Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 115/ШШ2019/0020

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ... оршин суух, иргэн Б овогт У-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “У.Ц ыг албанаас халах тухай” Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ц, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч, У.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс 5 км зайд орших найз Батзоригийнд оройны 22 цагийн үед найз Хаданчулууны хамт очоод буцсан. Эргээд суманд ирэхэд шөнийн 01 цаг өнгөрч байсан. Тухайн үед би албан үүргээ гүйцэтгээгүй, энгийн хувцастайгаар хувийн ажлаа амжуулаад явж байсан. Буцах замдаа сумын буудлаар ороход иргэн Д.Бгийн нөхөр******* нь намайг харчихаад гараад ирсэн. Гарч ирээд надтай үг хаяад муудалцаад байсан. Тэгээд эхнэр Д.Б нь гарч ирээд намайг “чи юу вэ, п... л...” гэх мэтээр хараалын үр хэлээд 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд өөрөөсөө холдуулах гээд “цаашаа бай” гээд түлхсэн.

           Иргэн Д.Бгийн хууль бус үйлдлийн улмаас намайг ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэж цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан..

            Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаартай У.Цыг ажлаас халах тухай тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх заалтад Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна. Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, Сахилгын шийтгэл оногдуулах журам /код 911/ зэргийг үндэслэл болгон заасан атлаа албанаас халах журмын 911.6.1-т албан хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу албанаас хална гэсэн заалтуудаар У.Ц намайг ажлаас халсан нь ойлгомжгүй, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлүүдийг баримтлан ажлаас халах тухай тушаал гаргасан нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна.

            Мөн У.Ц надтай холбогдуулан хийсэн албаны шалгалтын дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөл хуралдаж, нийт зөвлөлийн гишүүдээс санал хураахад “албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах” саналыг гаргасан атал уг зөвлөлийн хурлын шийдвэрийг үл харгалзан Цагдаагийн газрын дарга бие даан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Албаны шалгалт хийхдээ гомдол гаргагчийн хувийн байдлыг буруу тогтоож, дутуу шалгалт хийсэн байна. Цагдаагийн газрын зөвлөлийн хурал маш товч болсон. Хамт ажиллаж байсан Нармандах цагдаагийн гаргасан зөрчилтэй миний гаргасан зөрчлийг адилтган үзэж намайг ажлаас халсан. Тэр хүний гаргасан зөрчил ноцтой зөрчил. Миний хувьд зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна.

           Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас гаргасан ажлаас халах тухай тушаал нь хүндэдсэн, миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Би Дорноговь аймгийн Хатанбулаг суманд анх очихдоо 5 жилийнхээ тэтгэвэр тэтгэмжийг аваад өөрийн гэсэн орон байртай болно гэсэн зорилго тавиад 4 жил өнгөрсөн байна. Хүний амьдралыг шийдэж байгаа учраас хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Энэ жил ажлаасаа халагдаад ажил олж, хийж зээлээ төлөх гээд сургуульд орох байсан 2 ихэр хүүхдээ айлд суулгасан. Намайг цагдаагийн байгууллагаас халагдахаар эхнэр минь бас ажлаасаа гарах болсон. Цагдаагийн газрын б/102 тоот тушаал нь миний амьдрал болоод эрх зүйн байдлыг маш их дордуулж байна. Ажлаасаа халагдсаны дараа сумын дэлгүүрт талх авах гэж ороход халамцуу залуус нь халагдсан муу цагдаа гээд цохиж байна. Энэ бол миний эрх зүйн байдал дордож буйн нэг илрэл гэж үзэж байна.

          Сонсох ажиллагаа явуулаагүй, зөвлөлийн хурал дээр саналаа хурааж шийдвэр гаргахдаа Нармандахыг ч бас ингэж халсан биз дээ чамайг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж байна. Эндээс гар, үнэмлэх аваад ир гэж хэлж байсан, тухайн үед******* дарга албаны шалгалтаар цалингийн хувь бууруулах санал гаргаад хот руу  ажлаар явчихсан байсан.

        Иймд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын Б/102 тоот тушаалыг гаргахдаа У.Цыг албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Захиргааны хуулийг ноцтой зөрчсөн, тушаалын агуулга, зүйл заалт нь Захиргааны хуулийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          Өөрөөр хэлбэл, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар нэг жилийн хугацаанд албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан шийтгэл оногдуулсан мөртлөө тушаалынхаа толгойг албанаас халах гэж бичээд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийг барьж шийдвэр гаргасан байна.

           У.Цын гаргасан зөрчлийн тухайд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архи уусан үедээ иргэн Д.Бгийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан гэсэн байна. Энэ зөрчил дээр албан шалгалт явуулаад Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулсан байдаг. У.Ц  бол найзындаа очоод нэг шил архи гаргаж өгөхөд нь амсаад гарсан. Орой нь буудалд ороод архи үнэртүүлсэн үедээ иргэдтэй харилцсан. Тухайн иргэн бол цагдаагийн албан хаагч архи үнэртүүлсэн байна гэдгийг мэдээд шинжээчийн дүгнэлтээр гэмтэл гараагүй байхад гэмтэл учирсан мэтээр У.Цаас эмчилгээний төлбөр болох 3 сая төгрөгийг нэг сарын дараа утсаар залгаж нэхэмжилсэн байдаг. У.Ц хэлэхдээ би танд гэмтэл учруулаагүй, юун 3 сая төгрөг нэхээд байгаа юм бэ, явдаг газраараа явж шалгуулъя гэж хэлсний төлөө цагдаагийн албан хаагч архи уусан гэдэг утгаар нь чадах байдлаар ч гэдэг юм уу, дарга цэрэгт нь хандаад шалгуулсан ийм асуудал байгаа юм. Архи уусан тухайд бол Цагдаагийн албаны тухай хууль 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.6-д зохицуулсан байгаа. Мэдээж хүн огт архи уухгүй байна гэж байхгүй л байх, гол нь архийг хэзээ, хаана яаж уух вэ гэдгийг хууль, журмаар зохицуулдаг. Цагдаагийн албаны тухай хууль болон журам дээр нь албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байрандаа болон дүрэмт хувцас өмссөн үед хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг.

          Зөрчлийн материалд байгаа гэрчүүдийн мэдүүлэг, драгер үлээлгэсэн цагдаагийн албан хаагч*******гийн мэдүүлэг, тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр У.Ц  ажлын бус цагаар, албаны бус хувцастай буюу энгийн хувцастай явж байх үедээ бага хэмжээгээр архи үнэртүүлсэн гэх асуудал нь дээрх хууль, журам зөрчөөгүй гэж үзэж байна. У.Цын гаргасан алдаанд зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл оногдуулах ёстой. Сахилгын дүрмийн  6.1.4-т зааснаар Зөрчлийн шинж байдалд харгалзан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг заасан байдаг. Үүнд зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, анх буюу давтан үйлдсэн, зөрчлийн шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй байна. Нармандах гэж өмнө нь ноцтой зөрчил гаргасан албан хаагчтай адилтган үзсэн. Зөвлөлийн хурлын дарга хэлэхдээ чи архи уусан л юм чинь өөр яриа байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр архи уусан гэдэг асуудал бол хууль журмаараа У.Цыг стандартын шаардлага хангаагүй драгер багажаар үлээлгэсэн бөгөөд тэр баримтаа бэхжүүлж хэрэгт хавсаргаагүй байна. Гол үндэслэл нь архи уусан гэж шийтгэл оногдуулж байгаа юм бол хэрэгт хавсралтаар байх ёстой тэр баримт нь байхгүй гэдэг зүйлийг ярьдаг.

          Тушаалд баримталсан заалтуудын талаар хэлэхэд Цагдаагийн ерөнхий газрын 248 дугаар тушаал гэж байгаа, албанаас чөлөөлөх халах 911 код гэж байна. Үүнд код 911-ийн 6.1-т зааснаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан үндэслэлээр цагдаагийн албан хаагчийг албанаас халах ёстой. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийг барьж шийтгэл оногдуулсан мөртлөө Цагдаагийн албаны тухай хуулийн 81, 82 дугаар зүйлийг хольж хэрэглэсэн харагдаж байна. Яагаад гэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан мөртлөө А/248 гэсэн тушаалыг барьж байна. Энэ тушаалын доторх агуулга нь код 911 буюу албанаас халах, чөлөөлөх тушаалтай таарч байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлээр ноцтой зөрчил гаргасан тохиолдолд шууд хамааралтай болно. Харин У.Цын зөрчил уг заалтад огт хамааралгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 81, 82 дугаар зүйлийг хольж бариад ажлаас халаад байгаа юм шиг эсвэл шийтгэл оногдуулаад ч байгаа юм шиг ойлгомжгүй тушаал болсон.

           Уг зөрчлийг ноцтой зөрчил биш эсэхийг ёс зүйн дүрэм, хуульд зааснаар зохицуулна. Ёс зүйн дүрэмд зааснаар бол ноцтой зөрчил гэж цагдаагийн албаны нэр хүндийг гутаах эрх ашиг, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар санаатай бий болгосон бол үүнийг ноцтой зөрчил гэж заасан байна. Эсхүл сахилгын шийтгэлийг тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан бол үүнийг ноцтой зөрчил гэнэ гэж заасан. Үнэхээр ноцтой зөрчил гаргасан бол Цагдаагийн газрын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар халах арга хэмжээ авах эрх нь байсан. Тэгэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлээр арга хэмжээ аваагүй шийтгэл оногдуулж байна гэхээр ноцтой зөрчил гаргаагүй гэдгийг хариуцагч тал зөвшөөрч буй хэлбэр гэж ойлгож байна.

           Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар бол захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ боломжит хувилбаруудаас аль нэгийг нь сонгож хэрэглэх боломж байдаг. Үүнд цалин бууруулах, албан тушаалын цол бууруулах, албан тушаал бууруулах, нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах зэрэг шийтгэлүүдээс сонгож хэрэглэхдээ хувийн байдлыг харгалзаагүй байна. У.Цын хувьд 2017 оны 07 дугаар сард энэ албан тушаалд томилогдоод 4 жил гаран ажиллаж байсан. Цагдаагийн цол олгох, цагдаагийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмуудад зааснаар У.Ц нь Хатанбулаг суманд 4 жил гаран ажиллаж цол нэмэх болзол шаардлагыг хангаж байсан. Цагдаагийн албан хаагч 4 жил ажиллаад цол нэмдэг мөн тасралтгүй 60 сар буюу 5 жил ажилласан тохиолдолд алба хаагчдад нэг удаа олгох мөнгөн урамшуулалт тэтгэмжийн болзол хангаж байсан үед цагдаагийн албанаас нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдаж байгаа нь дээрх болзол алдагдаж У.Цын хувийн байдлыг маш ихээр дордуулж байна гэж үзэж байна.

            У.Ц нь 3 хүүхэдтэй, эхнэр нь цэцэрлэгийн туслах багшийн ажилтай. зээлгүй хүн гэж байхгүй байх. Энэ хүн 3 зээлтэй. Энэ хүний хувийн байдлыг асууж тодруулсан зүйл зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харагддаггүй. Дээрх хувийн байдлуудыг шалгаж, тогтоож байж сахилгын шийтгэлээс ямар зүйлийг нь сонгож хэрэглэх вэ гэсэн боломж нь байсан учраас энэ боломжоо хэрэглээгүй байна гэж гомдол гаргаад байна. Зөвлөлийн хурал дээр газрын дарга хэлэхдээ У.Цын хувьд бол ажилдаа итгэлтэй, өөрийн хариуцаж авсан тээврийн хэрэгслийг маш сайн авч явдаг, зан харилцааны хувьд бол төлөв, даруу албан хаагч. Энэ хүнийг арга хэмжээ авахад хэцүү байна гэж хэлсэн үг нь байдаг. Зөвлөлийн хурлын гишүүдээс заримаас нь санал аваагүй бөгөөд 4 гишүүн цалингийн хувь бууруулах саналтай,******* ч бас цалингийн хувь бууруулах талаар илтгэх хуудас бичээд оруулж байсан. 1 гишүүн нь цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах саналтай байсан.

           Гаргасан тушаал нь зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзаагүй. Цагдаагийн байгууллага бол зөрчил гаргасан хүнээ халаад дараагийн хүнээ авах байх. Харин тухайн зөрчлийн хувьд У.Цын хувийн байдал болон ажилласан үр шимээ хүртэх нөхцөлийг хангаж шийдвэрийг ялгамжтай оногдуулах ёстой байсан байх. Тийм учраас тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

            Хариуцагч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Ц нь 2019.05.10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр цагдаагийн хэсгийн байрны хойд талын зочид буудалд иргэн Д.Бгийн биед нь гэмтэл учруулахгүйгээр халдсан үйлдэлд нь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураасан.

            Иргэн Д.Бгаас гаргасан гомдолд мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч******* нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 112.4-ийн А-д заасныг үндэслэн 2019 оны 05 дугаар 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл албаны 201903800000033 дугаартай шалгалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулж дараах нөхцөл байдлыг тогтоосон байна.

            Иргэн Д.Бгийн гаргасан гомдлыг гэмт хэргийн гомдол, мэдээлэлд бүртгэж мөрдөгч, цагдаагийн дэслэгч******* хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай аймгийн Прокурорын газарт шилжүүлжээ.

            Хяналтын прокурор А.Дүүрэнбилэг материалыг хянаад 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/122 дугаартай тогтоолоор “ ...Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Хатанбулаг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, жолооч У.Ц нь иргэн*******, Д.Б нарын биед хохирол учруулахгүйгээр халдсан байх асуудал нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй байх тул, ...хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалаас холбогдох материалыг хуулбарлан авч, Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч*******ад даалгасугай ...” гэсэн байна. Үүний дагуу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн дэслэгч******* 0940027 дугаартай шийтгэлийн хуудсаар У.Цт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

            У.Ц нь албаны шалгалтын явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байрны хойд талын зочид буудалд иргэн Д.Бгийн биед нь гэмтэл учруулахгүйгээр халдсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

            Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “цагдаагийн бага, дунд цол олгох, бууруулах, хураан авах сэргээх журмын 5.2.1”, албанаас чөлөөлөх, халах /код-911/” журмын 911.6.1, “сахилгын шийтгэл оногдуулах”/код-914/ журам, мөн даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын даргын тушаал гаргах журам” /код-136/-ын 136.4.2-ын Б дэх заалтыг тус тус үндэслэн У.Цыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 тоот тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.3.2, 2.4.1, 2.4.10-т заасан заалт уг дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураасан гэжээ.

           Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Ц нь сахилгын шийтгэл хүндэдсэн гэлээ. У.Цыг халахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйл 81.4.5 дугаарт заасныг баримталсан. Болсон хэргийн тухайд У.Ц  нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд жолооч цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нь найзындаа очоод архи уугаад буцаад сумын төв орсон, суманд ирээд цагдаагийн хэсгийн хойд талын зочид буудлын гэрэл шөнийн 11 цагийн үед  асаалттай болохоор нь энд ямар хүмүүс архи ууж байна, яах гэж байна гэж ороход******* нарын 4 хүн сууж байсан.*******ыг гараад ир гэж дуудаад гарч ирэхээр нь чи яагаад гарч ирдэггүй юм бэ гээд түүнийг цохисон.*******ын эхнэр Д.Б гарч ирээд чи яах гэж хүн амьтан зүгээр байж байхад цохиж зоддог юм бэ гэсэн. Д.Бг цохисон үйлдэл албаны шалгалтаар тогтоогдсон. Уг хүмүүс бол тухайн үед буудалд амрах гэж байсан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй зөрчил гаргаагүй хүмүүс байсан. Нөгөө хүмүүс нь хэл ам хийгээд шөнийн нэг цагийн үед цагдаагийн хэсэг рүү  очсон байдаг юм. Тухайн үед хэсгийн төлөөлөгч******* гарч ирээд юу болж байгаа талаар асуухад, зүгээр байж байхад танай цагдаагийн албан хаагч биднийг цохиж, зодсон гэсэн гомдол өгөөд драгераар үлээлгэхэд гагцхүү У.Ц  0,51 хувийн согтолттой. Бусад хүмүүс нь эрүүл гарсан байдаг. Д.Б нь Цагдаагийн газрын нэр дээр гомдол гарган шалгах явцад дээрх байдал тогтоогдсон.

             Нэхэмжлэгч ёс зүйн дүрмийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа юм байна. Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдгийг батлах хангалттай олон баримт байна. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1-ийн 2.3-т зааснаар цагдаагийн албаны нэр хүндийг гутаах гэж байдаг. Зөрчлийн арга хэмжээг авахуулсан цаад талын иргэд нь гомдоод цаашаа ярьж эхэлдэг. У.Ц хэлэхдээ дэлгүүрт ороход халамцуу залуус нь муу халагдсан цагдаа гэж хэлдэг талаар тайлбарласан. Хэрвээ тухайн үед орон нутагтаа нэр хүндтэй байсан бол ийм асуудал гарахгүй байх. Тэр хэмжээгээр цагдаагийн албаны нэр хүнд бол унасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 28-нд цагдаагийн тангараг өргөсөн алба хаагч бөгөөд тэрээр согтуугаар, шөнийн цагаар буудалд амарч байсан иргэний эрх чөлөөнд халдсан үйлдэл нь хангалттай нотлогдсон тул энэ үйлдлийг цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах үйлдэл гаргасан, иргэдтэй соёлтой хүнлэг харьцаагүй, нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг сахиж мөрдөөгүй, албандаа хандах хандлага сул, хариуцлага байхгүй, өргөсөн тангаргаа зөрчсөн тул албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр.

           Зөвлөлийн хурлын гишүүдийн саналыг харгалзан үзээгүй гэсэн байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 104-т зааснаар зөвлөл гэдэг нь цагдаа, дотоодын цэргийн даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий  дээд шатны байгууллагын даргын тушаалаар байгуулсан бүрэлдэхүүнийг хэлнэ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 104 зүйлийн 104.7.1-т зааснаар хуралдаан даргалагч нь санал хураалт явуулсны дараа бие даан шийдвэр гаргана гэж заасан байна. Дээрх заалтад саналыг харгалзана гэсэн зүйл байхгүй. Нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлын үүднээс зөвлөлийн хурал хурдан болох эсвэл удаан болох нь энэ асуудалд нөлөөлөхгүй гэж бодож байна.    

            Тухайн үед би нэхэмжлэгчийн 5 жил болох гэж байгаа, 3 хүүхэдтэй, эхнэр нь ийм ажилтай талаар мэдэж байсан бөгөөд энэ хүн ажлаасаа халагдвал амьдрал ахуй нь хэцүүднэ гэдгийг ойлгоод шалгагчийн хувьд 3 сараар үндсэн цалинг 20%-иар хасах сахилгын шийтгэл оногдуулахаар санал гаргасан боловч Зөвлөлийн хурлаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэрийг гаргасан байдаг. Зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Хатанбулаг сумын жолооч, цагдаа У.Ц нь хариуцсан тээврийн хэрэгслийг маш сайн аваад явдаг. Зан харилцааны хувьд төлөв даруу гэтэл ийм асуудалд орж байдаг гэх мэтээр хувийн байдлыг нь харгалзан үзсэн байдаг, гэхдээ энэ бол цагдаагийн албанд байж болохгүй үйлдэл гэж  Цагдаагийн газраас үзэж цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан шийдвэрийг дэмжиж байна гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний үйлчлүүлэгч болох хариуцагчаас холбогдох хууль тогтоомжийн үндэслэлүүдийг нэг бүрчлэн тайлбарласан учраас давхардуулах хэрэггүй гэж бодож байна. У.Цын хувьд өнөөдөр ямар албан тушаалтай, ямар үүргийг гүйцэтгэж байсан үүнийгээ өөрийнхөө гаргасан зөрчлийн хэмжээнд харьцуулан дүгнэж ойлгох нөхцөл байдалтайгаар ерөнхий нэхэмжлэл гаргах ёстой байсан. Сая******* хэлэхдээ Цагдаагийн албаны тухай хуульд юу гэж заасан талаар цагдаагийн албан хаагч ямар үүрэг сахих ёстой талаар маш тодорхой ярьсан. Бусад хохирогч гээд байгаа Д.Б,******* нар бол ямар хүмүүс билээ гээд харьцуулж үзэх хэрэгтэй байсан. Өөрөө нийгмийн хэв журмыг сахиулах ёстой хүн орой үдшийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад ийм нөхцөл байдал үүсгэчихээд миний гаргасан зөрчил бол ноцтой биш гээд зогсож байна гэдэг бол үнэхээр өөрийнхөө бурууг өөртөө тохоод дүйцүүлж, дүгнэж чадсангүй гэсэн харамсал төрж байна. Гомдол гаргагчийн хувийн байдал гээд байгаа У.Ц өөрөө ажлын хэсэгтээ гомдол гаргаж байхад цаад хүний байдлыг шалгана гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ ажлын хэсгийнхэнд  дутуу зүйл байсан бол тухайн үедээ гомдол гаргасан бол хянан шалгах боломж бололцоо  байсан.

               Мөн өмнөх албан тушаалтантай нь адилтгаж тушаал гаргасан гэж тайлбарлаж байна. Зөвлөлийн даргын эрх хэмжээнд нийцсэн зөвлөлийн хурлаар хэлэлцээд гаргасан эрх зүйн акт юм. У.Цын гол зорилго шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан гэж байна. Миний гаргасан зөрчил бол бага гэсэн юм ярьж байна. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт заасан зүйлийг авч хэрэглэсэн асуудал нь хууль хэрэглээний ямар нэг зөрчлийн үндэслэл гэж авч үзэх үндэслэл болохгүй. Цагдаагийн газрын даргын эрх хэмжээндээ нийцүүлэн сахилгын шийтгэлийн алийг нь авах вэ гэдэг нь зөрчлийн хэр хэмжээгээрээ үнэлж, дүгнэгдэх боломжтой нөхцөл учраас энэ зүйл дээр хууль хэрэглээний алдаа гараагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрх зүйн байдлыг дордуулсан гэх асуудал ярьж байна. Сахилгын шийтгэлд бол шат дараалан арга хэмжээ авдаггүй. Нөгөө талаас эрх зүйн байдал дордуулсан гэх зүйл эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд яригдана. У.Цын хувьд төрийн албан хаагчийн ёс зүй, хууль сахиулах үүрэг зөрчигдсөн учраас зөрчил нь ноцтой гэж үзсэн. Тиймээс У.Цын гаргасан зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой, ойлгомжтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн бага, дунд цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.2.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын  2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Албанаас чөлөөлөх, халах журам”-ын 911.6.1 дэх заалт, “Сахилгын шийтгэл ногдуулах журам”, А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын даргын тушаал гаргах журам”-ын 136.4.2-ын “б” заалтыг тус тус үндэслэл болгон “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэдийг өдөөн хоргоож, хэрүүл маргаан дэгдээн иргэн *******гийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан үйлдэл нь 20190380000033 дугаартай албаны шалгалтаар тогтоогдож...”Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.2, 2.4.1, 2.4.10, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр тус аймгийн Хатанбулаг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч У.Цыг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хурааж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч У.Ц нь, дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэдийг өдөөн хоргоож, хэрүүл маргаан дэгдээн иргэн *******гийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан” үйл баримтын тухайд бус  “...зөвлөлийн гишүүдийн санал болон зөвлөлийн хурлын шийдвэрийг үл харгалзсан, ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна, ...зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй, шийтгэл нь хүндэдсэн бөгөөд эрх зүйн байдлыг дордуулсан, сонсох ажиллагаа явуулаагүй, ...тушаалын зүйл, заалт  тушаалын агуулгатай зөрчилдсөн буюу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг баримталж “ажлаас халах” шийдвэр гаргасан” хэмээн шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулан маргасан бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...шийтгэл нь тохирсон, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хувийн сэдэлттэйгээр, иргэдийн эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд энэ нь цагдаагийн байгууллагын алба хаагчид байж боломгүй, цагдаагийн албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай асуудал тул ноцтой зөрчил” хэмээн тайлбарлаж байна.

            Хэрэгт авагдсан Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал[2] болон Албаны 20190380000033 дугаартай шалгалтын материал[3], холбогдох бусад нотлох баримтуудаар, иргэн Д.Бгаас Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-жолооч У.Цт холбогдуулан гаргасан “гэмт хэргийн талаарх гомдол”-ыг эрх бүхий этгээдээс шалгаад гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлснээр Дорноговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/122 дугаар тогтоолоор тухайн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн улмаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0940027 дугаартай шийтгэлийн хуудсаар, цагдаагийн дэд ахлагч У.Цт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д ”Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу нэг зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгч нь уг шийдвэрийг мөн өдөр биелүүлсэн бөгөөд тухайн шийдвэрт гомдол гаргаагүй үйл баримтууд тогтоогдож байх ба уг үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

            Нэхэмжлэгч У.Цын хувьд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн б/36 дугаар тушаалаар[4] тус аймгийн Хатанбулаг сум дахь сум дундын цагдаагийн тасагт, цагдаа-жолоочоор анх томилогдон,  2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн тангараг өргөж[5], цагдаагийн албанд нийт 4 жил  ажилласан алба хаагч байх бөгөөд тухайн албан тушаалд ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтуугаар, бусдын биед гэмтэл учруулахгүйгээр халдсан зөрчил гаргасан нь /уг үйлдэлдээ зохих шийтгэлийг хүлээсэн эсэхээс үл хамаарч/ хариуцагчаас тухайн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болжээ.

            Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон...ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гэж, 81.3-т “...ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох”-оор, 81.4-т “...ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар тус тус зохицуулсан байна.

            Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.1-д “цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил” гэж...энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор,  2.3.2-т “Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл...гаргахгүй байх”, 2.4.1-д “Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, ...”, 2.4.10-т “Гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх”-ийг цагдаагийн алба хаагчид үүрэг болгожээ.

            Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас, нэхэмжлэгч цагдаагийн дэд ахлагч У.Цыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэнтэй нь холбогдуулан  албаны шалгалт явуулж, дүнг тус Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-аар тогтсоныг үндэслэн Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар “ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэдийг өдөөн хоргоож, хэрүүл маргаан дэгдээн иргэн Д.Бгийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан нь “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн шударгаар ажиллаж, амьдрах, ёс суртахуунтай байх талаарх 2.3.2, 2.4.1, 2.4.10-т заасан хэм хэмжээг зөрчсөн” гэж үзэж цагдаа-жолооч У.Цт сахилгын шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан хууль, тогтоомжийн холбогдох заалтууд болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын даргын тушаал гаргах журам” /код-136/, А/248 дугаар тушаалаар батлагдсан “Сахилгын шийтгэл оногдуулах журам” /код-914/-д тус тус нийцсэн байна.  

            Нэхэмжлэгч У.Ц нь хариуцагчийн, сахилгын шийтгэл оногдуулсан дээрх үйл баримтын тухайд маргаагүй, харин “оногдуулсан сахилгын шийтгэлийн төрөл /цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/-ийг зөрчлийн шинж байдалд тохироогүй хэмээн маргаж үндэслэлээ “уг зөрчил нь ноцтой зөрчил биш тул хүндэдсэн” хэмээн тайлбарлаж байна.

            Сахилгын шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.1-д “Сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, үр дагавар, анх буюу давтан үйлдсэн эсэх, шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзэх”-ээр заасан бол “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.2-т “Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулах”-аар  журамлажээ.

            Нэхэмжлэгч У.Цт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон тухайн зөрчлийг хавтаст хэрэгт авагдсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны болон албан шалгалтын материалаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд судлан үзэхэд уг зөрчил нь:

            - шинж байдлын хувьд -  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн,

            - гэм буруугийн хэлбэр  - санаатай зан үйлээр илэрсэн,

            - үр дагавар - хариуцагчаас “согтуугаар, иргэдийн эрх чөлөөнд халдсан нь цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай”  гэх тайлбар гаргасныг үгүйсгэх боломжгүй,

            - хор уршиг - гомдол гаргасан этгээдийн биед гэмтэл учруулаагүй байх боловч төрийн тусгай албаны нэр хүнд, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон,

            - анх буюу давтан үйлдсэн эсэх тухайд - анх удаа,

            - шалтгаан нөхцөл - хувийн сэдэлттэй буюу хохирогчийн амарч байсан газарт тодорхой шалтгаангүйгээр очиж иргэдийг өдөөн хоргоож эхэлсэн нь зөрчил гарах нөхцлийг бүрдүүлсэн,

            - зөрчил гаргагчийн хувийн байдал - ажилдаа зүтгэлтэй, зан харилцааны хувьд төлөв даруу /даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд дурдсанаар/ зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгааг харгалзан дүгнэхэд нэхэмжлэгчийн хувийн байдал болон анх удаа зөрчил үйлдсэн нөхцөл байдал нь цагдаагийн алба хаагчийн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хувийн шалтгаанаар, иргэдэд хүндэтгэлгүй хандаж улмаар биед нь халдсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд “цагдаагийн тусгай албаны нэр хүндэд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатайгаар буй болгосон үйлдэл” гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчид оногдуулсан “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...тушаалын зүйл, заалт тушаалынхаа агуулгатай  зөрчилдсөн буюу толгойн хэсэгт “албанаас халах” гэсэн байхад доторх агуулга нь өөр, Сахилгын дүрмийн 12.15 дахь заалт...үндэслэл болж чадахгүй” гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт авагдсан маргаан бүхий тушаалыг хянан үзвэл тухайн захиргааны актын гарчиг буюу тэргүүг “У.Цыг албанаас халах тухай” гэж бичсэн нь бичвэрийн захирамжлах хэсгийн агуулга /цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэх орох эрхгүйгээр халах/-тай зөрчилдсөн бөгөөд энэ нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.8-д “Баримт бичгийн гарчиг буюу тэргүү нь түүний агуулгыг товч, хураангуй илэрхийлсэн байвал зохино”, 2.4.1.4-т “Тушаалын тэргүүн нь түүний агуулгыг товч, тодорхой тусгасан байна” гэж заасантай нийцээгүй байна.

            Мөн маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд, тухайн шийдвэрийг гаргах   бодит нөхцөл байдалд хамааралгүй “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь заалтыг баримталсан нь буруу бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...ёс зүйн дүрэм нь цагдаагийн байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журамд хамаарах тул дээрх 12.15 дахь заалтыг давхар баримталсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

            Учир нь, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ээр алба хаагчийн, албанд болон нийгэмд биеэ авч явах хувийн зан төлөвтэй холбоотой хэм хэмжээг тогтоосон бол “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ээр тогтоосон хэм хэмжээ нь алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд чиглэгдсэн байхын зэрэгцээ мөн дүрмийн Арван хоёрдугаар зүйлээр “тодорхой төрлийн сахилгын зөрчил, түүнд оногдуулах сахилгын шийтгэл”-ийг тусгайлан зохицуулсан, улмаар 12.15-д заасан “цагдаагийн байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журам” нь Цагдаагийн алба хаагчийн ёс дүрмээс тусдаа, тусгайлан кодлогдсон журмыг ойлгохоор байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Сахилгын дүрмийн 12.15 дахь заалт...үндэслэл болж чадахгүй” гэх тайлбар мөн үндэслэлтэй байна.

           Гэвч Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т  “...ёс зүй, .../-н/ дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох”-оор заасан, маргаан бүхий захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл нь хоорондоо тохирсон тодруулбал, уг тушаалаар нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, түүнд сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь тушаалын үндэслэлд тусгасан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад нийцсэн бөгөөд уг тушаал нь бичгээр гаргасан захиргааны актад тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байх тул тухайн тушаалын “тэргүү хэсэг бичвэр хэсгийн агуулгаас зөрүүтэй”  байдал нь уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

             Нэхэмжлэгч нь мөн Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа” явуулаагүй гэж маргасан ба хэрэгт авагдсан “албаны шалгалтын дүнг хэлэлцсэн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл”[6], нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг тухайн хуралд биечлэн оролцуулсан, холбогдох тайлбарыг авсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргахад нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй гэж үзэх боломжгүй байна.

             Нөгөөтэйгүүр, сонсох ажиллагааны зорилго нь тухайн шийдвэрийг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг буюу тодруулбал, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан үйл баримтыг тогтооход чиглэгдэх бөгөөд энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нэгэнт тогтоогдож, зохих шийтгэлийг хүлээсэн, нэхэмжлэгчээс уг асуудлаар маргаж гомдол гаргаагүй тохиолдолд сонсох ажиллагаа явуулсан эсэх нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх улмаар маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             Нэхэмжлэгч нь мөн “эрх зүйн байдлыг дордуулсан” хэмээн маргаж үндэслэлээ “цагдаагийн албанд тодорхой хугацаанд ажиллаад мөнгөн тэтгэмж авах болзол хангагдахаар байтал өмнө нь халсан” хэмээн тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч У.Ц нь аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 4  жил ажилласан цагдаагийн алба хаагч байх боловч “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1-д “Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан бол түүний эрхэлж байгаа албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзаж шалгаж шийдвэрлэх”-ээр заасан байх тул нэхэмжлэгчийн “эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “У.Цыг албанаас халах тухай” Б/102 дугаар тушаал нь баримт бичгийн бүрдэлд тавигдах зарим шаардлагыг хангаагүй, тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөлд хамааралгүй журмын заалтыг давхар баримталсан зэргээр хэлбэрийн хувьд зөрчилтэй байх боловч, шийдвэр гаргах ажиллагааны журам болоод захиргааны актын эрх зүйн үндэслэл нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч У.Цын, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндсэн шаардлага болон дагалдах бусад шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Цын, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан “тус Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “У.Цыг албанаас халах тухай” Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.СИЙЛЭГМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 


[1] Хэргийн 3-р хуудас,

[2] Хэргийн 28-43-р хуудас,

[3] Хэргийн 44-75, 110-112-р хуудас,

[4] Хэргийн 20-р хуудас,

[5] Шүүх хуралдаанд гаргасан тайлбар

[6] Хэргийн 110-112-р хуудас,