Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/597

 

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

            Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

            Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар /томилолтоор/,

            Шүүгдэгч Б.Б- , түүний өмгөөлөгч И.Хонгор /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2456/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б-н Б- д холбогдох эрүүгийн 2102002470184 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, түүхч мэргэжилтэй, ... гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ..., эцэг, эх, хүүгийн хамт ... аймгийн ... дугаар багийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух /РД: /, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-н Б- .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б-  нь 2021 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.1071 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, олж авсан,

улмаар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түрээсэлж, амьдарч буй ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цаасанд боодолтой, цэвэр 0.1071 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б- г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэгжлэг хийсэн “...Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... тоотод байх байранд үзлэгийг явуулав. ..Зурагтын суурины дотор талаас цаасанд боосон ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийг жинлэж үзэхэд 5.3 граммыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19, 20-21 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны  дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 22, 23-24 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “...Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай цэвэр жин нь 0.1071 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 25 тал/,

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчим найз Б- гийнд очихдоо үлдээсэн байсан компьютерийн залгуур гэх мэт эд зүйлээ авах гэж очсон. ...Б-  гарч ирээд яг уулзах гэж байтал хар тамхины 2 цагдаа ирээд Б-  бид хоёрын хамт Б- гийн гэрт орж үзлэг хийсэн. Тухайн үед үзлэг хийсэн цагдаа нар Б- гийн гэрээс сэжигтэй зүйл олсон гэсэн яг хаанаас олсныг нь бол хараагүй. Би жаахан зайтай байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2405 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо хувийн орон сууцны 5 тоотоос хураан авсан гэж хаягласан цаасанд боодолтой нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо хувийн орон сууцны 5 тоотоос хураан авсан гэж хаягласан цаасанд боодолтой нунтаг ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

Уг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.1071 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.0511 грамм болов...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2402 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Г 2021.5.17” гэж хаягласан, “Б.Б-  2021.05.17” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Г 2021.5.17” гэж хаягласан, “Б.Б- 2021.05.17” гэж хаягласан шээс тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвециудад багтсан бодис илрэхгүй байна...” дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 382 дугаартай “...1. Б.Б-  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б-  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.  

3. Б.Б-  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 

4. Б.Б-  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 

5. Б.Б-  нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2021.1-р сараас 2021.05.19-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Б.Б-  нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Б.Б- д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Б.Б-  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,

 

Гэрч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 14-ний баруун 4 замын Gem mall-д би ... 3, 4 эмэгтэй найз байсан, нэрийг нь мартсан байна. ...Б- гийн гэрт очоод архи, дарс ууж идээгүй хоол хийж идээд, playstation тоглоод Ц, Г, Б-  бид хэд унтацгаасан. Маргааш нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай найз Ү нь намайг Б- гийн гэрээс ирж авсан. Б- гийн гэрийн ойролцоо Ү-н машинд бид хоёр пиво уугаад сууж байх үед Ү-н найз охин Н ирээд бид гурав Ү-н гэрийн гадаа очиж уусан. Ингээд Ү намайг Б- гийн гэрийн гадна хүргэж өгөхөд Ц, Г- , Б-  гурав пицца захиалаад идсэн, тоглож байсан. Би Б- гийн гэрт унтаад маргааш нь өглөө нь буюу 2021 оны 5 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа явсан. Орой ажлаа тараад Зайсангийн ойролцоо явж байх үед М залгаад Б- , Г-  хоёрыг Б- гийн гэрт нь байх үед хоёр энгийн хувцастай цагдаагийн албан хаагч орж ирээд гэрийн нэгжээд шээлгэсэн гэнээ гэж хэлсэн. ...Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 тал/,

 

Үзлэг хийсэн “...Цагаан өнгийн хуучирсан, нугалж скочоор дарсан А4 хэмжээтэй цаас байв. Скочийг авч нугалсан цаасыг дэлгэж үзэхэд цаасан дотор ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг жин дээр жинлэж үзэхэд цаасны хамтаар 5.7 грамм ногоон өнгийн өвс мэт зүйлийг дангаар жинлэж үзэхэд 0.4 грамм байв. Уг цаасыг дэлгэж үзэхэд хариултын хуудас гэж бичсэн байв. Цаасны баруун дээд буланд А.С гэж бичсэн байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 94, 93 тал/,

 

Шүүгдэгч Б.Б- гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 96-97, 98 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай мөрдөгчийн санал, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 116 тал/,

 

Шүүгдэгч Б.Б- гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон зоор гэх газарт явах үед газарт каннабис гэх ургамал ургасан байдалтай байсан. Өвснөөс би сонирхоод бага хэмжээтэй авсан. Тухайн өвсийг цаасанд ....тоотод байх гэртээ том өрөөний зурагтын тавиур доод буланд хийж хадгалсан. 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би ... дээр хичээлээ заагаад байж байхад 13 цаг 30 минутад цагдаагийн албан хаагч нар ирж гэрт чинь үзлэг хийх шаардлагатай байна гэсэн. Манай гэрт очиж үзлэг хийхэд тухайн өвс гарч ирсэн. 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би тухайн өвснөөс авч ажил дээрээ үлдээсэн байсан каннабис гэх өвсөө авч яваад гэртээ аваачиж хэрэглэсэн. 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би сайн дураар хар тамхины мансууруулах бодис хэрэглэсэн тестийг шалгуулахаар биологийн дээж өгөхөд ТНС илэрсэн. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сонирхоод хэрэглэж үзсэн. Надад гоё санагдсан зүйл байхгүй. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Цаашид хүүхэд залуус мансруулах бодисын хор хөнөөлийн талаар сургалт явуулна гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-  нь миний ээжийн төрсөн эгчийн хүүхэд юм. Бид хоёр хоорондоо харилцаа холбооны асуудал гайгүй. Манай гэрээр эргэж тойроод орж гараад явдаг. Зан араншингийн хувьд төлөв даруу, агаа, ажаа гээд явдаг. Боловсролтой болохоор хүнтэй боловсон сайхан харьцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 60 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 61 тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 62 тал/, эрүүл мэндийн даатгалын лавлагаа /хх-ийн 63-64 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/, ажлын байрны түрээсийн гэрээ /хх-ийн 67-69, 73-75 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 70-71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б- гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27-29, 88-89, 101-102 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

 

Шүүгдэгч Б.Б-  нь 2021 оны 5 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорь орчмоос мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисыг хэрэглэж үзэх зорилгоор түүж, өөрийн түрээслэн амьдардаг Баянгол дүүргийн ... тоот гэртээ хадгалж байгаад 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн албан хаагч нарт баригдсан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

 Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэгжлэг хийсэн “...Баянгол дүүргийн ... тоотод байх байранд үзлэгийг явуулав. ..Зурагтын суурины дотор талаас цаасанд боосон ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийг жинлэж үзэхэд 5.3 граммыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны  дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол,

Гэрч Б.Г- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчим найз Б- гийнд очихдоо үлдээсэн байсан компьютерын залгуураа авах гэж очсон. ...Б-  гарч ирээд яг уулзах гэж байтал хар тамхины 2 цагдаа ирээд Б-  бид хоёрын хамт Б- гийн гэрт орж үзлэг хийсэн. Тухайн үед үзлэг хийсэн цагдаа нар Б- гийн гэрээс сэжигтэй зүйл олсон гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2405 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ...тоотоос хураан авсан гэж хаягласан цаасанд боодолтой нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ... тоотоос хураан авсан гэж хаягласан цаасанд боодолтой нунтаг ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт,

Үзлэг хийсэн “...Цагаан өнгийн хуучирсан, нугалж скочоор дарсан А4 хэмжээтэй цаас байв. Скочийг авч нугалсан цаасыг дэлгэж үзэхэд цаасан дотор ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг жин дээр жинлэж үзэхэд цаасны хамтаар 5.7 грамм  ногоон өнгийн өвс мэт зүйлийг дангаар жинлэж үзэхэд 0.4 грамм байв. Уг цаасыг дэлгэж үзэхэд хариултын хуудас гэж бичсэн байв. Цаасны баруун дээд буланд А.Сгэж бичсэн байв...” гэх тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай мөрдөгчийн санал, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай Прокурорын тогтоол болон шүүгдэгч Б.Б- гийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэх ойлголтод хамруулна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- гийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг хэрэглэх зорилгоор түүж, гэртээ хадгалсан үйлдэл нь хууль бус буюу Эрүүгийн хуулиар хориглосон, тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.   

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт үйлдсэнд тооцно” гэж заасан тул прокуророос шүүгдэгч Б.Б- д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч Б.Б- г өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

 

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б- гаас гаргуулах хохирол төлбөр, иргэний нэхэмжлэл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б-  нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 382 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.Б- гийн өмгөөлөгч И.Хонгор нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх”, улсын яллагч Г.Эрдэмбаатар нь “2 жил 6 сар хорих ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б- г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэх нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэв.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.  

 

       2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах”-аар зааж өгсөн байх тул шүүгдэгч Б.Б- гийн үйлдсэн “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б- д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Б-  нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий учир хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цаасанд боодолтой, цэвэр жин нь 0.1071 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгаж, улсын яллагчийн гаргасан саналын дагуу “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, цаасанд боодолтой, цэвэр жин нь 0.1071 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б- д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт Б-н Б- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б- г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг мөн хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цаасанд боодолтой, цэвэр жин нь 0.1071 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА