| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0348/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/357 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
............ овогт Ж.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...................... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өөлд овогт Ж.Ж нь Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ...................................... төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа уурхайд ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .............................................газар оршин суух бүртгэлтэй, ..............................................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Өмнө ял эдэлж байсан.
(РД:..........................).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Ж.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 21-22 цагийн орчимд ................................................... тоотод хохирогч Ж.Ж “миний ээжийг доромжиллоо” гэж маргалдан, улмаар түүний нүүр рүү цохиж унагаан зодсоны улмаас хохирогч Ж.Ж биед “духны зүүн хажуу, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний ооч, зүүн их бие хэсэг, зүүн тохойн гадна хажуу хэсэг, зүүн шилбэний урд дээд, дунд хэсэг, урд доод ба дотор доод хэсэгт цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт 2-р шүдний харалдаа гадна салстад шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Жоос: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ................................... дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ц гэр болох ..................................................тоотод очиход Ж гэх эрэгтэй ганцаараа архи уугаад байж байх шиг байсан. Би хоол унд идээд байж байтал Ж надад архинаас хоёр удаа хундагалж өгөхөөр нь уусан. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярьж байгаад би Жт хандаж “чи архи ууж байгаад ээжийнхээ араас орох гэж байгаа юм” гэж хэлэхэд Ж “чи одоо яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд миний нуруу руу гараараа цохисон. Мөн дахин миний нүүр, дух, нүд орчим баруун гараараа 1-2 удаа цохисон. Ж их согтолттой байсан. Миний биед учирсан духны зүүн хажуу, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний ооч, зүүн их бие хэсэг, дээд уруулын зүүн хэсэгт 2-р шүдний харалдаа гадна салстад шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлүүдийг Ж гараараа 1-2 удаа цохиж учруулсан. Харин зүүн шилбэний урд дээд, дунд хэсэг, урд доод ба дотор доод хэсэгт цус хуралт гэмтлийг намайг цохих үед би хөл, шилбээрээ унаж тухайн гэмтэл учирсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-хохирогчоор дахин 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Надад Ж гэх хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Ж бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
2. Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ........................................................................тоотод байх гэртээ байж байтал үеэл дүү Ж ирсэн. Тэгээд аав Т, дүү Ж нар 2.5 литрийн пиво хувааж уугаад байж байтал гаднаас аав Тын дүү Ж эгч манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Аав Т, Ж, Ж нар пиво хувааж уусан. Удалгүй Ж эгч согтоод Жыг хэл амаар доромжилж “чи ээжийгээ мэдэх үү, би чиний ээжийг мэднэ, чиний ээж үхсэн шүү дээ” гэхэд Ж “та айлд орж ирчхээд яагаад хүмүүсийг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байгаа юм бэ” гэж хэлтэл Ж эгч “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Тэгээд Ж уурлаад баруун гараараа нүүр рүү нь савахад Ж эгч зүүн талаараа модон шалан дээр унасан. Босож ирээд Жыг дахин “чиний ээж архичин байсан, архи ууж байгаад үхсэн, би чиний ээжийг мэднэ” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би манай гэрээс яв гэж хэлээд явуулсан. Жгийн биед учирсан гэмтлийг Ж цохиж зодож учруулсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
3. Шүүгдэгч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би эгч Ц эргэх санаатай ...............................................тоотод байрлах гэрт нь очтол миний талийгаач ээжийн нөхөр Т 2.5 литрийн пиво уугаад сууж байхаар нь би тэр пивоноос нь уугаад Т ах бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Удалгүй Ц гэрт Ж эгч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд бид хоёрын ууж байсан пивоноос ууж байснаа согтоод над руу агсам тавьж, хэл амаар доромжлоод “чи үхсэн ээжийнхээ нэрийг мэдэх үү” гэж олон удаа хэлсэн. Тэгэхээр нь би та боль гэж хэлэхэд Ж эгч “чи баян болсон юм бол надад архи аваад өг” гэхээр нь би дэлгүүрээс архи авч өгсөн. Ж эгч орон дээр суучхаад намайг дахин хэл амаар доромжлоод байхаар нь би та одоо боль гэж хэлээд баруун гараараа нүүр рүү нь цохих үед Ж эгч орон дээрээс зүүн талаараа модон шалан дээр унасан. Миний ээж болон намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад цохих болсон. Жгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13112 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хажуу, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар хамарсан 13х10 см, эрүүний ооч, зүүн их бие хэсгийг хамарсан 11х9 см хэмжээтэй шар туяатай хөхөлбөр ягаан өнгийн, зүүн тохойн гадна хажуу хэсэгт 8х5 см, зүүн шилбэний урд дээд, дунд хэсгээр 4х4 см хүртэл хэмжээний 4 ширхэг, урд доод ба дотор доод хэсэгт 11х10 см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн бүдгэрч арилж эхэлсэн цус хуралттай, дээд уруулын зүүн хэсэгт 2-р шүдний харалдаа гадна салстад 1.2х0.6 см хэмжээтэй ангайсан шархтай, цээжээр тэмтрэхэд урд зүүн дээд хэсэгт эмзэглэнэ гэнэ.
Дүгнэлт:
1. Ж.Ж биед духны зүүн хажуу, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний ооч, зүүн их бие хэсэг, зүүн тохойн гадна хажуу хэсэг, зүүн шилбэний урд дээд, дунд хэсэг, урд доод ба дотор доод хэсэгт цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт 2-р шүдний харалдаа гадна салстад шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Үзүүлэгч нь ноцолдож, тэмцэлдсэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. /Шинжээч эмч Ч.Эрдэмболор/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Ж.Ж, хохирогч Ж.Ж нарын хүсэлт (хавтаст хэргийн 105-106 дугаар тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (хавтаст хэргийн 107-110 дугаар тал),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Ж.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 52 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол болон хугацааны өмнө тэнсэн сулласан тухай шийдвэр (хавтаст хэргийн 55-68 дугаар тал), тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 47, 49 дүгээр тал), шүүгдэгчийн “....................”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 72-89 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Ж нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Жт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 21-22 цагийн ..................................... тоотод хохирогч Ж.Ж “миний ээжийг доромжиллоо” гэж маргалдан, улмаар түүний нүүр рүү цохиж унагаан зодсоны улмаас хохирогч Ж.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ж.Ж нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ж.Жын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 21-22 цагийн .........................................................тоотод хохирогч Ж.Ж “миний ээжийг доромжиллоо” гэж маргалдан, улмаар түүний нүүр рүү цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “духны зүүн хажуу, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний ооч, зүүн их бие хэсэг, зүүн тохойн гадна хажуу хэсэг, зүүн шилбэний урд дээд, дунд хэсэг, урд доод ба дотор доод хэсэгт цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт 2-р шүдний харалдаа гадна салстад шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-хохирогч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жт хандаж “чи архи ууж байгаад ээжийнхээ араас орох гэж байгаа юм” гэж хэлэхэд Ж “чи одоо яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд миний нуруу руу гараараа цохисон. Мөн дахин миний нүүр, дух, нүд орчим баруун гараараа 1-2 удаа цохисон. Ж их согтолттой байсан. Миний биед учирсан духны зүүн хажуу, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний ооч, зүүн их бие хэсэг, дээд уруулын зүүн хэсэгт 2-р шүдний харалдаа гадна салстад шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлүүдийг Ж гараараа 1-2 удаа цохиж учруулсан. Харин зүүн шилбэний урд дээд, дунд хэсэг, урд доод ба дотор доод хэсэгт цус хуралт гэмтлийг намайг цохих үед би хөл, шилбээрээ унаж тухайн гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
-гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :“...Ж эгч согтоод Жыг хэл амаар доромжилж “чи ээжийгээ мэдэх үү, би чиний ээжийг мэднэ, чиний ээж үхсэн шүү дээ” гэхэд Ж “та айлд орж ирчхээд яагаад хүмүүсийг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байгаа юм бэ” гэж хэлтэл Ж эгч “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Тэгээд Ж уурлаад баруун гараараа нүүр рүү нь савахад Ж эгч зүүн талаараа модон шалан дээр унасан. ...Жгийн биед учирсан гэмтлийг Ж цохиж зодож учруулсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
-шүүгдэгч Ж.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ж эгч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд бид хоёрын ууж байсан пивоноос ууж байснаа согтоод над руу агсам тавьж, хэл амаар доромжлоод “чи үхсэн ээжийнхээ нэрийг мэдэх үү” гэж олон удаа хэлсэн. ...Ж эгч орон дээр суучхаад намайг дахин хэл амаар доромжлоод байхаар нь би та одоо боль гэж хэлээд баруун гараараа нүүр рүү нь цохих үед Ж эгч орон дээрээс зүүн талаараа модон шалан дээр унасан. Миний ээж болон намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад цохих болсон. Жгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13112 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Ж.Жын хохирогч Ж.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Жыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч Ж.Ж нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ж.Жтой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ж.Ж нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ж.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд хоёр удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж.Ж нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Жт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Ж нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА