Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 277

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Төрийн банкны Жавхлант тооцооны төв”-ийн нэхэмжлэлтэй Д.Батзаяа, Д.Батцэнгэл нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.617.855.61 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Төрийн банкны Жавхлант тооцооны төв”-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Дашдондог овогтой Батзаяа нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №14/48 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарбн харъяа Жавхлант тооцооны төвөөс 8.036.051 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг сарын 1.8% жилийн /21.6%/-ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөлгүй нийт 511 хоногоор хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Иймд Д.Батзаяа, Д.Батцэнгэл нараас 2017.03.27-ны байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөр 2.938.325.61 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1.527.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 152.226 төгрөг нийт 4.617.855.61 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 1 дүгээр баг, Бумбат гудамж 2-07 тоотод оршин суух Дашдондог овогтой Батзаяа /РД:МУ85070261/  нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Төрийн банкны Сэлэнгэ салбарын Жавхлант тооцооны төвийн нэхэмжлэлтэй Д.Батзаяа Д.Батцэнгэл нарт холбогдох нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.617.855.61 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг төлөхөө ойлгосон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Төрийн банкны Жавхлант тооцооны төв”-ийн нэхэмжлэлтэй Д.Батзаяад холбогдуулан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.617.855.61 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Батзаяа, Д.Батцэнгэл нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88836 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44418 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх тал хувь болох 44418 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн банкны Жавхлант тооцооны төв”-ийн нэхэмжлэлтэй Д.Батзаяад холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.617.855.61 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88836 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44418 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх тал хувь болох 44418 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН