Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Б.С,

         Хариуцагч: Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох,

         Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар “Төлбөр барагдуулах тухай акт”, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагын тус тус Б.Сд холбогдох хэсгийн хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гэрч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С миний бие “Чандманьбадрал” ХХК-д 2019 оны 07 сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 сарын 06-ны өдрийг хүртэл кассын нярвын албан тушаал эрхэлж байсан болно. Энэ хугацаанд Төрийн аудитын газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд 01/37 дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Б.С надад 3767462.29 төгрөгийн төлбөр тавьсан байдаг. Миний бие албан үүргээ гүйцэтгэж байхдаа тухай бүр нь худалдан авалт хийсэн тайлангаа, баримтын хамт байгууллагын нягтлан бодогчид гарган өгч байсан, нэг ч төгрөг дутагдуулж байгаагүй. Харин ийнхүү гарган өгсөн баримтыг нягтлан бодогч бүртгэсэн эсэх, үнэн зөв тайлагнасан эсэхийг миний бие мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй. Түүнчлэн миний бие Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5, 13.6, 13.7 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах, үнэн зөвийг хариуцах албан тушаалтан биш атал зөвхөн надад холбогдуулан төлбөрийн акт тавьсан.

           Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актын хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тус актыг захиргааны байгууллага танилцуулах үүрэгтэй, гэтэл надад энэхүү төлбөрийн актыг албан ёсоор танилцуулаагүй гардуулж өгөөгүй бөгөөд Төрийн аудитын газраас байгууллагын захирал, дэд захирал, нягтлан бодогчид танилцуулан гарын үсэг зуруулсан болохыг мэдлээ.

          Мөн миний бие Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан боловч намайг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

           Төрийн аудитын байгууллага нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төлбөрийн акт тавих эрхтэй боловч хөрөнгө дутагдуулсан гэх зөрчлийг бүрэн гүйцэд шалгаагүй, хариуцлага хүлээх этгээдийг зөв тодорхойлоогүй, хууль зүйн үндэслэлгүйгээр Б.С надад холбогдуулан төлбөрийн акт тавьсан байна.

          Намайг касснаас бэлэн мөнгө дутагдуулсан гэж дүгнэсэн байх боловч дутагдуулсан гэх мөнгөөр байгууллагад бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтууд нь бүгд нягтлан бодогч дээр байсан, гэтэл энэхүү шалгалтын дараа миний гаргаж өгсөн тайлан, бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтуудыг надад хүлээлгэн өгсөн ба ямар шалтгаанаар эдгээр баримтыг Төрийн аудитын шалгалтанд оруулаагүй нь ойлгомжгүй байна.

           Иймд тус төлбөрийн акт нь үндэслэлгүйгээр миний эрх ашгийг зөрчсөн төдийгүй, тус актыг үндэслэн байгууллагын эд хөрөнгө дутагдуулсан гэх шалтгаанаар миний бие ажлаас халагдаж, хөдөлмөрлөх эрх минь давхар зөрчигдсөн болно”.

             Аудитын шалгалтын нэгтгэл дүн дээр нь намайг 3700000 төгрөгийн дутагдалтай. Тэгээд чи аудитад өөрөө хүсэлт гаргаад, шалгуулаад 6000000 төгрөг нэмүүлчихлээ гэдэг зүйлийг Э.Ууганбаяр нягтлан надад хэлсэн. Тэгээд би яагаад ийм байдалд хүрэх ёстой юм бэ гэсэн чинь наад 6000000 төгрөг чинь тооцооллын алдаа. Энэ 3700000 төгрөгийн өрнөөс чинь энэ пионууд ингээд хасагдчихна гэдэг зүйлийг өөрөө надад хэлсэн. Нэгтгэл дүнгээс нь хасах ёстой юм биш үү гэж асуусан. Түүнээс биш тэр ус буцалгагч, үл буцах хоолой зэрэг зүйлс бүгдээрээ дараа тооцооны тайлангаар авдаг. Худалдан авалтаа тэгж хийдэг. Би энэ авлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр тэр 1500000 төгрөг нь ч хаанаас гарч ирээд байгаа юм мэдэхгүй. Чи ийм тооцооллын алдаа гаргаад чамд ингээд авлага үүсчихээд байна гэж надад огт тайлбарлаж хэлээгүй. Намайг анх ажилд ороход Эрдэнэчимэг нягтлан байсан. Тэгээд миний хийх ёстой ажлыг ийм ийм байдаг гээд тайлбарлаж өгсөн анхан шатны удирдлагын арга зүйгээр хангаж өгсөн. Эрдэнэчимэг нягтланд тайлангаа цаг тухай бүр нь өгч байсан. Тэгээд Эрдэнэчимэг нягтланг халахтай давхцаад байгууллагад хагаралтай байсан. Тухайн үед Э.Ууганбаяр нягтлан надад сайн хандаж, би чамд тусална, чи энэ завсар хаягдах гээд байна гээд эхнээс нь хоёулаа бүгдийг нь тулгаад явна гэдэг байдлаар миний тайланг өөрөө гардаж, шалгаж, явж байсан. Тэгээд одоо бүх зүйл нээлттэй болсон би интернетээс нягтлан бодох бүртгэл, бэлэн мөнгөтэй харьцаж талаар судалсан. Гэтэл баримтуудыг өөрчлөх байдлыг удирдлагын албан шахалтаар хийсэн. Энэ аудитын баримт дээр гарын үсэг зурсныг мөн тийм байдлаар зурсан. Ганц л удаа би тэгж бэлэн мөнгө гаргасан. н.Эрдэнэчимэг нягтлан, Э.Ууганбаяр нягтлан бодогч арга барилын хувьд хоорондоо өөр байсан. Тэгээд Эрдэнэчимэг нягтлан ажлаасаа халагдсан. Э.Ууганбаяр нягтлангийнхаар бүгдийг нь өөрчлөөд явж байгаа нь энэ. Тэгээд н.Эрдэнэчимэг нягтлантай хийж байсан бүх зүйлийг Э.Ууганбаяр нягтлан өөрчлүүлж 07 дугаар сарын тайлан гарсан. Түүнээс хойш Э.Ууганбаяр нягтлангийн арга зүйгээр явсан. Намайг ажиллаж байх хугацаанд нэг л тийм тохиолдол байсан. Хамааралтай үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Япон улс руу явах зардалд 50 хувийг нь байгууллага даагаад, 50 хувийн зардлыг нь явах хүмүүс өөрөө даасан. Тэгээд 16 хоног явсан. Тэгж явахад хувь хүмүүсээс орж ирэх 1500000 нь орж ирээгүй байна. Түр кассаас зээлье гэдэг байдлаар дэд захирал, бараа материалын нярав Э.Ууганбаяр, эдийн засагч Хишигжаргал зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс орж ирсэн мөнгөнүүд нь энд гарын үсэгтэйгээ байгаа. Тэгээд Э.Ууганбаяр нягтланд би хэлсэн. Энэ мөнгө чинь хаана ороод ирчихсэн байгаа юм бэ гэхээр оруулцан гээд байдаг. Би касснаас бэлэн мөнгө өгч болохгүй. Ийм байдлаар миний ажил явж болохгүй гэдэг шаардлагыг тавьсан. Тэгэхэд Г.Өлзийжаргал эдийн засагч үүнд гарын үсэг зураад авчихъя гээд авсан байсан. Би тухайн үед Эрээнд явж байсан. 47974 юанийг гарын үсэг зуруулаад өгсөн байдаг. 47974 юаниас 13000 юанийг, мөн 6900 юанийг нь авсан” гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Б.С нь “Чандманьбадрал” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл кассын нярвын албан тушаал эрхэлж байсан. Ажиллаж байх хугацаанд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас “Мөнгө нөөц баялаг” гэх компанитай ажил гүйцэтгэх гэрээгээр 2018 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийнэ гээд уг аудитын шалгалтаар зөрчил гаргасан гэж үзээд тухайн “Мөнгө нөөц баялаг” аудитын газрын тайлан, дүгнэлтийг үндэслэн Төрийн аудитын газраас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлбөр барагдуулах тухай 01/37 дугаартай актыг гаргадаг. Энэхүү акт дээр Б.Сд холбогдуулан 3767462 төгрөгийн төлбөр тавьсан. Б.С албан үүрэгтээ шинээр томилогдсон байсан учраас тайлан мэдээ бага зэрэг хоцрогдолтой байдаг байсан. Гэхдээ би тайлан мэдээг өөрийнхөө худалдан авалт хийсэн бүхэнд гаргаж өгдөг. Энэ гаргаж өгсөн баримт материалыг нягтлан бодох бүртгэлд хэрхэн яаж үнэн зөв тусгагдсан эсэх асуудлыг мэдэх боломж байхгүй. Би өөрийн зүгээс нярвын гүйцэтгэх ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар мөнгө дутагдуулсан асуудал байхгүй байхад надад холбогдуулж ингэж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэхээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5, 13.6 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах, үнэн зөвийг хариуцах, үүрэг чиглэл өгөх нь тухайн байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогчийн эрх хэмжээнд хамаардаг асуудал. Түүнээс биш би санхүүгийн дээд мэргэжилтэй хүн биш учраас энэ тайлан, тооцоо зөв гарсан эсэх асуудал миний мэдэх асуудал биш учраас энэ төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би ямар нэгэн байдлаар мөнгө дутагдуулаагүй гэсэн байдлаар нэхэмжлэл гаргадаг. Ингээд төлбөрийн акт гараад тухайн байгууллага дээр Б.Сгийн нэр дээр 10000000 гаруй сая төгрөгийн төлбөр гарлаа гэдэг асуудал хурал дээр ч яригдаад, дам яриа байдаг боловч яг энэ төлбөр барагдуулах тухай актыг Төрийн аудитын газраас Б.Сд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гардуулж, сонсох ажиллагаа хийсэн зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл “Чандманьбадрал” ХХК нь 10000000 төгрөгийн дутагдал гарсан гээд 6589509.03 төгрөг дээр 3700000 төгрөг гээд 10000000 төгрөгийн дутагдал гарсан гэдэг үндэслэлээр Б.Сг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсан. Ажлаас халсан тушаалаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн. 

Энэ асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхад нөгөө талаас нотлох баримт болгож аудитын төлбөр тогтоосон актуудын гаргаж өгсөн. Тэгэхээр үүнийг тухайн иргэний хэрэг дээр байгаа материалуудаас олж мэдээд хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг ерөнхий аудиторт хандан гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

           Мөн дараагийн шаардлага нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 дугаартай зөрчил арилгуулах тухай гэсэн албан шаардлага байдаг. Энэхүү албан шаардлагад Б.Сгийн нэр дээр 6589509.03 төгрөгийг дараа тооцооны авлага бүртгэж тооцоо бодоогүй байна гэдэг үндэслэлээр албан шаардлага гаргасан. Тийм учраас Төрийн аудитын газрын энэ албан шаардлага хуульд заасан материаллаг болон процессын шаардлага хангаагүй  хууль бус акт байна гэж үзэж өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байгаа. 01/37 дугаар актад Төрийн аудитын газар тайланг хугацаанд нь гаргадаггүй, мөнгөн хөрөнгийг нэг хүн зарцуулдаггүй, олон хүн бэлнээр авч Эрээн явж бараа авч ирж тайлагнадаг гээд бичсэн байдаг. Эд хариуцагч нь Б.С биш байсан юм байна. Тухайн үед маш олон хүн үүнийг хариуцаж байсан юм байна. Тийм учраас энэ олон хүн мөнгийг авсан байхад өнөөдөр яагаад зөвхөн Б.С хариуцах болж байгаа юм бэ. Энэ асуудал дээр бид нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хариуцлага хүлээхээр эрх бүхий байгууллагаас томилогдсон этгээдийг ерөнхий нягтлан бодогч гэнэ гэж заасан. Тэгэхээр ерөнхий нягтлан бодогч энэ хариуцлагыг тухайн санхүүгийн аудит дээр ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд тайлангийн зөрчлийг ерөнхий нягтлан бодогч хариуцдаг. Гэтэл зүгээр нэг эд хариуцагч буюу кассын няравт бүх хариуцлагыг оногдуулаад, танилцуулсан гэдэг дээрээ байгууллагын ерөнхий нягтлан, захирал хоёроор нь гарын үсэг зуруулчихаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь Б.С болж байгаа. Тэгэхээр энэ актыг Б.Сд танилцуулсан буюу гардуулсан гэсэн ийм баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

          Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд гардуулснаар мэдэгдсэнд тооцно гэсэн заалт байдаг. Тэгвэл үүнийг гардуулсан уу. Гардуулсан гэсэн баримт хэргийн материалд байдаг уу. Сонсох ажиллагааг явуулсан гэж хэлдэг. Гэтэл “Мөнгө нөөц баялаг” аудитын тэр шалгалтын үйл явц энэ аудитын дүгнэлт гарахаас өмнө хийгдэж байгаа боловч яг тэдэн төгрөг гарлаа шүү гэсэн талаар Б.Сгоос тайлбар авсан зүйл байдаггүй. Зөвхөн Э.Ууганбаяр нягтлан ийм төлбөр гарах боломжгүй бид нар ийм, ийм баримт гаргаж өгнө, пио /падаан/ нь ингээд гараад ирсэн. Үүнийгээ хасуулах боломжтой гэсэн зүйл ярьдаг. Тийм учраас сонсох ажиллагааг Б.Сгоос аваад Б.Сгийн зүгээс энэ хэдэн төгрөгийн дутагдал гарсан юм, хэд, хэдэн сард гарсан юм гэдэг байдлаар акт гаргахдаа хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Түүнээс биш захиргааны хэргийн шүүх дээр энэ бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэг байхгүй. Одоо бид нар энэ тооцоонуудыг бодоод тэдэн төгрөг байх ёстой юм байна гээд тооцоо бодоод сууж байх тийм боломж ч бид нарт байхгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага акт гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй. Түүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны актад гаргасан гомдлыг хэнд гаргах уу, хэзээ гаргах талаар заавал заах ёстой. Тийм учраас ямар нэгэн гомдол гаргах талаар танилцуулаагүй. Актад гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүйн улмаас энэ хүн өнөөдөр энэ актыг үндэслээд ажлаасаа халагдаад эрх ашиг сонирхол нь ноцтойгоор зөрчигдчихөөд явж байгаа юм. Гомдол гаргах болон гарсны дараа явагдах процесс хуулийн дагуу хийгдээгүй байна. Материаллаг эрх зүйн шаардлага гэдэг нь энэ хүний буруутай үйлдэл үйл ажиллагаа нь энэ төлбөр гарахад шууд шалтгаант холбоотой тохиолдолд нярав дээр төлбөр тооцооны акт тавигдах ёстой. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байгаа хариуцлага хүлээхээр заасан этгээд гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт зааснаар ерөнхий нягтлан бодогч хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа. Хариуцлага хүлээхээр томилогдсон хүнийг ерөнхий нягтлан бодогч гэнэ. Тэгэхээр өнөөдөр энэ маш олон нягтлан бодогч тайлан тооцоогоо буруу хийсэн. Бүртгэл хийгээгүй, зөв буруу хийж байнга засаж байдаг. Үүний улмаас энэ хүн хохироод байна. Яагаад байгууллагын дарга хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Урд нь аудитаас ямар нэгэн дүгнэлт гарахад заавал байгууллагын нягтлан, захирал хариуцлага хүлээдэг шүү дээ. Хуульд зааснаар хариуцлага хүлээх ёстой үүрэг бүхий субьектүүд учраас энэ этгээдүүдэд тодорхой хэмжээний үнийн дүнг хувилж өгөх гэх мэтчилэн заавал хариуцлага хүлээлгэдэг.

          Тэгэхээр өнөөдөр бид нар нэг зүйл дээр л ач холбогдол өгөх ёстой юм болов уу гэж бодож байна. Энэ байгууллагын замбараагүй, эдийн засгийн сахилгын хариуцлага муу, тайлан тооцоогоо буруу хөтөлдөг, хожимдуулж хөтөлдгөөс болоод ийм зөрчил гарчихсан байхад энэ зөрчлийг зөвхөн Б.С буюу нярав хүлээж авсан. Гэтэл Нягтлан бодох тухай хуульд эд хариуцагчийн хүлээх хариуцлага гэж байхгүй. Нягтлан бодох бүртгэлийг удирдлагыг хэн хүлээх ёстой юм бэ, зохион байгуулах, хяналт тавих, сар бүр тооцоо тайланг шалгах шаардаж гаргуулж авах, данс тооцоог нь бүртгэх. Эд хариуцагч солигдож байгаа тохиолдолд заавал тайлан тооцоог бүртгэдэг.

        Тэгэхээр тайлан тооцоо бүртгэсэн зүйл байхгүй. Тэгсэн мөртлөө эцсийн байдлаар ингэж акт тавигдсан нь Төрийн аудитын тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн хариуцвал зохих этгээдийн зохицуулалтыг буруу сонгож хэрэглэсэн. Түүнээс гадна Б.Сгийн үйлдэл үйл ажиллагааг шууд хохирол учруулсан гэх шалтгаан нөхцөл  тогтоогдохгүй байна. Иймд актыг болон албан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж, дахин акт гаргахыг даалгаж өгөөч гэж хүсэж байна” гэв. 

           Хариуцагч Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ч.Ариунаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасан эрх үүргийн дагуу “Чандмань бадрал” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд Мөнгө нөөц баялаг-Аудит ХХК гэрээгээр аудит хийж, аудитааар мөнгөн кассын ажиллагаанд сорил гүйцэтгэн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг 2019/02/26-ны өдрөөр тасалбар болгон тоолж, тооцоог бодоход өмнө нь ажиллаж байсан кассын нярав А.Мөнхтуяа, тухайн үед ажиллаж байсан Б.С нартай холбоотой, баримтаар нотлогдоогүй 7362408,6 төгрөгийн зөрчил илрүүлж, тус төлбөрийг төлүүлэхээр 2019/02/27-ны өдөр 01/37 ДГА-2019/05/СТА-ОНӨААН дугаартай төлбөрийн акт тогтоосон.

          Мөн “Чандмань бадрал” ХХК нь бэлэн мөнгийг их хэмжээгээр харилцах данснаас чекээр гарган авч шууд худалдан авалт хийсэн, бэлэн мөнгөний зарцуулалтад хяналт тавиагүй, тооцоог сар бүр бодоогүй, эд хариуцагч тайланг холбогдох заавар журамд заасны дагуу гаргадаггүйгээс мөнгөн кассаар ажиллаж байсан А.Мөнхтуяагийн нэр дээр 12529308,63 төгрөг, Б.Сгийн нэр дээр 6589509,03 төгрөг, нийт 19118817,66 төгрөгийн дараа тооцооны авлага бүртгэж, тайлагнасан байх боловч тооцоо бодож баталгаажуулаагүй байсан зөрчил илрүүлж, тус зөрчлийг арилгуулахаар 2019/02/27-ны өдөр 03/38 ДГА-2019/05/СТА-ОНӨААН дугаартай албан шаардлагын акт тогтоосон байна.

           Нэхэмжлэгч Б.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ба Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон 01/37 тоот төлбөрийн акт, 03/38 тоот албан шаардлагыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

         Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаарын тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг үндэслэн мөнгөн кассын үлдэгдэл дутагдуулсан зөрчилд төлбөрийн акт тогтоосон ба актын нотлох баримт болох 2018 оны мөнгөн кассын үлдэгдлийн нэгтгэлийг тооцооны нягтлан бодогч Э.Ууганбаяр, мөнгөн кассын нярав Б.С нарт 2019/02/26-ны өдөр танилцуулан гарын үсэг зуруулж, баталгаажуулсан, мөн санхүүгийн аудитын стандартын дагуу аудитараар илэрсэн залруулаагүй буруу илэрхийлэл буюу алдаа зөрчилтэй асуудлын бүртгэл В501 маягтыг компаний удирдлагууд, бүх ажилчдад танилцуулан мэдээлэл хийж, хурлын протокол үйлдэн, 1 цаг 30 минутын бичлэг хийж нотлох баримтуудыг бүрдүүлсэн тул нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлд дурьдсан төлбөрийн акт тогтоосон тухай албан ёсоор танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцуулахгүй шийдвэрлэсэн гэсэн шаардлагуудыг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.4, 13.5, 13.6, 13.7 дахь заалтууд, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй “Чандманьбадрал” ХХК-ийн захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч нарт дээрх актыг хариуцуулж танилцуулан баталгаажуулсан болно.

Нэхэмжлэгч Б.С нь худалдан авалтын тайланг тухай бүр гарган өгч байсан мөнгөн дутагдуулж байгаагүй, нягтлан бодогч хэрхэн тайлагнасныг мэдэх боломжгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

           Монгол Улсын Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм”-ийн 2.17-д “Эд хариуцагч нь өөрийн хариуцаж байгаа зүйлийн орлого, зарлагын болон үлдэгдлийн мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар хариуцсан нягтлан бодогчид гарган өгч байна”. 18-д “Өөрийн хариуцагч байгаа эд зүйлийн үлдэгдлийг тооллого хийх, тооцоо бодоход биеэр оролцож байх ба тооллого хийгдэж байгаа зүйл нэг бүрийг биечлэн үзүүлж тооцуулах үүрэгтэй”, 3.22-т “Өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгөд тооллого хийх, тооцоог бодуулах ажлыг тогтоосон хугацаанд хийлгэхийг шаардах ба уг ажилд өөрийн биеэр оролцох эрхтэй”, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны маягтыг нөхөх заавар”-ын 2.3-т “Мөнгөний нярав орлого, зарлагын баримтууд, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн баримт тус бүрээр өдөр бүр бэлэн мөнгөн гүйлгээний тайланг 2 хувь үйлдэн, 1 хувийг холбогдох баримтуудын хамт нягтлан бодогчид тушааж, үлдэх хувийг өөртөө үлдээнэ. Нягтлан бодогч бэлэн мөнгөн гүйлгээний тайлангийн хуудсыг нь хосоор ижил дугаарлаж няравт өгөх бөгөөд тэрхүү дугаарын тоо санхүүгийн жилд тасралтгүй мөрдөгдөж байвал зохино” гэж эд хариуцагчийн эрх үүрэг, гүйцэтгэх ажлын талаар тодорхой тусгасан байна.

             Гэтэл иргэн Б.С нь мөнгөн кассын нярваар ажиллаж байх хугацаандаа журамд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүйгээс үндсэн ажлын чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь баримтаар нотлогдож байх ба өөрийн гаргасан зөрчилтэй аудитын явцад танилцан, гарын үсгээр баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн байх тул 01/37 тоот төлбөрийн акт, 03/38 тоот албан шаардлагыг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эд хариуцагчийн хүлээх үүрэг хариуцлагыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн хуультай уялдуулаад эрх үүргийг нь тодорхой зааж өгсөн Сангийн сайдын журам батлагдсан байдаг. Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм 69 гээд журам байгаа. Үүн дээр эд хариуцагч яг ямар үүрэг хүлээх ёстой юм, ямар эрхтэй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудад эд хариуцагч гэж хэнийг хэлэх юм, эд хариуцагч бэлэн мөнгөний тайланг ямар хугацаанд гаргаж өгөх юм гэдгийг тодорхой зааж өгсөн. Ийм учраас өөрийнхөө үүргийг биелүүлээгүй хүн өөртэй нь шууд холбоотой асуудал яригдаж байхад өнөөдөр удирдлагатай холбоотой гэсэн ийм асуудал ярьж болохгүй байхаа гэж бодож байна.

          Мөн сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг тухай яригдаж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийг тодорхой заагаад өгсөн байгаа. Сонсох ажиллагааг бид нар “Мөнгө нөөц баялаг” аудит компани аудитаа хийж дуусгаад “Чандманьбадрал” ХХК-тай аудит хийсэн дүнгийн хурлыг хийсэн байгаа. Үүнд Б.С өөрөө оролцсон. Үүнийг бид Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгол зохион байгуулах хэлбэрээр сонсох ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь акт, албан шаардлага хоёрын ялгааг сайн ойлгохгүй байх шиг байна. Төлбөрийн акт гэдэг бол “Мөнгө нөөц баялаг” аудитын газрын аудитор энэ хүнтэй зэрэгцэж сууж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл анхан шатны баримтуудтай нь бэлэн мөнгөний тайланг нь тулгаад, ийм зөрүү байна гэдгийг гаргаж ирээд энэ мөнгө дутагдсан учраас энэ мөнгийг улсын санд төвлөрүүлэхээр улсын байцаагч төлбөрийн акт тогтоож байгаа юм.

          Албан шаардлага гэдэг нь энэ санхүүгийн тайланд Б.Сгоос авах ёстой авлага зөв байна уу, үгүй юу, үнэн байна уу гэдгийг холбогдох албан тушаалтнууд нь нотлоод албан шаардлагыг хэрэгжүүлээд үнэхээр энэ хүнээс авлагатай бол энэ авлагыг барагдуулаад блансаа цэвэрлэ. Авлага биш байх юм бол дараа тооцооны авлага гэж хэргийн материал дээр яригдсан байна лээ. Дараа тооцооны авлага хэрэв байх юм бол энэ хүний баримт материалыг нь үндэслээд залруулга хийх боломжтой гэсэн, санхүү бүртгэлээ үнэн зөв болгоно гэсэн албан шаардлага нь бол ийм утга учиртай юм. Үүнийг нэхэмжлэгч ойлгохгүй төлбөрийн акт гэж яриад байх шиг байна. Нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуульд заасан чиг үүргээ өөрөө хэрэгжүүлж ажиллаж чадаагүй. Нягтлан бодох бүртгэл явагдах журмаараа явагдаад тэр нь тайландаа тусгагдсан. Үүнийг нотлох баримтаар нотолсны үндсэн дээр энэ зөрчлийг илрүүлж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй. Бидний тавьсан акт үндэслэлтэй хуулийн зүйл заалтыг авч тогтоосон гэж үзэж байна.

           Тухайн аудитор бэлэн мөнгөний үлдэгдлийг шалгахдаа хөөн шалгах гэдэг арга горим байдаг. Тийм учраас 12 дугаар сарын 31-нд байх ёстой мөнгийг бид нар өнгөрсөн хойно нь 2 дугаар сард шалгаж байгаа учраас түүнийг нотлох боломжгүй учраас энэ стандартад заагдсан хөөн шалгах гэдэг арга горимыг хэрэглэж 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн аудит орж байгаа өдрөөр тасалбар болгож хөөн шалгалт хийж нотолж байгаа юм. Мөн бүрэн шалгаагүй гэдэг асуудал яригдаж байна. Үүн дээр бид тухайн хувийн аудитын компани бүрэн шалгаж байна уу үгүй юу гэдгийг бид нотлохгүй. Та нар үнэхээр энэ асуудлыг ярьж хөндөх гэж байгаа бол Төрийн аудитын тухай хуульд байгаа тухайн аудиторын гаргасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандахаасаа өмнө Монгол улсын Ерөнхий аудиторт холбогдох журмынх нь дагуу хандаж Дорноговь аймаг дахь Төрийн аудиторын газар аудит хийхдээ хувийн байгууллагаар дутуу хийлгүүлж гүйцэтгүүлсэн байна. Үүнийг дахин шалгуулаач ээ гээд шалгуулах эрх нь нэхэмжлэгчид байсан. Өөрөө хууль уншиж судлаагүй байна. Бид аймгийн 260 гаруй байгууллагатай харьцаж дүгнэлт гаргаж байгаа. Тэр бүр тайлбарладаггүй. Нэхэмжлэгч үүнийг судлаад дахин шалгуулах боломжтой байсан шүү. Үүнийг тодруулж хэлмээр байна. Б.С жишээ нь энэ 3 000 000 төгрөгийн зөрчилтэй танилцаагүй гээд байгаа. Гэтэл 02 дугаар сарын 23-ны өдрөөр мөнгөн дансны үлдэгдлийг нотлох баримт дээр үндэслээд тооцож гаргасан тооцоог нягтлан бодогч Ууганбаяр, нэхэмжлэгч Б.С нарт танилцуулаад гарын үсэг зуруулж авсан нотлох баримт байгаа. Энэ нотлох баримт хэрэгт бас байгаа. Тэгэхээр энэ дүнг өөрөө танилцаагүй, мэдэхгүй, яагаад гаргасан юм бэ гэдгийг санхүүгийн ажил, мөнгөн кассын нярав хийж байсан ийм хүн ийм утгагүй асуудал ярихгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл өөрөө тухайн аудит очиход нотлох баримт өөрөө гаргаж өгөөд, үзүүлээд энэ дүнгээ гаргаад тэгээд үүнийгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад баталгаажуулсан баримт хэргийн материалд байгаа. Тийм учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлгүй байх гэж бодож байна

           Мөн аудитаар тогтоосон тухайн зөрчлийг тухайн Чандмань бадрал ХХК нь дахиж хяналтын комисс томилоод энэ зөрчлийг тодруулаад, зөрчил байна гэдэг үндэслэлээр нь гаргаж ирсэн байна. Эд хариуцагчийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргүүдээ хэрэгжүүлж ажиллаагүй. Үүнээс болж энэ зөрчлийг гаргасан байна гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээс харагдаж байна. Шүүх хурал дээр нэхэмжлэгч гэнэт байж байгаад янз бүрийн асуудлаар дур мэдээд мөнгө төгрөг авдаг гээд асуудал ярьж байна. Үүнийг хэрэг шийдэгдэх хугацаанд яриагүй байсан гэж байна.

            Тэгэхээр эд хариуцагч өөрөө энэ эд хариуцагчийн эрх үүрэгт зааснаар удирдлага болоод санхүүгийн ажилтны хууль бус шийдвэрүүдийг биелүүлэхгүй байх, үүнийг таслан зогсоох санал хэлэх бүрэн эрхтэй. Энэ эрхийг өөрөө хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлээгүй. Тийм учраас хамтарсан сайдын тушаалаар батлагдсан журмаар бэлэн мөнгөний тайлан яаж хийх хэдэн хувь хийж, ирээдүйд гарч болох эрсдлээс өөрийгөө хамгаалах зэрэг зүйлүүд тодорхой тусгагдсан байгаа боловч үүнийг хувь хүний хариуцлагагүй байдлаас болоод хэрэгжүүлээгүйгээс болоод баримт материал солигдсон, засдаг гэх зүйл яригдаж байна. Мөн компанийн санхүүгийн баримтуудыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хугацаанд өөр дээрээ авч яваад тэгээд компаниас энэ баримт материалуудыг гаргаж өгөх боломжийг нээлттэй байлгасаар байтал энэ хүн өнөөдрийг хүртэл баримт материалуудыг гаргаж өгч тайлангаа үнэн зөв гаргуулаагүй олон сар явчихжээ. Тэгэхээр энэ боломж өөрт нь байсан байна.

          Нэхэмжлэгч өөрөө компанийн нярвын ажлыг хийхдээ санхүү, дарга, компанийн захирал удирдлага санхүүгийн ажилтнуудын хэлж зааварласнаар хийсэн мэтээр шүүх хуралдаан дээр ярьж байна. Гэтэл өөрт нь хуулиар заагаад өгсөн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлнэ гээд өөрөө хүлээн зөвшөөрөөд энэ ажил албан тушаалд томилогдсон байгаагийн хувьд хуульд захирагдаж өөрийнхөө үүрэгт ажлыг чанартай гүйцэтгэх ёстой. Эргээд үүнийхээ дагуу хариуцлага хүлээх ёстой. Хэдийгээр нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг байгууллагын удирдлага хариуцна гэж заасан боловч энэ хүн өөрөө хөдөлмөрийн гэрээ ажлын байрныхаа тодорхойлолтоор би ийм, ийм ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнийхээ төлөө цалин авна гэсэн учраас хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр манай гаргасан захиргааны акт, албан шаардлага үндэслэлтэй. Ер нь бодоод үзэхэд төсөвт байгууллагад ч бай орон нутгийн өмчит компани ч бай удирдлага санхүүгийн ажилтнууд энэ хариуцлагыг хүлээх ёстой гээд доод албан тушаалтнууд нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс болоод ийм санхүүгийн зөрчил дутагдал гарсаар байх уу гэдэг асуудал бас энд хөндөгдөнө. Тийм учраас шүүх шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Дорноговь аймаг дахь Төрийн Аудитын газраас “Мөнгө нөөц баялаг аудит” ХХК-тай байгуулсан “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ”,[1] мөн тус Төрийн Аудитын газрын даргын “Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө”-д[2] тус тус заасны дагуу “Мөнгө нөөц баялаг аудит” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “ЧандманьБадрал” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн байх ба санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчилд Дорноговь аймгийн Төрийн аудитын газраас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар актыг тогтоож, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагыг гарган тус тус Замын-Үүд сум дахь “Чандманьбадрал” ХХК-д хүргүүлжээ.

           Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар актаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бэлэн мөнгө /төгрөг/, юаний үлдэгдлээс бэлнээр байхгүй дутагдсан 7.362.408,60 төгрөгөөс 3.594.946,31 төгрөгийг “Чандманьбадрал” ХХК-д кассын нярваар ажиллаж байсан А.Мөнхтуяагаар, 3.767.462,29 төгрөгийг мөн кассын нярваар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Сгоор төлүүлэхээр тогтоосон байх ба мөн аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагаар мөнгөн кассын нярваар ажиллаж байсан А.Мөнхтуяад хамаарах 12.529.308,63 төгрөгийн, нэхэмжлэгч Б.Сд хамаарах 6.589.509,03 төгрөгийн дараа тооцооны авлагыг дахин тооцож мөнгөн хөрөнгийг зарцуулах ажил гүйлгээнд хамтран оролцоогүй санхүүгийн ажилтныг сонгон тооцоог бодуулж зөрчлийг арилгаж, биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны дотор Төрийн аудитын газарт ирүүлэхийг “Чандманьбадрал” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх төлбөрийн акт болон албан шаардлагын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...мөнгө дутагдуулсан гэх зөрчлийг бүрэн гүйцэд шалгаагүй, хариуцлага хүлээх этгээдийг зөв тодорхойлоогүй, би худалдан авалт хийсэн тайлангаа баримтын хамт тухай бүр нь нягтлан бодогчдод гарган өгч байсан, нэг ч төгрөг дутагдуулж байгаагүй, харин ийнхүү өгсөн тайлан, баримтыг нягтлан бодогч бүртгэсэн эсэх, үнэн зөв тайлагнасныг мэдэх боломжгүй, нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах, анхан шатны баримтын үнэн зөвийг хариуцах албан тушаалтан нь нягтлан бодогч байхад зөвхөн надад холбогдуулан акт тавьсан нь үндэслэлгүй, надад актыг албан ёсоор танилцуулж, гардуулаагүй буюу сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байх ба,харин хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...бэлэн мөнгөний тооцооны тооллого хийхэд нэхэмжлэгч өөрийн биеэр очиж бэлэн мөнгөний үлдэгдэл зөрүүтэй байгааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтуудыг үндэслэн төлбөрийн акт тогтоосон, эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм, хүлээх хариуцлагыг хууль болон журмаар тогтоосныг хэрэгжүүлж ажиллаагүй атлаа удирдлагатай холбоотой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан дагуу “сонсгол зохион байгуулах” хэлбэрээр явуулсан, аудитын акт болон албан шаардлага хуулийн үндэслэлтэй” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

         Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбарыг, хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

         1. Хариуцагч Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар актын тухайд:

 “Чандманьбадрал” ОНӨХХК-ны 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар

-“Их хэмжээний өндөр дүнтэй бэлэн мөнгөөр шууд худалдан авалт хийх, эд хариуцагчийн тайлан тооцоог бодож хяналт хийгээгүй, хяналт хийх чиг үүргийн албан тушаалтнууд өөрсдөө бэлэн мөнгөөр бараа материал худалдан авах ажилд оролцсон, бүртгэлээр тавих хяналт хаагдсан”,

-“Тус байгууллага бэлэн мөнгөний кассыг төгрөг болон юаний гэсэн 2 байдлаар нээсэн боловч тайлан тооцоог тухай бүрд нь гаргадаггүй, мөнгөн хөрөнгийг нэг хүн зарцуулдаггүй олон хүн бэлнээр авч Эрээн хот явж бараа татах ажилд зарцуулж тайлан гаргадаг”,

-“Тайлант жилийн мөнгөн хөрөнгийн сарын дундаж үлдэгдэл 5.0 сая төгрөг зарим саруудад 10,0-30,0 сая төгрөгийн үлдэгдэл 5-20 хоног хадгалагдсан зэрэг нь мөнгөн хөрөнгө алдагдах эрсдэлтэй бөгөөд мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг дараа тооцооны авлага дансаар бүртгэж, тооцоо бодож, шийдвэрлэх хугацааг алдагдуулсан”

-2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар мөнгө,

 юаний үлдэгдлээс бэлнээр байхгүй дутагдсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, 3.767.462,29 төгрөгийг нэхэмжлэгч Б.Сгоор төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон байдаг.

Дээрх актаар илэрсэн зөрчлүүдийн болон нэхэмжлэгчийн актыг эс зөвшөөрөн маргаж байгаа үндэслэлүүдийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхээс “Чандманьбадрал” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч болон бусад санхүүгийн ажилтнуудыг гэрчээр асууж мэдүүлэг авсан ба гэрчүүдийн мэдүүлэг[3] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Сг /2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон/ мөнгөн кассын нярваар ажиллах хугацаанд түүний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ерөнхий нягтлан бодогч /н.Эрдэнэчимэг, Н.Ууганбаяр, Ц.Лхагвасүрэн/ 3 удаа солигдсон, компаний бүх нягтлан бодогч нар нэг эрхээр санхүүгийн программд ханддаг байснаас программ дээрх хийсэн гүйлгээ засагддаг, устдаг, өөрчлөгддөг асуудлууд гардаг байсан.

Түүнчлэн кассын журнал хөтлөгддөггүй, төгрөгийн болон юаний[4] гэх данстай болсон, /төгрөгийг юань болгон худалдан авалт хийсний дараа үлдэгдэл юанийг тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн төгрөгийн дансанд буцааж тушаадаг/ хяналт тавих чиг үүрэгтэй эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө төгрөгийн болон юаний кассынхаа учрыг олдоггүй, ойлгодоггүй байсан, ерөнхий нягтлан бодогч нар өөр өөрсдийн арга барилаар тайлан хийлгэдэг, иймээс нэхэмжлэгчийн өмнө нь хийсэн кассын тайланг өөрчлүүлж, засуулдаг байсан, мөнгөн кассын бэлэн мөнгийг тогтсон хугацаанд тоолж байгаагүй, тооллого хийгээд кассаас мөнгө дутахад тухай бүрд нь арга хэмжээ байгаагүй, компаний эрх бүхий албан тушаалтнууд болон санхүүгийн ажилтнууд тэр дундаа ерөнхий нягтлан бодогч нар бэлэн мөнгөний худалдан авалтыг хийж байсан зэрэг ноцтой зөрчлүүд “Чандманьбадрал” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд байсан нь;

- нэхэмжлэгч Б.Сгийн тухайд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, эд хариуцагчийн эрх үүргийг биелүүлж ажиллаагүй нөхцөл тогтоогдож байх хэдий ч эдгээр тогтоодсон нөхцөл байдал, компаний болон эрх бүхий албан тушаалтнуудын санхүүгийн сахилга батгүй, хариуцлагагүй үйл ажиллагаа нь кассын бэлэн мөнгө дутагдах шалтгаан болсон эсэхийг гүйцэд шалган тогтоож, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай  байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт анх удаа  “...Юанийг доллар болгоод буцаагаад юань болгоод тэгээд энэ юань, долларын зөрүү нь над дээр гараад байгаа юм”, “...Япон улс руу явах зардалд 50 хувийг нь байгууллага даагаад, 50 хувийн зардлыг нь явах хүн өөрөө даасан. Тэгээд 16 хоног явсан. Тэгж явахад хувь хүмүүсээс орж ирэх 1 500 000 нь орж ирээгүй байна. Түр кассаас зээлье гэдэг байдлаар дэд захирал, бараа материалын нярав Э.Ууганбаяр, эдийн засагч н.Хишигжаргал зээлсэн. Тэгээд Э.Ууганбаяр нягтланд би хэлсэн. Энэ мөнгө чинь хаана ороод ирчихсэн байгаа юм бэ гэхэд. Оруулсан гээд байдаг. Би касснаас бэлэн мөнгө өгч болохгүй. Ийм байдлаар миний ажил явж болохгүй гэдэг шаардлагыг тавьсан. Тэгэхэд эдийн засагч Г.Өлзийжаргал үүнд гарын үсэг зураад авчихъя гээд авсан байсан. Би тухайн үед Эрээнд явж байсан. 47 974 юанийг гарын үсэг зуруулаад өгсөн байдаг. Тэгээд буцаагаад авсан мөнгөө, бас өгсөн хүнээс нь энэ дээрээ гарын үсэг зуруулаад авсан. ... 47 974 юаниас 13 000 юанийг, мөн 6 900 юанийг нь буцааж авсан” гэх тайлбарыг гаргасан ба энэ талаарх баримт кассын болон санхүүгийн тайланд тусгагдсан эсэх, компаний эрх бүхий албан тушаалтнууд нь кассаас бэлнээр авсан юанийг бүрэн гүйцэд кассад буцаан өгсөн эсэх, энэ нь санхүүгийн тайланд хэрхэн тусгагдсаныг тодруулан, шалган тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн нэхэмжлэгч Б.Сг “Чандманьбадрал” ХХК-ийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар[5] мөн өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар кассын нярваар авч ажиллуулсан бөгөөд мөн компаний захирлын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар[6] үндсэн ажилтнаар томилсон нь тогтоогддог байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн туршилтын хугацаагаар ажиллах 3 сарын хугацаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр дууссанаас хойш үндсэн ажилтнаар томилогдох хүртэл 02 сар 06 хоногийн хугацаанд “Чандманьбадрал” ХХК-д ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээгүйгээр мөнгөн кассын нярвын ажил үүргийг гүйцэтгэсэн, улмаар ажил олгогчоос нэхэмжлэгч Б.Стой ажил олгогч болон эд хариуцагчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн мөнгөн кассын нярвын албан тушаалд томилсон тушаалгүйгээр тухайн ажил үүргийг гүйцэтгэсэн 02 сар 06 хоногийн хугацааны кассын үйл ажиллагааны зөрчилтэй байдлыг болон уг хугацаанд хийсэн ажил үйлчилгээ, худалдан авсан бараа материал, дараа тооцооны авлага, мөнгөн хөрөнгийн дутагдал зэргийг дахин нягтлан тооцож, мөн хугацааны дутагдал, зөрчлийг хариуцан арилгах этгээдийг зөв тодорхойлох шаардлагатай байна.

Тодруулбал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д  “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, гэж заасан ба, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг байхаар хуульчилсан, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар баталсан “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм”-ийн Хоёр-ын 1-д “Эд хариуцагч нь ....байгууллагын захиргаа болон санхүү, бүртгэлийн хэлтэс (ерөнхий нягтлан бодогч, хариуцагч нягтлан бодогч)-ийн шууд удирдлагын дор ажлаа явуулж байна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д ”Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж тус тус заасан, энэ тохиолдолд санхүүгийн үйл ажиллагаа тэр дундаа мөнгөн кассын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч нарын хууль тогтоомж, тэдгээрт холбогдуулан гаргасан журам, заавар, дүрмийг зохих ёсоор биелүүлж ажилласан эсэхэд тус тус үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр, бүтэн 02 сар 06 хоногийн хугацаанд ажилд томилсон тушаалгүй, бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгүйгээр мөнгөн кассын нярвын ажил үүргийг гүйцэтгэсэн нэхэмжлэгч Б.Сг буруутган төлбөр тогтоож, зөвхөн түүнд хариуцуулсан нь буруу, иймээс хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан гэдэгт “нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан, гүйцэтгүүлсэн эрх бүхий албан тушаалтнууд, улмаар хяналт тавих үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй ерөнхий нягтлан бодогч, хариуцсан нягтлан бодогч нарыг” тус тус хамааруулан  авч үзэх нь зүйтэй байна.

2. Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагын тухайд:

“Чандманьбадрал” ХХК-ний 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар

-“Бэлэн мөнгийг их хэмжээгээр харилцах данснаас чекээр гарган авч шууд худалдан авалт хийсэн, бэлэн мөнгөний зарцуулалтанд хяналт тавиагүй, тооцоог сар бүр бодоогүй, эд хариуцагч тайлангаа гаргаж сураагүй байдлаас үүдэн мөнгөн кассаар ажиллаж байсан А.Мөнхтуяагийн нэр дээр 12,529,308.63 төгрөгийн, Б.Сгийн нэр дээр 6,589,509.03 төгрөг нийт 19,118,817.66 төгрөгийн дараа тооцооны авлага бүртгэж, тооцоог бодоогүй”

- “Бэлэн мөнгөний тайлан, тооцоог хариуцсан зарим нягтлан бодогч нар бараа, материалын худалдан авах ажиллагаа, бэлэн мөнгийг хүргэх, тоолох, хариуцсан авч явах ажиллуудад тодорхой түвшинд оролцсон” зөрчлүүд илэрсэн гэж дурдсан байх ба мөнгөн кассаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Сгийн нэр дээрх 6.589.509,03 төгрөгийн дараа тооцооны авлагыг дахин тооцож мөнгөн хөрөнгийг зарцуулах ажил гүйлгээнд хамтран оролцоогүй санхүүгийн ажилтныг сонгон тооцоог дахин бодуулж зөрчлийг арилгаж, биелэлтийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Гүйцэтгэх захирал У.Санрайжав, ерөнхий нягтлан бодогч Ц.Лхагвасүрэн нарт даалгахаар заажээ.

Албан шаардлагад заасны дагуу “Чандманьбадрал” ХХК-ийн захирлын тушаалаар нягтлан бодогч Г.Уянга, бараа материалын нярав Н.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй, ерөнхий нягтлан бодогч Ц.Лхагвасүрэнгээр ахлуулсан комиссыг байгуулсан байх ба комиссын гишүүн Г.Уянга, Н.Амартүвшин нар тус бүрдээ нэхэмжлэгч Б.Сгийн тайланд хяналт шалгалт хийж, тооцоог[7] дахин бодож дүнгээ нэгтгэн “Кассын нярав Б.Сгийн тайланд хяналт шалгалт хийсэн комиссын тайлан”-г[8] гаргасан байна.

Шалгалтаар Б.Сгийн нэр дээр гарсан юаний болон мөнгөн кассын үлдэгдлийг 2018 оны 07-р сараас 2018 оны 12-р сарын 31-ний хүртэлх хугацааны кассын тайлан, мөн 2019 оны 1-р сарын юаний кассын тайлан анхан шатны баримттай тулган шалгаад гаргасан дүгнэлтэд

 -2018 оны мөнгөн кассын үлдэгдэлд тусгагдсан 57909.09 төгрөгийн баримтыг үндэслэн залруулах бичилт хийж үлдэгдлийг хааж өгөх;

-2018 онд Б.Сгийн хариуцаж байсан юаний кассын үлдэгдэл болох 3709553.21 төгрөгийн дутагдлыг үндэслэлтэй гэж үзэв;

-2019 оны 01 дүгээр сард гарсан юаний кассын үлдэгдэл 128267.06 төгрөгийн үлдэгдлийг харилцах дансанд тушаагаагүй байгаа учир дутагдал гэж үзэх нь зүйтэй гэж үзэж байна;

-Дараа тайлангийн Б.Сд ноогдох 1572452.60 төгрөгийн үлдэгдлийг албан ёсны баталгаатай баримтаа авчран тайлангаа гаргаж өгсөн тохиолдолд хаагдах бүрэн боломжтой гэж үзлээ.

-Б.Сд хамаарах нийт:

2018 оны юаний кассын үлдэгдэл 3709553.21 төгрөг

2018 оны дараа тайлангийн үлдэгдэл 1572452.60 төгрөг

2019 оны юаний кассын үлдэгдэл 128267.06 төгрөг

Бүгд дүн 5410272.87 мөнгөний тооцоо байгааг шалгаж тогтоов” гэж дурдсан байх ба аудитын албан шаардлагын дагуу дотооддоо явуулсан энэхүү хяналт шалгалтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “...албан шаардлагад заасан хугацаанд энэ дүгнэлтийг ирүүлээгүй, шүүх хурал болохоос өмнө манайд ирүүлсэн, хэзээ шалгалт явуулсан нь тодорхойгүй,  комиссын дээрх тайлан, дүгнэлт, тэдгээрт холбогдох тооцоолол нь шаардлага хангахгүй” гэх агуулгаар тайлбарлаж байгаа хэдий ч нэгэнт тухайн байгууллага өөрийн дотооддоо хийсэн хяналт шалгалтын явцад Б.Сгийн нэр дээрх дараа тооцооны авлага, дутагдуулсан мөнгөн хөрөнгийн үнийн дүн буурсан, түүнчлэн зарим эрх бүхий ажилтны үйл ажиллагаанаас хамаарах НӨАТ-ын баримтыг дутуу шивсэн зөрчил илэрсэн, тайланд тусгагдаагүй Б.Сгийн ажилласан хугацаанд хамаарах анхан шатны баримт болох худалдан авалтын падаан буюу пио гарч ирсэн, эдгээр баримтуудаар тайланг гарган, тооцооноос хасуулах боломжтой зэрэг нөхцлүүд тогтоогдож байгаа тохиолдолд, эдгээрийг дахин нягталж, нэхэмжлэгчид хамаарах авлагыг үнэн зөв, бодитой тооцон гаргах шаардлагатай.

Иймээс дээрх худалдан авалтын баримтуудаар тайланг хийж, кассын тайланг зөвтгөн, мөн өмнөх хэсэгт дурдсан нэхэмжлэгчийн ажилд томилсон тушаалгүйгээр мөнгөн кассын нярвын ажил үүргийг гүйцэтгэж байсан үеийн буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны кассын үйл ажиллагааны тооцооллыг дахин хийж, тухайн хугацааны зөрчил, дутагдлыг хариуцах этгээдийг зөв тодорхойлж, нэхэмжлэгчид хамаарах зөрчлийг бодитой тогтоох нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий акт, албан шаардлагын талаар сонсох ажиллагааг хуульд заасан “...сонсгол зохион байгуулах” хэлбэрээр явуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, сонсох ажиллагааны “...сонсгол зохион байгуулах” хэлбэр нь Нийтийн сонсголын тухай хуулийн зохицуулалтад хамааралтай буюу төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс хуулиар тодорхойлон заасан асуудал болох захиргааны хэм хэмжээний актын талаар сонсгол зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно.

Иймээс хэрэгт авагдсан “Чандманьбадрал” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгийн хурлын тэмдэглэл” болон “Чандманьбадрал” ХХК-ийн 2018 оны бүтэн жилийн мөнгөн кассын үлдэгдлийн нэгтгэл” гэх хүснэгтэд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдсан байгааг захиргааны байгууллагаас “сонсох ажиллагаа”-г явуулсан гэж үзэх боломжгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тодорхойлон заасан ба зүй нь хариуцагчаас мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байршил, дарааллын талаарх мэдээллийг агуулсан мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгч Б.Сд тайлбар, санал гаргах боломжит хугацаанд хүргүүлж, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүн, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээллийг агуулсан тэмдэглэл хөтөлж, баримтжуулснаар “сонсох ажиллагаа” хуульд нийцнэ.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг тодруулан хариуцлага хүлээх албан тушаалтнуудыг зөв тодорхойлж, актаар тогтоосон төлбөр болон албан шаардлагад дурдсан дараа тооцооны авлагыг дахин нягталж, дутагдсан мөнгөн хөрөнгийг хэн хэн хариуцан, ямар хэмжээгээр төлөх талаар цаашид тодруулах шаардлагатай, уг асуудлыг шүүх шууд тогтоох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагын тус тус нэхэмжлэгч Б.Сд холбогдох хэсгийг хариуцагчаас санхүүгийн аудитыг дахин хийж,  “сонсох ажиллагаа”-г хуульд заасан журмын дагуу явуулсны үндсэн дээр шинэ акт гаргах хүртэл гурван /03/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол дээрх маргаан бүхий акт, албан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг  хүчингүй болгохыг, түүнчлэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахад шаардлагатай “Чандманьбадрал” ХХК-ийн 2018, 2019 оны 7 хавтас санхүүгийн баримтыг шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц нэн даруй “Чандманьбадрал” ХХК-д баримт үйлдэн, буцаан хүргүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 20 дугаар зүйлийн 20.2.5, 20.2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагын тус тус нэхэмжлэгч Б.Сд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван /03/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс гурван /03/ сарын хугацааг тоолж эхлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь шинэ акт гаргаагүй бол Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар албан шаардлагын тус тус нэхэмжлэгч Б.Сд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгохыг дурдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

.           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-р боть, 44-45-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-р боть, 41-43-р хуудас

[3] Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мэдүүлэг хавтаст хэргийн 1-р боть 169-172-р хуудас, 2-р боть 23-26 хуудас

  Гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг хавтаст хэргийн 1-р боть 161-165-р хуудас, 2-р боть 51-60-р хуудас

  Гэрч Г.Уянгын мэдүүлэг хавтаст хэргийн 1-р боть 157-160-р хуудас

  Гэрч Г.Өлзийжаргалын мэдүүлэг хавтаст хэргийн 1-р боть 166-168-р хуудас

[4] БНХАУ-ын мөнгөн тэмдэгт

[5] Хавтаст хэргийн 1-р боть 65-р хуудас

[6] Хавтаст хэргийн 1-р боть 63-р хуудас

[7] Хавтаст хэргийн 1-р боть 196-205-р хуудас /Г.Уянга/, 206-210-р хуудас /Н.Амартүвшин/

[8] Хавтаст хэргийн 1-р боть 143-144-р хуудас