| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2017/00636/И |
| Дугаар | 1379 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1379
Т.Нямдоржийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.Нямдорж,
Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Эрдэнэсүрэн
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Дондогмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Нямдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Засгийн газрын авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар үр бүтээлтэй ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн. Т.Нямдоржийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлснөөс хойш 6 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 190 тоот тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ажилтны ажил гүйцэтгээгүй үедээ ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байх үндсэн нөхцлийн нэг нь ээлжийн амралтын хугацаа орж байна. Т.Нямдорж миний ээлжийн амралтыг эдэлж дууссаны дараах ажлын өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх эсэх саналаа мэдэгдэх боломжтой байсан хэдий ч эрх мэдлээ давуу байдлаар илэрхийлж, хуульд нийцээгүй үйлдэл гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, тодорхой зааж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ талаар огт заагаагүй.
Иймд Т.Нямдоржийг "Засгийн газрын авто бааз" Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 184 900 төгрөгийн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нямдорж нь 1955 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 2016 оны байдлаар 61 нас буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ээлжийн амралт эдлүүлэх шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга гаргах бөгөөд Т.Нямдоржийг ээлжийн амралт эдлүүлэх талаар ямар нэг тушаал, шийдвэр гараагүй байсан тул нэхэмжлэлд дурдсан ээлжийн амралттай байсан гэсэн нь үндэслэлгүй юм. "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийн 5 дахь заалтад "ажиллагсадаас эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрмэгцээ өндөр насны тэтгэвэрт гарахад нь 1-6 cap хүртэл үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож болно" гэж заасан. Нэхэмжпэгч Т.Нямдорж нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6 сарын тэтгэмж авах хүсэлт гаргасан тул 6 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч Т.Нямдорж нь хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч, тэттэмжийг өөрөө хүсэлт гарган авсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгч Т.Нямдоржийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхдээ хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэжээ.
Шүүх: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 20.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дугаар зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Нямдоржийг "Засгийн газрын авто бааз" Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас 4 222 884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нямдоржид олгон, хариуцагч Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт нэхэмжлэгч Т.Нямдоржийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Нямдорж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас улсын тэмдэгтийн хураамжид 82 516 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т.Нямдорж нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тушаалд заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт эдлэх хуваарьтай байсан боловч энэхүү хугацаандаа ээлжийн амралтаа эдэлж чадаагүй Үндэсний их баяр наамдын дараа 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан. Анхан шатны шүүх дээрх тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тушаал болон салбар хорооны гишүүний үнэмлэхийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Т.Нямдорж нь дээр дурдсан тушаалд заасан хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдлээгүй нь үнэн бөгөөд 2016 оны ээлжийн амралтаа огт эдлээгүй юм. Өөрөөр хэлбэл, Т.Нямдоржийн 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан гэсэн тайлбар нь худал. Т.Нямдорж нь 2016 оны ээлжийн амралтаа огт эдлээгүй гэдэг нь анхан шатны шүүхэд гаргаж, хэргийн материалд авагдсан дараахь баримт, тайлбараар нотлогдоно.
Засгийн газрын авто бааз УТҮГ-ын захирал нь ээлжийн амралтаа эдлэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой. Харин Т.Нямдорж нь ээлжийн амралтаа эдлээгүй учраас энэ талаар ЗГХЭГ-т мэдэгдэж шийдвэр гаргуулаагүй, амралтын хуудас бичүүлээгүй. Т.Нямдорж нь 2016 оны ээлжийн амралтаа хуваарийн дагуу эдлээгүй учраас түүнийг Хөдөлмөрийн тухай хуулин 40.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө түүнтэй албан хэрэг, аж ахуй, амралт, санхүүгийн тооцоо хийх ажлыг зохион байгуулахыг тус газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэст даалгасан болно. Өөрөөр хэлбэл, Т.Нямдорж нь ээлжийн амралтаа биеэр эдлээгүй учраас түүнтэй амралтын тооцоо хийх заалтыг "Ажлаас чөлөөлөх тухай" Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тушаалд тусгасан. Үүнийг шүүгч шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй.
Т.Нямдоржийг 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдлээгүй байсныг нотлох баримт болох Т.Нямдоржийн гарын үсэг зурсан албан бичиг, тушаал, санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх шийдвэрээ гаргахдаа эдгээрийг харгалзан үзээгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Т.Нямдорж нь ажлаас чөлөөлөгдсний дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6 сарын тэтгэмж авах хүсэлт гаргаж, 2016 оны 119 дүгээр тушаалаар 6 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг авсан тухай нотлох баримтыг шүүх харгалзан үзээгүй бөгөөд баримтыг дутуу үнэлсэн.
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т "Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх эрхтэй" гэж заасан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь 2016 оны 17 дугаар тушаалаараа "харьяа байгууллагын дарга, захирлыг томилж, чөлөөлөх эрхээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга шилжүүлсэн бөгөөд Т.Нямдоржийг "Засгийн газрын авто бааз" УТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлсөн 2016 оны 190 дүгээр тушаалыг гаргахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь 2016 оны 17 тушаалыг үндэслэл болгосон. 2016 оны 190 дүгээр тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй талаархи нэмэлт шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад гаргасан бөгөөд энэхүү шаардлагатай холбоотойгоор хариуцагчийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь 2016 оны 17 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргах боломжийг олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах" гэж заасныг зөрчсөн.
Иймд дээр үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Т.Нямдорж нь хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдуулан Засгийн газрын авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 184 900 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, ажлаас чөлөөлөх байх үед ээлжийн амралтаа эдлээгүй, ажиллаж байсан тул тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Нямдоржийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримтад талууд маргаагүй, харин уг тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргаантай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Нямдорж нь өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотойгоор 12 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хүсэлтийг Засгийн газрын авто баазын захиргаанд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргахдаа 8 дугаар сарын 24-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн талаар дурьджээ. /х.х-ийн 23/
Ажилтан нь эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн байх ёстой 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч маргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан захирамжид Т.Нямдоржийн нэхэмжлэлийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан талаар дурджээ. /х.х-ийн 8/
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан нь ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан 1 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Уг хугацааг хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаарх баримт, тайлбараа шүүхэд гаргаагүй байхад анхан шатны шүүх хуулиар тогтоосон дээрх хугацааг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болно.
Түүнчлэн хэргийн баримтаас үзэхэд ажилтан Т.Нямдорж нь түүнийг ажлаас чөлөөлж байх үед буюу 2017 оны 8 дугаар сарын 16, 22-ний өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэн бичиг баримтуудад гарын үсэг зурж байсан тул түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх тайлбар няцаагдаж байна. /х.х-ийн 60-64/ Хэрэгт авагдсан ээлжийн амралтын хуваарь гэх баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 29 хоног ээлжийн амралт авах хуваарьтай байна. Ээлжийн амралттай байх хугацаанд баяр наадмын комисст ажилласан нь түүнийг ээлжийн амралтын хугацаа сунгагдсан гэж эргэлзээгүй дүгнэх баримт болохгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дах хэсэгт энэ хуулийн 78.2 дах хэсэгт заасан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно гэж заасан.
Гэтэл хэргийн баримтаас нэхэмжлэгчийг нөхөн амруулсан, эсхүл ээлжийн амралтыг нь сунгаж олгосон талаар баримтгүй байх тул түүнийг ээлжийн амралттай үед ажлаас халсан гэж дүгнэх боломжгүй байна. Мөн ажилтан Т.Нямдорж нь 62 нас хүрсэн, тэтгэмж авсан үйл баримтад талууд маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Нямдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД