Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/460

 

 

 

 

 

 

 

    2021         07            06                                       2021/ШЦТ/460

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Д.Хонгорзул

Шүүгдэгч Н нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н нь “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах О зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч О монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.352.000 төгрөгийн хохирол учруулсан”  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Н нь “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах О зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч О монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.352.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н өгсөн: “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О Цагдаагийн газарт гаргасан өргөдөл: “...2020 оны 01 дүгээр сарын 13-нд миний танил эмэгтэй Н нар руу залгаад “уулзъя, дуулмаар байна” гэсэн. Тэгээд би найз М хамт уулзаад бид 3 дуулж байгаад архи уугаад буудал орсон. Тэгээд тэндээсээ хажуугийн “I copt” орж байж байгаад эргэж буудалдаа орж ирээд унтсан. Н миний хажууд унтаж байсан ба өглөө сэрэхэд миний гинж байхгүй, мөн Н байхгүй байсан. Би 2 найзыгаа аваад нуугаад тоглож байна гэж бодсон ч тэгээгүй байсан. Буудлаар мөн хайгаад олоогүй. Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-нд миний танил эмэгтэй Н нар руу залгаад “уулзъя, дуулмаар байна” гэсэн. Тэгээд би найз М хамт уулзаад бид 3 уулзаад хорооллын Рояал нэртэй караокед орж нэг цаг дуулж байгаад архи шил уугаад тэндээсээ гарч Очир титэм нэртэй буудал 2 ортой 1 өрөө захиалан орсон. Тэгээд тэндээсээ талбайн хажуугийн “I lovet” бааранд орж бүжиглэж байгаад шөнийн 2-3 цагийн орчимд буудалдаа эргэж ирсэн бөгөөд хоол захиалж идээд байж байтал М хажуу өрөөнд найзыгаа дуудчихсан гэж хэлээд гарсан. Тэгээд Ц, Н бид 3 үлдсэн бөгөөд бид 3 амрахаар хэвтсэн. Тэгээд өглөө сэрэхэд миний хүзүүнд байсан гинж байхгүй болсон байсан. Мөн Н явсан байсан. Н тухайн үед надтай хамт нэг ор нь дээр унтсан. Гэтэл М шөнө Н гараад явсан гэж хэлсэн. Би 2 найзыгаа болон буудлын өрөөг маш сайн нэгжсэн боловч гарч ирээгүй. Эхэндээ 2 найзыгаа надаар тоглож байна гэж бодож байсан ч үгүй байсан. Тэр өдрөөс хойш Нтэй холбоо барьж чадаагүй бөгөөд миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Хэрэв миний хохирлыг барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр О хамт гадуур ажилтай явж байтал Н залгасан бөгөөд бид уулзахаар болсон. Тэгээд уулзаад хорооллын Рояал нэртэй караокед 1 цаг дуулж байгаад хажуу талд нь Очир титэм нэртэй буудалд 2 ортой 1 өрөө авсан. Тэгээд гаднаас нэг шил архи оруулж уугаад байж байтал Ц гэх найз маань Заамараас орж байна гээд хүрээд ирсэн. Тэгээд бид нар уугаад сууж байгаад бааранд орж бүжиглэж байгаад шөнийн 2-3 цагийн үед буудалдаа ирээд хоол захиалж идсэн. Тэгээд миний танил эмэгтэй Намуундарь ирнэ гэхээр нь би хажуу талын өрөөг аваад хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд би бараг 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь нөгөө 3-ын байгаа өрөө рүү ороход Н хувцсаа өмсчихсөн зогсож байсан. Би “хаачих гэж байгааг нь” асуухад “гарчхаад ирье” гэсэн. Тэгээд би Оын хажуугаар нь орж унтах гээд хөнжлийг нь сөхөхөд хүзүүнд нь байсан гинж байхгүй байсан. Тэр үед Ц сэрчихсэн байсан болохоор нь би “Оын гинж байхгүй байна” гэхэд Ц “өөрөө аваад далд хийчихсэн юм байлгүй дээ” гэхэд нь нээрээ тэгсэн юм байлгүй гэж бодоод унтсан. Тэгээд өглөө Оыг сэрэхэд нь хэлэхэд өөрөө далд хийгээгүй гэсэн. Тэгээд Ц бид 2 нэгжүүлээд буудлын өрөөг давхар нэгжээд цагдаа дээр хамт очсон. Би Оын гинжийг аваагүй бөгөөд Н авсан гэж бодож байна. Тэр охиныг би анх тэр өдөр л харсан, өмнө нь таньдаг байгаагүй. Харин О, Ц бид 3 найзууд...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Цын гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би Заамараас Улаанбаатар хот руу ирсэн бөгөөд найз О, М 2-той яриад Н тэр 3-ын байсан Очир титэм нэртэй буудалд уулзсан. Бид нар тэндээсээ бааранд орж бүжиглэж байгаад шөнийн 2-3 цагийн үед буудалдаа эргэж ирээд хоол идээд унтсан. Тэгээд үүрийн 5 цагийн үед юм түжигнээд байхаар нь би сэрээд харахад Н хувцсаа өмсөөд зогсож байсан. Би “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “манай найз охин эрүүлжүүлэхэд орчихсон байна гэнээ, очиж аваад хүрээд ирье” гэж хэлээд гарсан. Тэгээд тэр хооронд Нтэй зөрөөд М орж ирсэн. М Оын хөнжлийг сөхөөд гинж нь байхгүй байна гэж надад хэлсэн бөгөөд бид 2 Оыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Тэгээд өглөө нь сэрээд Оад гинжээ яасан талаар асуухад мэдэхгүй байсан. Бид 2 болсон явдлыг хэлээд өөрсдийгөө нэгжүүлээд мөн буудлын өрөөг нэгжээд гинж нь гарч ирэхгүй байхаар нь цагдаа дээр хамт очсон. О бид 2 яг адилхан гинжтэй бөгөөд минийх 30 гр, Оынх 24-25 гр гэдгээрээ өөр. Хамгийн сүүлд баарнаас буудалд орж ирээд хувцсаа тайлахад нь гинж нь байгааг харсан. Номин-Эрдэнийг сайн танихгүй, Заамарт бааранд зөөгч хийдэг байхад нь бид нь тэр бааранд нь ордог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/, 

 

Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №БГ2-20-100 дугаартай “тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг 2.352.000 төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр О Их дэлгүүрийн урд талд уулзсан бөгөөд О найз Мын хамт ирсэн. Тэгээд бид 3 караоке орж дуулж байгаад тэндээсээ гарч буудал орж өрөө авсан. Унтаж байгаад шөнийн 1 цагийн үед сэрэхэд гаднаас Оын найз Цогоо орж ирсэн. Бид 4 талбайн хажуу талын баар орж бүжиглэж байгаад эргэж буудалдаа ирээд унтаж байтал манай найз охин Эрдэнэтээс ирж байна гэхээр нь би вокзал дээрээ очиж тосохоор гарсан. Тэгээд гарахдаа Оын хүзүүнд нь байсан гинжийг тайлж аваад гарсан. Тэр гинжийг би алт мөнгө авна гэсэн хүнд 1.200.000 төгрөгөөр зарсан бөгөөд одоо тэр хүнийг танихгүй. Мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би Эрдэнэт хотод найз залуугийн хамт жимсний лангуу ажиллуулдаг. Одоо хэргээ шийдүүлэх хүртэл хотод байна. Хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53 тал/, “Энх” худалдааны төвд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /хх-ийн 97-102 тал/, Нярав мэргэжлийн сургалтад суусан тухай сертификат /хх-ийн 103 тал/, Н Х дахь депозет дансны хуулга /хх-ийн 54-96 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч Л.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Н “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Н нь “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах О зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч О монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.352.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н нь бусдын өмч, бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд, шүүгдэгч Н  “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах О зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч О монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.352.000 төгрөгийн хохирол учруулсан”  үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж Л.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Оад 2.352.000 төгрөгийн  хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгчийн хулгайлсан эд зүйл нь 2.352.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба шүүгдэгч Н нь хууль бусаар авсан хохирогчийн эд зүйлийг бодитоор  хүлээлгэн өгөөгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Нэс 2.352.000 төгрөгийг гаргуулж хохирогч Оад олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь 2021 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн “ Ж” ХХК-д ажилд орсон талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, хохирогчид учруулсан төлбөрийг шийтгэх тогтоол гарснаас хойш 2 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Н нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Н хувийн байдал болон урьд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1 дэх заалтыг баримтлан оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маргаагүй, гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүгдэгчийг ялаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь  “Өршөөл үзүүлэх тухай” дээрх хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлагаас  өршөөн хэлтрүүлэх тухай  4.1 дүгээр зүйлд  багтсан болохыг,  4.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангагдсан болохыг тус тус   дурдаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулаагүй тул тэрээр бусдад төлөх төлбөртэй  болохыг дурдаж байна.

 

Шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтыг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н  400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтыг баримтлан  шүүгдэгч Н  оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 2.352.000 төгрөгийг шүүгдэгч Нэс гаргуулан хохирогч Оад олгосугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн  шүүгдэгч  Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э