Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/847

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор),

шүүгдэгч Т.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Т-ы Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108011311054 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, Урьд

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, улмаар Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 863 дугаартай тогтоолоор 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 20 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдсэн 5 сар 20 хоногийн  хорих ялыг эдлүүлэхээр тогтож, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ял биелэгдэж дууссан, Ж овогт Т-ы Р /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Р нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Дтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар гараараа болон бусад эд зүйлсээр цохиж, зодон биед нь “тархи доргилт, зулай, дух, баруун чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, баруун бугалгад цус хуралт” гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Р шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгнө. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс ийм асуудал гаргах болсон байх, би сайн санахгүй байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Дийн мэдүүлэг (хх-ийн 47х, 77х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3625 дугаартай дүгнэлт (хх-ийн 18-19х), Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 67-68х), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 69-73х), шүүгдэгч Т.Рын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52-53х), оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар (хх-ийн 80х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 81х), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хх-ийн 82х), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хх-ийн 83х), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар (хх-ийн 84х), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-ийн 85х, 86х, 87х), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 88х), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хх-ийн 120х), шүүгдэгч Т.Рын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 61-63х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Р нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Дтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч С.Дийн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод гэртээ хамтран амьдрагч Т.Ртай хамт байхад найз нь дуудаад гарсан. Тэгээд маргааш нь буюу 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд согтуу найз болох З болон эхнэр хүүхдийг дагуулаад ороод ирсэн. Тэгээд бид нар 4 ширхэг 2 литрийн Нийслэл гэх нэртэй пиво, 1 шил 0.750 граммын архи уусан, 17 цагийн орчимд найз З эхнэр хүүхдээ аваад гараад явсан. Дараа нь бид хоёр маргалдаад Р хүүхдүүдээ загнаж хөөж гаргасны дараа миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Би архи уучихсан болохоор ухаанаа алдчихсан байсан. Нэг сэрээд харахад дээр гараад суучихсан будаа агшаагчийн саваар цохиод байж байсан. Тухайн үед манайд байсан том эгчийн хоёр хүүхэд бэр болох Аийг дуудаад салгасан боловч ахиж хэрүүл маргаан үүсгээд намайг галын дэгээ төмрөөр цохих гэж байгаад Аийг цохисон. А цагдаа дуудтал манай хамтран амьдрагч Р зугтаагаад явсан.

...Бид хоёр 2012 оноос эхэлж хамран амьдарч эхэлсэн. Дундаасаа гурван хүүхэдтэй. Гэрлэлтээ баталгаажуулж бүртгүүлээгүй байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, Хохирлын баримт гэх зүйл байхгүй тухайн үед үүссэн гэмтэл эдгэрсэн. Бид хоёр одоо эвлэрч хүүхдүүдийн хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 47х, 77х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3625 дугаартай: “...С.Дийн биед тархи доргилт, зулай, дух, баруун чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 18-19х),

Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 67-68х),

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 69-73х),

Шүүгдэгч Т.Рын яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд манай найз эхнэр хүүхдээ дагуулж гарсныг санаж байна. Дараа нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох С.Дтэй маргалдан улмаар гараараа болон будаа агшаагчийн саваар зодож, цохиж биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдчихсан, ямар шалтгааны улмаас маргалдсанаа санахгүй байгаа. Нэг ухаан ороод сэргэхэд дээр нь гараад суучихсан байсан. Тухайн үед манай эхнэрийн ам, хамар цус болчихсон байсан. Тэгээд удалгүй манай бэр А ороод ирсэн байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Манай эхнэр ямар нэг хохирол нэхэмжлээгүй, тухайн үед үүссэн гэмтэл нь эдгэж, бид хоёр хоорондоо эвлэрч хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-63х) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Р, хохирогч С.Д нар нь гэрлэлтийн батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 9 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч гэж үзэх бөгөөд шүүгдэгч Т.Р нь ялихгүй зүйлээр шалтаглан өөрийн хамтран амьдрагч С.Дийн эрүүл мэндэд халдаж зодсон шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Т.Рын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Т.Рад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ний  өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж бангын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  өршөөл үзүүлэх  тухай хуульд  заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн  хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байна.

Шүүгдэгч Т.Рын хувьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, улмаар Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 863 дугаартай тогтоолоор 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 20 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдсэн 5 сар 20 хоногийн  хорих ялыг эдлүүлэхээр тогтож, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусаж суллагдсанаас хойш дахин 2 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж, баривчлах, торгох ялаар /хорих ялгүй зүйл ангиар шийтгэгдсэн/ тус тус шийтгэгдсэн, харин хорих ялаар шийтгэгдсэн нөхцөл байдал  тогтоогдоогүй тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “...өршөөл үзүүлэх  тухай хуульд  заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн  хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэсэн үндэслэл нь шүүгдэгч Т.Рад үйлчлэхгүй, хамаарахгүй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ...байна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Р нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаангүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, эмчилгээ хийлгэсэн зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Дээрх байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хуулийн шаардлагыг хангаж байна.

Иймээс шүүгдэгч Т.Рад холбогдох эрүүгийн 2108011311054 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Т-ы Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж овогт Т-ы Рад холбогдох эрүүгийн 2108011311054 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Уг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч Т.Рад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Рад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ