Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***-од холбогдох эрүүгийн 2105010781016 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус шүүх хүлээн авсныг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эх, дүүгийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суудаг гэх /РД: /, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот хаягт оршин суух Т.А-ын гэрт орж өөрийн салсан гэр бүлийн хүмүүсээ асуух явцад Т.А- нь гэрээсээ гарахыг анхааруулсныг үл ойшоон ганцаараа байгаа байдлыг нь далимдуулан муухай харах, шанага авч шидэх зэргээр үйлдлээрээ айлган улмаар ямар нэгэн шалтгаангүйгээр заамдан авч нүүр, толгой хэсэг рүү нь цохих, хоолойг нь боох, заазуурын ишээр толгой руу нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч ***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух Т.А-ын гэрт орж Т.А-ыг үл ялих зүйлээр шалтаглан заамдан авч нүүр, толгой хэсэг рүү нь цохих, хоолойг нь боох, заазуурын ишээр толгой руу нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 6-7 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн “...хэргийн газраас хураан авсан заазуур нь нийт 30 см урттай, ажлын хэсэг 18 см, бариул 12 см урттай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 11 тал/,

Хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 30 минут орчмын үед Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... тоотод өөрийн гэртээ хоолоо хийх гээд байж байтал хонх дуугарсан. Манайх хажуудаа айлтай болохоор би шууд хаалгаа тайлсан орц харанхуй байсан учир хэн гэдгийг нь би мэдэхгүй гэртээ оруулаад хартал зүс таних Б-  гэх хүн байсан. ...Б-  надад хандаж “чи наад чихэвчээ ав” гэж чанга дуугаар хэлээд муухай хараад байсан. Би цагдаа дуудлаа шүү гээд 103 руу андуураад залгасан. Намайг шууд 2 удаа цохисон. Энэ үед би өрөө рүүгээ зугтаж ортол миний ардаас дагаж орж ирээд үүдэнд байсан шанагийг над руу шидсэн. Би ширээ рүүгээ хартал тэр хүний урд талын ширээн дээр манай заазуур байсан. Би тэр хүнийг согтуу байсныг мэдээд заазуур аваад над руу дайрах вий гэж бодоод заазуураа түрүүлж автал намайг цохиж эхэлсэн. Намайг цохиж байхдаа миний хоолойг боосон. Би “ахаа болъёо би танай хүүхдийн найз” гэж хэлсэн боловч намайг зогсолтгүй намайг цохиод байсан. Тэр үед заазуурыг миний гараас булааж аваад над руу далайхад би түлхэж унагаагаад гэрээсээ хөл нүцгэн гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Нөгөө орж ирсэн ах хүн байгаа юм уу чи хэн юм гэхээр нь би хажуу талд амьдардаг хүн байна, манай хажуу айлд хүн байхгүй байна гээд би хажуу айлд хүн байхгүй байгаа юм чинь та явчихгүй юу гэсэн чинь гарахгүй над руу муухай хараад зогсоод байсан. Тэгээд би цагдаа руу залгах гээд 103 руу залгасан байсан тэгсэн нөгөө ах миний нүүр рүү цохисон, тэгэхээр нь би өөрийнхөө өрөөний цаад буланд очсон чинь над руу нөгөө ах хаалганы хажууд байсан шанага аваад шидсэн. Тэгэхээр нь би ахиад ширээн дээр байсан заазуур авчих байх гэж айгаад би түрүүлээд ширээн дээр байсан заазуураа авсан тэгсэн нөгөө хүн над руу ирээд намайг заамдаж аваад баруун гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. ...Манай хажуу өрөөний Өсөхөө гээд хүүхдийн салсан аав нь гэдгээр нь зүс мэднэ. ...Миний толгой руу зөндөө цохисон толгой өвдөж байна, хоолой боосон, үсэдсэн, мөн заазуурын ишээр толгой руу нэг цохисон. ...Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан. ...Гэртээ зүгээр байж байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрч Р.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Шадивлан гэх газраас Д гэх найзынхаа гэрээс гараад гэр рүүгээ автобусаар явж байхад манай хүү Т.А- нь утсаар залган ээж хажуу айлын Өөжгийн аав зодчихлоо гэсэн. ...Гомдолтой байна. Би хүүхдийнхээ эмчилгээний зардлыг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4402 дугаартай “...Т.А-ын биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

Хохирогч Т.А-ын “***”  эмнэлэгт үзүүлсэн компьютер томографын шинжилгээний зураг, 120.000 төгрөгийн баримт /хх-ийн 50, 51-53, тал/ гэх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тухайн өдөр хүүхэдтэйгээ уулзах гэж очсон. Би ***-н биед гэмтэл учруулсан гэдэг дээр маргахгүй. Би хохирол төлбөр гэж 200.000 төгрөг мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Миний буруутай үйлдэл байгаа, буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлгээр тус тус хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогджээ.  

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ***-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 58-62 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 66 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 67 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.                    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б- оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 30-31 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ***  нь хохирогч ***-ыг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***-ын биед “тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хэргийн 35-36 дахь талд авагдсан шинжээч эмчийн 4402 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон байна.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 4402 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч *** нь хохирогч ***-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч *** нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот хаягт оршин суух ***-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж, үл ялих зүйлээр шалтаглан заамдан авч нүүр, толгой хэсэг рүү нь цохих, хоолойг нь боох, заазуурын ишээр толгой руу нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүү, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4402 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хавтас хэргийн 50-53 дахь талд хохирогч Т.А-ын “***”  эмнэлэгт үзүүлсэн компьютер томографын шинжилгээний зураг, 120.000 төгрөгийн баримт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-  нь хохирогч ***-т 200.000 төгрөг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн, улсын яллагч прокурорын шатанд хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэх дүгнэлт гаргаж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, улсын яллагчийн саналыг тус тус харгалзаж, шүүгдэгч ***-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч -***-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангаж байх тул түүнд оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б- од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- од 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч А.Б- од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Б-  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б- од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА