Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2017/00176

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын  дүгээр багт оршин суух, У овогт С гийн Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, Б овогт Ш н Х д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г , хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хүнсний барааны мөнгө 5826700 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Г нь А ХХК-ны захирал ажилтай Ш.Х д 37 хонины мах /1кг х 5000 төгрөгөөр тооцож, нийт 721,5 кг мах/ 3607500 төгрөг нийт 5826700 төгрөгийн хоол хүнсний барааг нийлүүлээд би өөрөө бэлнээр төлсөн ба А ХХК-ны данснаас ямар ч хоол, хүнсний бараа нийлүүлэлтийн мөнгө авч байгаагүй болно.

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Н А ХХК-иас зээлээр А ХХК-ны захирал ажилтай Ш.Х д нийт 1613100 төгрөгийн хүнсний бараа авч өгч, А ХХК-ны захирал ажилтай Х д хүлээлгэж өгсөн болно.

Мөн миний бие Баяннуур сумын бүрэн дунд сургуульд К.Б аас авсан хүнсний барааны үнэ болох 601100 төгрөг, аймгийн төвөөс 37 хонины махыг авахуулахаар жолооч Е.А , А.С нарт тээвэрлүүлж А ХХК-ны захирал ажилтай Ш.Х д хүлээлгэж өгсөн, нийт Баяннуур сумын бүрэн дунд сургуульд нийлүүлсэн хоол, хүнсний барааны үнэ болох 5826700 төгрөгийг тус сургуулийн санхүүгээс биш өөрийн халааснаас гаргаж өгсөн юм.

 

А ХХК нь Баяннуур сумын Х.Ж н нэрэмжит бүрэн дунд сургуульд 2015 онд дотуур байрны хоол хүнсийг гэрээний дагуу зөвхөн А ХХК бэлтгэн нийлүүлж байсан. Тийм учраас хоолны зардал зөвхөн А ХХК-ны дансанд шилжүүлж гүйлгээ хийгдсэн. Бусад хувь хүн болон тухайн үед С.Г миний хувийн данс руу хоолны зардлаас нэг ч гүйлгээ хийгдээгүй билээ.

Мөн тухайн хоол, хүнсний барааны мөнгө нь А ХХК-ны дансанд орсон болох нь Баяннуур сумын Төрийн сангийн төлөөлөгч Н.М ийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, дансны хуулгаар тус тус нотлогдож байгаа болно.

Иймд шүүхээс хүсэхэд А ХХК-ны захирал ажилтай Ш овогтой Х аас нийт хоол, хүнс бараа нийлүүлэлтийн мөнгө болох 5826700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие А ХХК-ийн захирал ажилтай Ш.Х д 2015 оны 9 дүгээр сард өгсөн хоол, хүнсний мөнгө болох 5826700 төгрөгийг нэхэмжилж байна.

Эд зүйлийг Ш.Х д хувийн харилцаагаар өгсөн. Намайг сургуулийн захирлаар ажиллаж байх үед манай сургуульд шинэ дотуур байр баригдсан. Үүнийг Н ХХК гүйцэтгэсэн. Түүний захирал А.Д нь надад 5 сая төгрөгийн зээл авч өгөх бололцоо байна уу гэж хүссэн. Тэгээд Ш.Х аас 5 сая төгрөгийн зээл аваад өгсөн. Тэгээд Ш.Х нь та миний хоол, хүнсний мөнгийг А.Д т зээлж өгсөн байна. Тиймээс танд таньдаг хүн байвал манайд нэг сарын хоолыг зээлээр бэлтгэж өгнө үү гэж хүсэлт тавьсны дагуу аймгийн төвийн хүнсний дэлгүүрээс 5 сая төгрөгийн хүнс, махыг зээлээр бэлтгэж өгсөн гэв.

Хариуцагч А ХХК-ны захирал ажилтай Ш.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Ш.Х би Баяннуур сумын 4 дүгээр багт дугаар багт оршин суудаг, тус сумын бүрэн дунд сургуулийн хүмүүжлийн эрхлэгчийн ажилтай У овогт С гийн Г ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч гэх С.Г ын нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. С.Г нь Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны намар захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Тийм учраас түүнийг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх ёстой юм. Тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгчид сургуулийн аж ахуйн ажил буюу гадны байгууллагатай аж ахуйн ажлын чиглэлээр байгуулсан гэрээ, хэлцлийн биелэлтийг хангах ажил холбогдолгүй юм. Хэрвээ тус сургууль манай компанитай тооцоотой гэвэл сургуулийн захирал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

2. Тус компани нь 2012 онд аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан уралдаант шалгаруулалтад орж, Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол бэлтгэх, хангах ажил үйлчилгээ гүйцэтгэх тендерт ялалт байгуулан улмаар аймгийн Засаг даргын шийдвэрээр одоо хүртэл тухайн ажил, үйлчилгээг зохих хэмжээнд гүйцэтгэж байна. Энэхүү ажил үйлчилгээтэй холбогдож өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургуулийн өмнөх захирлаар ажиллаж байсан С.А , А.Х нартай хамтран ажиллаж байсан юм. Гэтэл 2014 оноос тус сургуулийн захирлаар томилогдсон С.Г нь манай компани гүйцэтгэж буй ажил, үйлчилгээнд хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хөндлөнгөөс оролцож, манай компанид өндөр үнэтэй хүнсний зүйл, мах нийлүүлнэ, үнийг бэлнээр авна гэж компани удирдлагад дарамт шахалт үзүүлж эхэлсэн юм. Тэрээр олон удаагийн үйлдлээр манай компаниас 10622000 төгрөгийн мөнгө зээлдэж авсан юм. Тэрээр авсан зээлдээ өндөр үнэтэй хүнсний зүйл, мах нийлүүлж өгснөөс үлдсэн 3811600 төгрөгийг өгөхгүй, би чамаас мөнгө аваагүй, өгсөн мөнгө буцааж төлөхийг шаардахад танай компани гэрээг цуцална гэж дарамталдаг байсан юм. Иймээс түүний одоо нэхэмжилж буй 5826700 төгрөгийг тус компани хариуцахгүй юм. Харин тус компани Баяннуур сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс авлагатай гэж үзэж байна.

3. С.Г нь надтай өс хонзонтой, тэрээр намайг зодож миний эрх чөлөөнд халдаж биед маань хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар одоо хэрэг нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд удахгүй шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Иймд тэрээр надаас өс хонзонгоо авах, дахин дахин шүүхэд дуудуулж сэтгэл санааны болон эдийн засгийн дарамтад оруулах үүднээс хийж буй зохиомол ажил гэж үзэж байна. Иймд С.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ш.Х д 37 хонины мах 1 кг-ийг 5000 төгрөгөөр тооцож нийт 721,5 кг махны үнэ 3607500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Н дэлгүүрээс авч өгсөн хүнсний барааны үнэ 1618100 төгрөг, К.Б аас авч өгсөн барааны үнэ 601100 төгрөг, нийт 5826700 төгрөгийг Ш.Х аас гаргуулж өгөхийг шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Г нь Ш.Х д нийт 5826700 төгрөгийн мах, хүнсний бараа бараа өгсөн нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгчээс К.Б ы сургуулийн дотуур байрны хоол хүнсэнд өгсөн хүнсний үнэ 601100 төгрөгийг захирал Г аас бэлэн авсан гэсэн тодорхойлолт, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Н ХХК-ны зарлагын баримт, Н ХХК-ийн тамгатай баримт зэрэг баримтууд нь хүнсний барааг К.Б , Н ХХК-иас С.Г хүлээн авсныг нотлохоос С.Г нь дээрх бараануудыг Ш.Х д хүлээлгэж өгснийг нотлохгүй болно. Х.С ын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолтод 2015 оны 10 дугаар сарын тодорхойлолт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шууд нотлох баримт биш байх бөгөөд тухайн тодорхойлолт Ш.Х болон С.Г нарын харилцан тохиролцоог нотлох баримт биш тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.Г , хариуцагч Ш.Х нарын хооронд мах болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан талаар нотлох баримтгүй бөгөөд хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараас болон Баяннуур сумын Төрийн сангийн төлөөлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт зэргээс үзэхэд дотуур байрны хоол хүнсийг гэрээний дагуу А ХХКомпани бэлтгэн нийлүүлэх байсан байх тул сургуулийн захирлын зүгээс А ХХК-д гэрээний үүргийг биелүүлэхийг шаарддаг болохоос биш өөрөө хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж түүний үнийг шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч С.Г нь сургуулийн захирлын хувиар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд болно.

Нэхэмжлэгч С.Г нь өөрөө хувиасаа Ш.Х д зээлээр мах болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн Ш.Х аас 5826700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Ш.Х д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.Г ын Ш.Х аас 5826700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108177 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК