| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0065/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2021-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Хохирогч Б.Б
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Э овогт Х.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э овогт Х.Б,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 07-р сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Экспрэсс каргоны хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус харвалт, баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын орчимд найзуудын хамт Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Экспресс каргоны” хашаанд очиж том тэрэгний ачаа шилжүүлэн ачиж байхад 14 цаг 30 минутын орчимд манай эхнэр Д.Б ирээд миний унаж явж байсан ... улсын дугаартай Крован маркын тээврийн хэрэгслийг авна гээд уурлаад байхаар нь өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр Д.Б газраас чулуу аваад тээврийн хэрэгслийн урд талын салхины шил рүү шидээд шил хагалсан. Би боль гэж хэлээд бид хоёр хэсэг хугацаанд хэрэлдэж маргалдаж, намайг явуулахгүй байсан. Харин эхнэр Д.Б миний тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хагалаад суурь хэсгээр нь салгах гээд байхаар нь боль гэж хэлээд холдуулах гэж байгаад баруун талын тохой хэсгээр Д.Б-н баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгээд би машиндаа суугаад яваад өгсөн” гэжээ. /хх-ийн 30-31/
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 сарын 23-ны өдөр 15 цагийн үед миний бие нь эхнэр болох Б-тай муудалцсан. Тухайн үед би ээлжийн амралттай. Амралтаараа карго ачиж байсан. Тэр өдөр би ачаа ачиж байсан юм. Б машины шил хагалчихсан байсан би шиллээд маргааш нь машинаа Б-д өгье гээд, бас засварын мөнгийг нь олох гээд каргон дээр байж байтал Б ирээд дахиад шил хагалчихсан. Тэгээд л ер нь маргаан эхэлсэн. Тэр Б гэдэг хүнтэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж уулзаж учирсан гэж байна. Энэ бол худлаа” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... тэгээд би Каргоны хашаан очиход манай нөхөр Б том тээврийн хэрэгсэлд ачаа ачаад байж байсан. Би Б-д хандаж хүүхдийн бие өвдөөд байна, эм авах мөнгө хэрэгтэй байна, эмнэлэг ороход машин чинь хэрэгтэй байна, машинаа өг гэж хэлэхэд чамд өгөх албагүй, шүүх цагдаагийн бичигтэй ирсэн ч өгөх албагүй гэж хэлээд машиндаа суухаар нь би урд талын гуфер хэсэг рүү өшиглөхөд машинаасаа бууж ирээд миний баруун талын нүд, зүүн талын шанаа, баруун талын мөр хэсэг рүү 3-5 удаа цохьсон, тэгэхээр нь би газраас чулуу аваад машин руу нь шидсэн чинь урд талын салхины шил нь цуурсан. Тэгсэн чинь манай нөхөр газраас чулуу аваад миний зүүн талын хөлний шилбэ хэсэг рүү шидсэн. Тэгээд машиндаа суугаад явах гээд байхаар нь би явуулахгүй гээд зууралдах үед намайг цохиод, түлхээд холдуулсан, би газар суугаад уйлаад байж байхад машинаа унаад яваад өгсөн” гэжээ. /хх-ийн 7-8/
Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ хүнд 2 удаа зодуулсан. Өмнө нь энэ хүний гэр бүлийн гадуурх харилцаанаас болоод 04 сарын 29-ний өдөр зодуулсан. Би цагдаад өгнө гэсэн чинь энэ хүнтэй дахиж уулзахгүй цагдаад өгөөд яах юм, одоо амьдралаа бодно гээд байхаар нь би тэгээд өнгөрсөн юм. Тэгсэн чинь нөгөө хүнтэйгээ эргэж уулзаад 05 сарын 09-ний өдөр гэрээсээ явсан. 07 сарын 09-ний өдөр энэ хүн ээлжийн амралтаа авсны дараа нь хүүхдүүддээ мөнгө төгрөг өг, хоол унд байхгүй гэсэн чинь өгөөгүй. Тэгээд 07 сард нөгөө хүүхэн нь машиныг нь унаад хөдөө гадаа яваад байхаар нь би энийг хайж олоод 07 сарын 23-ны өдөр каргоны хашаанд ачаа ачиж байгаа гэж сонсоод очсон. Машинаа авъя хүүхдийн чинь хамаг биеэр нь дүүрэн хатги гараад явж ч чадахгүй ийм боллоо гэсэн чинь намайг тоогоогүй. Өмнө нь бас энэ талаар хэлтэл намайг блок хийчихсэн. Тэгээд тухайн өдөр очоод ийм тийм гээд хэлтэл би чамд мөнгө өгөх ёсгүй чи тэр шүүх цагдаагийнхаа мэдүүлэгтэй, цагаан хуудастайгаа ирсэн ч би чамд мөнгө төгрөг өгч чадахгүй гээд байсан. Машин руу нь ойртохоор л намайг түлхээд байсан. Тэгээд машиндаа суугаад хөдөлчихөөр нь би гупер лүү нь 2, 3 өшиглөчихсөн чинь тэр нь салаад уначихсан. Тэгээд бууж ирээд намайг өшиглөөд цохиод, заамдаад хэлэх хэлэхгүй үгээр харааж байгаад хөдлөөд явчихаар нь би араас нь чулуу аваад шидтэл машиных нь шил хагарсан ийм л зүйл болсон” гэв.
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07-р сарын 23-ны өдөр Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Экспресс” каргоны хашаанд том тэрэгний ачаа шилжүүлэн ачсан. Том тэрэгний ачаа шилжүүлэн ачихад 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. 15 цагийн орчимд ачааны тээврийн хэрэгслийн татлага татаж байхад хамт ачаа ачиж байсан Х.Б-тай нэг танихгүй эмэгтэй хүн хэрүүл маргаан хийгээд муудалцаад байсан. Тэр хоёр нэг нэгэн лүгээ газраас чулуу авч шидээд байх шиг байсан. Нөгөө эмэгтэй Б-ны машин руу чулуу шидээд Б тэр эмэгтэй хүнийг нэг удаа цохих шиг болоод түлхээд машинаа унаад каргоны хашаанаас гараад яваад өгсөн” гэжээ. /хх-ийн 13-14/
2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02/0238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
-“Б-н биед тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Учирсан тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Учирсан баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх-ийн 15-16/
Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 16-21/
Хохирогч Д.Б-н хохирол төлбөрийн талаарх “М” эмнэлгийн баримт /хх-ийн 39-40/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 50/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э овогт Х.Б нь 2021 оны 07-р сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Экспрэсс каргоны хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус харвалт, баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би урд талын гуфер хэсэг рүү өшиглөхөд машинаасаа бууж ирээд миний баруун талын нүд, зүүн талын шанаа, баруун талын мөр хэсэг рүү 3-5 удаа цохьсон, тэгэхээр нь би газраас чулуу аваад машин руу нь шидсэн чинь урд талын салхины шил нь цуурсан. Тэгсэн чинь манай нөхөр газраас чулуу аваад миний зүүн талын хөлний шилбэ хэсэг рүү шидсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “15 цагийн орчимд ачааны тээврийн хэрэгслийн татлага татаж байхад хамт ачаа ачиж байсан Х.Б-тай нэг танихгүй эмэгтэй хүн хэрүүл маргаан хийгээд муудалцаад байсан. Тэр хоёр нэг нэгэн лүгээ газраас чулуу авч шидээд байх шиг байсан. Нөгөө эмэгтэй Б-ны машин руу чулуу шидээд Б тэр эмэгтэй хүнийг нэг удаа цохих шиг болоод түлхээд машинаа унаад каргоны хашаанаас гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02/0238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 16-21/ хохирогч Д.Б-н хохирол төлбөрийн талаарх “М” эмнэлгийн баримт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэх үндэслэлээр зүйлчилж ирүүлсэн нь буруу байна.
Шүүгдэгч Х.Б, хохирогч Д.Б нар нь “хүүхэд өвдөж, эм тарианы мөнгө, машин хэрэгтэй байна” гэх хувийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.Б-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон үйлдэл болгоныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 130,0000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Б-ны хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э овогт Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Э овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц