Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/547

 

 

 

 

 

    2021          08            23                                        2021/ШЦТ/547

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ын Д-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, хүүхэд, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн *** дугаар гудамж, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар *******/, Х овогт Пын Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “**********” төвд хохирогч Э.М.-ын толгой, цээж, хөлөн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний бие дух, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун шанаа, зүүн шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнд хүрэн улаан өнгийн зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн шанаанд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан тул өршөөлд хамруулж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө найз Х-н хамт ажил дээрээ байж байтал шөнө 02 цагийн үед танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирээд өрөө захиалаад тооцоогоо өгчихөөд буцаад гараад явсан. Ингээд 4 цагийн орчимд орж ирэхдээ 2 эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн. 2 эмэгтэй хамтдаа бууж ирээд архи зарчих гэж хэлсэн. Тухайн үед манай найз Хүслэн бид хоёр нэг шил архи авч уугаад сууж байсан. Би архи  зарахгүй гэж хэлсэн боловч надаас гуйгаад байхаар нь 0.75 граммын архи, нэг уут чипстэй зарсан, нийт 54.000 төгрөг болсон. Тооцоогоо хийж дуусчихаад пабдаа юм яриад сууж байтал тэд гармаар байна гэж хэлэхээр нь би гаргахгүй, буудлын хаалга ард талдаа байдаг гэж хэлсэн. Гэтэл урд талын хаалгаар гарна гээд байсан. Манайх хаалгаа 04 цагт барих ёстой байсан. Тэднийг буудалд байсан болохоор буудлын хаалгаар гарах ёстой гэдгийг хэлсэн. Тэгээд бидний дунд маргаан үүссэн. Гэтэл бүдүүн биетэй охин надад  “би насанд хүрээгүй, чи насанд хүрээгүй хүнд архи зарсан, би одоо цагдаа дуудна” гээд байсан. Хаалган дээр очоод гарах гээд байхаар нь би хаалганы хажууд зогсоод бид нар хоорондоо маргалдсан. Гэтэл махлаг биетэй эмэгтэй намайг 2-3 удаа хойш нь түлхсэн. Нөгөө эмэгтэй миний үснээс татаад газар унагаасан. Энэ хооронд 304 тоот өрөөнд орсон нөгөө охин шууд газар унаснаа би татдаг өвчтэй гээд байсан. Тэгээд намайг үсдэж унагаасан эмэгтэй намайг газар хэвтэж байхад гар хөлөөрөө миний нүүр, хэвлий, гуя, толгой хэсэгт цохиж зодсон. Намайг нэг сэртэл буйдан дээр сууж байсан. Тэр эмэгтэй намайг юм хэлэхээр л миний нүүр рүү маажиж байсан ба би дахиад ухаан алдсан. Би сорвио арилгуулах хүсэлтэй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12-рт/,  

 

гэрч О.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би найз Д-гийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 01 цагийн үед “А” нэртэй буудалд орж үйлчлүүлж байгаад гарах гэтэл тухайн буудлыг ажиллуулдаг нэг согтуу эмэгтэй хаалганыхаа хажууд зогсчихоод та нарыг гаргахгүй гэж хэлтэл Д “та нар аятайхан харьц, та нар ажил хийж байж яагаад согтуу байгаа юм бэ” гэж хэлсэн. Д-д зодуулсан гэх эгч Д бид хоёрыг тэвэрч аваад байсан. Тэгээд Д-гийн үснээс зулгаасан. Д тухайн эмэгтэйг зохисгүй авирлаад байхаар нь утсаараа бичлэг хийсэн. Гэтэл чи муу үхсэндээ бичлэг хийгээд байгаа юм бэ гэж хэлээд гар утсыг нь булааж аваад Д-г үсдээд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр хамтдаа газар унасан. Д босч ирээд тэр эгчийг хэд хэдэн удаа өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-рт/,

 

гэрч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...том биетэй охин /*******/ М-н нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиод үсдээд байсан. Гэтэл М ухаан алдаж унахад нүүрэн дээр нь дэвсээд мөн цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байсан. Мөнгөнцацралыг ухаан алдаад сэргэсний дараа нүүрийг нь самардаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Э.М-н биед дух, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун шанаа, хүзүү, зүүн чихний дэлбэнд хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун, зүүн, нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 20-21-рт/ гэжээ.

 

  • хохирлын баримтууд /хх-ийн 26-27-рт/,
  • хохирол хүлээлгэн өгсөн талаарх баримт /хх-ийн 67-рт/,

 

шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэн буудалд орж архи, пиво уусан, гэхдээ би согтууруулах ундаанаас их хэмжээгээр хэрэглээгүй. Намуун бид хоёр буудлаас гарах гэтэл буудлын ажилтан биднийг гаргахгүй гээд байхаар нь би нялх хүүхэдтэй харихгүй бол болохгүй гэж хэлтэл тухайн буудлын ажилтан гаргаагүй. Ингээд бидний дунд маргаан үүссэн. Тэгээд миний үснээс зулгаасан. Намайг хараалын үгээр хараагаад байхаар нь миний уур хүрээд түүний нүүр хэсэгт нь гараараа цохисон. Мөн түүнийг самардсан, намайг үсдээд тавихгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “А” төвд хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.М-н “...бидний дунд маргаан үүссэн. Тэгээд Д гэх эмэгтэй намайг үсдэж унагаасан ба намайг газар хэвтэж байтал хөлөөрөө миний нүүр, хэвлий, гуя, толгой хэсэгт цохисон. Тэр эмэгтэй намайг юм хэлэхээр л миний нүүр рүү маажиж байсан.. ” гэх мэдүүлэг, гэрч О.Н-ны “...Д тухайн эмэгтэйг зохисгүй авирлаад байхаар нь утсаараа бичлэг хийхэд тэр эгч гар утсыг нь булааж аваад Д-г үсдээд гараараа цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр хамтдаа газар унасан. Д босч ирээд тэр эгчийг хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хүслэнгийн “...том биетэй охин /*******/ М-н нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиод үсдээд байсан. Гэтэл Мөнгөнцацрал ухаан алдаж унахад нүүрэн дээр нь дэвсээд байсан. Тэгээд цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөөд байсан. Мөн М-г ухаан алдаад сэргэсний дараа нүүрийг нь самардаад байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Шүүгдэгч ******* нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нийт 483.660 төгрөгийг шүүх хэлэлцүүлэгт шүүхэд бэлнээр хүлээлгэн өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *******-гийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч *******-г Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдэлд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Х овогт П-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ