Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Х” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч М.Т

Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142166 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” гомдол бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Н.Н, хариуцагч Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч М.Т, гэрч А.М, М.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Х” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “...”Д х” зоогийн газар нь 2019 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд манай дэлгүүрээс 10 кг тахианы цээж мах худалдан авсан бөгөөд уг тахианы цээж мах нь “Х” ХХК-ийн Монгол Улсад импортоор оруулж ирж худалдаалдаг бүтээгдэхүүн юм. “Д х” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан хүлээн авалтынхаа хоолонд манай дэлгүүрээс худалдаж авсан тахианы цээж махыг хэрэглэсэн гэх бөгөөд уг хүлээн авалтад оролцсон хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрч, улмаар гэдэсний халдварт өвчин илэрсэн нь тогтоогдсон.

Дээрх үйл явдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нян судлал, стандартын үзүүлэлтийг тогтоох зорилгоор манай дэлгүүрийн худалдаж байсан тахианы цээж махнаас дээж авч шинжлүүлэхэд Salmonella нян илэрсэн гэсэн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн шинжилгээний хариу гарсан.

Энэхүү шинжилгээний хариуг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16/02/009/17 дугаар акт гарч тахианы махыг хурааж, тухайн өдрийн 0142166 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар манай компанийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгосон.

 “Х” ХХК нь Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоод хяналт шалгалтын журам”-ын дагуу дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэн, хугацаа дууссан барааг цаг тухайд нь актлан устгаж, түүнчлэн өндөг, тахианы махыг аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээнд байнга хамруулж ирсэн. Манай компани хүнсний бүтээгдэхүүнээ технологийн горимын дагуу хадгалж худалдаалдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш ямар нэг зөрчил доголдол гарч байсан тохиолдол гарч байгаагүй болно.

Манай компани “Х” ХХК-иас 2 кг-аар савласан 30 ширхэг буюу 60 кг тахианы цээж мах захиалан хөргүүртэй машинаар тээвэрлүүлэн Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу авч ирсэн. Үүнээс “Д х” зоогийн газарт 10 кг буюу буюу 5 ширхэг тахианы цээж мах худалдсан байдаг. Үлдсэн буюу бусад тахианы цээж махыг худалдаж авсан худалдан авагч нараас хордлого авсан талаар ямар нэг гомдол ирээгүй болно. Мөн манай компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Ц 3” супермаркетыг ажиллуулдаг. “Ц 3” супермаркетын худалдаж байсан тахианы цээж махнаас дээж аван мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд ямар нэг вирус илрээгүй, шинжилгээний хариу эерэг үзүүлэлттэй гарсан.

Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн тахианы цээж мах нь манай “Н” дэлгүүрийн худалдаж байсан мах мөн эсэхэд эргэлзээ төрж байна. Мөн шинжилгээ хийх, зөрчил шалгах ажиллагаа нь хуульд, журамд заасны дагуу явагдаагүй гэж үзэхээр байна. Мэргэжлийн хяналтын газрын зүгээс бидэнд эрх үүргийг нь тайлбарлан өгөөгүй, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгааг тодруулалгүй хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж торгууль оногдуулсанд гомдолтой байна.

Иймд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч М.Т-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142166 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Н.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х” ХХК-ийн Н супермаркетаас Д х зоогийн газрын худалдаж авсан тахианы цээж махнаас Salmonella нян илэрсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэлийн хуудаснаас үзэхэд ямар мах нь тодорхойгүй, тахианы мах гэсэн үг үсэг харагддаг. Би өөрөө 2019 оны 08 дугаар сарын 18-ны үед “Х” ХХК-ийн хүнтэй хамт Улсын байцаагч Б.О-гээс асуухад тахианы цээж мах хаяг, шошго байгаагүй гэсэн.

Д х зоогийн газарт олон хүнийг хамарсан хордлого илэрсэн тохиолдолд тахианы цээж мах болон хоол хүнсэнд орсон бүх зүйлийг нэр, шошготой нь биет байдлаар аваад, манайхаас дээж авах ёстой. Гэтэл дээж авсан байдлууд тодорхойгүй байна. Дээж аваад авсан даруйдаа баталгаажуулсан зураг байгаагүй. Дээж авсны дараа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүх махыг гаргаж байгаад дээрээс нь зураг дарж баталгаажуулсан. Өөр бусад байдлаар зураг авч баталгаажуулсан зүйл байхгүй.

Компанийн тухай хуульд гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн Гүйцэтгэх захирал байна гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд захирал С.А гэж бүртгэгдсэн. Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тогтоож, зөрчлийг шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх материалд авагдсан А.М-ийн мэдүүлэгт “танай компанийн худалдсан тахианы цээж махнаас Salmonella нян илэрлээ. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу гэж асуухад зөвшөөрөхгүй байна” гэсэн хариуг өгсөн. Гэтэл Улсын байцаагч нь дахин эрх, үүргийг тайлбарлаж, тахианы махыг дахин шинжилгээнд өгөх боломжоор хангалгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна”, 3 дахь хэсэгт “Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно” гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн. Танай худалдсан тахианы махнаас Salmonella нян илэрснийг хүлээн зөвшөөрч байна гэж бичиж өг гэж тулган шаардан бичүүлээд Хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хүлээн авалтад оролцсон н.Эрдэнэсүх нь тухайн өдрийн хүлээн авалтад оролцсон үгүйг тодруулаагүй, тэр хүний биеийн байцаалттай холбоотой материал хэрэгт байхгүй.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэдэг нь зөрчилд холбогдогч гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Гэтэл Salmonella нян агуулсан бүтээгдэхүүн байгаагүй гэж мэдүүлсээр байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг зөрчиж явуулсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гомдол гаргагчаас яг манай худалдаалж байсан тахианы махыг Мал эмнэлгийн ариун цэврийн лабораториор шинжлээгүй, өөр тахианы мах шинжилсэн гэж үзэж байна. Манай нотлох баримтаар гаргаж өгсөн “Н” супермаркетын хяналтын бичлэгт Улсын байцаагч Б.О нь хаяг шошготой тахианы мах, огурцы, майонез хураан авч байгаа нь харагддаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эзэмшигчийг байлцуулж тухайн эд зүйлийг хурааж авах байсан. Гэтэл супермаркетын эзэн С.А гэж хүн байхад 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын байцаагч Б.О, С.О нар эд зүйлийг хураан авахдаа эзэмшигчид мэдэгдээгүй, “Н” супермаркетад ажиллаж байсан ажилтнаар гарын үсэг зуруулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан заагаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийг дагаж мөрдөнө.

Иймд зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгахдаа  хуульд заасан журмын дагуу явагдаагүй, зөрчилд холбогдогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142166 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.              

Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн “Д х” зоогийн газарт болсон хүлээн авалтад орсон хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээллийн дагуу “Д х” зоогийн газарт хяналт шалгалт хийгдсэн. Тус хүлээн авалтад хэрэглэгдсэн хүнсний түүхий эд тахианы махыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Ц”-1, 2, 3, “Х” ХХК-ийн “Н” супермаркетаас татан авалт хийсэн нь баримтаар баталгаажсан.

Иймд “Д х” зоогийн газарт хүлээн авалтад хэрэглээд үлдсэн хоолны хүнсний бүтээгдэхүүн болон тухайн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаж байсан “Ц”, “Н” супермаркетаас хүнсний бүтээгдэхүүний дээж авч, сорьцыг Мэргэжлийн хяналтын газрын Сорилтын лаборатори болон Мал ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн.

Шинжилгээний дүнгээр “Х” ХХК-ийн “Н” супермаркетын худалдаж байсан “Т” ХХК-ийн импортлон оруулж ирсэн тахианы махнаас гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн бөгөөд хяналт шалгалт хийхэд гарал үүсэл тодорхойгүй, дагалдах шинжилгээний бичиггүй, анхан шатны бүртгэл хөтөлгөө байхгүй зэрэг зөрчил илэрсэн тул уг тахианы махны үлдэгдэл (4кг)-ийг Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16/02/009/17 дугаартай актаар хураан авч, мөн өдөр Мэргэжлийн хяналтын газрын 360 албан тоотоор Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх устгалын комисст шилжүүлэн өгч устгуулсан.

Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн Сорилтын дүнгээр “Х” ХХК-ийн “Н” супермаркетад худалдаж байсан тахианы цээж махнаас гэдэсний эмгэг төрөгч нян (Salmonella) илэрсэн, гомдол гаргагч нь илэрсэн зөрчлөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд бүрэн хүлээн зөвшөөрсөн тул 5,000,000 төгрөг (таван сая)-ийн шийтгэл оногдуулсан. “Х” ХХК-иас уг зөрчилд оногдуулсан 5,000,000 төгрөгийн шийтгэлийн 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 31-ний дотор төлөх байсныг одоо хүртэл төлөөгүй байгаа юм.

Олныг хамарсан хоолны хордлого гарах тухайн цаг үед “Н” супермаркетад хаяг шошготой, хаяг шошгогүй 2 төрлийн тахианы цээж мах худалдаж байсан бөгөөд Улсын байцаагч Б.О Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын а/103 дугаар “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүхийг хадгалах тээвэрлэхтэй холбоотой журам”-ын дагуу “Т” ХХК-ийн Хятад Улсаас импортолсон тахианы махнаас дээжийг авсан бөгөөд “Н” супермаркет дээр бичсэн дээжийн протокол дээр үйлдвэрлэсэн болон хэрэглэж дуусах хугацааг бичсэн байдаг. Тус протокол дээр худалдагч Ц.Б гарын үсэг зуруулан нэг хувийг өгсөн. Тухайн үед тус дэлгүүрийн худалдагч Ц.Б-аас гарал үүслийн бичиг, шинжилгээний бичгийг гаргаж өгөхийг хүсэхэд бэлэн байхгүй майлаар тухайн газраасаа авдаг, дэлгүүрийн эзэд байхгүй тул дараа өгнө гэж хэлсэн. Тухайн дээжийг тэр даруй буюу 2019 оны 08 дугаар 10-ны өдрийн 1510  минутад Өмнөговь аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторид хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн химийн шинжилгээгээр “хүнсний хэрэгцээнд тэнцэнэ” гэж гарсан бол нян судлалын шинжилгээгээр Salmonella нян илэрсэн. Уг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан болно.

Тухайн үед Гүйцэтгэх захирал А.М-иас “манай аав С.А Захирал нь одоо Гурвантэс суманд байдаг учраас ирэх боломжгүй, би өөрөө Гүйцэтгэх захирал нь бүх ажлаа хариуцдаг. Н супермаркетыг ажиллуулдаг” гэсэн тайлбар хэлсэн. Тэр үед ажилд томилсон тушаалыг нь авчруулсан.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй ажиллагааг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө” гэж заасан. Олныг хамарсан хордлого гарсан тохиолдолд нэн шаардлагатай бүртгэл байдаг. Энэ бүртгэл байгаагүй. Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Хүнсний аюулгүй байдлыг хангах зарчим огт хангагдаагүй. 10 дугаар зүйлийн 10.1.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 10.1.2-т “стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх” гэж заасан. Тухайн худалдааны газарт зарагдаж байсан шошгогүй тахианы цээж мах нь чанар аюулгүйн шаардлага хангаагүйг Мал эмнэлгийн Сорилын дүнгээр нотлогдсон тул арга хэмжээ авч тооцсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиас үзэхэд гомдол гаргагч тухайн зөрчил, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол гомдол гаргах хугацааг заасан. А.М нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн учир хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. “Х” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сайн дураар торгуулийн 2,500,000 төгрөгийг төлсөн.

Иймд тус хуулийн этгээдэд ногдуулсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 142166 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагч “Х” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Х” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын Улсын  байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 0142166 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалаас үзэхэд Өмнөговь аймгийн Даяан хаан зоогийн газарт 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хоол идсэн хүмүүст хордлогын шинж илэрсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалт хийж, Д х зоогийн газрын хоолны дээж, хоолонд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн болон Ц, Н супермаркетуудын худалдаж байсан тахианы махнаас дээж авч, аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэхээр тухайн өдрийн 13 цаг 40 минутад Д х зоогийн газар, 15 цаг 10 минутад Ц, Н (“” ХХК-ийн) супермаркетаас авсан дээжийг тус тус хүлээлгэн өгчээ[1].

Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр Сорилтын дүн[2] (нян судлалын)-ээр Д х зоогийн газраас авсан дээж болох өндөг, тахианы маханд хийсэн шинжилгээгээр Salmonelle нян илэрч, “өндөг болон тахианы мах хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй” гэж гарсан.

Дээрх лабораторийн мөн өдрийн 12 дугаар Сорилтын дүн[3] (нян судлалын)-ээр Н супермаркетаас авсан дээж болох тахианы маханд хийсэн шинжилгээгээр Salmonelle нян илэрч, “Тахианы мах хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй” гэж гарсан. Харин мөн өдрийн 13 дугаар Сорилтын дүн[4] (нян судлалын)-ээр Ц супермаркетаас авсан дээж болох “Тахианы мах, өндөг хүнсний хэрэгцээнд тэнцэнэ” гэсэн шинжилгээний хариу тус тус гарчээ. 

Ингээд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч М.Т “Х” ХХК-ийн Н супермаркетад  илэрсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, холбогдох нөхцөл байдал, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэж, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 0142166 дугаар[5] “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын дагуу “Х” ХХК-д таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдлын шаардлагын үндэслэлээ “...лабораторийн шинжилгээ хийгдсэн тахианы мах Н супермаркетаас авсан тахианы мах мөн эсэхэд эргэлзэж байна, шинжилгээний дүнг зөвшөөрөхгүй байхад дахин нэмэлт шинжилгээ хийлгэх боломж олгоогүй, А.М зөрчлийг тулган шаардаж тайлбар бичүүлсэн, эрх үүргээ сайн ойлгоогүйгээс өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй, шинжилгээ хийх болон зөрчил шалгах ажиллагаа хууль, журамд заасны дагуу явагдаагүй...“ гэж мэтгэлцэж буй үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж зааснаар зөрчил шалгах ажиллагааг явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан болох мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь холбогдогч буюу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон байна. 

Хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/13 дугаар[6] тушаалаар мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Гүйцэтгэх захирлын албан тушаалд А.М-ийг томилсон, Ерөнхий захирал С.А шүүхэд өгсөн тайлбартаа[7] “...тухайн үед Н супермаркетыг Гүйцэтгэх захирал А.М хариуцан ажиллуулж байсан” гэх, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан[8] “...А.М нь “захирал С.А...Гурвантэс суманд байдаг ирэх боломжгүй, би Гүйцэтгэх захирал, Н супермаркетыг ажиллуулдаг” гэх тайлбарыг өгч...тушаалыг үзүүлсэн тул...хууль ёсны төлөөлөгчөөр томилсон” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар зөрчил шалган шийдвэрлэх үед “Х” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.М аймгийн төвд байрлах Н супермаркетыг хариуцан ажиллуулж байсан болох нь тогтоогдож байна. 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон...заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь...компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн... гүйцэтгэх захирал,…зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус зохицуулжээ.

 Дээрх хуульд заасны дагуу Гүйцэтгэх захирал А.М нь “Х” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд тухайн үед компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, Н супермаркетыг удирдан ажиллуулж байсан тул Эрх бүхий албан тушаалтны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор[9] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Гүйцэтгэх захирал А.М-ийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 9-д “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд А.Маанийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосонтой холбогдуулж “Х” ХХК-иас ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгасан байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.М-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтад заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, өмгөөлөгч авах эрхээр хангасан болох нь Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[10], А.М-ийн шүүх хуралдаанд гаргасан[11] “Өмгөөлөгч авах манатай л байсан...өмгөөлөгч авна гэж илэрхийлээгүй“ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.    

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.3 дугаар зүйлийн 10-д “Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж... дээж авах,...ажиллагааг явуулж болно”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, 6-д “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна” гэж эрх бүхий албан тушаалтны зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах буюу нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авах, дээж авах, шинжилгээ хийлгэх зэргийг журамлан хуульчилсан.

Мөн хуулийн 4.10 дугаар зүйлд “Шинжилгээнд зориулж дээж авах”, 4.11 дүгээр зүйлд “Шинжилгээ хийлгэх” талаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид нь дээрх хуульд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, дээрх хуулийн 4.10 дугаар зүйлийн 1-д “Шинжилгээ хийх зорилгоор... дээж авч болно”, Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ын 1-д “Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авах,...эдгээртэй холбогдсон мэргэжлийн хяналтын байгууллага, шалгуулагч этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино”, 3.7-д “шалгуулагч этгээд дээж авах явцтай холбогдуулан...ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Улсын байцаагч нар зөрчлийг шалгах явцад “дээж авах”-даа Н супермаркетын худалдагч Ц.Б-г байцуулсан, Дээж авсан тухай тэмдэглэл үйлдсэн[12], тухайн үед “дээж авах” явцтай холбогдуулан шалгуулагч “Х” ХХК-иас ямар нэгэн санал гомдол, шаардлага гаргаагүй байна. 

Мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-д “Эрх бүхий албан тушаалтан...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор... шинжилгээ хийлгэж болно”, 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасны дагуу “Х” ХХК болон хууль ёсны төлөөлөгчөөс Сорилтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаагүй, мөн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй атлаа “Х” ХХК нь “Н супермаркетаас авсан тахианы мах мөн эсэх,...дахин шинжилгээ хийлгэх боломж олгоогүй” гэж маргах үндэслэлгүй болно. 

Шүүх хуралдаанд Улсын байцаагч М.Т “...дэлгүүрт хаяг шошготой, шошгогүй  2 төрлийн мах байсан. Б.О байцаагч шошгогүй махнаас дээж авсан” гэх, шинжээч, эмч М.Л “дээж битүүмжилсэн, хаяг, шошго байгаагүй” гэх тайлбарууд[13] гаргах бөгөөд Улсын байцаагчид “дээж авах” ажиллагааны явцыг баримтуулж дуу, дүрсний бичлэг хийгээгүй байна. Харин “Х” ХХК-иас ирүүлсэн дүрс бичлэгт “Б.О байцаагч хаяг, шошго бүхий тахианы мах үзэж, барьж явж байгаа” дүрс авагдсан байх боловч энэ дүрс бичлэгүүд нь “дээж авсан” тухайн цаг хугацааны үйл явдлын хэсэгчилсэн дүрс бичлэг байх ба уг дүрс бичлэгийг шинжилгээ хийлгэхээр авсан “дээж” болох тахианы мах хаяг, шошготой байсан гэдгийг бүрэн дүүрэн нотлох нотолгооны баримт гэж үзэх боломжгүй тул Улсын байцаагч нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж шууд буруутгахад учир дутагдалтай.

Түүнээс гадна “Х” ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-д заасны дагуу “дээж авах”, Сорилтын дүн, зөрчил шалгах ажиллагааны үйл явцтай холбогдуулан гомдол, хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж шалгуулаагүй болох нь тогтоогдож байх ба мөн уг тахианы махыг хуралдан борлуулж, заримыг устгалд оруулах зэргээр биет байдлаар байхгүй болсон тул “лабораторийн шинжилгээ хийгдсэн тахианы мах шошгогүй байсан, дээж солигдсон” гэх энэхүү үйл баримтыг шүүх нөхөн тогтоох бодит боломжгүйг дурдах нь зүйтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” ажиллагааг зохицуулсан ба 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж заасны дуу эрх бүхий албан тушаалтанд “Х” ХХК-д (Н супермаркетад илэрсэн) холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар Сорилтын дүн (нян судлалын)-ээр Н супермаркетын худалдаж байсан тахианы махнаас Salmonelle нян илэрч, “Тахианы мах хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй” болох нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон, холбогдогч этгээд энэ Сорилтын дүнг эс зөвшөөрч хууль, журмын дагуу гомдол, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, мөн хууль ёсны төлөөлөгч А.М хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд нь шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[14] тогтоогдож байна.

А.М 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Зөрчил гаргагчийн тайлбар”-таа[15] “...ноогдуулсан 5,000,000 төгрөгийн торгуулийг 2 хувааж төлөх хүсэлтэй байгаа...” гэж, 0142166 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар оногдуулсан шийтгэлээс

 “Х” ХХК нь сайн дураараа 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр[16] 2,500,000 төгрөгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн сан банкны 100110000982 тоот дансанд шилжүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно” гэж заасан ба “тулган шаардах, албадах” гэдэг нь зөрчил үйлдсэн болохыг зөвшөөрүүлэхээр эрх бүхий албан тушаалтан “албадан шаардах, захиран тушаасан, хүчлэн шаардсан” байхыг ойлгоно. Харин хариуцагч М.Т, гэрч А.М нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр[17] эрх бүхий албан тушаалтан нь дээрх хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-д заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

“Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.М зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй, эрх бүхий албан тушаалтан уг эрхийг тайлбарласан байх ба холбогдогч нь  хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлээгүй нь хуулийн дагуу шийтгэл оногдуулахгүй байх, хуулиар хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, “Х” ХХК-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан, аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 12 дугаар Сорилтын дүнгээр Н супермаркетын худалдаж байсан тахианы махнаас Salmonelle нян илэрсэн нь тогтоогдсон, хууль ёсны төлөөлөгч Г.М тухайн үедээ зөрчлийг үгүйсгэж маргаагүй, гаргасан зөрчилд холбогдох хариуцлага оногдуулахыг хүлээн зөвшөөрч байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Мэргэжлийн хяналтын Улсын  байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 0142166 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй байх тул “Х” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан “Х” ХХК-ийн гаргасан “Мэргэжлийн хяналтын Улсын  байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 0142166 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ЦЭЦЭГМАА

 

[1] Хавтаст хэргийн 95, 101 дэх хуудас

[2] Хавтаст хэргийн 97 дахь хуудас

[3] Хавтаст хэргийн 103 дахь хуудас

[4] Хавтаст хэргийн 106 дахь хуудас

[5] Хавтаст хэргийн 12, 54 дэх хуудас

[6] Хавтаст хэргийн 36 дахь хуудас

[7] Хавтаст хэргийн 75 дахь хуудас

[8] Шүүх хуралдааны тэмдэглэл 7 дахь нүүр

[9] Хавтаст хэргийн 39 дэх хуудас

[10] Хавтаст хэргийн 40 дэх хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэл 14 дэх нүүр

[12] Хавтаст хэргийн 30 дахь хуудас

[13] Шүүх хуралдааны тэмдэглэл 6, 7, 15 дахь нүүр

[14] Хавтаст хэргийн 40-41, 46 дахь хуудас

[15] Хавтаст хэргийн 47 дахь хуудас

[16] Хавтаст хэргийн 56 дахь хуудас

[17] Шүүх хуралдааны тэмдэглэл 12, 13 дахь нүүр