Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 39

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Г.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Ганчимэгийн Гантулгад холбогдох эрүүгийн 201608000085 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай байсан, одоо ч ажиллаж байгаа, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 11 дүгээр байр, 5 дугаар орц, 72 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ87081712 дугаарын регистртэй, Боржигон овгийн Ганчимэгийн Гантулга

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Гантулга нь Говьсүмбэр айгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 35/06кВ-ын дэд станц дотор 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Б.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Хуланг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Гантулгын:

Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр харъяа салбарын 35 дугаар станцын хонхор дэд станцад хөдөлмөр хамгааллын 2 дугаар шатны үзлэг хийж шуурхай ажиллагааны бичиг баримтуудыг шалгаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 35 дугаар станц хонхор дэд станцын хашаа боронздох будгын ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн. Тухайн үед ажилласан ажилтнуудын хор саармагжуулах бүтээгдэхүүнийг салбарынхаа няраваас вакус авч станц дээр аваачсан. Өдөр 12 цагийн орчимд засварын монетор болон шуурхай ажиллах засварын монеторуудад хор саармагжуулах бүтээгдэхүүнээ олгож байхад ээлжийн инжинер Батцэцэг, Хулан нар станц дээр ирсэн. Хулан нь 2016 оны 05 дугаар сарын 7-8-ны 0 зогсолтоор бригада ажилласан байхад яагаад хор саармагжуулах бүтээгдэхүүн олгоогүй юм бэ? гэхэд би хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох журамтай байдаг. Тухайн бригадын хэсэг нэгжийн дарга нар өргөдлөө бичиж өгөөд хор саармагжуулах бүтээгдэхүүн авах ёстой. Мөн тухайн үед говийн аймгууд 0 зогсон олон бригада ажилласан учраас бичиг баримт бүрдүүлж өгөөгүй бол хор саармагжуулах бүтээгдэхүүн өгөхгүй. Гэхдээ холбогдох дээд байгууллагад нь мэдэгдээд хариу хэлье гэсэн. Тэгээд Хулан нь хор саармагжуулах бүтээгдэхүүнээ авмаар байна, чи шаардлага тавьдаг шигээ ажилаа хий гэж хэлсэн. Би хор саармагжуулах бүтээгдэхүүний нэрсийн жягсаалтан дээр Хулан, Батцэцэг нарыг тус бүрд нь 4 ширхэгийг өгөөд гарын үсэг зур гэхэд Хулан эсэргүүцэн гарын үсэн зурахгүй гэсэн. Яагаад намайг шаардлага тавихаар эсэргүүцээд байдаг юм бэ? гээд дахиад гарын үсэг зур гэхэд жягсаалтыг түлхсэн. Хэсэг маргалдаад Хулан миний гар руу цохиход би Хуланг хувцаснаас нь татан түлхсэн. Тухайн үед Хулан вакум хаалт мөргөөд газарт унасан. Хулан босж ирээд миний зүүн хөл, гарны сарвуу руу самардахад бид хоёр зууралдаад амралтын өрөөны буйдан руу түлхсэн. Ээлжийн инжинер, ээлжийн ахлах инжинер Жаргалтуяа нар салгаж станцын вакум хаалганы наана, цаанаас хэрэлдсэн. Ингэхдээ ажлын яриа хувийн амьдрал руу орсон. Бид хоёр дахиж зууралдаж, цохилцсон зүйл байхгүй. Өдрийн 12 цаг 40 минутын орчимд станцаас гарч цайндаа явсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Хулангийн:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлын байрандаа байж байгаад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Г.Гантулгад хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргийнх нь дагуу хортой нөхцөлд ажилласны хор тайлах бүтээгдэхүүнээр хамт ажилласан бригадын нэр бүхий 10 хүнийг хангах талаар шаардлага тавьсан /Бат-Амгалан, Мөнхбат, Отгонбаатар, Сайнхүү, Сүхбаатар, Алтансүх, Эрдэнэ-Очир, Жаргалтуяа, Батцэцэг, Болор бид нар/ тэгэхэд Гантулга миний өөдөөс чи юу юм бэ? хуцаад байлгүй гарын үсгээ зурж үүнийгээ ав гэж хэлээд намайг түлхсэн тэгэхээр нь би түлхсэн гарыг нь холдуулсан чинь босч ирээд миний баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь намайг гараараа багалзуурдаж боогоод өрөөний голд байх вакум хаалтыг мөргүүлсэн. Тэгээд дахиад цохих гээд гараараа далайхад нь би буйдан дээр түлхэгдээд унахад хамт байсан Жараглтуяа, Батцэцэг нар Гантулга бид хоёрыг салгаад Жаргалтуяа Гантулгыг аваад харин Батцэцэг намайг аваад бид дөрөв вакум хаалтны наана цаана орсон. Гантулга бид хоёр хоорондоо маргалдсан. Анх өрөөнд Гантулга бид хоёрыг маргалдаж эхлэхэд Б.Эрдэнмөнх бид тав байсан. Эрдэнэмөнх Гантулга бид хоёрыг хэрэлдэж эхэлж байхад гараад явсан. Гантулга намайг цохих үед байгаагүй. Эрдэнэмөнх байгаагүй юу болсон талаар хараагүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Гантулга намайг цохиж болон вакум хаалга мөргүүлж учруулсан. Би Гантулгаас өөр хүнтэй маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Гантулга намайг урьд өмнө нь ажлын байран дээр гадны хүн авч ирж хамт хоносон гэж гүтгэж байсан. Ажлын байрны дарамт байнга үзүүлдэг /хяналт шалгалтыг ялгавартай хийдэг, илэрсэн зөрчил дутагдал дээр тэгш байдлаар арга хэмжээ тооцдоггүй жишээ нь өөрийнх нь эхнэр Жаргалтуяа, хамаатны Ганбаяр зэрэг хүмүүст ялгавартай ханддаг надтай хамт ажилладаг хүмүүс бүгдэд нь дарамт үзүүлдэг, албаны техник хэрэгслийг хувийн халтуурны ажилдаа ашигладаг/ энэ талаар ерөнхий инженер Ё.Болдбаатарт амаар мэдэгдэж хэлж байсан. Гантулга надруу гарын салаавч гаргасан ажилтай үлдсэндээ баярлаж амьдар гэж хэлсэн, пизда минь гэх мэтээр хэл амаар маш их доромжилсон. Хэрэв Гантулгыг эхнэр Жаргалтуяа нь барьж хориогүй бол намайг зодох гэж удаа дараа дайрсан. Ажиллах нөхцөл бололцоо хэцүү байна. Ажлын байран дээр албан тушаалаа ашиглаж хүчирхийлэл үзүүлсэн, дарамталсан, заналхийлсэн зэрэг болон намайг зодож миний биед гэмтэл учруулсанд нь Гантулгад гомдолтой байна. Гантулга нь өөрийн буруутай үйлдлээ нуун дарагдуулахын тулд БЗӨБЦТСТӨХК-ны ГСЦТСС /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани/-ийн Говьсүмбэр цахилгаан түгээх сүлжээ салбарын удирдлагын зөвлөлийн хурал дээр юу ч болоогүй мэтээр удаа дараа худлаа ярьж байсан. Энэ талаар хурлын протокол байгаа. Дээрх материалыг хуулбарлан авч өгч болно. Би Гантулгыг хоёр гурван хүүхэнтэй явалдаж байсан гэж хэлээгүй харин томилолтоор явах бүрдээ янз бүр болоод байдаг шүү. Түүний чинь баримт байгаа гэж хэлсэн нь үнэн гэхдээ надад ямар нэгэн бичлэг болон баримт байхгүй. Би Гантулгаас өвчтэй байсан 7 хоногийн хугацаан дахь ээлжийн графикт гарах ёстой байсан цалин, болон дутуу ажилласнаас болж цалингийн зөрүү үүссэн энэ мөнгийг нэмээд нийт 301.944.48 /гурван зуун нэг мянга өсөн зуун дөчин дөрвөн төгрөг дөчин найман мөнгө/, мөн тархины зураг авахуулсан 20.000 эм тарианы 32500 /гучин хоёр мянга таван зуун/ төгрөг, ингээд нийт 354.444.48 /гурван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг дөчин найман мөнгө/-ийг нэхэмжилж байна. Надад дээрх мөнгө нэхэмжилсэн талаарх баримтууд байгаа. Би хэргийн материалтай танилцана, Шүүх хуралд оролцохгүй...” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Жаргалтуяагийн:

“...Би тухайн өдөр ээлжтэй ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр Гантулга /ХАБЭАИ/ 2 дугаар шатны үзлэг хийх, мөн ажилчдад хор саармагжуулах бүтээгдэхүүн өгөх гээд ажил дээр ирсэн байсан чинь хамт ажилладаг Хулан, Батцэцэг нар ирсэн тэгээд Гантулга тэр хоёрыг гаднаас дуудаж оруулж ирээд хор саармагжуулах бүтээгдэхүүн өгөхөөр дуудаж оруулж ирээд хоёр өдөр будгийн ажил хийж байгаа учир хор саармагжуулах бүтээгдэхүүнээ аваад гарын үсгээ зур гэж хэлсэн чинь Хулан өмнөх будгийн ажлын хор саармагжуулах бүтээгдэхүүнийг хэзээ өгөх юм бэ яагаад өгөхгүй байгаа юм бэ гэж Гантулгаас асуухад Гантулга өмнөөс нь тухайн үедээ өргөдөл бичээд аваагүй учир одоо нөхөж олгохгүй гэж хэлсэн чинь Хулан Гантулгыг чи өгөх ёстой ажлаа мэдэхгүй байна. Хүнд шаардлага тавьдаг бол бид нар ч гэсэн шаардлага тавьж байна гэж хэлсэн чинь Гантулга өөдөөс нь чи миний ажлыг заахгүй шүү гэж хэлээд энэ хоёр хоорондоо маргалдсан үүнээс болоод нэг харсан чинь Гантулга Хулан нар бие биенийхээ хувцаснаас зууралдсан зогсож байсан тэгэхэд Гантулга Хуланг түлхээд амралтын өрөө рүү орж байгаа харагдсан тэгэхээр нь би ширээнийхээ ардаас босч очоод Гантулгыг татаж аваад Батцэцэг Хуланг мөн татаж аваад энэ хоёр хоёр өрөөний наана цаана орсон Гантулга, Хулан нарыг хоёр биенийгээ цохихыг нь хараагүй. Гэхдээ Гантулга биеэ барьж чадалгүй Хуланруу дайрч давшилсан асуудал байгаа. Энэ хоёрыг маргалдаж муудалцахад Батцэцэг, Хулан, Ганутлга бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Хулан Гантулгыг өөр эмэгтэй хүмүүстэй явалдсан бичлэг чинь байгаа харуулж болно гэж хэлэхэд нь Гантулга Хуланг чи өөрөө ажлын байран дээр эрэгтэй хүн авч ирдэг гэж хэлээд ажлын холбогдолгүй хувийн шинж чанартай асуудлыг ярьж маргалдан хоёр биенийгээ өөд өөдөөсөө хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан. Гантулга Хуланд хандаж ажлын байран ажил ярь хувийн асуудал битгий яриад бай миний хувийн асуудал чамд хамаагүй гэх мэтээр хоорондоо хэрэлдсэн. Үүнээс өөр зүйл болоогүй Гантулга яваад өгсөн. Хор саармагжуулах бүтээгдэхүүн гэдэг нь манай байгууллага хортой нөхцөлд ажилласан ажилчдад өдөрт хоёр ширхэг вакус өгч байсан. Үүнийг авна авахгүй мөн өмнөх 2 өдрийн ажил хийсний вакусыг өгөөгүй гэдэг асуудлаас болж маргалдсан. Гантулга Хулан нар урд өмнө нь миний хажууд хоорондоо маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. Энэ хоёрын хооронд ямар нэгэн өглөг авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Гантулга нь миний нөхөр учраас Хулангийн хэлснээр манай нөхрийг өөр эмэгтэй хүнтэй явалддаг талаар бичлэг байгаа гэх тул энэ бичлэгийг авч үзмээр байна. Тухайн зүйлийг би өөрөө чихээрээ сонссон учраас үнэн худал гэдгийг нь мэдмээр байна...” /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Батцэцэгийн:

“...Би тухайн өдөр 12 цагийн орчимд ээлжийн инженер Хулангийн хамт 35/06 кВ хонхор дэд станцын хашааны боронз хийх ажилаар очсон тэгэхэд тэнд ээлжийн ахлах инженер Жрагалтуяа, ХАБЭА инженер Гантулга нар байсан. Хулан бид хоёрыг гадаа байж байхад Гантулга Хулан бид хоёрыг дотогш дуудаж оруулаад хор саарамгжуулах бүтээгдэхүүн ав гээд хүний хоёр хоёр вакус өгөх гэсэн чинь Хулан Гантулгын өөдөөс 2016.05.07, 08-ний өдрүүдэд 0 зогсолтоор олон хүн ажилласан ингэхэд хор саармагжуулах бүтээгдэхүүн яагаад өгөөгүй юм бэ гэж асуухад Гантулга би мэдэхгүй ажил ихтэй байсан гэж хэлсэн чинь Жраглтуяа хажуунаас нь нөхөж олгож болох юм уу гэж асуухад одоо бол нөхөж олгогдохгүй тухайн үед нь хор саармагжуулах бүтээгдэхүүнээ авахгүй юүгээ хийж байсан юм бэ гэж хэлсэн тэгтэл Хулан өчнөөн хүн ажиллаж байхад жилдээ ганц болдог 0 зогсолтоор хор саармагжуулах бүтээгдэхүүн өгөх ёстой биз дээ гэж хэлсэн чинь Гантулга би ажил ихтэй байсан гэж хэлээд уурлаад гарын үсгээ зур гэж хэлтэл Хулан би наад вакусыг чинь авахгүй гарын үсэг зурахгүй гэж хэлэхэд Гантулга хуцалгүй гарын үсгээ зур гэж Хуланд хандаж хэлээд чи миний ажлыг заадаг болчихсон юм уу гэж Хуланруу уурласан янзтай хэлээд гарын үсэг зуруулах цаасаа барихад нь Хулан би гарын үсэг зурахгүй гээд нөгөө цаасыг нь цааш нь түлхсэн чинь Гантулга чи намайг цохилоо гээд босч ирээд Хулангийн нүүрлүү нь гараараа нэг удаа цохиход Хулан газар унаад босч ирээд Гантулгатай барилцаад авсан. Тэгтэл Гантулга Хуланг гараараа хоолойг нь боогоод цаашаа амралтын өрөөрүү түлхээд орохоор нь би Хуланг аваад Жаргалтуяа Гантулгыг салгаж аваад хоёр өрөөнд тусгаарлаад хаалгыг нь хаасан чинь вакум хаалганы наана цаанаас хоёр биенийгээ янз бүрээр хэлж хэрэлдсэн. Гантулга Хуланруу гарын салаавч гаргаад чи ажилтайгаа үлдсэндээ баярла би чамайг ажлаас халагдах гэж байхад чинь авч үлдсэн гэж хэлсэн тэгээд хоёр биенийхээ хувийн амьдралыг ярьцгаасан. Хулан Гантулгад хандан чамайг яаж явдгийг чинь би мэднэ надад бичлэг байгаа Гантулгаа чи үзэх үү гэж хэлэхэд Гантулга мөн Хулангийн өөдөөс би чамайг яаж явдгийг чинь мэднэ чи ажлын.байран дээр эрэгтэй хүн авч ирсэн биздээ дарга бид хоёр чиний талаар огт ярьж байгаагүй гэж хэлсэн. Хулан Гантулга нар хувийн амьдралын талаараа маргалдсан Гантулга чи яаж амьдарч байгаа билээ чиний ямар амьдралтай байсныг чинь би мэднэ гэхэд Хулан чи ч гэсэн ялгаагүй ямар амьдралтай байгаа билээ ямар байсанаа санаач гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Би 07-ны өдөр ээлжтэй ажилтай байсан 08-ны өдөр ээлжнээс буугаад трансформатор арчсан паазын ялгаа /өнгө ялгаж будах/, цэвэрлэгээ хийсэн энэ үед хор саарамгжуулах бүтээгдэхүүн олгоогүй. Ажлаас болоод ганц нэг үг зөрөх асуудал байдаг. Түүнээс биш ноцтой муудалцсан асуудал гаргаж байгаагүй. Хулангийн биед Гантулгад цохиулаад хацар нь хавдсан мөн хүзүү нь улайсан байсан өөр гэмтэл шарх мэдэгдээгүй. Гантулга амиа хичээсэн зантай, муу санаатай, ажлын ур чадвар сайтай мундаг гэж хэлэхгүй өөрийгөө тухайн үедээ аваад явчих чадвартай гэж үзэж байна. Хамт олонтойгоо нийтэч зантай...” /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Эрдэнэ-Очирын:

“...Тухайн өдөр КТПН, ТП буюу хаалттай хувиарлах байгууламж ба трансформаторын тосны сорьц авах бохирдсон хэсгийн арчиж цэвэрлэх үйлчилгээний ажлыг нийт 10 орчим хүний хамт хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хийхэд манай байгууллагаас хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох ёстой энэ бүтээгдэхүүнийг олгоогүй. Ямар шалтгааны улмаас олгоогүй талаар мэдэх зүйл байхгүй. Гэхдээ хор' саармагжуулах бүтээгдэхүүнийг ажилчдад олгуулах асуудлыг ээлжийн ахлах инженер Жаргалтуяа дээд шатны удирдлагад бичгээр хандан олгуулах ёстой. Ээлжийн ахлах инженер Жаргалтуяа дээш нь бичгээр хандсан үгүйг мэдэхгүй. Тухайн өдөр ажилласан бүх ажилчдад хор саармагжуулах бүтээгдэхүүн олгогдоогүй. Би ажилд оруулагч буюу1 ажлын байр бэлтгэгчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр ажил гүйцэтгэхээр ирсэн бригадад тухайн байгууламж буюу КТПН, ТП-нд ажил гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангаж өндөр нам талын хүчдэлийг тасалж өгөх үүрэг гүйцэтгэсэн  Гантулга Хулан нарыг хоорондоо ажлын байран дээр маргалдсан гэж сонссоноос өөр мэдэх зүйл надад байхгүй. Цахилгааны аюултай бүс биш. Тухайн өрөөнд өндөр хүчдэл байхгүй. Би Гантулгыг уурлаж байхыг хараагүй их даруухан зантай хамт олонтойгоо нийтэч залуу юм. Хулан мөн ямар нэгэн ааш авир байхгүй хамт олонтойгоо нийтэч зантай. Гантулга Хулан нар нь миний хажууд хоорондоо маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй...” /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Г.Гантулгын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өдөр 12 цагийн орчим 35/6кВ хонхор дэд станцад хөдөлмөр хамгааллын 2 дугаар шатны үзлэг хийж байсан чинь гадаа ээлжийн инженер Б.Хулан, Б.Батцэцэг нар ирсэн тэгэхээр нь би станцын байран дотор байж байгаад тухайн өдөр болон урд өдрийн хоёр ширхэг нийт 4 ширхэг хор саармагжуулах бүтээгдэхүүн болох вакусыг өгөх гээд дуудсан чинь Хулан, Батцэцэг нар гаднаас орж ирээд Хулан 2016 оны 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдийн 0 зогсолт хийж хор саармагжуулах бүтээгдэхүүн олгоогүй үүнийг нөхөж авах талаар хэлсэн тэгэхээр нь би өөдөөс нь тухайн үед нь хаана ямар ажил хийсэн хэдэн хүн ажиллах хэдэн ширхэг вакус хэрэгтэй зэргийг хэсэг нэгжийн ахпагч дарга нар нь бичээд ХАБЭА инженер, салбарын даргаар цохуулаад санхүүгээс авдаг журамтай тухайн үед нь хэлж ярьж аваагүй учир одоо нөхөж олгох боломжгуй журмаараа олгоно. Тухайн үед нь би ажил ихтэй байсан учир олгож чадаагүй гэж хэлэхэд Хулан өөдөөс ажлаа мэдэхгүй байж шаардлага тавьдаг шигээ ажлаа хийгээч гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан тэгэхээр нь би та нар хаана ямар ажил хийх гэж байгаа талаараа мэдэгдээгүй өчигдөр би өөрөө үзлэг шалгалтаар ирж хашаа боронздож байгааг мэдсэн ийм учраас би өнөөдөр өчигдөр өнөөдрийн 2 өдрийн вакусыг олгож байна вакусаа аваад гарын үсгээ зур гэж хэлсэн чинь Хулан наадах дээр чинь зурахгүй гээд миний өөдөөс баримтыг маань түлхэхээр нь би Хулангийн өөдөөс чи яахлаар аа ингэж намайг эсэргүүцэж байдаг юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би Хулангийн хувцаснаас бариад цээжин хэсэг рүү нь гараараа түлхсэн чинь Хулан чи надад гар хүрдэг хэн бэ гээд миний зүүн хөлрүү өшиглөж зүүн гарын шууг самардсан тэгэхээр нь би амрах өрөөрүү Хуланг түлхэж оруулаад тэр өрөөнд байдаг буйдан руу түлхсэн чинь Батцэцэг Хулан бид хоёрын дундуур орж салгасан мөн цаана ширээний ард сууж байсан манай эхнэр ээлжийн инженер Жараглтуяа мөн босч ирээд миний гарнаас татаж Хулан бид хоёрыг салгаж Хуланг Батцэцэг аваад амралтын өрөөн дотор үлдээд Жаргалтуяа бид хоёр ээлжийн диспетчерийн өрөөнд орж Хулан бид хоёр вакум хаалтны наана цаанаас хэрэлдэж хоёр биенийгээ хэл амаар доромжилсон тэгтэл Хулан намайг чиний өөр хүнтэй явалдаж байгаа бичлэг чинь надад байгаа харуулж болно гэж хэлэхэд нь би өөдөөс нь ажлын яриаг ажил дээр ярья худлаа яриа ярьж миний хувийн амьдрал руу битгий ороод бай гэж хэлээд бид хоёр хэсэг хэрэлдэж байгаад би гараад явсан үүнээс өөр зүйл болоогүй. Тухайн асуудал болоход Хулан, Батцэцэг, Жаргалтуяа бид дөрвөөс өөр хүн тэнд байгаагүй. Хор саарамгжуулах бүтээгдэхүүн олгох үүрэг нь миний үүрэг гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг хаана ямар ажил хийж гүйцэтгэх хэдэн хүнд олгуулах талаар хүсэлт /өргөдөл/ гаргах нь тухайн ажил хийх гэж байгаа хэсэг нэгжийн бригадын дарга нар гаргаж танилцуулан цохолт хийлгэх үүрэгтэй. 0 /нойл/ зогсолт хийж ажил үүрэг гүйцэтгэхэд хэн нэгэн ээлжийн дарга хор саармагжуулах бүтээгдэхүүн авах талаар өргөдөл хүсэлт гаргаагүй учир олгогдоогүй юм. 0 /нойл/ зогсолт хийхэд хэн ахалсан талаар тухайн өдрийн нариад буюу бичгийн даалгаварт заагдсан.байгаа. Өглөгө өш хонзонгийн асуудал байхгүй. маргалдаж муудалцаж байсан асуудал байгаагүй. Миний хувьд Хуланг ажлаас халагдах хэмжээнд хүрсэн байхад өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаас халуулахгүй байх талаар Салбарын удирдлагын зөвлөлийн хуралд санал оруулж ажилтай үлдээж байсан. 2014 оны жилийн эцсийн үр дүнгээ гэрээгээ дүгнүүлж тайлангаа хамгаалаагүй байхад нь салбарын дарга буюу ажил олгогчтой зөвшилцөж жилийн үр дүнгийн батлагдсан цалинг бүтнээр нь 100 хувь ч олгуулж байсан...” /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Г.Гантулгын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр БНЗӨБЦТС-ийн салбарын  35/6кВ-т Хонхор дэд станцын диспетчерийн удирдлагын байранд хөдөлмөр хамгааллын 2 дугаар шатны үзлэг хийж улмаар 2016 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдөр хийгдэж байгаа станцын хашаа  боронздох будгийн ажлын хор саармагжуулах бүтээгдэхүүн болох нэг өдрийн хоёр ширхэг нийт хүний 4 ширхэг вакусыг тарааж байхад гадаа ээлжийн инженер Хулан, Батцэцэг нар станцын гадаа ирсэн тэгэхээр нь би Хулан, Батцэцэг нарт хор саармагжуулах бүтээгдэхүүнийг олгохоор диспетчерийн өрөөнд дуудаж оруулж ирээгүй ажилласан хоногт оногдох 4 ширхэг вакусыг өгөөд өргөдөл дээр гарын үсэг зуруулах гэхэд Хулан 2016.05.07, 08-ний өдрүүдэд 0 зогсолтоор ажилласан вакусыг олгохгүй юм уу гэж надаас асуусан тэгэхээр нь би өөдөөс нь тухайн өдөр 0 зогсолт болж байгаатай холбогдуулан олон бригад ажиллаж байгаа хэн хаана хэзээ ямар ажлыг хэдэн хүнтэй хамт хийх гэж байгаа талаар тухайн хэсэг нэгжийн дарга ахлагч нар хүсэлт бичиж өргөдөл бичиж салбарын хөдөлмөр хамгааллын инженер болон салбарын даргаар цохуулан санхүүгээс авдаг журамтай. Иймээс тухайн үед нь өргөдөл бичиж цохуулаагүй тул одоо нөхөж олгох боломжгүй гэж хэлэхэд Хулан чи шаардлага тавьдаг шигээ ажлаа хийгээч ажлаа хийж чадахгүй юм байж гэж хэлээд вакус олгоод гарын үсэг зуруулах гэж өгсөн хор саармагжуулах бүтээгдэхүүн олгож байсан өргөдөл баримтыг өөдөөс түлхсэн. Би тэгэхээр нь цагийн юмыг цагт бичиж аваагүй учир одоо нөхөж олгох боломжгүй гэхдээ цааш нь уламжилъя гэж хэлсэн чинь чи яахлаараа дандаа намайг шаардлага тавихаар ингэж миний өөдөөс эсэргүүцсэн байдал үзүүлдэг юм бэ? гэж хэлсэн чинь Хулан “би чамайг мэднэ чи ажилаар ийш тийшээ явахдаа өөр хүүхүнүүдтэй заваартаж байгаа бичлэг чинь надад байгаа үзүүлж болно” гэж хэлэхээр нь ажлын яриаг ажил дээр ярина битгий миний хувийн амьдралд оролцоод бай гэж уурлаж хэлээд би Хуланг цаашаа яв гээд биерүү нь түлхсэн чинь Хулан чи надад гар хүрдэг. хэн бэ гээд миний зүүн хөлрүү өшиглөөд мөн зүүн гарын шууг хумсаараа самардсан тэгэхээр нь миний уур хүрээд Хуланг дахиж хувцаснаас нь барьж аваад диспетчерийн өрөөний тусгаарлах вакум ханаруу түлхэх явцад Хулан толгойгоороо тэр ханыг мөргөсөн. Тэгээд амралтын өөрөөрүү түлхэж оруулаад амралтын өрөөний буйданруу түлхсэн энэ үед хамт байсан Батцэцэг Хуланг аваад Жаргалтуяа намайг салгаж аваад диспетчерийн удирдлагын өрөөрүү ороод бид хоёр вакум хананы наана цаана орж хоорондоо хэрэлдсэн. Би тэгээд удалгүй Хулан, Батцэцэг, Жаргалтуяа нарыг орхиод гараад яваад өгсөн үүнээс өөр зүйл болоогүй. Хулан бид хоёр урд өмнө нь маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Хулан бид хоёрын хооронд ямар нэгэн өглөг авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би Хулангийн цээж рүү нь түлхэхэд миний гар халтираад Хулангийн хүзүү шанаа хавь руу нь цохигдоод Хулан газар унасан. Тэгснээс би цохъё гэж цохиогүй юм. Хулангийн биед учирсан гэмтлүүд нь Хулан бид хоёрын зууралцсан, түлхэлцсэнээс болж учирсан байх боломжтой. Иймээс би Хулангийн биед учирсан гэмтлүүдийг үүсгэснээ хүлээн зөвшөөрч байна. Эрдэнэмөнх надаас хор саармагжуулах бүтээгдэхүүнээ аваад гарын үсэг зурчихаад гарах гэж байсан юм. Ингээд Хулан Батцэцэг хоёрыг диспетчерийн өрөөнд орж ирэхэд зөрөөд гараад явсан. Хулан бид хоёрыг маргалдаж муудалцах үед Эрдэнэмөнх байгаагүй. Эрдэнэмөнхөд энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй....” /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтэд:  

          “...1. Б.Хулангийн биед тархи доргилт, баруун хацарт, хүзүүнд, зүүн эгэмний дотор өнцгөөр, баруун шуунд цус хуралт гэмтэл учирчээ.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаартай дүгнэлтэд:

          “...1. Г.Гантулгын биед зүүн гарт зулгаралт гэмтэл учирчээ.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно ...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

          Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

3.2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /200000 төгрөгийн Самсунг маркийн телевизор/ гэрэл зургийн үзүүлэлт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13, 15 дугаар хуудас/,

3.3. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

3.4. БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын шуурхай үйлчилгээний хэсгийн ээлжийн ажилчдын 2016 оны 05 сард ажиллах графикийн хуулбар, толгойны зураг авахуулсан тодорхойлолт, Ансот ХХК-аас эм худалдан авсан зарлагын баримт, Б.Хуланг ажилд томилсон тушаалын хуулбар, БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр ЦТС-ийн салбарын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 29-40 дүгээр хуудас/,

3.5. Г.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Г.Гантулгын ажлын газрын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, охин Ариунгэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, бакалаврын дипломын хуулбар, ажилд томилсон тушаалын хуулбарууд, ажлын байрны тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Гантулга нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Говьсүмбэр айгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 35/06кВ-ын дэд станц дотор Б.Хулантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Хуланг зодож биед махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь  

хохирогч Б.Хулангийн ...Гантулга босч ирээд миний баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь намайг гараараа багалзуурдаж боогоод өрөөний голд байх вакум хаалтыг мөргүүлсэн. Тэгээд дахиад цохих гээд гараараа далайхад нь би буйдан дээр түлхэгдээд унахад хамт байсан Жаргалтуяа, Батцэцэг нар Гантулга бид хоёрыг салгаад Жаргалтуяа Гантулгыг аваад харин Батцэцэг намайг аваад бид дөрөв вакум хаалтны наана цаана орсон...,  

 

гэрч Э.Жаргалтуяагийн ...нэг харсан чинь Гантулга Хулан нар бие биенийхээ хувцаснаас зууралдсан зогсож байсан..., ...Гантулга, Хулан нарыг хоёр биенийгээ цохихыг нь хараагүй. Гэхдээ Гантулга биеэ барьж чадалгүй Хулан руу дайрч давшилсан асуудал байгаа...,

 

гэрч Б.Батцэцэгийн ...Хулан би гарын үсэг зурахгүй гээд нөгөө цаасыг нь цааш нь түлхсэн чинь Гантулга чи намайг цохилоо гээд босч ирээд Хулангийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход..., ...Гантулга Хуланг гараараа хоолойг нь боогоод цаашаа амралтын өрөө рүү түлхээд орохоор нь би Хуланг аваад Жаргалтуяа Гантулгыг салгаж аваад..., ...Хулангийн биед Гантулгад цохиулаад хацар нь хавдсан, мөн хүзүү нь улайсан байсан... гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 168, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулга нь ...би хохирогчийг цохиогүй..., ...хохирогчтой эвлэрэх боломж олгож өгнө үү... гэсэн тайлбарыг гаргаж байгаа ч энэ нь дээрхи хохирогч, гэрч Б.Батцэцэг нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогддог ба хохирогч Б.Хулангийн мэдүүлэг нь гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шууд нотлогддог бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж байна гэж үзэхээр байна.

Иймд эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгчийн би хохирогчийг цохиогүй гэх тайлбар нь няцаагдаж байна.  

 

Харин шүүгдэгч Г.Гантулгын хохирогчтой эвлэрэх боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийн хувьд шүүх хангах боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгчид хохирогчтой эвлэрэх хангалттай хугацаа байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй мөртлөө шүүх хуралдаан дээр хохирогчтой эвлэрэх боломж гаргаж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, торгох ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Хуланд 354.444.48 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс 354.444.48 төгрөгийг нэхэмжилсэн, харин улсын яллагчийн яллагдагчаар татах тогтоолын хавсралтанд хохирогч шүүгдэгчээс 35.444.448 төгрөгийн хохирол нэхэмжилсэн харагдаж байх ба энэ талаар шүүх хуралдааны явцад улсын яллагч болон шүүгдэгчээс асууж тодруулахад хохирогч Б.Хулан нь шүүгдэгч Г.Гантулгаас 354.444.48 төгрөгийг нэхэмжилсэн нь тогтоогдож байх тул зөвтгөж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болно.

 

Шүүгдэгч Г.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

 

Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүгдэгч Г.Гантулгын эзэмшлээс “SAMSUNG” маркийн 32 инчийн LCD зурагт битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 294., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганчимэгийн Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

2. Шүүгдэгч Боржигон овгийн Ганчимэгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 192.000х5=960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганчимэгийн Гантулга нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Боржигон овгийн Ганчимэгийн Гантулга нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүгдэгч Г.Гантулгын эзэмшлээс “SAMSUNG” маркийн 32 инчийн LCD зурагт битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй,

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Ганчимэгийн Гантулгад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН