Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү      

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 18 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 390 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0829/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 18 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.    

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 390 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С  ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 18 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Нэхэмжлэгч С  ХХК нь Баянхонгор аймгийн Байгаль орчны газар болон Бөмбөгөр сумын Засаг даргатай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №18/006 дугаар бүхий хамтран ажиллах гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа бөгөөд энэ ч утгаараа 2022 онд тус агнуурын бүс нутагт нэхэмжлэгч компанид 1 толгой тэхийг агнуулахаар хуваарьт батлан оруулж уг ангаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн билээ. Гэтэл шүүх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг М  ХХК-д хариуцуулан гэрээ байгуулж ажиллахыг Сумын засаг даргын түр орлон гүйцэтгэгчид зөвшөөрсөн гэжээ. Гэтэл тус иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь агнуурын бүс нутгийн хилийн цэсийг л баталсан тогтоол болохоос биш манай С  ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан тогтоол огтоос биш юм. Гэрээний талууд хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Учир нь Амьтны тухай хуулийн 22.3-т иргэдийн Төлөөлөгчийн Хурлын бүрэн эрхэд хилийн цэс батлах талаар л зохицуулсан зохицуулалт юм. Харин Амьтны тухай хуулийн 22.5-т гэрээг байгуулснаар менежмент
хариуцагчийн эрх үүрэг нээгдэх агуулгатай зохицуулсан. Гэтэл гуравдагч этгээд болох М  ХХК нь хаана ч хэнтэй ч уг гэрээг байгуулаагүй ба харин манай байгууллага
нь уг хамтран ажиллах гэрээг эрх бүхий этгээдүүдтэй байгуулсан болно.

3.2. Амьтны тухай хуулийн 21.3-т хуулийн этгээд нь хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших талаар зохицуулсан. Түүчнлэн, хамтран ажиллах гэрээний 6.2.7-д гэрээний хүчинтэй хугацаанд өөр бусад хуулийн этгээдтэй уг чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлцэл хийхгүй байх гэж заасан. Үүний дагуу С  ХХК нь хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээтэй менежмент хариуцагчийн хувьд эрх ашиг зөрчигдөж байх тул уг эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан билээ. Хавтаст хэрэгт авагдсан 49 дүгээр талд авагдсан гэрээгээр ч тэр манай байгууллагыг тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд тул Амьтны тухай хуулийн 25.1-д зааснаар яамтай гэрээ байгуулж ангийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын 2013 оны 03-р сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.4“Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч” гэж
тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр
сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжинд нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг, мөн шинэчилэгдэн батлагдсан Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 5.1-т Агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгж ховор амьтны агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчийн гэрээг төрийн захиргааны төв байгууллагатай, бусад агнуурын бүс нутгийн гэрээг сумын Засаг даргатай тав хүртэл жилийн хугацаатай байгуулна гэж тус тус заасан. Ийнхүү хууль болон журамд зааснаар манай байгууллага нь тус бүс нутгийн менежмент хариуцагч байх цаашлаад уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яамтай хууль ёсны дагуу гэрээ хийж ан хийж байгаа зэргээс харахад өөр гэрээ хэлцэл ч байхгүй аж ахуйн нэгжид хуваарь баталсан байгаа нь манай байгууллагын эрх ашгийг шууд хөндөж байгаа юм.

3.3.  Амьтны тухай хуулийн 4.1.11“ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг мөн хуулийн 4.1.23“ангийн аж ахуй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 5.3.2-т байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захнргааны төв байгууллага нь агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын, менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй гэж заасан. Манай байгууллага нь байгаль орчин аялал жуулчлалын яамаар менежментийн төлөвлөгөө батлуулсан хэрэгт ч уг төлөвлөгөө авагдсан. Харин М  ХХК нь төлөвлөгөө батлуулаагүй талаар яамны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07/827 дугаар албан бичгээр тус аж ахуйн нэгжийн төлөвлөгөө батлагдаагүй талаар хариу ирдэг бөгөөд шүүх хуралдааны үеэр ч тэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхзаяа нь энэ талаар хэлдэг. Мөн хариуцагч нь уг тушаал гаргахдаа яамны зүгээс ажлын хэсэг байгуулагдан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэдэг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06/38 дугаар албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэр материалууд байхгүй талаар албан бичиг ирүүлдэг.

3.4. Түүнчлэн, Амьтны тухай хуулийн 5.8-д батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх үүний дараа Засгийн газрын дээрх 2 тогтоолыг аль алинд нь зааснаар тодруулбал Засгийн газрын 2022 оны 19 дүгээр тогтоолын 4-т дараа онд агнах, барих ховор амьтны тоо хэмжээний саналыг агнуурын бүс нутаг тус бүрээр нэгтгэж, урьд оныхоо жил 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Засгийн газарт хүргүүлнэ гэж заасан.  Гэтэл М  ХХК нь анх удаа буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр л сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хилийн цэс батлуулсан ба уг аж ахйн нэгж яам руу болон Засгийн газар руу санал хүргэгдэж үед ийм аж ахуйн нэгж байгаа талаар ч мэдээлэл байхгүй мөн 1 толгой угалз, агнах санал гаргаагүй, ийм санал байхгүй байхад ийнхүү тушаал шууд заан оруулж буй нь хууль бус шийдвэр болсон.

3.5. Амьтны тухай хуулийн зорилт нь өөрөө амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Ялангуяа ховор амьтныг агнах тохиолдолд энэ чиглэлээр мэргэшсэн эрх бүхий зөвшөөрөлтэй, төлөвлөгөөг хууль ёсоор батлуулсан, орон нутагтай хамтран ажиллах гэрээтэй мэргэжлийн хуулийн этгээдээр ховор амьтныг агнуулах ёстой. Учир нь энэ нь өөрөө байгалын баялгийг зохистой ашиглах харилцаа юм. Дээр дурьдсанчлан бичиг баримтын зөрчилтэй, эрхгүй, гэрээ байхгүй, ховор амьтан агнах талаар саналаа гаргаагүй ийм аж ахуйн нэгжид ховор амьтныг агнуулах нь шийдвэрийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна. Нөгөө талаас Амьтны тухай хуулийн 24.3-т агнуурын амьтныг үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай зориулалтаар гэж 3 ангилж байна. Маргаан бүхий актыг гаргахдаа Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байдаг. Амьтны тухай хуулийн 26.1-т Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно гэж заасан. Гэтэл маргаан бүхий актаар зохицуулсан харилцаа нь өөрөө үйлдвэрлэлийн болон ахуйн бус тусгай зориулалтаар ан агнах харилцаа юм. Иймд уг тушаалын хууль зүйн үндэслэл тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М  ХХК нь 1 толгой угалзыг гадаадын анчинд агнуулсан буюу тухайн акт биелэгдсэн байсан. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. Учир нь нэхэмжлэгч талд захиргааны байгууллагын шийдвэр хууль бус байсан тогтоох ашиг сонирхол байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс ашиг сонирхол байгаа тухайн ойлголтыг эрх сэргэх тухай ойлголттой адилтган авч үзэн нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзэж байна. Дээрх бүгдээс үзэхэд шүүхийн бас нэг чиг үүрэг бол захиргааны байгуулагын хууль бус шийдвэрийг таслан зогсоож дахин ижил агуулга бүхий хууль бус шийдвэр гаргуулахгүй байх үүрэгтэй гэж үзэж байгаа тул шүүх бүрэлдэхүүн гомдлыг хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж хичээнгүйлэн хүсч байна. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрий 0390 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 18 дахь хэсгээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Сайр гэх нутагт тусгай зориулалтаар 1 ширхэг угалзыг агнах эрхийг М ХХК-д баталж шийдвэрлэжээ.

2.2. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах тухай хамтран ажиллах гэрээний 6.2.7 дахь хэсэг болох ... гэрээний хүчинтэй хугацаанд өөр бусад хуулийн этгээдтэй уг чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлцэл хийхгүй байх гэснийг зөрчсөн, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар болон Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №18/006 дугаар бүхий хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа, ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлагдаагүй М ХХК-д ховор амьтныг агнах зөвшөөрөл олгосон сайдын тушаал хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчлөн...” маргажээ.

2.3. Анхан шатны шүүх ...хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Тусгай зориулалтаар 2022 онд агнуулж бариулах амьтны тоо хэмжээ хуваарь батлах тухай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаалын хавсралтын 18-д заасан хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн байхаас гадна уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй. М  ХХК нь маргаан бүхий тушаалд заасан хуваарийн дагуу 1 толгой угалзыг агнасан болох нь тогтоогдсон. Энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Тусгай зориулалтаар 2022 онд агнуулж бариулах амьтны тоо хэмжээ хуваарь батлах тухай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаалын хавсралтын 18-д заасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргээгдэхгүй буюу ашиг сонирхол байхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хууль болон журамд зааснаар манай байгууллага нь тус бүс нутгийн менежмент хариуцагч байх цаашлаад уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яамтай хууль ёсны дагуу гэрээ хийж ан хийж байгаа зэргээс харахад өөр гэрээ хэлцэл ч байхгүй аж ахуйн нэгжид хуваарь баталсан байгаа нь манай байгууллагын эрх ашгийг шууд хөндөж байгаа ... Анхан шатны шүүхээс ашиг сонирхол байгаа тухайн ойлголтыг эрх сэргэх тухай ойлголттой адилтган авч үзэн нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй... гэх гомдлыг хангах боломжгүй байна.

2.5. Учир нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С  ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0170580 тоот гэрчилгээгээр ан амьтны ан агнуурын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улмаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 24 тоот “Агнуурын бүс нутаг тогтоох” тухай тогтоолоор Цагаан сайр агнуурын бүс нутгийн хилийн цэсийг хавсралтаар баталж, уг агнуурын бүс нутгийн менежментийг “С ” ХХК-д хариуцуулж гэрээ байгуулж ажиллахыг сумын засаг даргад даалгасан, тус гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах гэрээг” 10 жилийн хугацаатай байгуулсан байна.

2.6. Үүний дараа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9/29 дүгээр тогтоолоор С  ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүнг хангалтгүй гэж дүгнэж, сумын агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор менежментийг Мон кристал ХХК-д хариуцуулан гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож уг тогтоолын талаар нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот мэдэгдлийг хүргүүлжээ.

2.7. Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно гэж заасныг үндэслэн хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан байхаас гадна маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар тушаал нь  нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийн зөрчиж байгаа, нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээргүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.8. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг бичиглэлийн алдаатай бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 390 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

  

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ