Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 670

 

                                                                                                                                                                                                                                                                                           

                                                                    

 

 

 

 

 

 

      Б.Ж, Т.Б, А.А,

     Н.Д, Т.Э нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Галцацрах,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,  

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жы гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарт холбогдох эрүүгийн 1805001250072 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Баярсайханы Б.Ж, 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дугаар баг, тоотод оршин суудаг,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 66   дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар шийтгэгдэж байсан, /РД: /,

2. Боржигон овгийн Туяагийн Т.Б, 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, өвөг эцэг нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дүгээр баг, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

 

3. Оорцог овгийн Амгаланбаатарын А.А, 1997 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дугаар баг, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

 

4. Тайчууд овгийн Нямсүрэнгийн Н.Д, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дамжаанд суралцдаг, ам бүл 3, эмэг эх, эх нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Их-Уулын 166 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн дугаар хороо, тоотод түрээсийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

 

5. Таринч тайжууд овгийн Түвшинтөгсийн Т.Э, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “Төгс-Үржих зам” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамжны 443 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ФБ97082615/.

 

Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай, каннабис гэх нэршилтэй, 8 ширхэг уутанд хийсэн нийт 1318 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 59-01 УНТ улсын дугаартай “Соната-5” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1204.1 грамм НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодис, гантилан хэлбэрийн хуванцар сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, AL8161869 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг устгуулахаар Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 59-01 УНТ улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, 59-01 УНТ улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Чинзориг /”Гуртын тавилан” банк бус санхүүгийн байгууллага/ нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. ...Би тухайн үед болчимгүй үйлдэл хийж, ийм асуудалд холбогдсон нь миний буруу. Одоо эхнэртэй болсон, амьдрал зохиож байгаа. Залуу насандаа муу үйл хийж, амьдралдаа хар толбо үлдээсэндээ харамсаж, маш их ухаарч ойлгож, гэмшиж байна. ...барилга дээр ажиллаж цалин хөлс олж шударгаар хөдөлмөрлөж зөв шударга амьдарч, их дээд сургуульд сурч боловсрон, нийгэмд сурсан мэдсэн, чаддаг бүхнээ хийж, бүх зүйлээ гэр бүлдээ зориулж амьдрах болно. Хоригдож байх хугацаандаа маш их зүйл ойлгож, ухаарч байна. ...Иймд хэргийг дахин хянан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Д би өмнө ямар нэгэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзээгүй. Болчимгүй, гэнэн томоогүй байдлаасаа болж татаж үзье гэсэн сонирхолд хөтлөгдөн 2-3 удаа сороод л амьдралдаа маш том хар толбо үлдээсэндээ маш их харамсаж байна. Урьд өмнө миний бие ямар нэгэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзээгүй. Болчимгүй, гэнэн томоогүй байдлаасаа болж татаж үзье гэсэн сонирхолд хөтлөгдөн 2-3 удаа сороод л амьдралдаа маш том хар толбо үлдээсэндээ маш их харамсаж байна. ...Сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, амжилттай төгсөн, мэргэжил эзэмшин улс эх орныхоо хэрэгцээт салбарт очиж үнэнч шударгаар хөдөлмөрлөн амьдрахыг хүсч мөрөөдөж байна. Надад ганцхан удаа итгэл найдвар хүлээлгэж, хуулийн энэрэнгүй зарчмаар хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгвөл та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, сургуулиа амжилттай төгсөн улс эх орондоо хэрэгтэй, сайн боловсон хүчин болон хүмүүжиж чадна гэдгээ амлаж байна. Энэ амлалтыг минь харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна...” гэв.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Т.Э би маш буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч, ойлгож, хоригдох хугацаандаа маш их зүйлийг бодож гэмшиж байна. ...Би дөнгөж сургуулиа төгсөж дипломоо ч гардаж авч чадаагүй. Ажилд ороод 3 сар гаран л болж байсан. Миний эхнэр жирэмсэн, 9 сард төрнө. Анхны хүүхдээ төрөхөд хажууд нь байж эцэг хүний үүргийг гүйцэтгэх, аав, ээждээ сайн хүү, ханьдаа сайн түшиг болохоо амлаж байна. Би энэ хугацаанд маш их гэмшиж байна. ...Би та бүхний өмнө дахин ийм муухай зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Надад алдаагаа засах, аав, ээж, ханьдаа сайн үр нь байх боломжийг олгож надад оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Дгийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Эы өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Т.Э анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хувийн байдлын хувьд айлын ганц хүүхэд, сургуулиа энэ жил төгссөн. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх үедээ шалгалтуудаа өгсөн, дипломоо гардаж аваагүй байсан. Мөн эхнэр нь жирэмсэн, энэ 9 дүгээр сард төрнө. Хоригдсоноос хойш хэд хэдэн удаа очиж уулзахад хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал нь илэрхий байсан. Энэ байдлаас харахад шүүгдэгч Т.Эыг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Эд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж, нөхөн төлүүлэх боломжгүй хор уршигтай гэж үзээд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ж, Т.Б, Т.Э, А.А, Н.Д нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай, каннабис гэх нэршилтэй, 8 ширхэг уутанд хийсэн нийт 1318 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 59-01 УНТ улсын дугаартай, “Хьюндэй Соната-5” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.Чийн мэдүүлэг /хх-45-I/,

Б.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...машинаасаа бууцгааж каннабис гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй өвсийг нэг, нэг гялгар уутанд түүж авсан. Гэхдээ татаж хэрэглэх гэж байсан учраас их хэмжээгээр түүгээгүй...” гэх мэдүүлэг /хх-142-I/,

Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...бид нар өөрсдөө татаж хэрэглэж үзэхээр болоод Дархан хот руу явж түүсэн. Дархан хотоос Улаанбаатар хот руу явж байх үед анх удаа хэрэглэж үзсэн. Өвс татаж хэрэглэсэн ундааны сав, хуйлсан мөнгө нь машинд хамт байж байгаад хураагдсан...” гэх мэдүүлэг /хх-148-149-I/,

А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...шороон замын хажууд зогсоод Т.Э машинаас бууж гэрэл тусгаж хараад энэ мөн юм шиг байна гэхээр нь тавуулаа машинд байсан уутнуудад өвс гэх зүйлийг түүж авсан. Ингээд түүсэн өвсөө машиныхаа урд копуданд хийгээд шөнийн 05 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. ...замдаа усны савыг цоолж 10 төгрөг хуйлж гуурс болгож түүсэн өвснөөсөө бүгд татаж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-155-I/,

Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...ингээд хэсэг түүж байгаад хот руу явахаар болж түүсэн өвснүүдээ машиндаа хийгээд хот руу хөдөлсөн. ...Манай найз нар усны савыг цоолж 10 төгрөг хуйлж гуурс болгоод түүсэн өвсөө шатааж усны саванд хуримтлагдсан утааг нь сорж хэрэглэж байхаар нь би түүнээс 2-3 удаа сонирхож татсан...” гэх мэдүүлэг /хх-161-I/,

Т.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...бид нар өвс гэх зүйлийг өөрсдөө хэрэглэхээр болоод түүж бэлдэж авч ирсэн. ...хар тамхи мансууруулах бодисыг Дархан хотоос түүгээд Улаанбаатар хот руу явж байх үедээ хэрэглэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-167-I/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 795 дугаартай “...Б.Ж, А.А, Т.Э, Т.Б гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-73-76-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 796 дугаартай “...1, ...2, ...3, ...4, ...5, ...6, ...7, ...8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Б.Ж, А.А, Т.Э, Т.Б гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-73-76-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 3469 дугаартай “...гантилан хэлбэрийн хуванцар сав, Монгол Улсын хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гантилан хэлбэрийн хуванцар сав, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-91-92-I/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 267, 296, 305, 307, 309 дугаартай дүгнэлт /хх-99-101, 104-106, 109-111, 114-115, 118-120-I/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12-I/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-43-I/   зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ж, Н.Д, Т.Э болон өмгөөлөгч С.Галцацрах, Н.Энхжаргал нарын гаргасан “...хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан нэг жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Ж, Т.Б, А.А, Н.Д, Т.Э нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан тэдэнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Шүүгдэгч Б.Ж, Н.Д, Т.Э болон өмгөөлөгч С.Галцацрах, Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жы гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ