Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00069/И |
Дугаар | 130/ШШ2017/00173 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00173
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, С овогт О А н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, С ХХК-ийн захирал Ж.А т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК-иас 6 сарын тэтгэмж 4200000 төгрөгийг гаргуулж олгохыг С ХХК-ийн захирал Ж.А т даалгах тухай.
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.А улсад нийт 33 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ба түүнээс 1987 оны 01-р сараас 2001 оны 5-р сар хүртэл /Хуучнаар НААҮ ний газар одоогийн С XX төрийн өмчит компани/-д 14 жил 3 сар тасралтгүй ажиллаж.түүний дараа ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 сарын 01-ний хүртэл 10 сар нийтдээ 15 жил 1 сар тус С компанид удаан жил ажиллаж тус компанид хөлс хөдөлмөрөө шингээсэн болно. Гэтэл миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох 60 нас хүрч тус компанийн захирал Ж.А нь 2016 омы 10-р сарын 01-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж зөвхөн 10 сард ногдох 2 сарын тэтгэмж олгохоор болж тушаал гаргасан болно. Миний бие тус НААҮ-ний салбар болох С компанид нийт 15 дээш жил ажиллаж хүч хөдөлмөрөө шингэсэн болохоор 8 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авах талаар гомдлоо Компанийн захиралд гаргаж байсан боловч миний гомдлыг авч хэлэлцээгүй юм. Компанийн дотоод журмын 24.9 дэх хэсэгт заасны дагуу тус компанид он удаан жил.үр бүтээлтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст ажилласан жилтэй нь уялдуулан үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор тусгасан байгаа ба журам ёсоор 15-аас 20 жил ажилласан ажилтанд нэг удаа 8 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгодог байна. Дүгнэлт гаргуулахаар аймгийн МХГ-т гомдол гаргахад тус газрын 2016 оны 10-р сарын 25 мм өдрийн 2\530 тоот албан бичгээр Дотоод журамд заасан ёсоор тэтгэмж олгох нь хууль ёсны талаар С компани захиралд үүрэг болгосон боловч Ж.А захирал хайхарч үзсэнгүй. Ингээд аргагүйн эрхэнд шүүхэд гомдол нэхэмжлэл гаргахад хүрсэн. Миний 1987 онд ажиллаж байсан НААҮ ний газар нь зах зээлийн харилцаанд шилжиж өөрчлөн байгуулагдаж хувьчлагдсанаар түүний бүх эрх мэдэл.хөрөнгө.ажлын чиг үүрэг нь одоогийн төрийн өмчит С компанид шилжин өвлөгдөж, залгамжлагдан үйл ажиллагаа явуулж байгаа болно. Намайг ажиллаж байх үеийн хамт ажиллаж байсан хүмүүс өндөр насны тэтгэвэрт гарч тус компанийн дотоод журмын дагуу тэтгэмж авч байжээ. Иймд шүүхээс хүсэх нь: О.А надад нэмж 6 сарын тэтгэмж олгох шийдвэр гаргахыг С ХХК-ийн захирал Ж.А т даалгаж, тус компанийн данснаас тэтгэмжийн 4200000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие улсад 35 жил ажиллаад өнгөрсөн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн С ХХК-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний нэхэмжлэлийн шаардлага бол С ХХК-ийн дотоод журмын дагуу тус компанид ажилласан жилд ногдох тэтгэмжийн мөнгө болох 4200000 төгрөг гаргуулах тухай байгаа. Уг нь би 1987 онд цэргийн албанаас чөлөөлөгдөж ирээд 1987 оны 01 дүгээр сард нийтийн аж ахуйн салбарт орсон. Тэрнээс хойш С ХХК-д 2010 он хүртэл ерөнхий ня-богоор ажиллаж байсан. Дараа нь 2001 оны 3 дугаар сард өөр газарт шилжин ажилласан. Ингээд ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сараас эргэж С ХХК-д дотоод аудитор болон эдийн засагчийн албан тушаалаар орсон. Тэгж байгаад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өндөр насны тэтгэвэрт гарсан. Урьд нь С ХХК-д 14 жил 2 сар ажилласан. Дараа нь 9 сар гаруй ажилласан. Нийтдээ 15 жил С ХХК-д ажилласан. Тийм учраас Ж.А захиралд байгууллагын дотоод журмын дагуу ажилласан хугацаанд ногдох тэтгэмжийг өгөөч гээд хүсэлтээ гаргасан. Гэтэл Ж.А дарга хариу өгөхдөө таны ажилласан жил тасарсан байна. Тасралтгүй ажилласан байвал олгох ёстой гэсэн. Дотоод журамд он удаан жил гээд таслал тавиад, тасралтгүй гэсэн хоёр утгатай үг байгаа. Тэгээд би он удаа жил гээд таслал тавьсан байна, он удаан жил ажилласан бол өгнө гэсэн заалттай юм байна. Хэдэн жилийн тэтгэмжийг өгчих гэдгийг хэлсэн. Тэгэхэд сүүлд ажилласан ганц жилийн тэтгэмжийг өгөөд бусдыг олгох боломжгүй байна гэсэн. Тийм учраас шүүхэд хандаж урьд ажиллаж байсан 14 жилд ногдох тэтгэмжийг гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан юм гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.А нь хариуцагч С ХХК-иас 6 сарын тэтгэмж 4200000 төгрөгийг гаргуулж олгохыг С ХХК-ийн захирал Ж.А т даалгахыг хүсжээ.
Хариуцагч С ХХК-ийн захирал Ж.А т 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотолж, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч С ХХК-ийн захирал Ж.А нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг С ХХК-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай Жинхлүүлэн ажиллуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт, тус компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 1. Тус компанийн эдийн засагч-дотоод аудитороор 6 сарын туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулсан О.А г 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн жинхлүүлэн ажиллуулсугай, 2. О.А н ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг ерөнхий санхүүч /А.Н /-д үүрэг болгосугай. 3. О.А г 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сард 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр цалинжуулан, ажлын үр дүнгээр зохих нэмэгдлийг мөн удаан жилийн нэмэгдлийг зохих журмын дагуу сар бүр бодож олгож байхыг ерөнхий санхүүч /А.Н /-д тус тус зөвшөөрсүгэй гэх ажил олгогчоос тушаал гарснаар нэхэмжлэгч О.А нь С ХХК-нд эдийн засагч-дотоод аудитор гэсэн албан тушаалд ажиллаж байсан байна.
Баян-Өлгий аймаг С ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтууд, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.9.3 дахь, 24 дүгээр зүйлийн 24.9 заалтуудыг тус тус үндэслэн Эдийн засагч, дотоод аудиторын ажилтай О.А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж, комиссын бүрэлдэхүүнээр ажлыг хүлээн авах, тушаалын 4 дэх заалтаар О.А д 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг бодож олгохоор тус тус тусгасан байна.
Нэхэмжлэгч О.А н өмнө өөр аж, ахуй нэгжид ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан 162717 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр болон 311810, 0194891 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, мөн нэхэмжлэгч О.А нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргаж байсан өргөдлийн хариуд: ... иргэн О.А н С ХХК-д ажилласан жилийг харгалзан түүнд компанийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу зохих тэтгэмжийг тооцож олгох нь зүйтэй ... гэсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/530 дугаартай албан бичгээр, Өлгий сумын 11-р багийн иргэн З.Козлов, С.Сейлхан нарын нотариатаар баталгаажуулсан ... НААҮ-ний газарт ажиллаж байсан хугацааг С ХХК-д ажилласнаар тооцож 12 сарын тэтгэмж авч гарсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.А нь Баян-Өлгий аймаг С ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсноор ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдож байх тул С ХХК-ийн дотоод журмын дагуу тэтгэмж авах эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.А нь ... Компанийн дотоод журмын 24.9 дэх хэсэгт заасны дагуу тус компанид он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүст ажилласан жилтэй нь уялдуулан үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор тусгасан байгаа, журам ёсоор 15-аас 20 жил ажилласан ажилтанд нэг удаа 8 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байдаг гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч С ХХК нь үгүйсгэсэн нотлох баримтаа ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч О.А нь 2 сарын тэтгэмж авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа байдлыг дурдаж, нэмж 6 сарын тэтгэмж болох 4200000 төгрөгийг С ХХК-ийн санхүүгээс гаргуулан олгохыг С ХХК-ийн захирал Ж.А т даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.А н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С ХХК-ийн санхүүгээс 82150 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хариуцагч С ХХК-ийн захирал Ж.А т шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан О.А д 6 сарын тэтгэмж 4200000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг С ХХК-ийн данснаас гаргуулан олгохыг С ХХК-ны захирал Ж.А т даалгасугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч С ХХК-ийн санхүүгээс 82150 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН