Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/598

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч: Х.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Х-н Х-д холбогдох эрүүгийн 2105012821183 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын 16-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эх, дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод  оршин суудаг /РД:ФБ91071652/ урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Бовогт Х.Х.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны зүүн урд талд байрлах авто зам дээр “замын хөдөлгөөнд соёлтой оролцоогүй, эгнээ булаасан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Б.А-н  нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны зүүн урд талд байрлах авто зам дээр “замын хөдөлгөөнд соёлтой оролцоогүй, эгнээ булаасан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Б.А-н нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын үед Пицца хат ХХК-ийн ажлын эзэмшилд байдаг тээврийн хэрэгсэл болох ... УНР дугаартай тээврийн хэрэгслээр Ривер Стоун, Гэрэлт өргөө хотхон руу хүргэлтийн үйлчилгээгээр юм хүргэж өгөх гээд Алтай хотхоны зүүн талд байрлах авто замаар урагшаа чиглэлтэй явах гээд хамгийн баруун талын буюу нэгдүгээр эгнээнээс урагшаа чиглэлтэй явах эгнээнд орох гэхэд приус-30 маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл шүргэх гээд өнгөрөхөөр нь хөөрхий оруулчихна биз дээ гэж хэлснийг сонссон юм шиг над руу салаавч гаргасан. Би өнгөрөөгөөд 2 дугаар эгнээнд ороод ... дугаартай тээврийн хэрэгслийг хажуугаар гараад урд нь гарч нэгдүгээр эгнээнд гэрлэн дохио улаан асаад зогссон. Би зогсоод толиндоо харахад тухайн ... дугаартай приус-30 маркийн автомашинаас эрэгтэй хүн намайг чиглээд алхаж ирж байсан. Машин дотор байхад ирээд чи хэн юм яагаад байгаа юм гээд томроод намайг мэдэх үү гээд миний цамцны зүүн зах хэсгээс зүүн гараараа заамдаад баруун гараараа нэг удаа миний шүд хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Нэг цагдаа явган хүний зам дээр явж таараад бид хоёрыг салгасан. ...Би тухайн эрэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй. Би жолоо барьж байсан болохоор ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байсан. ...Би тоормос гишгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Алтай хотхон гараад нарны хороолол руу дуудлагад явж байхад Алтай хотхоны замын хажууд ... УНР, ... УНР улсын дугаартай приус маркийн 2 машины жолооч маргалдаад зогсож байсан. Намайг албаны машинтай явж байхад амнаас нь цус гарсан эрэгтэй гараа өргөж зогсоосон. ...Пицца хатын жолоочоос юу болсон талаар асуухад пицца хатын машины жолооч уруулаас нь цус гарсан байдалтай. Тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо бие биенийгээ шахсанаас болсон гэж хэлсэн. ... УНР автомашины жолооч бууж ирээд цохисон гэсэн. ...Би хараагүй цохиж дууссан байхад нь очсон. Б.А-н уруулын зүүн хэсгээс цус гарсан сэтэрсэн мэт харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5914 дугаартай “...Б.А-н биед уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 82, 83 тал/,

 

Шүүгдэгч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын үед Нарны гүүр даваад Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах авто зам дээр урагшаа чиглэлтэй өөрийн жолоодож явсан ... УНР улсын дугаартай автомашинаар зорчиж байхад Алтай хотхон талаас баруун талаас Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үл таних эрэгтэй урдуур машинтайгаа шахаж орох гээд байхаар нь би оруулаагүй шууд чигээрээ явсан. Тэр залуу зүүн гар талаар шахаж урдуур орж ирээд гэрлэн дохио улаан асаад зогсохоор нь би тухайн ... УНР дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүн рүү машинаасаа бууж очоод та замын хөдөлгөөнд зөв оролцох талаас ярихад жолоо барьж байгаа суудал дээрээсээ босохгүй чи үхлээ юу пизда гэх үг ашиглан маргаан эхэлсэн. Би гараа далайх үйлдэл гаргахад гэнэт намайг заамдаад авсан. Миний толгой хэсэгт 4-5 удаа гэмтэл учруулахгүйгээр цохихоор нь би санамсаргүй баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн залуугийн уруул хэсэгт үүссэн гэмтлийг би учруулсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол болох эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон....” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х н хувийн байдалтай холбоотойгоор гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Х- нь шударга, зөөлөн хүмүүстэй харилцахдаа эвтэй харилцдаг. Гэр бүлийн дундаа нэр хүндтэй нийтэч тусч зантай хүн бүртэй тэгш харилцдаг. Найзууд дундаа нэр хүндтэй хүнлэг зан чанартай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, ургийн овог, эцэг, эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 65 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 66 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 68 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 77-80 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Х гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-14, 24-25 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Х.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.А- збаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5914 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Х.Х-н үйлдлийн улмаас хохирогч Б.А-н биед уруулд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 5914 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.  

 

Шүүгдэгч Х.Х- нь хохирогч Б.А-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.Х-г 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны зүүн урд талд байрлах авто зам дээр “замын хөдөлгөөнд соёлтой оролцоогүй, эгнээ булаасан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Б.А-н нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Х г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5914 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 83 дахь талд “...Х.Х- миний эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт өгч хохирлыг барагдуулсан...” гэсэн байх тул шүүгдэгч Х.Х гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Х.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 82 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 87-88 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Х.Х д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Х н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Х.Х- нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Х д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогт Х-н Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Х-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.Х-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА