Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2017/00171

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, РД:БК*********, утас:**********, Х овогт Е гийн Т н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, РД:ХП********, утас:***************, Ж овогт А ын К д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.К гаас эмчилгээний болон унааны зардал болох нийт 515600 төгрөг гаргуулахыг хүсжээ

Нэхэмжлэгч Е.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед ажил хийж байгаад нүдэндээ төмрийн үрдэс орсон юм. Тэр дор нь К эмчийн "Шамшрах хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч миний нүдэнд нэг юм хатгаад авсан. Тэгснээ гэнэт гэнэт уурлаж Чи яагаад нүдээ хөдөлгөв, нүдэнд чинь зүү орчихлоо, би эмчлэхгүй, хот руу явж эмчлүүл, гар зайл гэж хөөж гаргасан. Тэр шөнө нүд өвдөж хоносон. Маргааш нь дахиад очиход К өөрөө 13А маягтыг бичиж өгөөд би хот руу 254600 төгрөг төлж Хүннү айрын онгоцоор яваад улсын КТЭ-т очиход очер их байсан тул Сеүл нүдний эмнэлэгт очиж Батчимэг эмчид үзүүлэхэд Зүү ороогүй юм байна. Ийм юмны төлөө яагаад зардал чирэгдэл болж ирсэн юм. Аймгийн нүдний эмч зүгээр л авчих юм байна гээд төмрийн үрдсийг аваад гадуур 4 хоног эмчлээд буцаасан. Энэхүү 4 хоногийн эмчилгээний нийт зардал 38000 төгрөг төлсөн. Хот дотор эмнэлэг гэр хооронд явахдаа хуваариа таксинд явдаг СХД-ийн иргэн Өсөхжаргалтай тохирч 143000 төгрөг төлсөн юм. Ирэхдээ хот хоорондын автобусаар 80000 төгрөг төлж ирсэн. Хэрэв нүдний эмч К эмч хүний тангаргаа биелүүлж намайг уурлаж хөөлгүй нүдэнд орсон төмрийн үрдсийг авчихсан бол би арай гэж амьдрах гэж явж байж ийм хэмжээний зардал гаргахгүй байсан. Иймд дээр дурдсан 515600 төгрөгийг нүдний их эмч К гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Е.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө сумын * дугаар багт оршин суух Х овогт Т миний бие хариуцагч К гаас 515600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Т миний нэхэмжлэлтэй К д холбогдох иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагт шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр товлогдсоныг сонсож мэдсэн билээ. Гэтэл миний бие гаргасан нэхэмжлэлээс сайн дурын үндсэн дээр татгалзаж байх тул шүүх хуралдаан хийхгүйгээр нэхэмжлэгч Е.Т миний нэхэмжлэлээс сайн дурын үндсэн дээр татгалзаж байгааг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие хуульд заасан эрх, үүрээ ойлгов. Дахин гомдол гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е.Т гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.К д холбогдох эмчилгээний болон унааны зардал болох нийт 515600 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08:00 цагт хянан хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг товлон зарласан боловч шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө нэхэмжлэгч Е.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа тухай шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Т нь хариуцагч А.К гаас эмчилгээний болон унааны зардал болох нийт 515600 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ