хэмжээг нэн даруй аваагүй төдийгүй  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, төрийн тусгай албан хаагчийн хувьд ноцтой зөрчил гаргасан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн түүнийг төрийн албанаас халсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэтэл давж заалдах шатны хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээгүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0467 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                                                     Х.БАТСҮРЭН