Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/463

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- сайн Ш- овогт Д-гийн Д-д холбогдох эрүүгийн 2010023540000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 14 дүгээр баг, 34-р байрны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд ******* аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, О- сайнШ- овогт Д-гийн Д

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* ******* хотхоны ******* дугаар байрны авто граж дотор хохирогч Ц.Н-тай маргалдаж заамдаж байгаад хавсарч унагаан эрүүл мэндэд нь “баруун шагайн үений гадна, дотор хавчаар, шаантын урд, арын ирмэгийн битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сансарт таксинд явж байгаад 2 эмэгтэй, 1 эрэгтэйг таксиндаа авсан. Гурвуулаа машины хойд талд суугаад Саруул хороололд 1 эмэгтэй нь буусан. 1 эрэгтэй, 1 эмэгтэй нь цааш явж ******* 0000 хорооллын грашид очиж төлбөр тооцоогоо төлнө гэсэн. Би “6600 төгрөг гарсан” гэж хэлэхэд би өгнө гээд Нанжид буух гэсэн. Тэгээд нөгөө эмэгтэйд би чамайг оруулж өгнө гэж нөгөө залуу хэлсэн. Нанжид нь зорчигч талын хаалгыг онгойлгоод яриад зогсож байсан. Эрэгтэй, эмэгтэй 2 бууна, буухгүй гэж байгаад эмэгтэй нь хаалгаа хаагаад надад хөдлөөд явчих гэж хэлсэн. Хаалгаа хаагаад хөдлөх гэхэд Нанжид зорчигч талын хаалга өшиглөөд, жолооч талын хаалганы цонхоор 2 удаа дэлссэн. Яагаад байгаа юм бэ гэхэд чи хөдөлж явдаг хэн юм бэ гээд хашааны хаалгаар гараад явсан. Тэр залуу пивоны шил барьсан байсан болохоор булааж аваад хогийн саванд хийгээд хавсарч унагаагаад явсан. Би нөгөө эмэгтэйг нөгөө талд нь буулгаад явсан гэв.

Эрүүгийн 20100235410000 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 12427 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгч Д.Д-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42-43-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Д.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* ******* хотхоны ******* дугаар байрны авто граж дотор хохирогч Ц.Н-тай маргалдаж, улмаар хавсарч унагаан эрүүл мэндэд нь “баруун шагайн үений гадна, дотор хавчаар, шаантын урд, арын ирмэгийн битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой танил найзуудтайгаа юм ярьж сууж байгаад 23 цагийн үед Сансарын тунелийн хавьцаанаас найз ******* мөн нэрийг нь мэдэхгүй байна нэг эгчийн хамт 3-уулаа такси барьсан. Тэгээд замдаа тэр эгчийг “Хом плаза”-гийн  хавьд буулгаад *******гийн гэр нь ******* хороолол ******* дугаар байранд байдаг манай гэр уг хорооллын хажуугийн байр учир зааж цуг явсан. Ингээд ******* ******* дугаар байрны доор граж руу ороод *******гийн гэр рүү орох лифтний үүдэнд *******г буулгахаар зогссон. Таксины жолоочоос “төлбөр хэд гарсан бэ” гэж асуухад 6000 төгрөг гарсан гээд ******* тэр жолоочийн данс руу шилжүүлсэн. Би буугаад жолоочийн хажууд очиж зогсоод *******г бууж ирэхийг хүлээхэд ******* бууж ирэхгүй байсан. Би “буугаад ир, одоо ор” гэж хэлсэн чинь ******* буухгүй байсан. Тэр хооронд ******* жаахан унтсан байсан. Би таксины жолоочид “наад хүнээсээ мөнгөө авсан бол одоо буулга, гэрт нь оруул” гэж хэлсэн. Тэгсэн чинь “чи яах гээд байгаа юм гээд миний баруун хөлийн шагай руу хавсарч өшиглөж унагаагаад ингээд хэвтэж бай, пизда минь” гээд намайг үлдээгээд *******г буулгахгүй аваад явсан. Би босож чадахгүй цагдаа дуудсан. Дүүгээ дуудаж үүрүүлээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгчхөөд Гэмтлийн эмнэлэг дээр очоод хөлийн зургаа авхуулсан чинь хэвт гэсэн. 2 хоноод хөлийн хагалгаанд орсон, хөлдөө төмөр хадуулсан 1 жилийн дараа дахин хагалгаанд орж авхуулна гэсэн. Би 1-2 пиво л уусан байсан. Болсон бүх зүйлийг санаж байна. Би маш их гомдолтой байна. Одоогийн хийлгэсэн эмчилгээний мөнгө 5.000.000 орчим төгрөг болон цаашдын эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...Миний баруун хөлийн шагайнаас дээш шилбэ орчмоор хавдаад өвдөөд байна. Мөн уг хөл дээрээ гишгэж чадахгүй байна. Хавсарч унагасан ба улмаар миний баруун хөл ийм болоод байна. Дагзаараа савж унасан толгой өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой манай танил эгч паб нээж байгаа гээд манай 6 найз очих гээд явж байсан. Тэгсэн манай танил Нанжид уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би найзуудтайгаа байна ш дээ гэж хэлсэн чинь “хамаагүй, би очоод уулзъя” гэсэн. Нанжид ирээд бид нар хамт согтууруулах ундаа хэрэглэсэн юм. 00 цаг өнгөрч байхад би тэнд байсан найз эгчийнхээ хамт 13 дугаар хорооллын автобусны буудлаас такси барьсан чинь Нанжид цуг суусан. Ингээд би таксины урд суугаад тэр 2 хойно суугаад явсан. Миний танил эгч Саруул хотхонд замдаа буусан. Би Нанжидыг гэртээ “түрүүлээд буу” гэж хэлсэн чинь “үгүй, би чамайг оруулж өгнө” гэхээр нь би “юу гэж чамаар оруулах юм бэ” гээд багахан маргалдсан. Ингээд манай ******* ******* дугаар хорооллын ******* дугаар байрны доод грааж руу ороод таксины мөнгийг нь мобайл банкаар төлсөн. Тухайн үед таксины жолоочтой би юм яриад инээгээд байсан чинь Нанжид намайг таксины жолооч авч явах гээд байгаа юм байна гэж ойлгосон юм шиг байгаа юм. Таксины жолооч би Нанжидыг буугаач гээд маргалдаад байсан болохоор намайг хоргоогоод байна гэж ойлгосон байх. Таксины жолооч Нанжид 2-н голд асуудал үүссэн байх гэж бодож байна. Би болсон явдлыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 12427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ц.Н-ын биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар, шаантны урд, арын ирмэгийн битүү хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгч Д.Д-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн ******* ДАА улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад Баянзүрх дүүрэг Сансарын тунел орчмоос 2 эмэгтэй, нэг залуу гар өргөөд миний машинд суугаад “Саруул” хороолол ороод нэг хүн буулгаад цаашаа явна гэж хэлсэн. Нэг залуу, хоёр эмэгтэй миний машинд суугаад юм ярьж байгаад нэг, нэг шил пиво уугаад нэг эмэгтэй нь замдаа буусан. Төв цэнгэлдэх орчимд нэг хорооллын гадаа очоод байрны доод талын граж руу нь ороод зогссон. Миний машинд сууж байсан Нанжид гэх залуу бас хамт явсан эмэгтэй хоёрт 6600 төгрөг гарсан байна, тооцоогоо хийх үү гэж хэлэхэд Нанжид гэх залуутай хамт явсан эмэгтэй бэлэн мөнгө алга байна, мобайл банкаар тооцоог чинь хийнэ гэж хэлсэн. Тэр эмэгтэй Нанжид гэх залууг энэ сууж ирсэн машинтайгаа гэр рүүгээ явчих гэж хэлсэн. Тэгсэн Нанжид “үгүй би чамайг гэр рүү чинь оруулж өгчхөөд явна гэж хэлээд байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй “манай гэрт ээж байгаа, би чамайг гэртээ оруулж чадахгүй” гээд байсан. Тэгсэн тэр Нанжид гэх залуу машины голд ууж байсан шилтэй пиво аваад буугаад тэр хүүхэнтэй юм яриад байсан. Тэр эмэгтэй миний дансыг аваад 10.000 төгрөг над руу шилжүүлээд “ахаа та намайг гэр рүү оруулж өгчхөөд явчих” гэсэн. Тэгэхээр би тэр эмэгтэйд “та хоёр учраа олчихооч, ах нь явмаар байна” гэсэн. Тэгсэн тэр эмэгтэй “ахаа та тэгвэл цонхоо хаагаад хөдлөөд явчих, би орцны нөгөө талд буугаад гэр рүүгээ орно” гэсэн. Би хөлдөх гэхэд Нанжид гэх залуу миний машин руу өшиглөөд авсан. Тэгэхээр би зогсоод “та яаж байна” гэхэд Нанжид гэх залуу миний машины урдуур тойрч ирээд миний хаалгыг нээгээд “чи хөдөлж явах гэлээ” гээд пиво барьсан гараараа миний нүүр рүү нэг цохиод авсан. Ахиад намайг цохих гэхээр би машинаас буугаад Нанжид гэх залуутай заамдалцаад зогсож байхад Нанжид намайг пивоны шилээр цохих гэхээр гараас нь шилийг булааж аваад хогийн сав руу шидээд Нанжидыг хавсраад унагаачхаад машиндаа суугаад орцны нөгөө талд очиж тэр эмэгтэй буулгаад яваад өгсөн. 2020 оны 11 дүгээр сард цагдаагаас дуудаад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр та хүнтэй маргалдсан уу, Хан-Уул дүүргийн цагдаа дээр хүрээд ир гэсэн. Би цагдаа дээр очоод надтай маргалдсан Нанжид гэх гэмтсэн гэдгийг мэдсэн. Өөр надад мэдэх зүйл алга байна. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Ц.Н-ыг хавсарч унагаасны улмаас хохирогчийн биед “баруун шагайн үений гадна, дотор хавчаар, шаантны урд, арын ирмэгийн битүү хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д- нь хохирогч Ц.Н-ыг хавсарч газар унагааж биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д- болон түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-ын биед “баруун шагайн үений гадна, дотор хавчаар, шаантны урд, арын ирмэгийн битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан.

Хохирогч Ц.Н- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардалд нийт 1.736.670 төгрөг нэхэмжилж дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Ази Фарм” эмийн сангаас эм авсан 42.350 төгрөг “Долоон отог” ХХК-аас таяг, бусад эд зүйлс авсан 114.500 төгрөг, “Монгол эм импекс” ХХК-аас эм, эд зүйл авсан 136.150 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн зардал  136.000 төгрөг, 87.816 төгрөг, нийт 516.816 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлснээс шүүгдэгч Д.Д- нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ц.Н-ад 520.000 төгрөг төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч О.Аззаяагаас “хохирогч Ц.Н- нь хөлийн гэмтэлтэй учраас автомашин жолоодох боломжгүй, ажлаа үргэлжлүүлэн хийх шаардлагатай байсан тул таксигаар үйлчлүүлж байсан. Иймд тээврийн зардал 530.400 төгрөг, мөн хөлийн гэмтэлдээ кальци уух шаардлагатай байсан тул 690.000 төгрөг, төлөгдөөгүй байгаа 1.220.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

Дээрх нотлох баримтаас: хохирогч Ц.Н- нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Кальц, Магни, Д, Дабле, Глюкозамин авсан зардал 690.154 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Ц.Н- нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд таксигаар үйлчлүүлсэн зардалд 530.400 төгрөг нэхэмжилж “Хаан” банк дахь харилцах дансны хуулгаа баримтаар ирүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 12427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Н-ын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ гарсан ба хохирогч нь хөлийн гэмтлийн улмаас ямар хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй байсан талаарх эмнэлгийн баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хохирогч Ц.Н- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Д-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “Д.Д- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Д.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.   

Шүүгдэгч Д.Д-ы гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх бөгөөд тэрээр шүүхээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч Д.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. О- сайнШ- овогт Д-гийн Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг  Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Д.Д-д оногдуулсан торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Д- нь хохирогч Ц.Н-ад эмчилгээний зардалд 520.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 690.154 төгрөг гаргуулж хохирогч Ц.Н-ад олгосугай.

5. Хохирогч Ц.Н- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР