Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/507

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэний хариуцагч /нэхэмжлэгч/ Ө.Гын өмгөөлөгч А.Энхбуйр,

шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Э.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ч-ийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908036010746 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 cap хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Ч-ийн П /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.П нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот иргэн Э.Сыг гэртээ унтаж байх үед нь онгорхой байсан хаалгаар нь орж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн “Samsung S-6” маркийн гар утсыг хүч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Мөн Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... аманд баригдаж буй “...” ХХК-ийн барилгын талбайд хамгаалагчаар ажиллаж байх үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр барилгын пум төмөр 50 ширхэг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барилгын тулаас төмөр 100 ширхэг тус тус зарж, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 3.890.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...өмнө мэдүүлэг өгсөн тул ахиж мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-14х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 40-42х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1863 дугаартай дүгнэлт /1хх-ийн 50-52х/, хохирогч Э.Сын мэдүүлэг /1хх-ийн 26-27х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 94-97х/, хохирогч Т.Огийн мэдүүлэг /2хх-ийн 47х/, гэрч Б.Пын мэдүүлэг /1хх-ийн 104-106х/, гэрч Ө.Гын мэдүүлэг /1хх-ийн 110-112х/, Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХУД919/008 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1хх-ийн 115х/, Виннэ Вэй ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ХҮ-06/24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 56-60х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ц-851 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 52-54х/, гэрч С.Сгийн мэдүүлэг /2хх-ийн 153-154х/, шүүгдэгч Ч.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 118х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-ийн 119х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 120х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 121х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 122х, 124-126х/, шүүгдэгч Ч.Пийн мэдүүлэг /1хх-ийн 72-73х, 2хх-ийн 153-154х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: шүүгдэгч Ч.Пийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Пийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Э.Даваасүрэн нараас: “...шүүгдэгч Ч.П нь гэм буруу дээр маргахгүй байгаа, харин өмгөөлөгч нарын зүгээс хууль хэрэглээний талаар мэтгэлцэж оролцоно” гэсэн санал, дүгнэлтийг илэрхийлж оролцов.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Пид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Ч.П нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот руу иргэн Э.Сыг унтаж байх үед нь онгорхой байсан хаалгаар нь нэвтрэн орж, түүний эзэмшлийн “Samsung S-6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 130,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд: “...хэрэг гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот байх бөгөөд ...өрөөний хаалганы хажуу талын ханан дээрээс 3 ширхэг гарын мөр байсныг бэхжүүлэн авав” гэж тэмдэглэгдсэн. /1хх-ийн 11-14х/,

Хохирогч Э.Сын: “...Би унтахдаа орныхоо баруун талд гар утсаа цэнэглэгчид залгаад, шалан дээр байрлуулаад, хаалгаа дотроос нь түгжээд унтсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 04-ний үүрээр 04 цаг 30 минутын орчимд хүү маань халууцсанаасаа болж уйлагнаад байхаар нь салхи оруулахаар хаалгаа бага зэрэг онгойлгож үлдээгээд унтсан. Би өмнөх өдөр нь ажлын ачаалал их байснаас шалтгаалаад ямар нэгэн чимээ сонсоогүй, нам унтсан байсан. Тэгээд ойролцоогоор 05 цаг 55 минутын орчимд гэнэт гэрийн маань хаалга дуугарах шиг болохоор нь сэрээд хартал манай гэрийн хаалгаар үл таних нэг хүн гарч явж байгаа харагдахаар нь би тухайн үед хамт хонож байсан авга дүү болох Баасанжавыг сэрээгээд хамтдаа хойноос нь гүйж гарахад ямар нэгэн хүн байгаагүй. ...миний амьдардаг нийтийн байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах нийтийн байрны үүдэнд тус нийтийн байрны 17-н тоот өрөөнд түр хугацаагаар ирсэн 50-55 орчим насны эрэгтэй хүн тамхи татаад зогсож байхаар нь би “Та манай нийтийн байрнаас гарч явсан хүнийг харсан уу, би гар утсаа алдчихлаа, хэрэв харсан бол ямархуу хүн байсан бэ” гэж асуухад “бага зэргийн махлагдуу биетэй, намхан нуруутай, цайвар шаргал өнгийн царайтай, 30-35 орчим насны бололтой, толгойдоо бага зэргийн тачирхан үстэй, миний анзаарснаар нэг нүд нь долир юм шиг, мөн хөл муутай бололтой нэг тийшээгээ хазганаж алхсан хүн байсан. Тэгэхээр нь би яасан эрт ажилдаа явдаг хүн бэ гэж бодоод нэг их тоогоогүй” гэж хэлэхээр нь би нийтийн байрныхаа жижүүр гэх 55-60 орчим насны эрэгтэйтэй уулзаж “би өрөөнөөсөө гар утсаа алдчихлаа, хяналтын камер шүүж үзэх гэсэн юм” гэж асуухад “танай нийтийн байрны хяналтын камер нь ажиллахгүй байгаа. Харин хашаа руу тусгал нь чиглэсэн хяналтын камер нь кодтой бөгөөд би кодыг нь мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нийтийн байрны жижүүрийн хүүхэд нь гэх 18-20 орчим насны эрэгтэй надтай уулзаж “ямар ч байсан манай нийтийн байрны ойр хавиар дунд зэргийн нуруутай, долир нүдтэй, хазгар хөлтэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн сүүлийн үед эргэлдээд байгаа юм. Өчигдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 01 цагийн орчимд би тухайн хүнтэй тааралдсан бөгөөд юу хийгээд явж байгааг нь асуухад “хүнтэй уулзчихаад явж байна” гэхээр нь би “битгий хамаагүй байраар эргэлдээд бай” гэж хэлээд явуулсан. Би тухайн хүнийг одоо харвал танина” гэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсаар дуудлага өгсөн. Миний гар утас нь цагаан өнгийн  гадаргуутай,  ямар нэгэн сэв зураас байхгүй, гадуураа олны нэрлэж заншсанаар 360 гэж яригддаг цагаан өнгийн резинэн материалтай гэртэй, Samsung Galaxy s-6 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24х, 26-27х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung s6 гар утас-130.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 40-42х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1863 дугаартай:

“1. Шинжилгээнд 1, 2, 3 гэж дугаарлагдан ирсэн 4 ширхэг гарын мөр нь 2019-268-СХД гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. 1, 2 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь ... гэсэн бүртгэлийн дугаараар Ч.П гэсэн нэрээр, ..., ... гэсэн бүртгэлийн дугаараар Б-ын Б гэсэн нэрээр, ... гэсэн бүртгэлийн дугаараар Б-ын Б, ... гэсэн бүртгэлийн дугаараар Ч.Пийн гэсэн нэрээр тус тус бүртгэгдсэн 1 хүний гарын хээний дардастай тохирч хэргийн санд бүртгэгдсэн байна.

2. 1 гэсэн дугаартай “Хаалганы хажуу хана дээрээс” бэхжүүлсэн гэх 1 ширхэг алганы мөр нь Ч.Пийн зүүн гарын алганы хээтэй, 2 гэсэн дугаартай “Хана дээрээс” бэхжүүлсэн гэх 2 ширхэг өндөгний мөр нь Ч.Пийн зүүн гарын дунд болон зүүн гарын ядам хурууны хээтэй тус тус тохирсон байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Пийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд ... гэсэн бүртгэлийн дугаараар Ч.П гэсэн нэрээр, ..., ... гэсэн бүртгэлийн дугаараар Б-ын Б гэсэн нэрээр, ... гэсэн бүртгэлийн дугаараар Б-ын Б гэсэн нэрээр тус тус бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 50-52х/,

Шүүгдэгч Ч.Пийн: “...2019 оны 07 дугаар сард 1 дүгээр хороолол нийтийн байр түрээслэх гээд байж байсан. Тэгээд зар дээрээс Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо ... тоотод байрлах ногоон өнгөтэй нийтийн байран дээр очоод өрөө үзээд буцаад гарах гэсэн чинь хаалга нь нээлттэй өрөө байхаар нь шагайсан чинь шалан дээр нэг гар утас байсан. Тухайн үед хүн унтаж байгааг мэдээгүй шууд газар байсан гар утсыг аваад өрөөнөөс гарсан. Тэгээд хулгайлсан гар утсаа Хархорины хойд талын автобусны буудал дээр утас авна зарна гэсэн хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлохдоо энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг ойлгох бөгөөд тус зүйлийн 2, 3 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол ...” гэсэн хүндрүүлэх шинжийг дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-д “орон байр” гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт заасныг гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр хугацаагаар амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д “шөнийн цаг” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгохоор тодорхойлсон байна.

Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд бусдын орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, ...онгорхой байхад нь сэм орох,... зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, тус нийтийн байр нь хүн амьдрах зориулалттай, өрөөнүүд тус бүртээ цоож бүхий хаалгатай байх бөгөөд шүүгдэгч Ч.П нь тус нийтийн байрны ... тоот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орох эрхгүй этгээд атал тэрбээр хүн амарч унтсан шөнийн цагаар буюу 04 цаг 30 минутын орчимд тус тоотын хаалга түгжээгүй онгорхой байдлыг ашиглан сэм орж, хохирогч Э.Сын эзэмшлийн Samsung Galaxy S-6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Э.С нь хэрхэн ямар нөхцөл байдалтай байхад эд зүйл алдагдсан талаараа мэдүүлсэн төдийгүй  хажуу байрны хүмүүс, жижүүрийн хүүхдээс түүнд тухайн цаг хугацаанд нийтийн байраар явж үзэгдсэн гэх хүний гадаад төрх, шинж, алхаа, гишгээ, явдал зэргийг тодорхойлж мэдүүлснийг дамжмал байдлаар мэдүүлсэн, мэдүүлэгт дурдсан шинжүүд нь шүүгдэгчийн гадаад төрхтэй тохирсон, мөн хэргийн газраас бэхжүүлсэн хохирогчийн амьдардаг өрөөний ханан дээр илэрсэн 3 ширхэг гарын мөрнүүд нь шүүгдэгчийнхтэй тохирсон зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

Шүүгдэгч Ч.Пийн бусдын амьдарч буй орон байранд сэм нэвтэрч, хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд Ч.П нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Ч.Пийн өмгөөлөгч нараас гаргасан “...Ч.П нь орон байр луу орохдоо хулгай хийх зорилгоор ороогүй, орсон хойно гэнэт үүссэн санаа юм” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах хуульзүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Пийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

II. Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Ч.П нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... аманд баригдаж буй “...” ХХК-ийн барилгын талбайд “...” харуул хамгаалалтын албаны хамгаалагчаар ажиллаж байх үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр барилгын пум төмөр 50 ширхгийг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барилгын тулаас төмөр 100 ширхгийг бусдад тус тус зарж, “...” ХХК-нд 3.890.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Огийн: “...2019 оны 04 дүгээр сард манай ... ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...аманд барилгын үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд ... гэх нэртэй хамгаалалтын албатай барилгын талбайн харуул хамгаалалтыг хариуцуулж гэрээ байгуулсан юм. Тэр үед ... хамгаалалтын албанаас харуулын байр байгуулж, тэр харуулын байрны ойролцоо барилгад ашиглах пум төмөр, тулаас төмрүүдийг хурааж тавьсан байсан. Тэр үед манай барилгын ажилчид өглөөний 9 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллаж байгаад ажилчид ажлаас буухад ганц харуул үлддэг бөгөөд өдөр бүр өөр, өөр харуулууд хамгаалалтад гардаг байсан. Тухайн үед ... хамгаалалтын албаны дарга нь манай захиралд хандаж П гэх харуул өчигдөр хамгаалалтад гарч байхдаа гадны хүнд 100 ширхэг тулаас төмөр зарсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай компаниас барилгын материалыг шалгаж үзэхэд барилгын тулаас төмөр дутсан учир цагдаад хандсан юм. ...... хамгаалалтын албатай гэрээ байгуулсан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж байсан өөр барилгын үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Гэрээнд заасны дагуу объектод гэмт халдлага эд материалын хохирол учирсан тохиолдолд хоёр талаас хоёр доошгүй хүн дээр зөвшилцөлд хүрч, хохирлыг хэрхэн хариуцах тал дээр шийдвэрлэнэ гэсэн байгаа боловч хоёр тал хоорондоо тохиролцоогүйн үндсэн дээр цагдаад хандсан. ...Манай байгууллагын нярав ажилтай байсан Т урьд өгсөн мэдүүлэгт 100 ширхэг тулаас төмөр манай байгууллагын харуулд үлдээгээд явсан байсан. Тэрэнд 30 ширхэг нь ашиглах боломжтой, 70 ширхэг нь ашиглах боломжгүй төмрүүд байсан гэж мэдүүлсэн байсан, хохирлоо үнэлгээнд гарсан үнийн дүнгээр тооцож авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 47х/,

Гэрч Б.Пын: “...Би “...” харуул хамгаалалтын албанд гүйцэтгэх захирал хийдэг бөгөөд манай компани нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... аманд “...” ХХК-ийн барьж байгаа барилгын объектыг хамгаалдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр харуулд гарах ээлжтэй хүмүүсийн ажлыг хүлээлцүүлэхээр очтол бууж байгаа ээлжийн харуул П объект орхиод явчихсан байхаар нь эд зүйл алдсан байж магадгүй гэж хардсан. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Пийг ажил дээрээ ирэхээр нь “хамгаалалтад авсан объектоос пун, сапу төмөр алдагдсан байна, чи авсан уу” гэж хэлтэл “би 100 ширхэг сапу, 50 ширхэг пум авсан” гэж хэлэхээр нь хэнд, хэзээ, хаана зарсан талаар асуухад ... гэсэн дугаарын утастай хүн портер машинтай ирж авсан гэж хэлэхээр нь би тэр дугаар луу нь Поор залгуулж “одоо дахин 50-60 ширхэг пум, сапу төмөр гарчихсан байна ирээд авчих” гэж хэлүүлтэл нөгөө залуу нь “би одоо завгүй байна, орой очоод авъя, наагуур чинь ямар нэг асуудал гараагүй биз дээ” гэж асуухаар нь “ямар нэг асуудал гараагүй” гэж хэлүүлээд Пийг цагдаагийн байгууллага дээр авчирсан. Би Поос тухайн хүнийг яаж таньдаг талаар асуухад манай ажил дээр ирээд пум, сапу төмөр зарах уу гээд ирэхээр нь зарчихсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-106х/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.Гын: “...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ХУД-ийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... аманд өөрийн ... гэсэн улсын дугаартай портер маркийн авто машинтай явж байхад ... аманд замын хажууд барилгын тулаас төмөр буюу сапу төмрүүдийг  хурааж тавьсан байсан. Тухайн төмрийг харж байсан манаачаас  сапу төмрөөс зарах уу гэж асуутал манаач болох 30 орчим насны залуу надад хандаж  хэдийг авах юм гэхээр нь би 100 ширхгийг авна гээд утасны дугаараа өгөхөд орой  ирээд авчих гэсэн. Тэгээд би тэр манаачийн дугаар луу ярьж байгаад 22 цаг өнгөрч байсан байх,  өөрийн портер машинд сапуд төмөр ачаад манаачид 500,000 төгрөг өгчхөөд явсан. Уг төмрүүдийг найз руугаа Завхан аймаг руу явах унаанд 650.000 төгрөг өгч ачуулж явуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ц-851 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “100 ширхэг сапуд төмрийг 2,000,000 төгрөгөөр, 50 ширхэг пум төмрийг 1,890,000 төгрөгөөр, нийт 3,890,000 төгрөгөөр үнэлсэн” /2хх-ийн 52-54х/,

Шүүгдэгч Ч.Пийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 94-97х/,

Гэрч С.Сгийн: “... ... ХХК-д барилгын инженер ажилтай. Тухайн 2019 оны 05 дугаар сарын ХУД 4 дүгээр хороо ...аманд байрлах ... Таун хотхоныг барьж байсан тэр үед “... ” гэх нэртэй компаниас сапут төмөр түрээсэлж байхдаа түрээсэлсэн төмрөөс хулгайд алдсан. Манай тухайн барилгыг барьж дуусгаад зарим тоног төхөөрөмжөө хүмүүст нь хүлээлгэж өгсөн. ...  ХХК нь сапут төмрүүдээ нэхэж эхэлсэн ба тэр даруйд манай захирал Ч “... ” ХХК-ийн сапут төмрийг өөрийнхөө компанийн эзэмшлийн төмрүүдээс,  мөн Ө.Га гэх хүний өгсөн 100 ширхэг сапут төмөр нь зарим ашиглах боломжгүй байсан учир сэлбээд тоог нь гүйцээгээд ...  ХХК-тай тооцоогоо дуусгасан байгаа. Одоо ...  ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй. ...  ХХК-тай манай байгууллага буюу ...  ХХК нь хамтарч ажилладаг учир хохирлыг тэр даруй өгсөн. Манай захирал Ч нь тухайн Ө.Гын өгсөн 100 ширхэг төмрийг хохиролд бүрэн тооцож байгаа, манай байгууллагаас ирж мэдүүлэг өгөх боломжгүй. Захирал одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 154х/, 

Шүүгдэгч Ч.Пийн: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ХУД-н ... дүгээр хороо ...аманд үүрэг гүйцэтгэж байсан, тухайн үед ээлжээ аваад байж байгаад орой 20 цагийн үед хоёр залуу явган ирээд надтай уулзсан. Тухайн үед тэр хоёр хүний нэг нь намайг энэ постны хажууд байгаа тулаас төмрүүдээ зарчих гээд байхаар нь дарга нар байгаа, би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүн яваад өгсөн. Тэр өдрийн шөнө 01 цагийн үед над дээр ирж уулзсан хоёр хүний нэг нь өөр танихгүй 2, 3 хүнтэй портер машинтай ирээд надад энэ тулаас төмрүүдээ зарчих гээд гуйгаад шалаад байсан ба бас намайг эр хүн эр хүндээ хайртай шүү дээ гээд 500.000 төгрөгөөр энэ төмрүүдийг авъя гэхээр нь өөрийнхөө ... тоот дансаа өгсөн чинь тэр хүн буюу Ө.Га надад 500.000 төгрөг шилжүүлээд харуулын постын хажууд байсан 100 тулаас төмрийн портер машинаар ачаад аваад явсан. Манай харуулын алба нь өглөө үүрэг 08 цаг 30 минутаас 09 цагийн үед хүлээлцдэг. Тэр өдөр надаас ээлж авах харуул тухайн өглөө буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өглөө цагтаа ирээгүй. Би үүрэг гүйцэтгээд байж байтал талбайн инженер Т намайг дуудаад чи буугаагүй юм уу ээлжийн хүн чинь ирээгүй юм уу гэхээр нь би түүнд хандаж ээлжийн хүн ирэхээр энэ түлхүүрийг өгөөрэй гэж хэлээд явсан. Тухайн үед харуулын постын хажууд байсан тулаас төмрүүдийг байхгүй болсныг барилгын ажилчид мэдээгүй. Би бас Мөнхжаргал гэх хүнд 50 ширхэг пум төмөр зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 151-152х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хөрөнгө завших гэмт хэргийн обьектив шинж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Тухайн хэргийн үйл баримтын хувьд, “...” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...аманд барилга барихаар барилгын материал, пум, тулаас төмөр зэргийг аваачиж буулгасан байх бөгөөд харуул хамгаалалтын “...” ХХК-нд эд хөрөнгөө хамгуулахаар тохиролцон хамтарч ажиллаж байсан байна. “...” харуул хамгаалалтын албанаас хамгаалагч нараа өдөр өдрөөр ээлжлэн 24 цагаар гаргадаг байх бөгөөд шүүгдэгч Ч.П нь тус албанд хамгаалагчаар орохоор тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр хамгаалагчаар ажиллаж эхэлсэн байх ажээ.

Мөн шүүгдэгч Ч.П өөрийн мэдүүлэгтээ “тус хамгаалалтын албанд ажиллаж байсан, өөрийн гарсан 2 удаагийн гараан дээр пум болон сапуд төмрийг бусдад зарсан” гэж мэдүүлсэн төдийгүй хохирогч Т.О, гэрч Б.П, иргэний хариуцагч Ө.Га нар нь шүүгдэгч Ч.Пийг хамгаалагчаар ажиллаж байсан талаар нотолж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.П нь тус хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан байна гэж үзэхээр байна.

Мөн нөгөө талаас үзвэл, Ч.П нь тус албанд хамгаалагчаар ажиллаагүй тохиолдолд түүнд “...” ХХК болон “...” харуул хамгаалалтын албаны аль аль нь эд хөрөнгөө хариуцуулан үлдээхгүй юм.

Иймээс шүүгдэгч Ч.Пийг эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн мөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч Ч.П нь ... ХХК-ны харуул хамгаалалтын албаны хамгаалагчаар ажиллаж “...” ХХК-ны эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр барилгын пум төмөр 50 ширхгийг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барилгын тулаас төмөр 100 ширхгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, “...” ХХК-нд 3.890.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Иймээс шүүгдэгч Ч.Пийн өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч Ч.П нь итгэмжлэн хариуцсан этгээд бус тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, дээрх байдлаар няцаагдсан болно. 

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангуудын тухайд: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд хөрөнгийн үнэлгээг 3 удаа хийлгүүлж, 3 өөр үнийн дүнгээр үнэлсэн үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд Ашид Билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХУД919/008 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар хохирлыг 3,500,000 төгрөг гэж тогтоосон ба 2019 оны 05 дугаар сарын байдлаар тооцож гаргасан /1хх-ийн 115х/,

Харин “Виннэ Вэй” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ХҮ-06/24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирлыг 3,481,000 гэж тогтоосон ба хохирлын дүнг 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох хугацааны зах зээлийн ханшаар тооцсон /2хх-ийн 56-60х/,

“Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ц-851 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирлыг 3,890,000 төгрөгөөр тогтоосон байх ба 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хугацааг нь тооцож гаргасан байна. /2хх-ийн 52-54х/

Гэмт хэрэг гарсан хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 06, 09-ний өдөр байх бөгөөд улсын яллагчаас “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ц-851 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээг үндэслэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 3,890,000 гэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь, дээрх үнэлгээнүүдээс “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Ц-851 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нь гэмт хэрэг гарах үеийн цаг хугацааг хамруулж, зах зээлийн ханшийг судалж гаргасан байх тул уг үнэлгээгээр тогтоогдсон дүнг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн шүүхээс үнэлж, дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ч.П нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сд 130,000 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулсан байх тул  тэрбээр хохирогч Э.Сд төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Ч.П нь хамгаалагчаар ажиллаж байхдаа “...” ХХК-ны эд хөрөнгөнөөс 100 ширхэг сапуд төмөр, 50 ширхэг пум төмрийг тус тус завшиж 3.890.000 төгрөгийн хохирол учруулсан.

“...” ХХК-ны барилгын үйл ажиллагаа явуулахдаа ...  ХХК-иас тулаас төмөр түрээслэн ажиллаж байсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Пийн завшсан төмрүүдийг “... ” ХХК-нд тус компани нь өөрийн эзэмшлийн тулаас төмөр болон иргэний хариуцагч Ө.Гаас шилжүүлсэн 100 ширхэг тулаас төмрүүдээс нөхөж сэлбэн хүлээлгэн өгсөн, одоо тус 2 компанийн хооронд өр авлагын асуудал байхгүй гэх тул “... ” ХХК-ийг хохирогчоор тогтоох шаардлагагүй байна.

Иргэний хариуцагч “...” ХХК-ний хамгаалагч Ч.П нь 100 ширхэг сапуд төмрийг Ө.Га гэх хүнд 500,000 төгрөгөөр, 50 ширхэг пум төмрийг н.М гэх хүнд 50,000 төгрөгөөр тус тус зарсан гэж мэдүүлсэн ба  Ө.Га нь “...” ХХК-нд 100 ширхэг тулаас төмрийг хүлээлгэн өгсөн төдийгүй дансаар 900,000 төгрөгийг шилжүүлсэн нь хүлээлгэн өгсөн баримт, гэрэл зураг, дансны хуулга зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 136-138х, 153х/

“...” ХХК нь хохирол төлбөр барагдсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байх тул тус компанид шүүгдэгч болон иргэний хариуцагч “...” ХХК нь төлөх төлбөргүй болно.

Харин иргэний хариуцагчаар татагдсан “...” ХХК-иас 1.400.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Гад олгохоор шийдвэрлэв. Учир нь,

Тус харуул хамгаалалтын алба нь анхнаасаа хохирогчоор тогтоогдсон “...” ХХК-иас эд хөрөнгийг нь хүлээж авахдаа нэг бүрчлэн тоолж баримтаар хүлээлцэж аваагүй, уг эд хөрөнгүүдийг аливаа эрсдэл, хулгай, бусад гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа хороо, хаалт хийх зэргээр хамгаалалтад авалгүй ил задгай байдлаар байлгасан, мөн хамгаалагчаар хүмүүсийг сонгож авахдаа тэдгээртэй албан ёсоор гэрээ контракт байгуулдаггүй, ажилд авч буй хүнээ судалдаггүй, ээлж хүлээлцэхдээ нэр төдий солилцдог зэрэг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл,

“...” ХХК-ны өөрсдийн ажилчдадаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс тус хамгаалалтын албаны хамгаалагч нараас итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшихад хүргэсэн тул иргэний нэхэмжлэгч Ө.Гын нэхэмжилж буй 1,400,000 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Ч.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2  жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...прокуророос санал гаргаж буй ял шийтгэл нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний үйлдэлд тохирсон байх ёстой тул эдгээр байдлыг шүүх харгалзан үзэх байх” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэрбээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 33 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч-ийн Пийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пийн цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас 1,400,000 (нэг сая, дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ө.Гад олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Пийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ч.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ