Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/394

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ө холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ө нь “2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах “В” төвийн 0 тоот өрөөнд иргэн Ч биед халдаж, түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруунд шарх, хүзүү, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Г.Ө нь “2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах В төвийн 0 тоот өрөөнд иргэн Ч биед халдаж, түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруунд шарх, хүзүү, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний хуучин танил Ө намайг Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах В төвд хүрээд ир гэсэн. Тэнд очиход А байсан ба гаднаас Ө, Хосоо 2 архи барьчихсан ороод ирсэн. Авсан архинаас нь Хосоо, Ө бид 3 уусан бөгөөд А огт уугаагүй. Удалгүй Ө надад агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би явах гэхэд хаалгаа цоожлоод гаргаагүй. Тэгээд намайг угзраад газарт унагаад цохиод байсан. А, Хосоо 2 биднийг салгахад нь би гарч зугтаасан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Б.Ч нь эмчилгээний төлбөр гэж 150.000 төгрөгийг өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х гэрчээр өгсөн “...Тухайн өдөр А, Ө бид 3 Б дүүргийн 0 хороо В төвөд ууж байхад Ө Чыг дуудсан. Удалгүй Ч ирсэн бөгөөд бид нар 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. А архи уугаагүй бөгөөд цаана юм хийгээд сууж байсан. Тэгтэл Ө, Чд хандаад “ажил төрөлд оруулаад өгч байхад арчаагүй” гэж хэлээд Ч дургүйцээд тэр 2 маргасан. Тэгээд заамдалцаад унасан. А бид 2 салгасан бөгөөд Ч гараад явсан. Хүзүү хэсэгтээ жаахан шалгарснаас өөр зүйл хараагүй. Тухайн өдөр бид 4 л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...Ч биед баруун гарын эрхий хуруунд шарх, хүзүү, цээж, зүүн хөхөнд цус хуралт, бүсэлхий нуруу, зүүн нүдний зовхинд зулгаралт, хүзүү баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Өын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Б дүүгийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах В төвийн 0 тоот өрөөнд Хосоо, А бид 3 ууж байгаад Чыг дуудсан. Удалгүй Ч хүрээд ирсэн бөгөөд бид нэр 1 шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд би Чд хандаж “би чамд ажил олж өгөөд мөн тоног төхөөрөмж хүртэл авч өгөөд байхад чи яагаад ажил хийхгүй байгаа юм ба, эхнэр чинь ганцаараа ажил хийгээд байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Ч үг даахгүй урдаас маргаад бид 2 маргалдаж эхэлсэн бөгөөд заамдалцаад байж байхад Хосоо, А 2 салгасан. Тэгээд Ч явсан. Ч уг нь миний багийн найз маань юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 43-44 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Г.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 50 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь “2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах В төвийн 0 тоот өрөөнд иргэн Ч биед халдаж, түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруунд шарх, хүзүү, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь гарах гэхэд гаргахгүй хаалгаа цоожилчихсон. Тэгээд намайг угзраад унагаагаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3911 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Г.Ө нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Өыг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах В төвийн 0 тоот өрөөнд иргэн Ч биед халдаж, түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруунд шарх, хүзүү, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Г.Ө нь надад 150.000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 37 тал/ гэх хүсэлт, шүүгдэгч Г.Өын нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал, хохирол төлбөрт 150.000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 38 тал/-ийг тус тус хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч дахин хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Г.Ө нь хохирогчид нийт 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн бөгөөд цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Ө нь “2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах В төвийн 0 тоот өрөөнд иргэн Ч биед халдаж, түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хуруунд шарх, хүзүү, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ө ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 150.000 төгрөгийн төлбөр төлсөн, цаашид  гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 38 тал/,

 

Хохирогч Б.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 52-53 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг дахин баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.Өт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Г.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Г.Өт тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, шүүгдэгч Г.Ө нь хохирогч Б.Чд эмчилгээний зардалд 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ