Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0440

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.А т холбогдох хэсэг болон Б.А ийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Э ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 370 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Э

Нэхэмжлэгч Ж.Ч ийн эрх залгамжлагч Л.Б

Нэхэмжлэгч Д.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Нэхэмжлэгч Ч.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А

Хариуцагч орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Гуравдагч этгээд Б.А

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2017/0082

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 370 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Э , Ч.Б , Ж.Ч , Д.Э нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.А т холбогдох хэсэг болон Б.А ийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.А т холбогдох хэсэг болон Б.А ийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Б.А ээс гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Ч т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Э ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. ... 1992 онд Улсын номын худалдааны удирдах газар өмч хувьчлалд хэлбэл цэнхэр тасалбараар худалдагдан, өмч хөрөнгө эргэлтийн хөрөнгө, 18 аймгийн номын бааз, ажилчдын байр, “Монгол ном” ХК-ний эзэмшилд өгсөн. “Монгол ном” ХК-ний хөрөнгүүд хувьцаа эзэмшигчид болон зарим хөрөнгө худалдан борлуулахад “Дөрвөн Уул” хоршоо нь ажилчдын 5 байрыг худалдан авч, 1993 оны 4 дүгээр сард “Монгол ном” ХК ажилчдын байрыг худалдан авсан бөгөөд цэнхэр тасалбар 20 ширхэг буюу 7000 төгрөгний үнэтэй тасалбарыг өөрийнхөө гэр бүлийнхээ нийт 10 хүний хувьцааг оролцуулан 10 ширхэг хувьцааг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон билээ. “Дөрвөн уул” хоршоо миний өөрийн өмчлөлийнх бөгөөд 1993 онд “Монгол ном” ХК-аас ажилчдын байрыг нь Тухайн үед компанийн захирлын өмч хувьчлалд өгсөн баримтын хамт 980 дугаар тогтоолоор худалдан авсан баримт хэрэгт байгаа. Улсын бүртгэлийн дугаар нь өөрчлөгдөөгүй байгаагаар нотлогдоно.

2.2.  Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг огт татаж аваагүй зөвхөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1528 дугаар тогтоолыг татсан.  “Монгол ном” ХК нь хувьцаат компани байсны хувьд анх хувьчилсан төрийн шийдвэр, өмч хөрөнгийн жагсаалт, санхүүгийн баланс зэрэг баримтыг Төрийн өмчийн хороо түүний өмнөх байгууллага зэрэг өмч хувьчлалын байгууллагаас холбогдох нотлох баримтыг шүүх татан авах бүрэн боломж байсан боловч нэг ч баримт гаргуулаагүй, эрүүгийн журмаар 2 жил шахам хугацаанд шалгуулж байхад мөрдөгч тухайн баримтыг гаргуулсан учир эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн гэж ойлгосон. Захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ж.Ч ийн газар эзэмших тухай төрийн байгууллагад бүртгүүлсэн хүсэлт, газрын хувийн хэрэг нь байдаг бол бусад нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэж, хадгалагдсан өргөдөл, хүсэлт байдаггүй. Тиймээс энэ баримтгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

            2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1“Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэсэн байна. Шүүх эрх залгамжлан авбал зохих этгээдээр солихдоо зохих нотлох баримтад үндэслээгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч байсан Ж.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 22-нд нас барсан ба Иргэний хуулийн 531.1“Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, 531.2“Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасны дагуу нас барагчийн өмчилж байсан орон сууцыг өвлөгч этгээдийг тодорхойлж, тухайн этгээд газар эзэмших эрхийг асуудал гэх мэт зүйлийг тодруулаагүй. Тухайлбал захиргааны хэргээс харахад Л-н Б нь эхээс гурвуулаа эгч Л.Н нь зөвшөөрөл олгоод байгаа боловч эцэг Л болон 1 ах, дүү, эгч хэн болон хүн хэрхэх тухай баримт байхгүй. Эрх залгамжлалд зохих баримт болох Л-н Б-с бусад хууль ёсны өв залгамжлагч нарын өв хүлээн авахаас татгалзал хэрэгт авагдаагүй нь ирээдүйд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр болох эрсдэлтэй байна.

            2.4. Иймд дээрх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 370 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

2.1. Нэхэмжлэгч Л.Э , Ч.Б , Ж.Ч , Д.Э нараас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.А т холбогдох хэсэг болон Б.А ийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.А ээсСүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Ч т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Э ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий бие даасан шаардлага гаргасан байна.

2.3. Нэхэмжлэгч нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.А т холбогдох хэсэг болон Б.А ийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай захирамжийн Б.А т холбогдох хэсэг болон Б.А ийн нэр дээр хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2203026189 дугаартай бүртгэл, Өмчлөх эрхийн 000250523 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Ж.Ч т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Өмч хувьчлалын товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Л.Э ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4. Гуравдагч этгээдийн “...Захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ж.Ч ийн газар эзэмших тухай төрийн байгууллагад бүртгүүлсэн хүсэлт, газрын хувийн хэрэг нь байдаг бол бусад нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэж, хадгалагдсан өргөдөл, хүсэлт байдаггүй. Тиймээс энэ баримтгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна. Миний биеийг 2017 оны 10 сараас 2019 оны 6 сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын гомдлоор эрүүгийн хэрэг нээн шалгасан.  “Монгол ном” ХК нь хувьцаат компани байсны хувьд анх хувьчилсан төрийн шийдвэр, өмч хөрөнгийн жагсаалт, санхүүгийн баланс зэрэг баримтыг Төрийн өмчийн хороо түүний өмнөх байгууллага зэрэг өмч хувьчлалын байгууллагаас холбогдох нотлох баримтыг шүүх татан авах бүрэн боломж байсан боловч гаргуулаагүй, эрүүгийн журмаар 2 жил шахам хугацаанд шалгуулж байхад мөрдөгч тухайн баримтыг гаргуулсан учир эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн гэж ойлгосон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.5. Учир нь нэхэмжлэгч нарын ... Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын НХБ-9 тоот газрын гэрчилгээг хуурамчаар гарган авч эд хөрөнгөөр хохироосон гэх гомдлоор гуравдагч этгээд Б.А т Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан боловч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын 1528 дугаар тогтоолоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн авч бусдыг залилсан болох нь тогтоогдохгүй буюу гэмт хэргийн шинжгүй гэх үзэж, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.

2.6. Дээрх прокурорын тогтоолоор тухайн хэргийг гэмт хэрэг гэж үзээгүй, нэхэмжлэгч нарыг Захиргааны хэргийн шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэх дүгнэлтийг хийж хэрэг бүртгэлийг хаасан байх тул анхан шатны шүүхийг холбогдох нотлох баримтыг гаргуулалгүй хянан шийдвэрлэсэн гэж буруутгах боломжгүй юм.

2.7. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.А  нь 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гэрчилгээ “олгож өгнө үү” гэх хүсэлт гаргаж, хүсэлтдээ холбогдох баримтуудыг хавсаргасан, 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.Э-д 0275108 дугаар бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8, Номын худалдааны байр-11 хаягт орших 32 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна.  Нэхэмжлэгч Ж.Ч  нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаж, түүндээ холбогдох баримтыг хавсаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/492 дугаар захирамжаар түүнд Рашааны 8-7 тоот хаягт орших 133 м2 талбайг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, нэхэмжлэгч Ч.Б д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эзэмшил газрыг бусдын нэр дээр шилжүүлэх, баталгаажуулах болон эзэмшил газрын хугацаа сунгах тухай 104 дүгээр захирамжаар Р байршилд 209 м2 газрыг эзэмших эрхтэйгээр 15 жилийн хугацаатайгаар, нэхэмжлэгч Л.Э нь Төрийн өмчийн хорооны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 261 тоот Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Рашааны 8, НХБ 9 тоотыг эзэмшиж байгаад Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0116707 дугаар Өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тус орон сууцны 24 м2 талбайг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029624 дугаарт өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

2.8. Иймд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт байрлах нийтийн байранд олон жил амьдарч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь  хэргийн судалгаа хийж судлах, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй байхад нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нарын нөхцөл байдал, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг бүрэн тогтоолгүйгээр уг нийтийн байрны орчны болон суурийн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            2.9. Түүнчлэн гомдолд “Шүүх эрх залгамжлан авбал зохих этгээдээр солихдоо зохих нотлох баримтад үндэслээгүй. Тухайлбал нэхэмжлэгч байсан Ж. Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 22-нд нас барсан ба Иргэний хуулийн 531.1“Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, 531.2“Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасны дагуу нас барагчийн өмчилж байсан орон сууцыг өвлөгч этгээдийг тодорхойлж, тухайн этгээд газар эзэмших эрхийг асуудал гэх мэт зүйлийг тодруулаагүй. Эрх залгамжлалд зохих баримт болох Л-н Б-с бусад хууль ёсны өв залгамжлагч нарын өв хүлээн авахаас татгалзал хэрэгт авагдаагүй” гэжээ.

            2.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ж.Ч  нь нас барсан тул хүү Л.Б, Ц.Н нар нь тус тус түүний эрх залгамжлагчаар тогтоож өгөх тухай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

2.11. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1290 дугаар захирамжаар Ж.Ч ийн хүү болох Л.Б-г эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ч ийн хүүхдүүд нь өв залгамжлалын асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэх тайлбар, хүсэлтийг гаргаж байсан. Шүүх хуралдаанд өв хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэх тайлбарыг гаргаж байх тул эрх залгамжлалд зохих баримт бичгийг цуглуулаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргэлсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ