Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1354

 

Д.Халиуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00914 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Халиун,

Хариуцагч: Эй Эс Эм И Эм ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг урьдчилан сануулалгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгсөн. Тушаалын огноо нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр гарсан ч бодит байдал дээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсанаар үргэлжлүүлэн ажиллахыг хориглосон тул гэнэт ажилгүй болж ажил хүлээлцэх нөхцөл боломжоор хангаагүй нь ажил олгогчийн зүгээс ажилчдын хөдөлмөрлөх эрхийг санаатайгаар ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Ажлаас  чөлөөлөх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт үндэслэсэн боловч бодит байдал дээр уг компанид ямар ч бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, цомхотгол явагдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байдаг. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 11 хүнд нэгэн зэрэг өгсөн тул ажлаас чөлөөлөх тухайгаа 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Иймд инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээгүй нь үнэн. Манай компани тендерээр ажил авч үйл ажиллагаа явуулдаг. 2016, 2017 онд үндсэндээ ажил багассаныг бүх хүмүүс мэдэж байсан. Нэг ч хүнийг ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал хэнд ч тавиагүй. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүх ажилчдын цалин болон амралтын мөнгө олгосон. Үүний дараа ажилчдын өөрсдийнх нь амаар хэлсэн санаачлагаар тушаал гарган хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг олгуулахын тулд 40.1.1-ийг үндэслэн тушаал гаргасан. Тушаалын огноог өөрсдөө хэлж бичүүлсэн. Урьд нь өөрсдийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан ажилчдын тушаалыг мөн ийм утгатайгаар гаргадаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Халиуныг Эй Эс Эм И Эм ХХК-ийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэмщнцэх олговорт 909 080 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Халиунд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Халиуны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Эй Эс Эм И Эм ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26 367 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагч нь манай байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгээгүй, Д.Халиуны өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой баримтыг гаргаагүй болно..." гэжээ. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн хариу тайлбарыг үнэн зөвөөр гаргаж өгсөн бөгөөд өөрсдийн тайлбар татгалзалыг нотлохын тулд компанийн ажлын компьютерууд болох нягтлан бодогч З.Мягмарсүрэн, Д.Халиун болон захирал Б.Мөнхзулын эзэмшлийн компьютеруудад, мөн цаг бүртгэлийн системд, захирлын хурлын тэмдэглэлийн дэвтэрт эд мөрийн баримтуудад үзлэг хийлгэх, үзлэг хийсэн баримтыг хэрэгт нотлох баримтаар авахуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ нотлох баримт нь Д.Халиун нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг нотлох чухал ач холбогдол бүхий баримт байсан. Мөн манай компанийн зүгээс нэр бүхий 11 хүний гар утасны яриа болон мессежийг үүрэн телефон холбооны оператор компаниудаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нотлох баримт нь хувь хүний нууцтай холбоотой учир манай байгууллагын зүгээс гаргаж өгөх боломжгүй нотлох баримт байсан бөгөөд нэр бүхий 11 хүн өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн атлаа үгсэн тохирч үндэслэлгүй гомдол гаргаж буйг нотлох байсан.

Тус хэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд шүүх Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож Д.Халиуныг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргаж шийдвэрлэх байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00914 тоот шийдвэрээр Д.Халиуныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Халиун нь хариуцагч Эй Эс Эм И Эм ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхзул эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулснаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1 200 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00914 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Халиун нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Эй Эс Эм И Эм ХХК нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1 200 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 367 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР    

                                                                                           Ш.ОЮУНХАНД