Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00174

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дүгээр багт оршин суух, Д овогт Ж ын Г ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулиас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 22-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 1622552 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгөх тухай.

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г намайг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн томилсон юм. Ингээд ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Багш Ж.Г ийг ажилд эгүүлэн томилох тухай" 110 дугаар тушаалаар өмнөх ажилд дахин томилогдсон юм. Ж.Г би одоо багшийн ажлаа хийж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ж.Г миний 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 1622552 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулах, түүнчлэн ажилгүй байсан 2 сар 22 хоногт ноогдох нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би ажлаас халагдаад 2016 оны 10, 11 дүгээр сараас 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул захирал шүүхийн шийдвэрийг биелүүлж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эгүүлэн ажилд авсан. Ажилд орсны дараа ажилгүй байсан 2016 оны 10, 11 дүгээр сараас 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх цалингаа гаргуулж авах тухай нэхэмжлэл гаргасан. Мөн дээр нь нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлтэй холбоотой зохих баримтуудыг гаргаж өгсөн. Одоо шүүхээс Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүсэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны 1622552 төгрөгийг Цэнгэл сумын бүрэн дунд сургуулиас гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирал Б.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Сум дундын анхан шатны шүүхэд ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах тухай багш Ж.Г ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Миний бие тус сургуулийн захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 16-наасэхлэн ажиллаж байгаа учир багш Ж.Г ийн нэхэмжлэлийн дагуу ажилгүй байсан цалингаа олгох асуудлыг судлан үзэж зохих хариу өгөх болно.

2. Байгууллагын төсөв санхүүгийн байдлыг нягтлан үзэх шаардлагатай байна.

3. Багш Ж.Г тэй энэ асуудлаар тустай уулзаж аль ч талыг хохирохгүй талаар шийдвэрлэнэ гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулиас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 22-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 1622552 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 742 дугаартай шийдвэрээр Жийн Г ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаартай Багш Ж.Г ийг ажилд нь эгүүлэн томилох тухай тушаалаар Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 5 бүлгийн 20 зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг үндэслэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь 1. Тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Г ийг 2016 оны 12 дугаар сарын 22-ноос эхлэн урьд ажиллаж байсан орон тоонд эгүүлэн томилсугай гэж ажилд нь эгүүлэн томилсон байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирал нь миний бие тус сургуулийн захирлаар 2017 оны 01 сарын 16-наас эхлэн ажиллаж байгаа учир багш Ж.Г ийн нэхэмжлэлийн дагуу ажилгүй байсан цалингаа олгох асуудлыг судлан үзэж зохих хариу өгөх болно. Байгууллагын төсөв санхүүгийн байдлыг нягтлан үзэх шаардлагатай байна. Багш Ж.Г тэй энэ асуудлаар тустай уулзаж аль ч талыг хохиролгүй талаар шийдвэрлэнэ гэж шүүхэд тайлбараа ирүүлсэн ба хариуцагч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаж, баримтад гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсвэл үгүйсгэн болон үйл баримтын талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгч /багш/ Ж.Г нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу ажилтны шаардах эрх нь үүсэж байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь монгол хэлний багшаар ажиллаж байх хугацаандаа сард 608457 төгрөгийн үндсэн цалинтай болох нь тус сургуулийн ня-богийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Ж.Г ийн №********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр тус тус нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Г ийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 1622552 төгрөгийн олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн Даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө /шимтгэлийн дүн 10%/, мөн хулийн 16 дугаар зүйлийн 16.1-т энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн дааталын шимтгэлийг тус тус нөхөн төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд даалгах нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс нэхэмжлэгч Ж.Г ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1622552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г д олгож, Ж.Г ийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус бичилт хийхийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 41000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс нэхэмжлэгч Ж.Г ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1622552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г д олгож, нэхэмжлэгч Ж.Г ийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус бичилт хийхийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 41000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН