Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/856

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч Ж.С(томилолтоор),

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч П.Г,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ш овогт А.Э, Б овогт Э.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008004360058 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...  оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баганарангийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт А.Э (РД: ... ),

Монгол Улсын иргэн, ... оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт суудаг гэж бүртгүүлж байсан боловч одоо Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Нуурын ... тоотод эмээтэйгээ байнга оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Б(РД: ... ),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Э, Э.Б нар нь бүлэглэн:

1/ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дүгээр гудамжны ... тоот А.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн 42 инчийн LE TV зурагт удирдлагын хамт, 2 ширхэг даавуу зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 470 000 төгрөгийн хохирол учруулсан,

2/ 2019 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баганарангийн ... тоот Б.С-ын хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн чонын шагай, машины хөгжим 1 ширхэг, нокиа гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 285 000 төгрөгийн хохирол учруулсан,

3/ Шүүгдэгч Э.Б ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо. Орбитын ... тоотод оршин суух иргэн Ү.З-ийн эзэмшлийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлан авч бусдад 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

4/ Шүүгдэгч А.Э ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... тоот Р.Б-ийнхүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн гацуур модон дээрээс бэлэн 185 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлан авч 185 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ломбардад зурагт тавьсан талаар яръя. Намайг өглөө босоход Э.Б “хоолны мөнгөгүй болчихлоо, гараад мөнгө олоод ир, над руу танихгүй хүний утаснаас залгаарай” гэж хэлсэн. Би айл руу ороод тухайн зурагтыг авчхаад, хүний утсаар ярьсан учраас “эгчийнхээ зурагтыг авчихлаа, хүрээд ир” гэж Э.Б-д хэлэхэд ирсэн. Тэгээд тухайн ломбард удирдлага нь хэрэгтэй гэсэн учраас бид хоёр буцаад явж авчирч өгөөд 150,000 төгрөгөөр Э.Б-ийнжолооны үнэмлэхээр зурагтаа барьцаанд тавьсан. Удирдлага авах гээд буцаад явж очоод Э.Б гадаа хүн харж үлдсэн. Бид хоёр ихэвчлэн цахим тоглоомын газар болон Э.Б-ийн эмээгийн гэрт амьдардаг байсан. Тэгээд дараа нь би цахим тоглоомын газар тоглож байтал Э.Б “бос пизда минь, гадагшаа явчхаад ирье, би өлсөөд байна, мөнгө олох хэрэгтэй байна, чи эгчийнхээ хажуу талын саарал байшин руу орчхоод ир, хүн амьдардаггүй айл байна лээ” гэж хэлсэн. Би тухайн айлд яагаад хүн амьдардаггүй талаар нь асуухад “өмнө нь би танай эгчийн гэрт очихдоо анзаарсан юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн айлын гадаа очиход Э.Б “чи эхлээд ор, би цонхыг нь онгойлгоод өгье” гэж хэлсэн. Би ороод чонын шагай авч гарж ирэхэд “чи ер нь мөнгө болохоор юм авч гарж ирэхгүй яасан юм бэ” гэж хэлээд өөрөө ороод, машины хөгжим авч гарч ирээд, ...  гэх зах дээр 20000 төгрөгөөр зарсан. Би “хоёрын хооронд зүйл хэрэггүй шүү дээ, буцаагаад айлд нь тавьчих” гэж хэлэхэд “битгий хуцаад бай, чамд ямар хамаатай юм бэ, пизда минь” гэж хэлсэн. Дараагийн үйлдлийн тухайд гэвэл, Э.Б надад “чи яваад мөнгө олоод ир, чи бид хоёрт мөнгө байхгүй, өлсөж байна пизда минь” гэж хэлсэн. Би дахиж хулгай хийхээс айсан учраас ээжээсээ мөнгө асуухад, ээжид мөнгө байхгүй байсан. Яагаад гэвэл, би өмнөх өдөр нь ээжээс 40,000 төгрөг авсан байсан. Тэгээд би тухайн айлын гэрт байсан гацуур модноос 185,000 төгрөг хулгайлсан. Би олсон мөнгөө Э.Бд өгсөн бөгөөд бид хоёр ...  зах руу явсан. Уг үйлдлийг би ганцаараа хийсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх А.Э-тэй ломбардад тавьсан зурагтыг түүний эгчийн зурагт гэж бодсон учраас би өөрийнхөө бичиг баримт болон эмээгийнхээ утасны дугаарыг ашиглаж тавьсан. Тухайн үед надад А.Э “миний эгчид мөнгөний хэрэг гарчихлаа” гэж хэлсэн. Ломбардаас зурагтын удирдлага нь хэрэгтэй гэсэн учраас бид хоёр түүний эгчийн гэр рүү явсан. Тэгээд би эзэнгүй, цоожтой хаалгатай айл руу орохгүй гэх үндэслэлээр гадаа нь хүлээж байсан. А.Э удалгүй тухайн айлын хашааг нь даваад, удирдлагаа аваад гарч ирсэн. Зурагт ломбардад тавьж олсон мөнгөөрөө цахим тоглоомын газар тоглож, хоол идсэн бөгөөд А.Э үлдсэн мөнгөө аваад, ээж рүүгээ явсан. Бусад хэргүүдийн хувьд гэвэл, миний ах Б.О-ийг цагдаагийн байгууллагынхан ямар ч бичиг баримт үзүүлэлгүйгээр баривчлаад, цагдаагийн хэлтэс дээрээ дагуулж очсон. Би тухайн мөрдөгч нарын нэрийг нь санахгүй байна. Миний харснаар, бүдүүн мөрдөгч нь намайг зодож эхэлсэн. Би түүнд “ахаа би ямар хэрэг хийсэн юм бэ” гэхэд “хийсэн хэргээ мэдэхгүй байна уу, чи айлаас зурагт хулгайлсан биз дээ” гэж хэлэхэд нь А.Э ийг айлаас зурагт хулгайлсан болохыг мэдсэн. Миний ганцаараа үйлдсэн хэргийн хувьд гэвэл, мөрдөгч тухайн хэргийг надад хүчээр тулгаж, гарын үсэг зуруулсан. Хэрвээ гарын үсэг зурахгүй бол намайг хорино гэж сүрдүүлсэн. Би гэрийнхэнтэйгээ холбоо барьж, өмгөөлөгч авахын тулд гарын үсэг зураад, хэргийн газарт нь очсон. Тухайн газарт би өмнө нь огт очиж үзээгүй газар байсан. Гэтэл мөрдөгч “хулгай хийсэн газраа мэддэггүй хулгайч вэ, энэ зүг рүү гараараа заагаад зогсож бай” гэж хэлээд, миний зургийн дарсан. Миний ах Б.О-ийгхулгайн гэмт хэргийг өөхшүүлсэн, тээврийн хэрэгслээрээ үйлчилсэн гэх агуулгаар хорих байгууллага руу явуулна гэж хэлж байсан. Тухайн үед миний ах 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байсан. Мөрдөгч “чи ахынхаа хийсэн хэргийг өмнөөс нь хүлээ, тэгвэл ахыг чинь явууллаа” гэж хэлж байсан. Тийм учраас би хийгээгүй хэргээ хүлээсэн. Би тухайн хэргийг хүлээсэн ч гэсэн мөрдөгч намайг цахилгаан бороохойгоор зоддог байсан. Намайг зодож байсан мөрдөгч нарыг би хараад танина, тэдгээрийн нэрийг нь мэдэхгүй байна. Мөн өндөр нуруутай, туранхай, халзарсан үстэй мөрдөгч “хэрвээ чи хэргээ хүлээхгүй бол А.Э ийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан ял нэмнэ шүү” гэж хэлж байсан. Тухайн мөрдөгч надтай таарах болгондоо өшиглөж, хэл амаар доромжилдог байсан. Нэг удаа намайг ээжтэйгээ хамт явж байхад “чиний өмгөөлөгч авсан чинь хамаагүй шүү” гэж хэлээд, гар далайж байсан. Яагаад ийм үйлдсэн гаргасныг нь би ээжид тайлбарлаж хэлж байсан. Би хулгайн хэрэг хийгээгүй, надад хулгай хийх үндэслэл байхгүй, өдийг хүртэл миний эмээ намайг мөнгөөр дутааж байгаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 3-4х, 5-9х), хохирогч А.Г-ын мэдүүлэг (1хх-ийн 24х), иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг (1хх-ийн 40-41х, 3хх-ийн 249х), эд зүйл хураан авсан тэмдэглэл (1хх-ийн 44х), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1хх-ийн 88х), “...” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуудас (1хх-ийн 60х), “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 54х, 64х), А.Э ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1хх-ийн 11х), Э.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1хх-ийн 16х), иргэн Б.С аас гаргасан өргөдөл (1хх-ийн 241х), хохирогч Б.С-ын мэдүүлэг (1хх-ийн 246х), ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 18х), шүүгдэгч А.Э ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2хх-ийн 29х), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 40-41х), хохирогч Ү.З-ийн мэдүүлэг (2хх-ийн 53х, 56х), мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 61-62х), ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 72х), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 193-194х, 195-197х), хохирогч Р.Б-ийн мэдүүлэг (1хх-ийн 208х, 3хх-ийн 246х), мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 42-43х), гэрч О.Н-ын мэдүүлэг (1хх-ийн 82х), гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлэг (3хх-ийн 145х), гэрч Г.Н-ийн  мэдүүлэг (3хх-ийн 149х), гэрч Б.Өнөболдын мэдүүлэг (3хх-ийн 153х), гэрч Т.Жадамбын мэдүүлэг (4хх-ийн 1х), шүүгдэгч А.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1хх-ийн 235х, 3хх-ийн 155х), шүүгдэгч А.Э, Э.Б нар гэмт хэрэгт шалгагдаагүй тухай албан бичгүүд (2хх-ийн 181-193х, 245х), 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (3хх-ийн 76х), шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 130х), тээврийн хэрэгслийн лавлагаа (1хх-ийн 117х), шүүгдэгч А.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 75х), оршин суух хаягийн тодорхойлолт (1хх-ийн 76х), шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч П.Гээс гаргаж өгсөн 3 хуудас хохирол төлсөн талаарх баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч А.Э, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...  дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот А.Г-ын байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн LE TV зурагт, удирдлагын хамт, 2 ширхэг даавуу зэргийг нууцаар, хулгайлан авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 3-4х, 5-9х),

Хохирогч А.Г-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ...  дүгээр хороо, ... тоотод нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ 10 цагийн орчим гараад хүүгээ манай хашаанд байдаг ээжийнхээ байшинд үлдээгээд ажилдаа явсан. Шөнө 02 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн том өрөөний цонхны порчиг онгорхой байхаар нь 2 давхартаа гараад үзсэн чинь манай модон авдрын хажууд байсан “LETV” маркийн 42 инчийн хар өнгийн зурагт алга болчихсон байхаар нь нөхөр лүүгээ залгаад асуусан чинь мэдэхгүй гэж хэлэхээр нь хулгай орсныг мэдсэн, 1 давхартаа буугаад ирсэн чинь манай байшингийн тамбарны цонхон дээр байсан эд зүйлийг хажуу талд нь авч тавиад цонхыг онгойлгоод гадна талд байдаг ялааны торыг нь ураад гараад явсан байхаар нь маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан зурагтаа 2016 онд хувь хүнээс 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би алдсан зурагтаа одоо 900.000 төгрөгөөр үнэлж байна. Манай зурагт хар өнгөтэй гадна талын хүрээний гялгар уут нь хуулраагүй байсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл содон шинж тэмдэг байхгүй. Манай алдсан зураг удирдлагатай байсан удирдлага нь хоёр давхрын өрөөнд орны хажууд шалан дээр байсан мөн хулгайч аваад явчихсан байна лээ. Манай 2 давхрын өрөөнд шкаф дотор байсан ягаан цэцэгтэй хөнжлийн давуу болон хувцас хатаагч дээр байсан бүдэг ягаан өнгийн гудасны дэвсгэр зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 24х),

Иргэний нэхэмжлэгч *******гийн: “...тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад 20 орчим насны цагаан ноосон малгайтай урт хар куртиктэй эмэгтэй хүүхэд орж ирээд зурагт авах уу гэж асуухаар нь авна гэж хэлээд зурагтыг нь шалгаад үзсэн чинь удирдлага байхгүй болохоор асахгүй зурагт байхаар нь авахгүй гэж хэлсэн чинь удирдлагыг нь аваад ирье гэж хэлээд гараад явсан. 20-30 минутын дараа 20 гаран насны намхан нуруутай үсээ дээрээ боосон урт хар куртиктэй эрэгтэйтэй хамт орж ирээд удирдлагаараа зурагтаа асааж үзүүлээд зүгээр байхаар нь авах гэсэн чинь иргэний үнэмлэх байхгүй, жолооны үнэмлэх байгаа гэхээр нь жолооны үнэмлэхийг нь авч үлдээд 150.000 төгрөг өгөөд явуулсан. Уг зурагтыг гадна талаар нь ягаан цэцэгтэй даавуу түүний дотор талаар цэнхэр өнгийн цэцэгтэй даавуугаар ороосон байсан ба 42 инчийн letv нэртэй хар өнгийн гадна хүрээгээр гялгар ууттай хятад зурагт байсан өөр онцлох содон шинж тэмдэг байгаагүй. Би тухайн зурагтыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Миний өгсөн мөнгө 150.000 төгрөг түүний хүү 4 хоног 6.100 төгрөг нийт 156.100 төгрөг нэхэмжилж байна...

...би гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед манай ломбардад хулгайн зурагт хадгалагдаж байна гэсний үндсэн дээр тухайн зурагтыг тэр өдрөө дэлгэрэнгүй тодорхой мэдүүлсэн. Одоо бол яг үнэндээ юу ярьснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн хулгайн гэх зурагтыг Б  гэж хүн өөрийн бичиг баримтаар нэг охинтой зурагт барьцаанд тавьсныг бол сайн санаж байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 40-41х, 3хх-ийн 249х),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...алдагдсан эд зүйл болох гадна талаараа ягаан өнгийн хээтэй даавуу, түүний дотор талаар цэнхэр эрээн цэцэгтэй даавуугаар ороосон 42 инчийн “LETV” маркийн доод талдаа нум хэлбэртэй циллодон суурьтай, хүрээ хэсгээрээ гялгар наалттай, ард талын зүүн доод буланд 030172032ВD24380278 МAC5B01BD24380278 LE089B246400002708 дугаартай зурагтыг Сонгинохайрхан дүүргийн ...  дүгээр хороо ... дүгээр хороолол ...  байрны ...  давхарт үйл ажиллагаа явуулдаг “ ...” нэртэй барьцаалан зээлдүүлэх төвийн зээлийн мэргэжилтэн Хатиган овгийн Амгалангийн Алтмаагаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19 цаг 10 минутад хураан авсан тухай” (1хх-ийн 44х),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...А.Э нарт холбогдох эрүүгийн 2008004360058 дугаартай хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №270 дугаартай прокурорын зөвшөөрлөөр ... ХХК-наас хураан авсан LETV маркийн зурагтыг удирдлагын хамт хохирогч А.Г-д хүлээлгэн өгсөн тухай” (1хх-ийн 88х),

“...” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ: “...Э  овогтой Б  РД ...” (1хх-ийн 60х),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...LETV маркийн 42 инчийн зурагт-450,000 төгрөг, Хөнжил гудасны даавуу-10,000 төгрөг, Хар өнгийн зурагтын удирдлага-10,000 төгрөг, нийт 470,000 төгрөг” гэх тайлангууд /1хх-ийн 54х, 64х/,

Шүүгдэгч А.Эийн: “...Намайг тухайн өдөр Б  нь ... -нд хонох, хоол авах мөнгөгүй боллоо п.... минь, мөнгө олж ир гээд байхаар нь гарсан, тэгтэл ардаас  “айл олдвол утсаар яриарай” гэсэн. Тэгээд явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай хашаан дотроо 2 давхар бор өнгийн байшинтай, мөн уг байшингийн урд хэсэгт цагаан өнгийн 1 давхар байшинтай хашааны хаалгыг нь нүдсэн чинь хүн гарч ирэхгүй байхаар нь уг хашааг араар нь тойроод ард талын ногоон өнгийн хаалгаар ороод хашаан дотор нь байсан төмрөөр байшингийн тамбарны зүүн хэсэгт байрлах цонхыг хөшиж онгойлгоод 2 давхарт нь гараад бор өнгийн авдрын хажуу талд байсан хар өнгийн 42 инчийн нэрийг нь мэдэхгүй байна зурагт аваад хатаагчийн дээр нь байсан ягаан өнгийн даавуу болон гүйдэг хаалгатай шкаф дотор байсан цэнхэр өнгийн даавууг давхарлаж ороогоод цонхоор гарах гэсэн чинь ялаанаас хамгаалдаг тор байхаар нь уг торыг ураад зурагтаа гаргаад байшингийн зүүн гар талд байрлах саарал өнгийн хашааны хаалгаар гараад гудамжинд таарсан хүний утсаар найз залуу Б  рүү ... дүгээр хороололд хүрээд ир гэж дуудаад ... дүгээр хороололд уулзаад зурагтаа ломбардад тавих гэсэн чинь удирдлага байхгүй авахгүй гэхээр нь зурагтаа үлдээчхээд буцаж яваад зурагт хулгайлсан айлынхаа ойролцоо Б-ийг хүн харж байгаарай гэж хэлээд үлдээгээд саарал өнгийн төмөр хаалганы хажуугаар хашаа даваад буцаж байшингаас гарсан цонхоороо ороод зурагтын удирдлагыг нь 2 давхарт газар хэвтэж байхаар нь аваад гарсан. Тэгээд буцаж бид 2 ломбардад зурагтаа тавих гэсэн чинь иргэний үнэмлэх хэрэгтэй гэхээр нь Б  би жолооны үнэмлэхээ түр үлдээчхээд маргааш иргэний үнэмлэхийн хуулбараа аваад ирье гээд 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад ... дүгээр хороололд байдаг ... тоглоомыг газарт хоносон...” гэх мэдүүлэг (1хх-ийн 11х),

Шүүгдэгч Э.Б-ийн: “...Би тэр өдөр Нисэхэд түрээслэн амьдардаг нийтийн байрандаа байж байсан чинь 16 цагийн орчим миний найз охин Э  залгаад “юу хийж байна” гэж хэлэхээр нь би “гэртээ байна” гэж хэлсэн чинь “... дүгээр хороололд хүрээд ирээч” гэхээр нь би шууд гэрээсээ гараад депогийн автобусны буудал дээр Э тэй уулзсан чинь “би нэг зурагт авсан байгаа” гэж хэлэхээр нь “хаанаас авсан юм бэ” гэж асуусан чинь эхлээд эгчийн зурагт байгаа юм аа гэж хэлэхээр нь би яг хаанаас авсан талаараа үнэнээ хэл гэж хэлсэн чинь “Их наранд байдаг айлаас авсан” гэж хэлэхээр нь “зурагт чинь тэгээд хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь ломбардад түр үлдээчихсэн байгаа гэсэн.  Тэгээд зурагтыг нь асаагаад үзсэн чинь өөр дээрээ товч байхгүй заавал удирдлага нь байж асдаг зурагт байхаар нь зурагтаа үлдээчхээд гараад “тэр айл чинь хаана байгаа юм” гэж асуусан чинь энүүхэнд ойрхон байгаа гэж хэлэхээр нь хамт дагаад явсан, ... дүгээр хорооллоос ертөнцийн зүгээр баруун зүгт яваад байдаг ... колонкоор баруун гар тийшээ эргээд засмал замаа дагаад дээшээ алхаж байгаад зүүн гар талд байсан 3 өндөр байшин дундуур гараад гэр хороолол руу ороод би наана зогсоод үлдсэн чинь Э  саарал өнгийн төмөр дааман хаалгатай айлын хаалгыг очоод татаад нөгөө хаалга нь онгойхгүй байсан чинь уг хашааг давж ороод надад харагдахаа больчихоор нь би ойролцоо байсан худгийн хажууд очоод зогссон. Тэгтэл  Э  нөгөө хашаагаа даваад гараад ирэхээр нь “яасан бэ” гэж асуусан чинь “удирдлагаа авчихсан явъя” гэж хэлэхээр нь буцаад ломбарддаа очоод “удирдлагыг нь зурагт засвараас авчихлаа” гэж худлаа хэлээд зурагтаа асааж үзүүлээд Э-г  “манай дүү байгаа юм. Бид 2 байрны түрээсээ өгөх гээд мөнгөний хэрэг гараад зурагтаа тавьж байгаа юм аа” гэж хэлсэн чинь ... 150.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болсон чинь иргэний үнэмлэхээ өг гэхээр нь надад байхгүй гэж хэлээд жолооны үнэмлэхээ гаргаад өгсөн.Тэгээд зурагтаа тавьчхаад Эрка ээжтэйгээ уулзана гээд явсан. Би уг мөнгөнөөс ...-нд хонох мөнгө авч, хоол авхуулж идсэн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 16х) зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч А.Э, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 сард Сонгино хайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот Б.С-ын байшингийн цонхоор нэвтэрч, чонын шагай, машины хөгжим, нокиа гар утас зэрэг эд хөрөнгийг нууцаар, хулгайлан авч 285,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Б.С аас гаргасан “Миний бие Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг. Манай гэрт хулгай орж гэрт байсан машины хөгжим, хоёр жижиг Нокиа гар утас, чонын шагай зэрэг зүйлүүд алдагдсан. Цагдаа нар 1 дүгээр сарын 18-нд гэрт ирж хэрэгтэнг барьсан гэж мэдээлсэн хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдөл (1хх-ийн 241х),

Хохирогч Б.С-ын: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороо, ... тоотод амьдардаг ба 2019 оны 10 сарын үед манай байшингийн цонх онгорхой байхаар нь тухайн үедээ анзаарч үзээгүй орхисон байсан. Сүүлд үзэхэд манай гэрийн гутлын тавиур дээр байсан дэлгэцтэй япон хөгжим, чонын шагай, хоёр ширхэг Нокиа маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй байсан чинь өчигдөр цагдаа нар ирээд хулгайн гэмт хэрэг орсон эсэх талаар асуугаад илэрсэн гэж хэлсэн тул цагдаад өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 246х),

...ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Машины япон хөгжим-200,000 төгрөг, чонын шагай-20,000 төгрөг, Нокиа гар утас 2 ширхэг-65,000 төгрөг, нийт 285,000 төгрөг” гэх тайлан (2хх-ийн 16-18х),

Шүүгдэгч А.Э ийн яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр найз залуу Б-ийн хамт явж байгаад Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороо, Бага нарангийн тоотыг нь санахгүй байна, манай гэрийн ар талын хашааны саарал өнгийн хаалгыг цохиж хүн байгааг нь шалгаад хун гарч ирэхгүй болохоор нь хашааны хаалгаар дотогшоо орж улаан тоосгон байшингийн зүүн цонхыг гараараа түлхэж онгойлгоод би ороод байшингаас 1 чонын шагай аваад буцаад орсон цонхоороо гарсан чинь зөрөөд Б  ороод байшингаас нэг ширхэг машины хар өнгийн хөгжим аваад өөр эд зүйл байхгүй байна гээд гарч ирсэн. Ингээд бид хоёр Сутайн буянт зах дээр танихгүй хүнд хөгжмөө 20 000 төгрөгөөр зарсан. Чонын шагайг Б  би авна гээд авсан...” гэх мэдүүлэг (2хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч А.Э ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...  дүгээр хороо,  ... тоот Р.Б-ийнбайшингийн цонхоор нэвтэрч гацуур модон дээрээс бэлэн 185,000 төгрөгийг нууцаар, хулгайлан авч 185,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ...  дүгээр хороо, ... тоотод байх ба ... улаан өнгийн тоосгон байшингийн зүүн талын вакум цонхны жижиг цонх онгорхой” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 193-194х, 195-197х),

Хохирогч Р.Б гийн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 17 цаг гээд Түргэний голд байдаг зуслангийн байшин руугаа агаарт гарна гээд гэр бүлээрээ хаалгаа түгжээд явсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед гэртээ ирээд байж байтал ач охин манай өрөөнд орж ирээд “аав ёолкны мөнгө хамж аваад явчихсан байна” гэхээр нь тийм л юм байх гээд орхисон. 14 цагийн үед манай хүү над руу залгахаар нь “чи яахаараа хүүхдийн ёолкны мөнгө аваад явдаг юм” гэхэд манай хүү болох Пүрэвбат “юу яриад байгаа юм бэ, би тэгэх дээрээ тулаагүй” гэхээр нь охин ач нарынхаа өрөө рүү ороод “аав чинь аваагүй гэж байна” гээд ойр орчмыг нь үзтэл байшингийн нүүрэн талын жижиг вакум цонх онгорхой байсан. Манай нөхөр вакум цонхнуудаа салхи сийгээд байдаг гэж давхар шрүпээр шрупдсэн байсан. Шрүпийг нь мулт цохисон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гацуур модон дээр байсан 185,000 төгрөг алдагдсан... Гацуур модон дээр 4 ширхэг 10000, 1 ширхэг 5000, 7 ширхэг 20000 төгрөг байсан, манай 3 ач хувааж авна гэж байсан болохоор орой тоолж байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 208х),

Гэрч О.Н ын: “...Би А овогтой Э, Э овогтой Б нарыг сайн таньж мэдэхгүй зүс мэднэ. Би 2007 оноос одоог хүртэл ... тоглоомын газрыг ажиллуулж байна. Надаас өөр хүн ажиллуулдаггүй. 2019 оны 10 сарын эхээр, 2019 оны 12 дугаар сарын 18, 2020 оны 01 дүгээр сарын 02, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э , Б  нар нь надад хонох газар байхгүй, хөдөөнөөс ажилдаа явдаг, гэргүй гээд байхаар нь ... тоглоомын газартаа хонуулсан нь үнэн. Б  эмэгтэйгээ манай эхнэр гээд их эвтэй, найртай ... тоглоод байдаг байсан. Энэ хоёр хүүхэд хоорондоо маргалдаж байгаа зүйл харагддаггүй байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 82х),

Гэрч Г.Н-ийн : “...Надад сүүлд хэрэг мөрдөгдөөд ирэх үед охин маань Б  бид хоёр нийлж хэд хэдэн удаа хулгай хийсэн гэж хэлсэн. Яагаад ийм хэрэг хийж байгаа юм бэ гэхэд юм дугардаггүй байсан. Тэгээд олсон мөнгөө юунд зарцуулсан юм гэхэд бид хоёр ... тоглоом тоглодог, Б  л дандаа мөнгийг нь авдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3хх-ийн 149х),

Шүүгдэгч А.Эийн яллагдагчаар өгсөн: “...Би Б-ийн хамт ...  тоглоомын газар байж байгаад өглөөний 10 цагийн үед гараад шууд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамж, ... тоот ногоон хашаатай айлын хашааны завсраар хараад хашааны хаалгыг нүдсэн чинь хүн гарч ирэхгүй болохоор нь хашаанд орж улаан тоосгон байшингийн зүүн талын вакум цонхны жижиг салхивчийг түлхэж ороод том өрөөний баруун хойд буланд байх гацуур модон дээрээс бэлнээр 185.000 төгрөгийг хулгай хийж аваад буцаж орсон цонхоороо гараад найз залуу Б  дээр очиж мөнгөө өгсөн. Тэгээд ... тоглоомын газартаа хоноод маргааш нь гэр гэртээ харьсан. Уг хэргийг би ганаараа үйлдсэн” гэх мэдүүлэг (1хх-ийн 235х, 3хх-ийн 155х, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Эийн дангаар болон шүүгдэгч Э.Бтэй бүлэглэж үйлдсэн А.Г, Б.С , Р.Б  гэсэн нэр бүхий хохирогчтой хэргүүдийн хувьд, шүүгдэгч А.Эийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд эдгээр айлаас хулгайлж авсан гэж мэдүүлсэн эд зүйлс нь хохирогч нарын хулгайд алдсан гэх эд хөрөнгийн шинж чанар, гадаад байдал, тоо ширхэгтэй тохирсон,

мөн шүүгдэгч А.Э нь хохирогч А.Г-ын байшин руу нэвтэрч орон зурагтыг даавуунд ороож авч гарсан, энэ байдлыг шүүгдэгч Э.Б нь ирсэн даруй А.Эээс асууж мэдсэн атлаа зурагтын удирдлагыг авах зорилгоор дахин тухайн айл руу хамтдаа очиж, гадаа хүн харж зогссон талаар мэдүүлсэн нь шүүгдэгч Э.Б-ийнөгсөн “...А.Эийг тухайн айлын хашаа руу хэрхэн давж орсон, гарч ирэхдээ удирдлагыг авч гарч ирсэн талаар” мэдүүлсэн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирсон, тэдний мэдүүлгээс үзэхэд тэдгээр нь хамт явж үйлдлийг төгсгөсөн,

улмаар зурагтыг удирдлагын хамт “...” гэсэн нэр бүхий ломбардад Э.Б-ийнжолооны үнэмлэхээр тавьсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна гэрч, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн *******гийн мэдүүлэг, ... ломбардын бичиг баримт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Э нь хохирогч Б.С-ын гэрээс эд зүйл хулгайлахад шүүгдэгч Э.Б хамтран оролцсон талаар мэдүүлсэн нь өөр баримтуудаар үгүйсгэгдээгүй, авсан зүйл нь хохирогчийн алдсан зүйлстэй тохирсон, эсрэгээрээ шүүгдэгч Э.Б нь энэ үед РС тоглоомын газарт байсан гэх асуудал нотлогдож тогтоогдоогүй болно.

Мөн хохирогч Р.Б-ийнгэрээс бэлэн 185,000 төгрөг алдагдсан, уг мөнгийг шүүгдэгч А.Э нь хулгайлж авснаа үгүйсгээгүй, улмаар хулгайлсан мөнгөө буцаан өгсөн баримттай байх ажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан.

Шүүгдэгч А.Эийн өгсөн шүүгдэгч А.Б-ийн хамтран оролцооны талаарх хийгээд хулгайн үйлдлийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх байдлаар давхар нотлогдож тогтоогдсон тул түүнийг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Харин шүүгдэгч Э.Б нь “надад мөнгөний гачигдал гарч байгаагүй, манай эмээ тухайн үед цагаан утас ажиллуулж, өдөрт дунджаар 150,000 төгрөг олдог байсан, тэгээд над руу байнга шилжүүлдэг байсан тул надад хулгай хийх шаардлагагүй байхгүй гэж мэдүүлсний дагуу түүний дансны хуулга (3хх-ийн 194-200х)-ыг авч шалгахад Э.Б-ийнэмээ нь түүн рүү байнга мөнгө шилжүүлдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт уг мэдүүлгээ өөрчилж, би картаа алга болгосон тул таньдаг мэддэг хүний дансаар авдаг байсан гэх мэтээр мэдүүлсэн ч энэ нь баримтаар мөн нотлогдоогүй.

Иймээс шүүгдэгч А.Эийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-ийн“дээрх хулгайн үйлдэлд оролцоогүй” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдсэн.

Шүүгдэгч А.Э, Э.Б нар нь хулгайлах гэмт хэргийг дангаараа болон үйлдлээрээ бүлэглэж, хохирогч нарын амьдардаг байшинд хууль бусаар нэвтэрч үйлдэхдээ эзэнгүй, сул байдлыг далимдуулан цонхоор орж, эд хөрөнгийг өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан үйлдлүүдийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр, амар хялбар аргар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн А.Эийн хувьд дангаар болон Э.Бтэй үйлдлээрээ бүлэглэж, шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч А.Этэй үйлдлээрээ бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцов.

Харин шүүгдэгч Э.Бд холбогдуулан ирүүлсэн “хохирогч Ү.З-ийн эзэмшлийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг шүүгдэгч Э.Б үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

Хохирогч Ү.Загдрагчаа нь өөрийн алдсан эд зүйл, гэрт нь хулгайч ямар байдлаар нэвтэрч орсон талаар мэдүүлсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тухайн айлд хулгай орсон болохыг нотолсон болохоос бус тухайн хэргийг шүүгдэгч Э.Б үйлдсэн гэдгийг нотолсон баримт биш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг  хориглоно гэж”, 7-т “...энэ хуульд заасан  үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж” заасан.

Гэтэл тус хэргийн нотолж буй гол баримт гэх шүүгдэгч Э.Б-ийнгэрчээр өгсөн мэдүүлгийг шалгах ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн байх үндэслэлтэй, улмаар шүүгдэгч Э.Б нь уг үйлдлийг хүчээр надад  тулгаж өгсөн, тухайн үед манай ахыг хорино, намайг А.Эийг хүчиндсэн гэх хилс хэрэгт унагана гэх мэтээр дарамталж цахилгаан бороохойгоор зодсон тул худал мэдүүлэг өгсөн гэж өөрийн өгсөн гэрчийн мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг үгүйсгэсэн. Мөн тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.О нь “цагдаа нар хүч хэрэглэсэн талаар мэдүүлсэн төдийгүй, дүүгийн биед бороохойны бололтой цэврүү үсэрсэн байсан гэх асуудлыг мэдүүлсэн байна.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Ө нь шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахдаа нэг машинд суулган авч явж тэдгээрийн мэдүүлгийг 1 цаг хугацаанд шалгасан, зарим мэдүүлгийн огноо, цаг хугацаа давхардсан байдлаар бичсэн зэрэг процесс зөрчсөн зөрчил гаргасан байх тул хууль зөрчиж авсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Хохирол төлбөрийн тухай:

Шүүгдэгч А.Э нь Э.Бтэй бүлэглэж үйлдсэн 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас 755,000 төгрөгийн, ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 185,000 төгрөгийн хохирол, нийт 940,000 төгрөгийн хохирол хохирогч нарт учирсан байна.

Улмаар мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Г-ын Letv зурагтыг иргэний нэхэмжлэгч *******гаас биет байдлаар хураан авч, хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч *******д 75,000 төгрөг, хохирогч Р.Б д 185,000 төгрөг, хохирогч Б.С т 142,500 төгрөг тус тус төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч А.Этэй бүлэглэж үйлдсэн 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 755,000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч А.Г-ын Letv зурагтыг иргэний нэхэмжлэгч *******гаас биет байдлаар хураан авч, хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч *******д 75,000 төгрөг, хохирогч Б.С т 142,500 төгрөг тус тус төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийг журамлан, мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраа өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,

Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийг журамлан, мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраа өөрчлөх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар солих саналтай байна. Шүүгдэгч А.Э, Э.Б нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна гэв.”  гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч “...шүүгдэгч А.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд ар гэрийн нөхцөл байдал нөлөөсөн буюу эцгийн хувьд архины хамааралтай байдал нь нөлөөлсөн гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байгаа. Одоо шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, бүх хохирлоо барагдуулсан байгаа. Иймээс хамгийн доод хязгаараар ял оногдуулан улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн 1 жилийг хасаж, үлдсэн хугацааг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон хугацааг оруулан тооцож , жинхэнэ эдлэх ялыг нь тогтоож өгнө үү” гэж,

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч “...Бидний хувьд гэм буруугийн тодорхой асуудал дээр маргаж оролцсон. Зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэгэнт шүүгдэгч Э.Б-ийг шүүхээс гэм буруутайд тооцсон тул ялын асуудал дээр санал хэлэх ёстой. Үйлдсэн гэх хэргүүдийн хувьд хохирлоо төлж барагдуулсан, одоо ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Хэргийн шалгасан нөхцөл байдал эргэлзээтэй явагдсан байдаг учир энэ байдлыг харгалзан үзнэ үү. Улсын яллагчаас 3 жилийн хорих ял оногдуулах, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-ийг барьж уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих санал гаргасан. Тус зүйл анги нь 2-8 жилийн хорих ялтай зүйл анги. Э.Б-ийн хувьд 2 үйлдэлд гэм буруутайд тооцогдсон, уг хэргийн хохирол барагдсан, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хамгийн доод хэмжээгээр нь хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх асуудлыг судалж, үлдсэн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т зааснаар дүйцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч А.Э, Э.Б нар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Эийн дангаараа болон бусадтай бүлэглэж, шүүгдэгч Э.Б-ийн бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Эт 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй, мөн шүүгдэгч А.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан /үүрэг болгосон зүйл заалт биш тул/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг хэрэглээгүй болно.

Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч тус бүрд оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих /өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүрэг болон бусад дүүргийн нутаг дэвсгэр дотор/, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүрэг дэх тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороо, ...  тоот хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих /өөрийн амьдардаг ... дүүрэг болон бусад дүүргийн нутаг дэвсгэр дотор/, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суугаа ... дүүрэг дэх тодруулбал, ... дүүргийн 07 дугаар хороо, ...тоот хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 хоног сэжигтнээр баривчлагдаж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 161 хоног, нийт 163 хоног цагдан хоригдсон байна. (1хх-ийн 10х, 86х, 3хх-ийн 9-10х, 16х, 34-35х, 48х, 161х)

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 хоног сэжигтнээр баривчлагдсан байна. (1хх-ийн 15х)

Иймд шүүгдэгч А.Эийн цагдан хоригдсон 163 хоногийг, шүүгдэгч Э.Б-ийнсэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн цагдан хоригдсон 163 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж /365х2=730хоног, 730-163=567/, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 567 хоног буюу 1 жил 6 сар 22 хоног зорчих эрх хязгаарлах ялаар,  

шүүгдэгч Э.Б-ийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж /730-2=728/, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 728 хоног буюу 1 жил 11 сар 28 хоног зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоов.

Шүүгдэгч Э.Бд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхээр тогтож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн 2008004360058 дугаартай хэргээс Ү.З  хохирогчтой 2008000020093 дугаартай хэргийг тусгаарлаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2008000020093 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаан хүргүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008004360058 дугаартай хэргээс шүүгдэгч Э.Бд холбогдуулан ирүүлсэн Ү.З  хохирогчтой хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш овогт А.Э, Б овогт Э.Бнарыг бүлэглэж “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Эт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Бд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... дүүрэг дэх оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,    

Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Чингэлтэй дүүрэг дэх оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн цагдан хоригдсон 163 (нэг зуун жаран гурав) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 567 (таван зуун жаран долоо) хоног буюу 1 (нэг) жил 6 (зургаа) сар 22 (хорин хоёр) хоног зорчих эрх хязгаарлах ялаар,  

шүүгдэгч Э.Б-ийнсэжигтнээр баривчлагдсан 2 (хоёр) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 728 (долоон зуун хорин найм) хоног буюу 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 28 (хорин найм) хоног зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.      

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн 2008004360058 дугаартай хэргээс Ү.З  хохирогчтой 2008000020093 дугаартай хэргийг тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ