Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/346

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт У-ын Эд холбогдох 2108000000256 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт У-ын Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамжны ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  төрсөн дүү У.Эийг “чи намайг архи уулаа гэж загнадаг хэн бэ” гэж маргалдсаны улмаас модон иштэй сүхээр У.Эийн баруун мөр, баруун хацар, хамар хэсэгт зүсэж У.Эийн биед баруун доод зовхи, баруун хацар, баруун мөрөнд шарх, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж учруулсан гэжээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...өмнө мэдүүлэг өгсөн, одоо ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хх-ийн 1-7х/, хохирогч У.Эийн мэдүүлэг /хх-ийн 16-18х/, гэрч А.Игийн мэдүүлэг /хх-ийн 20-21х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1207 дугаартай дүгнэлт /хх-ийн 23х/, шүүгдэгч У.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 66х/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 72х/, эд хөрөнгөтэй эсэх тухай албан бичиг /хх-ийн 70х/, шүүгдэгч У.Эгийн мэдүүлэг /хх-ийн 57х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ... дүгээр гудамжны ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи уулаа гэж загналаа”  гэсэн шалтгаанаар  төрсөн дүү У.Эийн  баруун мөр,  баруун хацар, хамар хэсэгт нь сүхээр зүсэж, У.Эийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч У.Эийн “...би өглөө гэртээ байж байсан чинь ах Э гарч яваад өдөр 13 цагийн орчимд ганцаараа согтуу ирээд буцаж гарч яваад орой 19 цагийн үед үүдний амбаарт байдаг модон иштэй сүх барьж орж ирсэн. Би тухайн  үед хоймрын орон дээр хэвтэж байсан бөгөөд “чамайг одоо толгойг чинь цавчаад алчихъя, чи намайг архи уулаа гэж загнадаг хэн бэ” гээд нөгөө сүхээрээ миний баруун мөр лүү 2-3 удаа, баруун хацар дээр 2-3 удаа, хамар дээр 1 удаа цавчсан, тэгээд их цус гарсан. Тэр үед ээж дундуур ороод “чи миний хүүхдийг аллаа” гэж орилоод салгахаар нь би гарч зугтаад 102-т дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд 103-т дуудлага өгөөд намайг гэмтлийн эмнэлэгт авч ирсэн. Миний баруун мөр, хамар, хацар зэрэгт эмч нар оёдол тавьсан. Би Э ахыг өдөр 13 цагийн үед орж ирэхээр нь архи уулаа гэж загнасан юм. Тэрийг орой нь ярьж орж ирээд намайг сүхдэж гэмтээсэн. Тухайн үед ээж, Э ах бид гурав байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

Гэрч А.Игийн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08-09 цагийн алдад манай хүү Э ээж нарын баяр гээд над дээр ирсэн юм. Эийг ирэхээс өмнө Э гэрээс гараад явсан байсан. Тэгээд орой хүү Э хойморт зурагтын өмнө ор засаад хэвтсэн, би гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан чинь Э оройхон орж ирсэн, цагийг нь санахгүй байна. Гаднаас Э орж ирээд ямар ч шалтгаангүйгээр уурлаад Э лүү “ална даа чамайг” гэснээ үүдний амбаараас модон иштэй түлшний төмөр сүх барьж орж ирээд хоймрын орон дээр буруу хараад хэвтэж байсан Эийн баруун мөр лүү нэг удаа сүхээр цавчсан, тэгсэн Эийн мөрнөөс цус гарсан. Тэгээд Э сүхээ бариад гараад явсан. Тухайн үед бид 3 байсан, өөр хүн байгаагүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1207 дугаартай: “...У.Эд баруун доод зовхи, баруун хацар, баруун мөрөнд шарх,  баруун шуунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн гурван удаагийн, баруун шууны  зулгаралт  нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23х/,

Шүүгдэгч У.Эгийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад гадуур ... архи дарс ууж байгаад өдөр 13 цагийн орчим гэртээ ирсэн чинь дүү Э намайг архи ууж дэмий тэнэлээ гээд байхаар нь миний уур хүрээд буцаад гарч явсан, ингээд гадуур хүмүүстэй архи ууж явж байгаад орой 19 цагийн орчим бүрэнхий болоод гэртээ харьсан. Би өдөр болсон зүйлийг дүүд яриад чи миний архи уух, уухгүйг заахгүй шүү гэхэд өөдөөс Э хэрэлдээд байсан. Би ч архи уусан согтуу байсан болохоор уурандаа үүдний амбаарт байсан түлээ хагалдаг модон иштэй сүх оруулж ирээд орон дээр хэвтэж байсан дүү Эийн баруун мөр лүү 2 удаа, сүхээр цохиж авсан чинь дүүгийн мөр, хацраас цус гарахаар нь би айгаад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.Э, хохирогч У.Э нар нь төрсөн ах, дүүгийн харилцаатай, эхийн хамтаар амьдарцгаадаг болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэх ба шүүгдэгч У.Э нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэн гадуур тэнэдэг, энэ байдалд нь дургүйцсэн дүү У.Эөөс “архи уухаа боль, битгий тэнээд бай” гэсэн шаардлага тавьсныг шүүгдэгч У.Эы зүгээс үл зөвшөөрч “загналаа, ахыгаа үл хүндэтгэлээ” гэх байдлаар хүлээн авч улмаар мод түлээ хагалахад зориулагдсан сүхийг хэрэглэж, өөрийн төрсөн дүү У.Эийн баруун мөр, баруун хацар, хамар зэрэгт цохих, эсгэх зэргээр санаатайгаар хөнгөн хохирол учруулсан нь хэргийн үйл баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүгдэгч У.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч У.Э нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч У.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч У.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн зүйлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь У.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч У.Эд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгч У.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч У.Эд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч У.Э нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул эдгээр байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У-ын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эд 450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ