Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 41

 

Говьсүмбэр аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Саранчимэг,

хохирогч Д.Наваандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201608000073 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхэд, эцэг, эх, дүүгийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Аяганы хонхорын 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕУ90121931 дугаарын регистртэй, Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнэ

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны оройн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхорын 2- 2 тоотод иргэн Д.Наваандоржтой зөөврийн компьютер зөвшөөрөлгүй авч явлаа гэх асуудлаар маргалдан улмаар Д.Наваандоржийн араас тэвэрч авч шалан дээр шидэж унагасны улмаас түүний биед эгэм ясны далд хугарал, 3, 4 дүгээр хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх далд хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн:

2016 оны 05 дугаар сарын 03-ны орой би жоншонд явчихаад гэртээ ирэхэд Наваандорж ахын хүүхэд нөөтбүүк аваад явсан байсан. Тэгээд би утасны цаанаас уурласан. Би гэрийнхээ хойно сууж байхад Наваандорж ах гэрт ирээд шууд намайг заамдаж аваад цохих гэж дайрхаар нь би дараад хэвтсэн. Тэгээд хоёр тйишээ болоод байж байтал зүрхэнд чинь хутга шаана гээд тогооны түмпүүшиг рүү явахаар нь би сандраад ардаас нь тэврээд хавирч унагасан гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Наваандоржийн:

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед утсаар ярьсан. Урьд орой нь манай охин тайлан бичнэ гэхээр нь Лувсангийн нөөтбүүкийг аваад ир гээд явуулахад өгөөгүй байсан. Тэгээд маргааш нь хүү Батсайханыг явуулаад ээж Нямдаваагаас нь нөөтбүүк авсан. Гэтэл Бат-Эрдэнэ утасдаад манай эхнэр хичээл хийж байгаа нөөтбүүк аваад ир гээд хэрэлдсэн. Бат-Эрдэнэ нь утасны цаанаас янз бүрийн хараал хэлээд байхаар нь би гэрт нь очсон.  Гэрт нь ороод Бат-Эрдэнийг заамдаад миний 2 гарыг бариад ноцолдон баруун орон дээр унасан. Би тогооны түмпүүшиг рүү явсанаа мэдэхгүй байна. Намайг унагаагаад ар нуруу руу нэг өшиглөсөн, намайг үзсэн эмч өшиглөсөн мөр байна гэсэн. Намайг цагдаад согтуу байна гэж хэлсэн. Тэгээд гадаа байж байтал цагдаа нар ирсэн. Би түргэн дуудаагүй байхад эмч нар үзээд хугарсан хавирга нь уушиг руу орж магадгүй гээд хот явсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Наваандоржийн:

“...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө хүү Батсайханыг эгч Даваагийнхруу Нөүтбүүкийг нь гуйгаад ир гэж хэлээд 13 цагийн үед явуулсан. Удалгүй манай хүү Батсайхан Даваа эгчээс Нөүтбүүкийг нь гуйгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд манай охин Оюунтүлхүүр Нөүтбүүкэн дээр нь хичээлээ хийж байтал орой Даваа эгчийн хүү Бат-Эрдэнэ над руу залгаад Нөүтбүүк яагаад хэлэлгүй аваад явчихаж байгаа юм наадах чинь та нарынх юм уу? гэхээр нь наад Нөүтбүүк чинь чинийх юм уу? Лувсангийнх биздээ гэхэд наадах дээр чинь манай эхнэрийн хичээлийн холбогдолтой хамаг юм байгаа устгачихав гэхээр нь чиний мэдлийн юм гэж юу байдаг юм гэхэд чаддаг юм бол хүрээд ир чи хамаатан шиг байж чаддаг юм уу? Чамайг би гөлөгөө гээд хэлчихье чаддаг юм бол хүрээд гээд байхаар нь би ах хүнийхээ хувьд ч ахмад настай хүний хувьд ч тэр миний уур хүрээд эхнэр Ягаанцэцэгийн хамт Даваа эгчийн гэрт 20 цагийн үед очсон. Ороход Бат-Эрдэнэ гэрийнхээ хойд хэсэгт сууж байхаар нь чи яасан овоо хулгайч вэ? гэж хэлээд барьж аваад цохих гэтэл намайг зөрүүлээд тэвэрч аваад гэрийн баруун талын орон дээр унагасан. Тэгэхэд хажуунаас Даваа эгч больцгоо гэхэд бид зууралдсан чигээрээ боссон. Босоод би гарыг нь тавиулаад гэрийн баруун урд усны саван дээр хоосон цайны данх байсныг би барьж аваад Бат-Эрдэнийг цохихоор далайхад манай эхнэр Ягаанцэцэг булаагад авсан. Тэгэхээр нь би Бат-эрдэний өөдөөс дайрахад намайг гэрийн баруун орны наана шалан дээр ташаад унгаачихсан /ардаас тэврээд өргөөд шидсэн/. Унагаахад нь би баруун мөрөө дарж ойчсон. Тэгэхэд миний нуруу руу нэг удаа өшиглөсөн /баруун дал хавирга орчимд/. Миний баруун мөр таг хийх чимээ гараад хөдөлж чадахгүй болсон. Тэгэхээр нь би мөр мултарчихлаа гэж бодоод гадаа гараад гараа унжуулаад гэрийн гадаа баруун урд хэсэгт сууж байтал цагдаа нар ирсэн. Би Бат-Эрдэнийг цохиж зодоогүй. Бат-эрдэнэ намайг бол нэг удаа тэвэрч орон дээр унагаасан. Шалан дээр нэг удаа унагасан /араас өргөж тэвэрч шидсэн/. Миний нуруу руу буюу далны орчим гутлынхаа хоншоор хэсгээр өшиглөсөн. Дараа нь манай эхнэр эмнэлэг явж байхдаа нуруун дээр Бат-Эрдэний гутлын мөр гарчихсан байна гэж хэлж байсан. Тэгэхэд би гадуураа /дээгүүрээ/ ногоон эрээн цамцтай явж байсан. Би өөрөө өмсөөд явж байна. Тэр орой шууд эмнэлэгт очиж үзүүлэхэд хавирга чинь хугарсан байж магадгүй гээд намайг Улаанбаатар хот руу очиж үзүүл гэж хэлээд явуулсан. Одоо миний цамцан дээр ямар нэгэн мөр байхгүй. Түүнээс хойш хэд хонож байна. Би цамцаа 2-3 удаа угааж өмссөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эрүүл байсан. Болсон үйл явдлыг тод санаж байна. Нөүтбүүкэн дээрээс л болж хэрэлдсэн. Бусдаар бол бид хоёрт маргалдаж муудах асуудал огт байхгүй. Миний биед баруун эгэм 2 хугарсан. Баруун хавирга 2 хугарсан. Одоо миний бие сайжирч байна. Эмчилгээгээ хийлгээд байвал хурдан эдгэрнэ гэж эмч нар хэлсэн. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл алга байна. Би энэ хүний нагац ах нь байгаа юм. Хэн хэндээ л буруу байгаа. Энэ хүүхдийг л нэг ял зэмгүй салгачихмаар байна. Бат-эрдэнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө эмчилгээгээ хийлгэхдээ мөнгө төгрөгөө гаргачихна. Ээж нь бие муутай хүн байдаг. Тэр өдөр болон өмнө нь би ерөөсөө маргалдаж муудаагүй. Би хүнтэй муудаад байдаг ч хүн биш. Бат-Эрдэнэд зодуулснаас болж миний биед гэмтэл учирсан. Өмнө миний бие эрүүл саруул байсан...” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч И.Ягаанцэцэгийн:

“...Манай охин Оюунтүлхүүр Нөүтбүүкэн дээр дипломын ажил бичих гээд нөүтбүүк олдохгүй байхаар нь манай нөхөр Наваандорж дүү Давагаас хүүхдийнх нь нөүтбүүкийг гуйж хүүхдээ явуулж 2016 оны 05 дугаар сарын 03-нд очиж авхуулсан байсан. Манай хүү Батсайхан очиж авсан. Манай хуүг Нөүтбуүк очиж авахад нь Даваагаас өөр хүн байгаагүй гэсэн. Тэгээд орой нь Даваагийн хүүхэд Бат-Эрдэнэ манай нөхөр рүү залгаад эзэнгүй хойгуур Нөүтбүүк аваад явчихлаа гэж уурласан. Тэгээд тэр хоёр хоорондоо утсаар хэрэлдээд байсан. Тэгснээ манай нөхөр Наваандорж чаддаг юм бол хүрээд ир гээд байна гээд уурлаад намайг дагуулаад таксигаар тэднийд 20 цаг болж байхад очсон. Тэгээд манай нөхөр гэрт ороод шууд түүнийг зодохоор дайрахад Бат-Эрдэнэ манай нөхрийг барьж аваад гэрийн баруун орон дээр унагаасан. Тэгэхэд түүний ээж Даваа салгахаар очоод баруун орон дээр ухаан алдаад уначихсан. Тэгээд тэр 2 зууралдсан чигээрээ босоод ирэхэд Наваандорж гэрийн баруун урд усны саван дээр байсан цайны данхыг аваад шидэх гэхээр нь би данхыг булааж авахад манай нөхрийг Бат-Эрдэнэ ардаас нь тэврээд баруун орны наана газар шалан дээр мөрөөр нь шидчихсэн. Тэгээд дээрээс нь нэг удаа баруун талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөсөн газар нь гутлын мөр гарчихсан байсан. Тэр хоёр урьд өмнө нь огт муудаж байгаагүй. Тэр өдөр Нөүтбүүкэн дээрээс болж хоорондоо маргалдаж муудсан. Зодоон болоход Бат-Эрдэнэ, Наваандорж, Даваа бид хэд байсан. Батцэцэг гээд охин нь зодоон болсны дараа гэртээ орж ирж байсан. Түүнээс болж манай нөхрийн 2 хавирга хугарсан, мөн эгэмний яс хугарсан. Биеийн байдал нь одоо арай гайгүй болж байгаа…” /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Даваагийн:

“...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байхад манай том хүү Бат-Эрдэнэ төрсөн дүү Лувсангаасаа гуйж хэрэглэж байсан нөүтбүүкийг манай төрсөн ах Наваандоржийн хүү Батсайхан гуйхаар нь би өгөөд явуулчихсан юм. Тэгээд манай хүү Бат-Эрдэнэ орой жоншин дээр ажиллаж байгаад ирээд надаас нөүтбүүк хаана байна гэж асуухаар нь би Наваандоржийн хүүхдийг нь ирж гуйхаар нь өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Тэгэхэд Бат-Эрдэнэ Наваандорж руу залгаад нөүтбүүкэн дээр хэрэгтэй зүйл байгаа шүү гэж хэлээд утсаар яриад хэрэлдээд байх шиг байсан. Би юу ярьсныг нь сонсоогүй. Тэгээд намайг гэртээ хоол хийгээд байж байтал удалгүй манай төрсөн ах Наваандорж эхнэр Ягаанцэцэгийн хамт орж ирээд Наваандорж шууд манай хүү Бат-Эрдэнэ рүү зодохоор дайрсан. Гаднаас орж ирэхдээ ууртай орж ирсэн. Тухайн үед 20 цаг болох гэж байсан. Тэр үед Бат-Эрдэнэ гэрийн хойд хэсэгт сууж байсан. Наваандорж Бат-Эрдэнэ рүү дайраад бариад авахад нь манай хүү тэврээд гэрийн баруун орон дээр унагаасан. Тэгэхээр нь би сандраад тэр хоёрыг болиулахаар баруун орон дээр очоод ухаан алдаад унасан. Би зүрхний өвчтэй айж сандрахаараа ухаан алдаж унаад байдаг юм. Наваандорж гаднаас орж ирэхэд манай хүү Бат-Эрдэнэ бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Харин намайг ухаан ороход манай охин Батцэцэг сургуулиасаа ирчихсэн байсан. Тухайн үед би мэдээгүй. Харин дараа нь сонсож байхад нөүтбүүк дураараа авч явлаа гэснээс болсон юм шиг байна лээ. Бусдаар урьд өмнө нь хоорондоо маргалдаж муудаж байсан удаа байхгүй...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шаданд дахин мэдүүлсэн гэрч Д.Даваагийн:

“...Бат-Эрдэнэ нь миний хамгийн том хүү байгаа юм. 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймагт төрсөн. 1998 онд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуульд элсэн орж 2006 онд 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. 8 дугаар анги төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2009 онд аймгийн төвд орж ирсэн. Тэгээд 2011 онд нэг жилийн хугацаатай Улаанбаатар хотын 0326 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс 2012 онд ирсэн. Манайх 3 хүүхэдтэй. 2 эрэгтэй, 1 эмэгтэй. Эрэгтэй дүү нь тусдаа гараад 25 дугаар зөрлөгт өртөөний жижүүр хийдэг. Лувсан гэж залуу бий. Манай бага охин Батцэцэг 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч байгаа юм. Манай хүү Бат-Эрдэнэ мэргэжил байхгүй болохоор тодорхой эрхэлсэн ажил олддоггүй юм. Төмөр замын баруун талын жоншны газруудад ажил гарвал жонш шуудайлах ажил хийдэг. Нэг шуудайг нь 3500 төгрөгөөр шуудайлдаг. Өдөрт хамгийн дээд талдаа 4 шуудайг л хийдэг. Манай гэрт тогтмол орлоготой хүн байдаггүй. Би төмөр замын вокзал дээр суудал ирэх болон явах үед хоол, цай зарж мөнгө олдог. Бат-Эрдэнэ өнгөрсөн жилээс Жигдэнжамц гэх бүсгүйтэй нэг гэр бүл болж 2016 оны 02 дугаар сард хүүтэй болсон. Түүний эхнэр нь аймгийн ПТК-д 3 дугаар курсын оюутан. Манай хүү нь багаасаа аав гэдэг хүнийг мэдэхгүй. Түүний аав нь багад мотоциклоос ойчоод нас барчихсан юм. Харин би нөхрийгөө өнгөрснөөс хойш Түмэнбаяр гэх хүнтэй хамтран амьдарч байна. Түмэнбаяр нь манай 3 хүүхдийн хойд аав нь байгаа юм. Миний хүү Бат-Эрдэнэ архи дарс огт хэрэглэдэггүй. Тамхи татдаггүй. Ямар нэгэн муу зуршилгүй. Миний үгнээс огт гарч үзээгүй. Гэр бүл хань ижилдээ халамж анхаарал маш сайн тавьдаг. Найз нөхөд хамаатан садан гэр бүлийн дунд нэр хүнд сайтай төлөв даруу зантай тийм л хүүхэд байгаа юм...” /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Д.Батцэцэгийн:

“...2016 оны 05 дугаар сарын 03-ны орой сургууль дээрээ сагсны бэлтгэл хийж байгаад гэртээ ирэхэд манай төрсөн ах Бат-Эрдэнэ, ээжийн ах Наваандоржтой хоорондоо муудалцсан юм шиг байсан. Би гэртээ ирсэн цагаа сайн санахгүй байна. Ойролцоогооор 20 цаг л болж байсан байх. Намайг гэрт орж ирэхэд гэрийн баруун орон дээр манай ээж Даваа зүрх нь өвдөөд байна гээд хэвтэж байсан. Бат-Эрдэнэ ах нүүр гараа угаагаад зогсож байсан. Наваандорж ах гэрийн гадаа сууж байсан. Аав гэрт байхгүй байсан. Дараа нь юу болсон талаар асуухад Лувсангийн нөүтбүүкнээс болж манай ах Бат-Эрдэнэ Наваандорж ахтай муудсан байсан. Яг хэрүүл маргаан, зодоон болж байхад би байгаагүй. Намайг ирсний дараа эмнэлэг болон цагдаа нар ирээд манай ах Бат-Эрдэнийг аваад явсан...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Жигдэнжамцын:

“...Би ер нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн иргэн байгаа юм. Манай аав, ээж бүгд тэнд байдаг. Харин би 2013 оны намар Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн ангид элсэн орсон юм. Тухайн үед би сумандаа 11 дүгээр анги төгссөн байсан. 2015 оны 01 дүгээр сард Даваагийн Бат-Эрдэнэ гэдэг залуутай интернэтээр танилцсан. Танилцаад түүнээс хойш дотно нөхөрлөж байгаад нэг гэрт амьдрах болсон. Би тэднийд буюу хадмындаа 2015 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа. Бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүүтэй болсон. Одоо манай хүүхэд 3 сартай Ууганбат гэж хүү бий. Манай нөхөр Бат-Эрдэнэ 1990 оны 12 сарын 19-ний өдөр Дорноговь аймагт төрсөн. 1998 онд Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуульд элсэн орж 2006 онд 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. 8 дугаар анги төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2009 онд аймгийн төвд орж ирсэн. Тэгээд 2011 онд нэг жилийн хугацаатай Улаанбаатар хотын 0326 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс 2012 онд ирсэн. Нөхөр маань эхээс гурвуулаа, айлын хамгийн том, доороо хоёр дүүтэй. Эрэгтэй дүү нь тусдаа гараад 25 дугаар зөрлөгт амьдарч байгаа. Харин эмэгтэй нь  1 дүгээр сургуулийн сурагч, ээж Даваа нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг /вокзал дээр галт тэрэг ирэх, явах үед хоол зардаг/, аав нь хөгжлийн бэрхшээлтэй группт гэртээ байдаг. Түүний нүд нь юм хардаггүй юм. Манай гэрт одоогоор тодорхой эрхэлсэн ажилтай хүн байхгүй. Манай нөхөр төмөр замын баруун талын жоншнууд дээр ажил гарвал очиж хийдэг. Өдөр болгон ажил олдоод байдаггүй. Бат-Эрдэнэ бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Манай нөхөр Бат-Эрдэнэ гэр бүл, ээж, аавдаа халамж анхаарал маш сайн тавьдаг. Архи дарс огт хэрэглэдэггүй. Ямар нэгэн муу зуршилгүй. Надад ямар нэгэн муухай ааш авир гаргаж байгаагүй. Миний хувьд тэр бол жинхэнэ эр хүн шиг эр хүн дээ. Яагаад ийм хэрэгт холбогдсон гэхээр тэр зодуулсан гээд байгаа ахынх нь буруу бас байгаа байх. Би тэгэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт манай хүүгийн бие өвдөөд түүнийг сахиад хэвтэж байсан юм. Дараа нь нөхрөөсөө Наваандорж ахтайгаа муудалцсан талаар сонссон...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Батсайханы:

“...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байтал манай аав Даваа эгчийндээ очоод нөүтбүүкийг нь аваад ир эгч чинь дипломын ажлаа бичих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Даваа эгчийнд буюу аяганы хонхорын 2-2 тоотод очиж нөүтбүүкийг нь авсан. Тэднийд очиход Даваа эгч /манай аавын төрсөн дүү/ ганцаараа байсан. Бат-Эрдэнэ ах хаана байгаа юм гэхэд жоншин дээр ажиллаж байгаа гэж хэлсэн. Би гуйгаагүй. Манай эгч Оюунтүлхүүрийг гуйхад Бат-Эрдэнэ өгөхгүй гэж хэлсэн байсан. Тэгээд манай аав Даваа эгчээс гуйгаад намайг явуулж авхуулсан юм...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шинжээч Л.Жаргалтогтохын:

“...Д.Наваандоржийн биед 2016 оны 05 дугаар сарын 05-нд үзлэг хийж Д.Наваандоржийн биед баруун талын эгэм ясны далд хугарал, орчмын эдийн цус хуралт, 3, 4 дүгээр хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх далд хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний баруун талд 1 дүгээр хавирганы харалдаа дээр эгэм яс байрладаг, өөрөөр хэлбэл 1 дүгээр хавиргатай цуг байдаг гэсэн үг юм. Түүний доор харалдаа 2, 3, 4 дүгээр хавирга гэх мэтээр байрласан байдаг...” /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Д.Бат-Эрдэнийн:

“...Би эрхэлсэн тодорхой ажил байхгүй манай гэрийн хажууд байдаг жоншин дээр ажил гарвал би хийдэг юм. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би жоншин дээр ажиллаж байгаад орой гэртээ 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай төрсөн дүү Лувсангийн “Нөутбүүк”-ийг Наваандоржийн хүүхэд манай ээжид хэлээд аваад явчихсан байсан. Наваандорж нь манай ээж Даваагийн төрсөн дүү нь байгаа юм. Надаас өдөр нь гуйхаар нь би өгөх боломж алга би өөрөө Лувсангаас гуйж хэрэглэж байгаа тэгээд ч дээр нь хэрэгтэй зүйлүүд байгаа устгачиж магадгүй өгөхгүй гэж хэлсэн.  Тэгэхээр нь би Наваандорж руу залгаад “Нөүтбүүк” өгөхгүй гээд байхад яагаад аваад явчихсан юм гэхэд чинийх юм уу? гэхээр нь би юу гээд хуцаад байгаа юм бэ? би дүүгээсээ гуйж хэрэглэж байна. Би та нарт өдөр өгөхгүй гэж хэлээ биздээ гэхэд Наваандорж юу гээд томроод байгаа юм бэ? очоод алчихна шүү гээд байхаар нь 6и “чаддаг юм бол хүрээд ир, би чамайг гөлөг гээд хэлчихье, чи ямар хамаатан шиг байж чаддаг юм уу” Гэхэд утсаа тасалсан. Удалгүй Наваандорж манай гэрт эхнэр Ягаанцэцэгийн хамт 20  цаг болж байхад орж ирсэн. Манайд ээж Даваа, аав Түмэнбаяр, дүү Батцэцэг нар байсан. Орж ирэхэд нь би гэрийн хойд хэсэгт сууж байсан. Тэгэхэд тэр над руу шууд дайраад чи ямар овоо хулгайч вэ? гээд намайг барьж аваад цохих гэхээр нь би 2 гарыг нь бариад баруун орон дээр дарж унагаасан. Тэгэхэд манай ээж Даваа больцгоо гээд бид хоёрын голоор ороход бид 2 зууралдаатай чигээрээ босч ирээд зогсч байхад манай ээж зурх нь өвдөөд ухаан алдаад баруун орон дээр уначихсан. Тэгэхэд Наваандорж миний гарыг тавиулаад гэрийн баруун урд хэсэгт усны саван дээр байсан цайны данхыг бариад над руу дайрахад нь эхнэр нь булаагаад авчихсан. Тэгэхэд Наваандорж зүрхэнд чинь хутга шааж ална гээд бандан руу явахаар нь би араас нь тэврээд гэрийн баруун орны наана шалан дээр баруун мөрөөр нь газар шидчихсэн. Тэгэхэд миний мөр эвгүй болчихлоо гээд хэвтэж байгаад гадаа гараад сууж байхад нь цагдаа нар ирсэн. Эхлээд орон дээр дарж унагасан. Дараа нь гэрийн баруун хэсэгт мөрөөр нь газар унагасан. Намайг цохих гэхэд нь би гарыг нь бариад авсан. “Нөүтбүүк”-ээс л болсон. Би өгөхгүй гээд байхад аваад явчихлаа гэж уурласан. Өөр ямар нэгэн муудах шалтгаан байгаагүй. Урд өмнө нь бид 2 маргалдаж муудаж байсан удаа байхгүй. Наваандорж ахаас архи үнэртээд байсан. Уусан үгүйг нь би мэдэхгүй байна...” /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Д.Бат-Эрдэнийн:

“...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Яг Наваандорж ах бид хоёрыг маргалдаж, зодолдоход гэрт манай ээж Даваа, Наваандоржийн эхнэр Ягаанцэцэг нар байсан. Харин манай дүү Батцэцэг зодоон болсны дараа сургуулиасаа тарж ирсэн. Аав Түмэнбаяр болохоороо гэрт байгаагүй. Тэр хүн тухайн үед хаана байсныг би сайн мэдэхгүй байна. манай аав хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн группт байдаг. Хоёр нүд нь юм хардаггүй хүн байдаг. Би өшиглөөгүй. Араас нь тэвэрч баруун мөрөөр нь газар шидсэн. Өөрөөр зодож цохиогүй. Миний буруутай үйлдлээс Наваандорж ахын биед гэмтэл учирсан гэж бодож байна. Надад үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй байна...” /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...1.Д.Наваандоржийн биед 2016 оны 05 дугаар сарын 05-нд үзлэг хийж Д.Наваандоржийн биед баруун талын эгэм ясны далд хугарал, орчмын эдийн цус хуралт, 3, 4 дүгээр хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх далд хугарал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд 

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

3.2. Д.Бат-Эрдэнийн согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

3.3. Д.Бат-Эрдэнийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн болон, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн лавлагаа /хх-ийн 31-37 дугаар хуудас/,

3.4 Д.Наваандоржийн цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн иргэний лавлагаа, Д.Даваагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ууганбатын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны оройн 20 цагийн орчим Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Аяганы хонхорын 2-2 тоотод иргэн Д.Наваандоржтой маргалдан улмаар түүний бие махбодид эгэм ясны далд хугарал, 3, 4 дүгээр хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь  

хохирогч Д.Наваандоржийн ...би цохих гэтэл намайг зөрүүлээд тэвэрч аваад гэрийн баруун талын орон дээр унагасан..., ...хоосон цайны данх байсныг би барьж аваад Бат-Эрдэнийг цохихоор далайхад манай эхнэр Ягаанцэцэг булаагаад авсан..., ...намайг араас тэврээд гэрийн баруун орны наана шалан дээр өргөөд шидсэн..., ...баруун мөрөө дарж ойчсон..., ...миний нуруу баруун далны дор хавирга орчим руу нэг удаа өшиглөсөн...,

 

гэрч И.Ягаанцэцэгийн ...манай нөхөр гэрт ороод шууд түүнийг зодохоор дайрахад Бат-Эрдэнэ манай нөхрийг барьж аваад гэрийн баруун орон дээр унагаасан..., ...Наваандорж цайны данхыг аваад шидэх гэхээр нь би данхыг булааж авахад манай нөхрийг Бат-Эрдэнэ ардаас нь тэврээд баруун орны наана газар шалан дээр мөрөөр нь шидчихсэн. Тэгээд дээрээс нь нэг удаа баруун талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөсөн газар нь гутлын мөр гарчихсан байсан...,

 

шинжээч Л.Жаргалтогтохын ...Д.Наваандоржийн биед 2016 оны 05 дугаар сарын 05-нд үзлэг хийж Д.Наваандоржийн биед баруун талын эгэм ясны далд хугарал, орчмын эдийн цус хуралт, 3, 4 дүгээр хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх далд хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний баруун талд 1 дүгээр хавирганы харалдаа дээр эгэм яс байрладаг, өөрөөр хэлбэл 1 дүгээр хавиргатай цуг байдаг гэсэн үг юм. Түүний доор харалдаа 2, 3, 4 дүгээр хавирга гэх мэтээр байрласан байдаг...,

 

сэжигтэн, яллагдагч Д.Бат-Эрдэнийн ...Наваандорж зүрхэнд чинь хутга шааж ална гээд бандан руу явахаар нь би араас нь тэврээд гэрийн баруун орны наана шалан дээр баруун мөрөөр нь газар шидчихсэн... гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 153 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэг ...аргагүй хамгаалалт хийгдсэн тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн тайлбарыг гаргаж байгаа ч энэ нь хэдийгээр хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлж шүүгдэгч рүү довтолгоо хийгдсэн боловч шүүгдэгч нь хохирогчийн довтолгоо зогссоны ард түүн рүү довтолж гэмтэл учруулан болох нь хохирогч Д.Наваандоржийн ...намайг араас тэврээд гэрийн баруун орны наана шалан дээр өргөөд шидсэн..., ...баруун мөрөө дарж ойчсон..., ...миний нуруу баруун далны дор хавирга орчим руу нэг удаа өшиглөсөн..., гэрч И.Ягаанцэцэгийн ...манай нөхрийг Бат-Эрдэнэ ардаас нь тэврээд баруун орны наана газар шалан дээр мөрөөр нь шидчихсэн. Тэгээд дээрээс нь нэг удаа баруун талын хавирга руу нь хөлөөрөө өшиглөсөн..., сэжигтэн яллагдагч Д.Бат-Эрдэнийн ...Наваандорж зүрхэнд чинь хутга шааж ална гээд бандан руу явахаар нь би араас нь тэврээд гэрийн баруун орны наана шалан дээр баруун мөрөөр нь газар шидчихсэн... гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь хохирогчийг араас нь тэврээд зогсож байх боломжтой, мөн араас нь тэврээд шидэх болон цохих ямар нэг үйлдэл хийхэд гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдэх ёстой байсан ба мэдэх боломжтой байсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийг тайлбарласан тайлбартай зөрчилдөж байна. Энэ нь өөрт нь …тулгарсан аюул арилсан нь тодорхой байхад хамгаалалтыг үргэлжлүүлэх замаар халдагчид гэм хор учруулсан байдал, хожимдсон хамгаалалт, өөрөөр хэлбэл довтолгоон дууссан нь тодорхой байхад аргагүй хамгаалалт хийх нь өш хонзонгийн шууд үр дагавар болдог учир аргагүй хамгаалалтын шинж, агуулга алдагдан, харин халдлагыг далимдуулан хувийн тооцоо бодох, урьдын өш хонзонгоо авах зэрэг байдлаар хохирогч руу довтолж, түүнд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байх ба хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байгаа нь нотлогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй гэснийг,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 294., 295-297., 298.,299 дүгээр зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Рашааныхан овгийн Даваагийн Бат-Эрдэнэд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН