Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/462

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мандар овогт Цэнгэлийн Тт  холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн 0 хороо, Т төвийн гадна хохирогч Т зодож түүний биед үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Т нь “2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн 0 хороо, Т төвийн гадна хохирогч Т зодож түүний биед үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн 0 хорооны Т төвийн Б1 давхарт байрлах караокед найз О пиво ууж байхад 20 цагийн үед үл таних 3 залуу гаднаас орж ирсэн. Гэтэл нэг залуу нь үйлчлэгч эгч дээр очоод “эгчээ би өнөөдөр 2 хамгаалагчтай явж байна” гэж хэлээд тэр хавиар орилоод байхаар нь би тэр залууд хандаж “ахын дүү жаахан дуугаа аяд, энэ хавиар хүмүүс юм ярьж байна” гэхэд “чи битгий хуцаад бай” гэж хэлээд ирээд манай ширээг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд үйлчлэгч эгч “та нар энд зодолдохгүй шүү, гарч зодолдоорой” гэхэд нь би найз О хамт гарсан. Тэр үл таних 3 залуу мөн араас гарсан. Шатаар явж байхад намайг өшиглөж миний үүдэн шүд хугарсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэхэд тэр 3 залуу зугтаасан. Тэр 3 залуугийн 1 нь намайг зодсон, би харвал танина. Дараа нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин хохирогчоор өгсөн: “...О Сэлэнгэ аймгийн Бугат суманд мал маллаж байгаа байх гэж би таамаглаж байна. Өөр хаана байгаа талаар мэдэхгүй. Хэрэг гарснаас хойш холбоо бариагүй, уулзаагүй. Хамаатан, садан, гэр бүлийнхнийх нь дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй. Хотод ирэхээрээ танихгүй дугаараас над руу залгадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д гэрчээр өгсөн “...Би 2015 оноос хойш Т төвийн караокед ажиллаж байгаа. Т нь 2018 оноос хойш 3 сардаа 1 удаа манайхаар үйлчлүүлдэг болохоор танина. Тухайн хэрэг гардаг өдөр Т 2 залуутай орж ирээд 3 шил пиво уусан. Тэгээд тэр муудалцсан гэж байгаа залуу мөн 3-лаа орж ирсэн. Тэгээд тэд нар муудалцаад байсан. Тэр 3 залуу Т гаръя гээд байсан. Би энд зодолдохгүй шүү гэж хэлэхэд тэд нар гарсан. Удалгүй Ттай хамт явсан 2 залуу орж ирээд “эгчээ Т ах гадаа зодоон хийгээд байна. Та салгаад өгөөч” гэсэн. Дотор зодолдоогүй болохоор би гадаа зодоон болсон талаар мэдэхгүй, удалгүй Т зодуулчихсан гээд цагдаа нар ирсэн байсан. Тухайн үед Т нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би хуурай ах Ттай уулзахад Б гэж найзыгаа дагуулан ирсэн. Тэгээд бид 3 хоол идчихээд 20 цагийн үед Т төвийн караокед орсон. Ороод пиво аваад ууж байтал Т зөөгч эгчид хандаж нэг юм хэлсэн. Юу хэлсэн талаар би санахгүй байна. Гэтэл үл таних нэг залуу Т “дуугай бай энд хүмүүс үйлчлүүлж байна..” гэхэд Т маргаж эхэлсэн. Тэгээд тэр 2 маргаад салахгүй байхаар нь зөөгч эгч “та 2 зодолдох гэж байгаа бол гарч зодолд” гээд гаргасан. Гарахдаа Т, Т нар хамт гарсан. Тэгээд Б бид 2 араас нь гарахад тэр 2 маргасаар байсан. Би Б эргэж караоке руу орохоор доошилсон ба би түрүүлж ороод зөөгч эгчид “Т ахыг салгаад өг” гэхэд “завгүй байна, чадахгүй” гэсэн. Тэр хооронд зодоон болсон байж магадгүй. Б бид 2-ыг байхад ямар нэгэн зодоон болоогүй, Т, Т 2 маргалдаж байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш бид дахин уулзаагүй. Б гэдэг хүн Т ахтай тэр өдөр хамт явж байсан ба би тэр өдөр л танилцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн таньж оруулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-29 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 00000 дугаартай “...Тын үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд няцралт шарх, цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би 000 тоот хаягтай өөрийн гэртээ ганцаараа байсан. Т гэх хүнийг танихгүй, тийм гэмтэл учруулаагүй. Шинжээчийн дүгнэлттэй маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин яллагдагчаар өгсөн: “...Хэрэг гарсан өдрөөс хойш Б уулзаагүй. Хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би өөрөө мөн хайж байгаа. Надад ар гэр, хамаатан садан, ах, дүүсийнх нь гэрийн хаяг, утасны дугаар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 122 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 66-75 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 тал/, эд хөрөнгөтэй эсэх талаарх Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 96 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж мэдүүлж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэсэн байр суурьтайгаар оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Тт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Т цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд няцралт шарх, цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралтбүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 51-52 дахь талд авагдсан шинжээч эмчийн 8432 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8432 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 8432  дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Тын “2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн 0 хороо, Т төвийн гадна хохирогч Т зодож түүний биед үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг баримтаар  нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Тт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн хэдий ч 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалт 12.8 дахь заалтыг баримтлан оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маргаагүй, гэмшиж байгаа, хохирогчид баримтаар  төлөх төлбөргүй  тул  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүгдэгчийг ялаас өршөөн хэлтрүүлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь “Өршөөл үзүүлэх тухай” дээрх хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлагаас  өршөөн хэлтрүүлэх  4.1 дүгээр зүйлд  багтсан  болохыг,  4.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангагдсан болохыг тус тус   дурдаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гарсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 12.8 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тыг  450/ дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 болон 12.8 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Тыг  оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн  шүүгдэгч  Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ