Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/466

 

       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анударь хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч П.Х-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт П-ийн Х-д холбогдох эрүүгийн 21030000000000 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн 12 дугаар хороо, *******ийн 18 дугаар гудамж, 900 “а” тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б- овогт П-ийн Х-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Х-нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Атар-Өргөө” ХХК-ийн зүүн урд уулзвар замд “Тоёота Харриэр” маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, .../...зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .../...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч Б.Д-г явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарах үед мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Х-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 21030000000000 дугаартай хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 3-9-р хуудас/,

Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №6442 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-54-р хуудас/,

Чингисийн өргөн чөлөө, “Атар-Өргөө” ХХК-ийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 78-р хуудас/,

Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 57-р хуудас/

Шүүгдэгч П.Х-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Х-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч П.Х-нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Атар-Өргөө” ХХК-ийн зүүн урд уулзвар замд “Тоёота Харриэр” маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, .../...зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .../...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Д-г явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарах үед мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 3-9-р хуудас/,

Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найзтайгаа архи хувааж уугаад харих гээд Таван богдын автобусны буудал руу явсан. Ингээд 13 цаг 30 минутын үед Атар Өргөө ХХК-ийн зүүн урд уулзварын хойд явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар нь ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй алхаад явж байтал гэнэт араас мөргөөд намайг зам дээр унагасан. Би мөргүүлээд хартал ард машин зогсож байсан. Ар гэрийнхээ хүмүүсийг дуудсан. Миний ууц нуруугаар өвдөөд байсан. Ахар сүүл хугарсан. Баруун гарын тохой зулгарсан. Өөр гэмтэлгүй. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Би явган хүний гарцаар зам гарч байсан. ...Жолооч эмчилгээний бүх зардлыг гаргасан. Надаас гарсан зардал байхгүй. Одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байхад миний ээж 80 гаран настай хөгшин хүний бие муудаад байна гэсэн. Би хороолол руу явахаар болоод байж байтал манай хүү Х- “би таныг хүргээд өгье” гэж хэлсэн. Би хүүгийнхээ хамт гэрээс гараад машинд суугаад манай хүү машинаа бариад явсан юм. Ингээд Атар-Өргөө ХХК-ийн зүүн урд уулзвар дээр улаан гэрэл дээр зогсож байгаад зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар манай машин ертөнцийн зүгээр зүүнээсээ хойшоо 2 дугаар эгнээгээр эргээд маш бага хурдтай явж байтал явган хүний гарцаар гарч байсан цагаан цамцтай эрэгтэй хүн машины баруун урд талын их гэрлийн тэврээд авахаар би “хүүе наана чинь хүн ороод ирлээ” гэж хэлэхэд манай хүү машинаа зогсоогоод машинаасаа буугаад харсан. Тэр эрэгтэй хүн баруун гарын тохойгоор зам дээр түшсэн, баруун өгзгөөрөө хагас суусан орилоод чарлаад согтуу байсан. Тэр хүн өөрөө босоод буцаж замын гарцаараа гараад брожур дээр суугаад байж байтал манай хүү өөрийн дугаараасаа 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй нөгөө хүний хүү, охин нь ирээд дараа нь цагдаа ирээд хэмжилт хийсэн. Дараа нь түргэний машин ирээд тэр хүнийг эмч нь үзээд үлдээгээд явсан. Цагдаа нар үлээлгэж шалгахад согтуу байсан. Манай хүү тээврийн хэрэгслээ жолоодохдоо хэвийн жолоодож явсан. Би хүүтэйгээ юу ч яриагүй явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №6442 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Б.Д-гийн биед ахар сүүлний 3-р нугалмын хугарал, баруун тохой, шууны ар дээд хэсэг, зүүн бугуйн урд, дотор хэсэг, ахар сүүл, баруун өгзөг, зүүн гуяны гадна дунд хэсгээс доош шилбэний дээд хэсэг хүрсэн цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: “...1. Тоёота маркийн харриер загварын ******* 000- улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Уг автомашины хойд дугуйн тоормозны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 1.7кН, зөрүү нь 41% /стандарт 30 хувь/ стандартын шаардлага хангахгүй байна.

3. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АBS бүхий тоормосны системтэй байна. Урд дугуйн тоормоз хэвийн ажиллагаатай. Хойд дугуйн тоормозны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 1.7кН, зөрүү 41% байгаа нь тоормозны систем бүрэн ажиллахгүй байна.

4. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг” гэх дүгнэлт /хх-ийн 49-54-р хуудас/,

Чингисийн өргөн чөлөө, “Атар-Өргөө” ХХК-ийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 78-р хуудас/,

Мөрдөгчийн магадалгаанд: “...1. Тоёота Харриер маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Х-/ХД81040216/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө мөн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Зорчигч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-ийн 57-р хуудас/

Шүүгдэгч П.Х-ы мөрдөн байцаалтайд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн тоёота харриер маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гэрээсээ 3 дугаар хороолол руу явахаар Атар Өргөө ХХК-ийн зүүн урд уулзварын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ хойшоо чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр эргэх үйлдэл хийгээд явж байтал уулзварын хойд явган хүний гарцаар гарч байсан эрэгтэй хүнийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Ийм л зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Дарьсүрэн ахын эмчилгээний бүх төлбөрийг төлсөн. Баримт нь байгаа. Би зөвшөөрсөн ногоон гэрлээр уулзвар нэвтэрсэн. Явган хүний гэрэл цуг асдаг юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Х-нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, “Атар-Өргөө” ХХК-ийн зүүн урд уулзвар замд “Тоёота Харриэр” маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, .../...зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .../...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэснийг  зөрчсөний улмаас явган зорчигч Б.Д-г явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарах үед мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар:  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Шүүгдэгч П.Х-ы үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 1.736.750 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэргийн 74-76-р талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Х-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Х-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч П.Х-нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч П.Х-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Х-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Х-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт П-ийн Х-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Х-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Х-нь хохирогч Б.Д-д эмчилгээний зардалд 1.736.750 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч П.Х-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР