Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/358

 

 

     

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

.......... овогт Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгин овогт Ж.Ж нь Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр .................................... төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, “....................” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ..................................................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:...............................).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Ж.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед .......................................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.А хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа цохиж, биед нь зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ж мэдүүлэхдээ: Найзуудтайгаа жаахан архи уучхаад ажлаас шалтгаалж эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ зодсон. Бид хуучнаараа амьдарч байгаа. Эхнэр гомдол саналгүй гэж хэлсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн ........................................ дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...Ж 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн архи ууж 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд намайг хэл амаар доромжилж байгаад гараад явсан. Тэгээд 01 дүгээр сарын 21-ний өдөр Жын архи ууж байгаа гэх айлд нь очоод би машинаа аваад ажилдаа явсан. Ж гэртээ харина гээд үлдсэн. Би орой 19 цагийн үед гэртээ ирэхэд Ж ирээгүй байсан тул хайгаад явж байхад танихгүй айлд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй архи ууж байсан бөгөөд дагуулаад гэртээ харьсан. Гэртээ ирээд Ж намайг “зайл гээд байхад зайлахгүй юу хийгээд байгаа юм бэ” гээд баруун гараа атгаж байгаад миний зүүн нүдний доод хэсэгт нэг удаа, уруулын зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Би орилоход Жын дүү Ж ирж салгасан. Дараа нь Ж намайг зодох гэж дайрч давшлаад миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Над руу дайрч байхдаа шалан дээр асгасан усан дээр халтираад унасан ба хөлөө бариад орон дээр хэвтсэн. Намайг зүүн талын орон дээр сууж байхад Ж босож ирээд “миний хөл рүү хутга шаагаад эвгүй болгочихлоо” гээд дайраад байхаар нь би модон сандал аваад шидсэн. Миний шидсэн сандал Жын толгойг цохисон. Миний хажууд ирж суугаад “чам шиг нөхрөө зоддог эхнэр байхгүй” гээд миний зүүн талын мөр рүү нэг удаа цохиод, намайг гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь гараад ээжийнхээ гэр рүү явж байхад дүү Ж над руу залгаад цагдаа ирсэн байна гээд дуудсан. Ж ер нь архи уух болгондоо намайг зайл, миний 4 хүүхдэд чи хэрэггүй гээд дарамтлаад байдаг. Би Жтай 2005 оноос хойш 14 жил хамт амьдарч байгаа албан ёсны гэр бүл юм. Бид 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа 4-15 насны 4 хүүхэдтэй. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад Ж над руу сандал авч шидээд миний нуруу хэсгийг цохиод би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Түүнээс хойш уугаад орилж чарлаад арай ч зодчихдоггүй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гэж гарсан, миний зүүн талын нүд хөхөрсөн, уруул дээд талдаа хавдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

2. Шүүгдэгч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би эхнэр Н.А 2005 оноос хойш хамт амьдарч байгаа албан ёсны гэр бүл юм. Бид 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа  4 хүүхэдтэй. Би сүүлийн үед бага сага архи уугаад эхэлсэн болохоор өөрийн ухамсраар 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс архи уухгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлын газрын залуугийн төрсөн өдөр болоод архи уусан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ ирээд эхнэр Н.А маргалдсан ба намайг байж суухын аргагүй болтол хэрүүл хийгээд байхаар нь эхнэрийн зүүн нүдний доод хэсэгт 1 удаа гараараа цохисон. Зүүн талынх нь нүд хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

           

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ..... дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний доод зовхины дотор булангаар тод хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан.

Дүгнэлт:

 1. Н.А биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Н.Энхцолмон/ ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

            4. Дуудлага мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

            5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Ж.Ж, хохирогч Н.А нарын хүсэлт (хавтаст хэргийн 65-66 дугаар тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Ж.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), “.........................” ХХК-ийн “...Ж.Ж нь тус компанид гагнуурчнаар ажилладаг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 44-45, 47-48 дугаар тал), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 46 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Ж нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Жт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед ........................................................ тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.А хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгч Ж.Ж нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ж.Жын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Ж, хохирогч Н.А нар нь 2007 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46/-р тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг хамааруулахаар заасан бөгөөд шүүгдэгч Ж.Ж, хохирогч Н.А  нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед .................................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.А хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа цохиж, биед нь зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж намайг “зайл гээд байхад зайлахгүй юу хийгээд байгаа юм бэ” гээд баруун гараа атгаж байгаад миний зүүн нүдний доод хэсэгт нэг удаа, уруулын зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон, ...бөгс рүү нэг удаа өшиглөсөн. ...Намайг зүүн талын орон дээр сууж байхад Ж босож ирээд “миний хөл рүү хутга шаагаад эвгүй болгочихлоо” гээд дайраад байхаар нь би модон сандал аваад шидсэн. Миний шидсэн сандал Жын толгойг цохисон. Миний хажууд ирж суугаад “чам шиг нөхрөө зоддог эхнэр байхгүй” гээд миний зүүн талын мөр рүү нэг удаа цохиод, намайг гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь гараад ээжийнхээ гэр рүү явж байхад дүү Ж над руу залгаад цагдаа ирсэн байна гээд дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-шүүгдэгч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...эхнэр Н.А маргалдсан ба намайг байж суухын аргагүй болтол хэрүүл хийгээд байхаар нь эхнэрийн зүүн нүдний доод хэсэгт 1 удаа гараараа цохисон. Зүүн талынх нь нүд хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

            үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 937 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), Дуудлага мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ж.Ж нь гэр бүлийн харилцаатай эхнэр Н.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ж.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Жыг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.Ж нь хохирогч Н.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ж.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.

Ж.Жт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Улсын яллагч өмнөх шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг яллах дүгнэлтэд буруу бичиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул алдааг засаж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна. Ж.Ж нь шүүх хуралдаанд 2018 онд болсон хэргийн талаар хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн хүчирхийлэл ил бус далд чанартай байдаг тул заавал хариуцлага хүлээсэн байхыг шаардахгүй.” гэсэн дүгнэлтийг;

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн дүгнэлтдээ “Ж.Ж өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч 4-15 насны 4 хүүхэдтэй. Өөрийгөө бусдад ойлгуулах чадвар дутмаг байгаа нь бичиг, үсэг мэдэхгүйтэй холбоотой. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул улсын яллагчийн санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг төлөх боломжтой. Жт 2018 онд шүүхийн захирамжаар баривчлах ял оногдуулсан байдал хэрэгт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэхэд маргах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.Ж нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Жт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА