Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00088

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01387 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1830 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Банк” ХХК--д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 185 944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь “Т Банк” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг “Т Банк” ХХК-ны Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн “Т Банк” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг “Т Банк” ХХК--ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд ажиллуулахаар буцаан томилсон.

Иймд хариуцагч “Т Банк” ХХК--иас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс ажилд томилсон тушаал гарсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 232 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 16 185 944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дугаартай шийдвэрийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлж Д.Т-ыг “Т Банк” ХХК--ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилсон. “Т Банк” ХХК--ийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу гарсан ажилгүй байсан хугацааны цалин 4 977 273 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01387 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар “Т Банк” ХХК--иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 15 613 449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 572 495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Банк” ХХК--иас 236 017 төгрөг гаргуулж Д.Т-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1830 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

.... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, үүний улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ... Банк Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр магадлалыг бүрэн биелүүлсэн бөгөөд “Т Банк” ХХК-ны Гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар “Сүхбаатар дүүрэг” салбарын харъяа “ШУТИС” тооцооны төвийн захирал албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулж байна. 

... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал; бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч талын нотлох баримтыг үнэлэх замаар хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Т- хариуцагч “Т Банк” ХХК--иас ажилгүй байсан 232 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 16 185 944 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Т Банк” ХХК- шаардлагыг эс зөвшөөрч, Д.Т-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг “Т Банк” ХХК--ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилсон, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4 977 273 төгрөгийг олгосон гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.Т-ыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрээр “Т Банк” ХХК--ийн “Сүхбаатар дүүрэг” салбарын “ШУТИС” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоожээ. Мөн шийдвэрээр шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 977 273 төгрөг гаргуулж, Д.Т- олгохоор шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1755 дугаар магадлалаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч “Т Банк” ХХК- гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 дугаар тушаалаар Д.Т-ыг “Сүхбаатар дүүрэг” салбарын харьяа “ШУТИС” тооцооны төвийн захирлаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилж, түүнд 4 977 273 төгрөгийг олгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах хууль зүйн үндэслэлтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01387 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1830 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 238 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН