Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 673

 

                                                                                                                                                                                                                                                                              

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Э, Э.О нарт

           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

Хохирогч Ш.Н, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Рагчаасүрэн, 

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Д.Батбаяр,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа,  

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э, Э.О нарт холбогдох эрүүгийн 2014250002441 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайжууд овгийн Баатарсайханы Б.Э, 1987 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн дүгээр баг, тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,

Жинст овгийн Энх-Амгалангийн Э.О, 1988 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

Б.Э, Э.О нар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ФИ” ХХК-ийн барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр Б.Э нь борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж “ФИ” ХХК-ийн Жаргалан хотхонд байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Ноос гаражийн мөнгө болох 22,000,000 төгрөг,

хохирогч Ш.Тгөөс гаражийн мөнгө болох 15,000,000 төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34,404,200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.Октябрийн Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

хохирогч М.Таас 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21,600,000 төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

хохирогч Г.Бгаас 3,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96,004,200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ФИ” ХХК-ийн Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын сүүлээр иргэн П.Гоос гаражийн мөнгө болох 25,000,000 төгрөгийг бэлнээр авч “ФИ” ХХК-ийн дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт тус тус зааснаар, Э.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Б.Эад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Э.От 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон тус тус өөрчлөн зүйлчилж, Б.Эыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд, Э.Октябрийг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар Б.Эыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Э.Октябрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Э.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Октябрийн цагдан хоригдсон 51 хоног, Б.Эын цагдан хоригдсон 243 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57-58 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашины гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ФИ” компаниас 71.404.200 төгрөг гаргуулж, 49.404.200 төгрөгийг хохирогч Алаг хүзүүн овогт Ширнэнгийн Ш.Т /РД: ОМ80042405/-д, 22.000.000 төгрөг гаргуулж Алаг хүзүү овогт Ширнэнгийн Ш.Н /РД: ОМ74032519/-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Октябриас 27.702.100 төгрөг, Б.Эаас 43.702.100 төгрөг тус тус гаргуулж “ФИ” компанид, 11.140.000 төгрөг гаргуулж Холингор овогтой Мишигдоржийн М.Т /РД: ХЕ61090366/-д тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.Эын төрүүлсэн бага насны 2 хүүхдэд (2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Амарсанаагийн Тэнгисбаяр РД: ТА09221314, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Б.Эын Цогтцэцэн РД: ТА17272432 гэх) асран хамгаалагч тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Засаг даргад, Э.Октябрийн бага насны хүүхдэд (2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Октябрийн Одонтуяа РД: УЦ10292368 гэх)-д асран хамгаалагч тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.О, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тухайн өдрөөс эхлэн эдлэх ялыг тус тус тоолж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.О, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Э нь “ФИ” ХХК-д борлуулалтын менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хохирогч нарт хохирол учруулсан нь үнэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулна. Намайг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие “ФИ” ХХК-д ажиллаж байхдаа хохирогч нарт хохирол учруулсан. Иймд миний хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү.

“...Б.Э би ам бүл 4, том хүүхэд 9 настай, бага хүүхэд 8 сартай. 70 хувийн группэд сонсголын бэрхшээлтэй ээжийн хамт өрх толгойлон амьдардаг. ...Б.Э би хийсэн хэрэгтээ туйлын ихээр, маш их гэмшиж байна. ...Тухайн үед би компанийхаа байруудыг борлуулан ажиллаж байхдаа хамтран амьдрагч Э.От хэт их итгэснээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Б.Э би тухайн үед бусдыг залилан мэхлэх, хуурах санаа зорилго байгаагүй. Харин компанийхаа байруудыг хямд нөхцлөөр иргэдэд ашигтай борлуулах зорилготой байсан. Б.Э би өөрийн хохирлоос төлж барагдуулж байгаа. Үлдсэн хохирол төлбөрийг хамт шалгагдаж байгаа Э.Отай тэнцүү хуваан төлмөөр байна. Б.Э миний хохирлын хэмжээг бодитой, үнэн зөв гаргаагүйн улмаас зүйл ангийн зүйлчлэлийг хүндрүүлэн оруулж эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. ...Нялх хөхүүл хүүхэдтэй нөхцөл байдал болон хэргийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...Мөн Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу ...ял хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.О гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.О би ...1. Шүүгдэгч Б.Этай бүлэглэж бусдын эд зүйлийг залилж аваагүй. Зөвхөн дансанд чинь мөнгө хийгээд авчихъя гэхээр нь л дансаа ашиглуулсан. Түүнээс биш бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй. Хамтран амьдарч байсан болохоор итгэж данс, картаа ашиглуулж байсан. Харин Б.Э нь бусдыг залилсан мөнгөнөөсөө чамд утас болон хүүхдэд чинь хувцас авч өглөө шүү” гэж нэг ч удаа хэлж байгаагүй болно. Миний бие үнэхээр дээрх гэмт хэрэгт оролцоотой байсан бол хохирогч нартай нь уулзаад явах байсан. Намайг хохирогч нар танихгүй гэж, мөн Б.Э хэрэгт оролцоогүй болохыг мэдүүлсээр байхад шүүх энэ талаар хэрэгт ач холбогдолтой байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна.

2. Шүүх харилцан адил зөрүүтэй мэдүүлгийг нөгөөгөөс нь ач холбогдолтой байдлыг тодруулалгүй орхигдуулсан нь дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг тодруулан заагаагүй байна.

3. Надаас 27,102,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь миний бие дээрх мөнгийг аваагүй байхад шүүх гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй юм. Энэ орсон бүх мөнгийг Б.Э өөрөө авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

4. Шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар заалтаар М.Тд 11,140,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн боловч үүнийг хэн хариуцан төлөх нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэнээс гаргуулахыг шүүх шийдээгүй орхигдуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Октябрийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Октябрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн. Гэтэл гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш санаатай нэгдсэн үйлдлийг бүлэглэн гүйцэтгэх гэж үзэж байгаа. Тэгэхээр шүүгдэгч Э.О бүлэглэн, санаатай оролцоогүй гэж үзэж байна. Учир нь нэг гэр бүлийн хүн байсан учраас шүүгдэгч Э.Октябрийн данс руу мөнгө шилжүүлж, гаргаж авна гэж 48.000.000 төгрөг гаргаж авсан гэх мэт мөнгө шилжүүлээд байхад нь Э.О “юун мөнгө юм бэ” гэж асуухад “байр, гараж зарж дундаас нь ашиг олж байгаа” гэж хэлж Э.Октябрийг мөн залилж байсан. Мөн ээжийнх нь дансаар 4.000.000 төгрөг гаргуулж авсан. Энэ мэтээр худал хэлж маш олон хүний дансаар мөнгө гаргаж авч байсан. Тэгэхээр анхан шатны шүүх эхлээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо “энэ хүн мөнгөнөөс хэрэглэж байсан” гэж гомдол гаргаж, миний үйлчлүүлэгчийг холбогдуулан татсан. Хуульд санаа зорилго, энэ хэрэгт оролцоо байна уу гэж байж ял ялгамжтай оногуулах ёстой. Гэтэл шүүгдэгч Б.Э өмгөөлөгчийн хамт миний үйлчлүүлэгчээр хохирол төлбөр төлүүлэх гэсэн санаа зорилго байна. Хэрвээ мөнгө хэрэглэсэн гэж үзэх юм бол иргэний хариуцагчаар татах боломжтой байхад анхан шатны шүүх 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Энэ хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байхад шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Энэ гэмт хэрэг 2013 онд үйлдэгдсэн учраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг авах, борлуулах гэсэн хэргээр зүйлчилж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Энэ гэмт хэрэг үйлдсэн хүн “ФИ” ХХК-д борлуулалтын менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан учраас хохирлыг төлөхөд буруутах зүйл байхгүй. Гэтэл миний үйлчлүүлэгчээс “ФИ” ХХК-нд учирсан 27.000.000 төгрөгийг гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь ямар үндэслэлээр захиран зарцуулагдсан нь харагдаж байгаа. Үүнд 12.000.000 төгрөгөөр “Тоёота приус” маркийн автомашиныг Э.От авч өгсөн гэж байгаа боловч эргээд Банк бус санхүүгийн байгуулагад хураагдаж, Э.От 200.000 төгрөг үлдсэн байдаг. Мөн “Тоёота” загварын автомашиныг шүүгдэгч Б.Э 800.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Үүнд Э.О ямар ч оролцоо байхгүй. 40.000.000 төгрөгийг дансаар нь авч “би өөрөө захиран зарцуулсан” гэж мэдүүлсэн. 40.000.000 төгрөгөө авч Даваахүүд автомашины урьдчилгаа гэж зээлсэн 10.000.000 төгрөгийг өгсөн, Түвшинжаргалд 9.000.000 төгрөгийг өгсөн. “Ш.Ноос 18.000.000 төгрөг авч дангаараа би өөрөө хэрэглэсэн” гэж мэдүүлсэн. “Мисер” машиныг 12.000.000 төгрөгөөр худалдаж авсан, үүнд Э.О оролцоогүй гэсэн. Байр түрээслэхэд 5.500.000 төгрөг өгсөн гэсэн. Энэ байранд анхнаасаа амьдарч байсан. Э.Отай сүүлд гэр бүл болж 10 сар хүрэхгүй хугацаанд буюу цөөхөн хугацаанд амьдарсан байдаг. Осолд орсон хүнд 3.000.000 төгрөг өгсөн. Гэртээ хивс, буйдан, хөргөгч, зурагт, мөлхөө тавилга авсан. 700.000 төгрөгөөр Э.Отай нийлж гар утас авсан гэж байгаа. Энэ гар утсаа өөрийнхөө гар утсыг байхгүй болгож Э.Октябрийн гар утсыг ломбардад тавьсан байдаг. Энэ мэтээр Б.Э 100.000.000 төгрөгийн захиран зарцуулалт хийсэн болох нь хэргээс тодорхой байхад 27.000.000 төгрөгийг Э.Октябриас гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний журмаар гаргана уу гэхээс эрүүгийн гэмт хэрэг төгссөн байхад эрүүгийн гэмт хэрэг санаатай, бүлэглэж гэж зүйлчилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан. Хоёулаа тэр компаниас тэдэн төгрөг авъя, ингэж зарцуулна гэж огт ярилцаагүй байдаг. Тэгэхээр урьдчилан амлалгүйгээр идэж уусан, тодорхой хэмжээний бага мөнгийг нэг гэрт амьдарч байгаа учраас ашиглаж байсан            асуудал байгаа. Гэтэл энэ 100.000.000 төгрөгөөс 3 хувааж миний үйлчлүүлэгчээс гаргахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй учраас дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Э.От анхан шатны шүүхээс зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчлөн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хохирогч нарт учирсан хохирлыг Иргэний хуульд заасан үндэслэлээр иргэний хариуцагч, гэмт хэргийг гардан үйлдсэн Б.Э нараас гаргуулахыг хүсч байна” гэв.

Шүүгдэгч Э.Октябрийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2014 оноос хойш шалгагдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийг анх гэрчээр татсан, дараа нь иргэний хариуцагчаар татсан. Тэгээд сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж хэрэгсэхгүй болгож байгаад өнөөдрийн байдлаар 4 дэх жилдээ явж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Октябрийн үйлдэлд зөв дүгнэлт гаргахгүй байна. Хэргийн холбогдогч Б.Э, Э.О нар хэргийн үйл баримтын хувьд маргаантай байдаг. Энэ маргааныг анхан шатны шүүх зөв дүгнээгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Октябрийн үйлдлийг дүгнэхдээ энэ хэрэгт хамааралгүй бусад баримтыг дүгнэсэн. Шүүгдэгч Э.Октябрийн үйлдлийг нийгмийн хор хэмжээг ихэсгэх зорилгоор энэ хэрэгт хамааралгүй зүйлийг дүгнэсэн байдаг. Тухайлбал, шүүгдэгч Э.О нь Б.Этай бүлэглэн өөрийнхөө дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 113.000.000 төгрөг орсныг мэдсэн гэж дүгнэсэн. Энэ 4 удаагийн гүйлгээг ямар гүйлгээ байна гэж хавтаст хэргийг шинжлэн судлахад 2 гүйлгээ нь энэ хэрэгт огт хамааралгүй, ач холбогдолгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Октябрийн үйлдлийг нийгмийн хор аюулыг ихэсгэх зорилгоор гэмт хэргийн үйлдэл мэтээр дүгнэсэн. 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 36.674.442 төгрөг шилжиж орсон байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Мөнхтулга даалгавар бичиж Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ажиллагаа явуулж, Ганчимэг гэх эмэгтэйг гэрчээр байцаалт авсан. Энэ 36.674.442 төгрөг энэ гэмт хэрэгтэй ямар ч хамааралгүй. 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шүүгдэгч Э.Октябрийн дансанд орсон гэх 43.402.200 төгрөг энэ гэмт хэрэгт мөн ямар ч хамааралгүй гүйлгээ байдаг. Үүнийг Г.Б гэдэг хүн дансаар нь шилжүүлж буцаагаад авсан байдаг. Г.Бд учирсан гэх 3.000.000 төгрөгийн хохирол энэ гүйлгээний улмаас учирсан хохирол биш. Үүнийг шүүх ялгаж шалгаагүй, энэ хэрэгт хамааралтай 2 удаагийн гүйлгээ нийт 4 удаагийн гүйлгээгээр 113.000.000 төгрөгийн гүйлгээ дансанд орсон гэсэн нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүйгээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт хамааралтай шүүгдэгч Э.Октябрийг хамааруулж байгаа нэг асуудал нь шүүгдэгч Э.Октябрийн дансанд орсон Ш.Н, Ш.Т нарын гүйлгээ байдаг. Үүнтэй огт маргахгүй. Хэрэгт 33.000.000 төгрөгийн гүйлгээ л байгаа. Гэтэл шүүх энэ хэрэгт огт хамааралгүй гүйлгээнүүдтэй нэгтгэж шүүгдэгч Э.Октябрийг олон удаагийн үйлдэлтэй нэгтгэсэн байдаг. Мөн хэрэгт нийт 4 гэрч мэдүүлсэн. Гэрч Ш.Т, Ш.Н, Г.Б, М.Т нар юм. Анхан шатны шүүх хохирогч тус бүрд шүүгдэгч нарыг ямар оролцоотой талаар үнэн зөв дүгнэлт хийгээгүй. Тэр дундаа М.Т, Г.Б нарын хохирол шүүгдэгч Э.От огт хамааралгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 136 дугаартай нэмэлт ажилаагаа хийлгэх захирамжаар М.Т, Г.Б нарын мөнгө шүүгдэгч Э.Октябрийн дансад ороогүй байхад ямар шалтгаанаар шүүгдэгч Э.Октябрийг М.Т, Г.Б нарт хохирол учруулсан гэж үзэж байгаа талаар шалгуулсан. Нэмэлт ажиллагаагаар шүүгдэгч Э.Октябрийн үйлдэл М.Т, Г.Б нарт огт хамааралгүй ба 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан М.Т, Б.Э нарын хооронд хийсэн гэрээгээр М.Тд учруулсан гэж байгаа 21.600.000 төгрөгийг бүгдийг Б.Э өөрийнхөө дансаар авсан байдаг. Шүүгдэгч Э.О үүнд ямар ч оролцоо байхгүй болох нь М.Ттай хийсэн гэрээ болон М.Тын мэдүүлгээр харагдаж байгаа. Г.Бд учруулсан 3.000.000 төгрөгт шүүгдэгч Э.О ямар ч оролцоо байхгүй. Энэ нь Түвшинжаргал руу 71.000.000 төгрөг шилжүүлж, эргээд Түвшинжаргал 3.000.000 төгрөгийг Б.Э руу шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “71.000.000 төгрөгийн байр гэж хэлээд 3.000.000 төгрөг илүү шилжүүлсэн гэсний дагуу Түвшинжаргал 3.000.000 төгрөг шилжсэн, энэ мөнгийг та буцаагаад миний данс руу шилжүүлчих” гэж буцаагаад 3.000.000 төгрөг авсан. Энэ дүн нь Г.Бд очих ёстой хохирол болсон. Энэ нь Түвшинжаргалын мэдүүлгээр тогтоогддог. М.Т, Г.Б нарын хохирол шүүгдэгч Э.Отай ямар ч хамааралгүй байхад шүүх энэ 4 хохирогчийн бүгд хохиролд миний үйлчлүүлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дансанд орсон байгаа Ш.Т, Ш.Н нарын мөнгийг захиран зарцуулсан үйлдэлд нь холбогдуулж миний үйлчлүүлэгчийг дансанд нь их хэмжээний мөнгө орж байгааг мэдсэн гэж дүгнэсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан дүгнэлтийг шууд хуулбарласан. Гэтэл хавтаст хэргийг судлаж үзэхэд шүүгдэгч Э.О өөрийнх нь дансанд их хэмжээний мөнгө орж байгааг мэдэж байсан үйл баримт байхгүй. Мөнгө орсны дараа Э.О руу Б.Э “чиний дансанд тэдэн төгрөг орсон байгаа. Үүнийг аваад өгөөрэй” гэсэн. Миний үйлчлүүлэгч Б.Эаас “яагаад миний данс руу ийм их мөнгө орсон юм бэ” гэхэд “надад  иргэний үнэмлэх байхгүй, виза карт байхгүй учраас банкнаас их хэмжээний мөнгө авах боломжгүй байна. Тийм учраас чиний данс руу хийлгэсэн, үүнийг аваад өгөөрэй” гэж Э.Октябрийг хуурсан. Дансанд мөнгө хийсэнтэй холбогдуулж зөвхөн Э.Октябрийн дансаар биш Оюунсүрэн гэдэг хүний дансаар, Түвшинжаргал нарын дансаар өөр хэд хэдэн хүний дансаар мөнгө авч байсан. Зөвхөн хамтран амьдарч байсан гэдгээр яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Миний үйлчлүүлэгч урьд нь том тэрэг барьж Хятад улс руу явдаг байхад хамтран амьдарна гэж дуудан ирүүлж, тодорхой хугацаагаар амьдарсан. М.Т, Г.Б нарын хохирол төлбөрийг хасаж үзэхэд Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохиролд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, дансанд орсон мөнгө нь ямар нэгэн байдлаар үйлдэл холбогдолтой гэж үзэхэд М.Т, Г.Б нарын хохирлын хэмжээнээс хасахад их хэмжээний хохиролд орохгүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тустай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчлэх боломжгүй байгаа юм.

Миний үйлчлүүлэгч Э.О анхнаасаа өмгөөлөгчгүй явж байгаад шүүхийн шатанд өмгөөлөгч авсан. Э.Октябрийн сэжигтэн, яллагдагч, иргэний хариуцагчаар өгсөн бүх мэдүүлэгт ямар нэгэн зөрүүгүй, чин үнэнчээр мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Э миний үйлчлүүлэгчийн талаар “анхнаасаа энэ Э.О намайг энэ хүмүүсээс авсан хууль бус мөнгө гэдгийг мэдээгүй байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Эын хохирогчид 8.000.000 төгрөг төлснийг нь хасч 27.000.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 177, 178 дугаар талыг эрхэм шүүгч нар сайн судалж үзнэ үү. Үүнд Б.Э байрны төлбөрт бэлнээр төлсөн 5.000.000 төгрөг, Б.Эын эхийн төрсөн дүү Оюунчимэгийн дансанд 3.000.000 төгрөг хийсэн байдаг. Б.Э эрүүгийн хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө 10.000.000 гаран төгрөгөөр гэрийн тавилга авсан. Энэ тавилгыг Б.Эын эхийн дүү Оюунчимэг тэмдэглэл үйлдэж хүлээж авсан. Гэтэл Б.Эын эхийн дүү Оюунчимэг авч явсан тавилга, төлбөр мөнгийг бүгдийг миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ямар учиртай болох нь тодорхойгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэж байгаа Б.Эын үйлдлийг огт мэдээгүй байсан. Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан хамжигч гэж үзсэн байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтэд заасан хэр хэмжээнээс хэтрүүлэн бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсны нэг илрэл гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гарсан учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийг урьд хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолын заалтууд тус тус хэрэгжээгүй. Одоогийн шийтгэх тогтоол нь өмнөх шийтгэх тогтоолтой яг адилхан үг, үсгээр бичигдсэн. Зөвхөн завших гэмт хэргийг л өршөөлд хамруулсан болохоос биш алийг нь завших, алийг нь залилах гээд байгаа вэ гэдгийг ялгаж зааглаагүй. Өмнөх шийтгэх тогтоолоо хуулаад биччихсэн юм уу гэмээр шийтгэх тогтоол гаргасан гэдгийг хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч албан тушаалаа хийж байхдаа, энэ байдлаа ашиглаж үйлдлүүд хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа. Гэтэл Б.Эын 25 сая төгрөгийн асуудлыг нь завшсан гэж үзээд бусад үйлдлийг нь ямар үндэслэлээр залилсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Ийм байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад давж заалдах гомдол гаргах хугацаагаа алдсан. Гэхдээ үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл Б.Эын бүх үйлдлийг залилах гэмт хэргээр биш завших гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн ангиллын талаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ гэж заасан. Энэ нэмэлт өөрчлөлт 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн. Иймд миний үйлчлүүлэгч хөнгөн гэмт хэрэгт холбогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан 3 хүртэл насны хүүхэд эмэгтэйд оногдуулсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэсэн заалтад хамрагдаж байгаа. Б.Эын хүүхэд нь дөнгөж 11 сартай, эмчийн хяналтад байдаг. Төрөөд 1 сар гарантай байхад нь эхийг нь хориод үүнээс болж энэ хүүхэд байнга татдаг өвчинтэй болсон. Харж байгаа эмэг эх нь хоёр чих нь сонсголгүй, тахир дутуугийн группэд байдаг. Б.Э нь эдгээр хүмүүсийг ганцаараа тэжээн тэтгэдэг байсан. Ер нь түүний үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан завших гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа ба энэ зүйлд зааснаар зүйлчилж, өршөөлд хамруулах боломжтой байсан гэж үзэж байна. Хэрэв түүний үйлдлийг завших болон залилах гэмт хэргийн шинжүүдийг агуулсан гэж үзсэн магадлал, тогтоолын заалт хүчин төгөлдөр гэж үзээд байгаа бол түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулж өгнө үү. Хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, нялх хүүхэдтэй, амьдрал ахуй нь туйлын хэцүү байгаа. Эхийгээ санасан бэтгэрсэн 2 хүүхэд байгаа. Эдгээр байдлуудыг харгалзаж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөөч гэж хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Эын гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Гэм буруу дээр маргадаггүй, харин гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх албан тушаалаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Яагаад гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т албан тушаалаа ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх гэсэн ойлголт байгаагүй. Энэ тал дээр хууль буруу хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэгт хамааралтай ажиллагаа хийгээд хууль хэрэглэж тайлбарлахад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг зарчимтай. Энэ үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэргийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Рагчаасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн төлөөлөгчийг анхны шүүх хуралдаанд оролцуулаагүй ба дараагийн шүүх хуралдаанаас оролцуулсан. Шүүгдэгч Б.Э борлуулагчийн хувиар тус компанийн нярав, нягтлан бодогч нарын хамт ажиллаж байсан. Эдгээр олон хүнийг хуурч мэхлэн, нэгийнх нь данснаас нөгөө данс руу нь шилжүүлж мөнгө авчихаад “би завшсан, залилан хийгээгүй” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Компанийн зүгээс шүүхийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хохирогч Ш.Н, Ш.Т нарыг өнөөдрийг хүртэл байранд нь амьдруулж, байрыг нь эзэмшүүлж байгаа. Энэ хүмүүсийг мөнгөө төл, байрнаасаа гар гэж нэг ч удаа шаардаагүй. Компани Ш.Н, Ш.Т нарыг хохироогоогүй, Б.Э залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж эдгээр хүмүүсийг хохироосон. Мөн манай компанийг “яагаад ийм хүнийг ажилд авсан юм бэ” гэж байсан. Компани ажилтны хувьд тавих шалгуураа тавьж ажилд авсан ба тэр хүний хувийн зан байдал болон ямар үйлдэл гаргахыг бид нар урьдчилж мэдэх боломжгүй. Энэ 4 жилийн хугацаанд компанид нэг ч төгрөг төлөөгүй. Г.Бд 3.000.000 төгрөг төлсөн гэж шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нар ярьж байна. Хавтаст хэрэгт 3.000.000 төгрөг төлсөн гэх ямар ч баримт байхгүй. Г.Бгийн мэдүүлэгт “би хохироогүй. Энэ мөнгөө та нар компаниас ав, Б.Эаас авахгүй” гэж мэдүүлснийг нь 3.000.000 төгрөг төлсөн гэж ярьж байгаа. Түүнээс нотлох баримт огт байхгүй. Г.Б нь компаниас байр авсан, Г.Бгаас компани 3.000.000 төгрөгийн авлагатай байгаа. Б.Э анхнаасаа төлбөр төлөхгүй гэж мөнгийг завшиж, бусдыг залилан мэхэлсэн. Учир нь Б.Э нь дээрх мөнгөнүүдийг дандаа эцсийн хэрэглээнд зарцуулсан байдаг. Хэрвээ эргүүлээд төлнө гэж байсан бол бизнесийн ямар нэг эргэлтэд оруулж, ашиг олж уг мөнгөөрөө хохирлоо төлөх байсан. Гэтэл анхнаасаа эргэж төлөгдөхөөргүй зүйлд мөнгийг зарцуулсан нь харагдаж байна. Мөн Э.О дээрх мөнгийг хамт зарцуулчихаад одоо энэ мөнгөнд ямар нэгэн байдлаар хамааралгүй гэж ярих эрхгүй гэж үзэж байна. Хамт амьдарч байхдаа дээрх мөнгийг цалин гэж авч үрэлцсэн учраас хохирол төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Хохирогч Ш.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ш.Нийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн үйл баримт 2013 оноос хойш хэлэлцэгдэж өмнө нь 3 шатны шүүхийн шийдвэр гарч, эдгээрт үндэслэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 657 дугаартай шийтгэх тогтоол нь хууль хэрэглээ болон хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 8 дугаарт нийт 71.404.200 төгрөгийг “ФИ” компаниас гаргуулж 49.404.200 төгрөгийг Ш.Тд, 22.000.000 төгрөгийг Ш.Нид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчтэй холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг 2014 оноос хойш мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шалгагдаж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Б.Э нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх арга буюу байрны захиалга авах нэрийдлээр залилан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн Э.О нь Б.Этай идэвхитэй үйлдлээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бүлэглэж үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э нь Э.О намайг мөнгө олж ир, амьдрал ахуйгаа сайжруулна гэж ярьснаас энэ мөнгийг авах санаа сэдэл төрсөн гэж мэдүүлснээс үүдэж анхан шатны шүүх хуралдаанаас хэрэг прокурорт буцаж Э.Октябрийн үйлдлийг дахин шалгаж анхнаасаа явсан. Э.Октябрийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Өмгөөлөгчийн ярьсан Э.Октябрийг “хамжигч” гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хууль хэрэглэхдээ “бүлэглэсэн” гэж үзсэн гэдэг дээр энэ талаар өмнө гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа тул анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.Эын өмгөөлөгч С.Оюунцэцэгийн ярьсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Б.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь 12 жилийн хорих ялтай хэрэг юм. “ФИ” ХХК-д 25 сая төгрөг олгох талаар дурдаагүй гэдэг дээр шийтгэх тогтоолд нэмэлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

                                                           ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Э, Э.О нар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ФИ” ХХК-ийн барьж буй Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр Б.Э нь ажиллаж байхдаа тус хотхонд байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Ноос гаражийн мөнгө болох 22,000,000 төгрөг,

хохирогч Ш.Тгөөс гаражийн мөнгө болох 15,000,000 төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34,404,200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.Октябрийн Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

хохирогч М.Таас байрны мөнгөний урьдчилгаа төлбөр гэж 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21,600,000 төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

хохирогч Г.Бгаас байрны мөнгөний урьдчилгаа төлбөр гэж 3,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96,004,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол бүлэглэн учруулсан,

- Б.Э нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ФИ” ХХК-ийн Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын сүүлээр иргэн П.Гоос гаражийн мөнгө болох 25,000,000 төгрөгийг бэлнээр авч “ФИ” ХХК-ийн дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ш.Тгийн мэдүүлэг /хх-102-II/, хохирогч Ш.Нийн мэдүүлэг /хх-53-55-I/, хохирогч М.Тын мэдүүлэг /хх-51-52-I/, хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хх-56-57-I/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Амарсанаагийн мэдүүлэг /хх-58, 200-202-I/, иргэний хариуцагчийн төлөөлөгч П.Рагчаасүрэнгийн мэдүүлэг /хх-27-28-IV/, гэрч Ж.Оюунсүрэнгийн мэдүүлэг /хх-63-66-I/, гэрч Л.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-105-106-II/, гэрч Э.Ганчимэгийн мэдүүлэг /хх-51-52-IV/, гэрч Г.П.Гийн мэдүүлэг /хх-211-II/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 765 дугаартай дүгнэлт /хх-199-I/, мөнгө хүлээлцсэн хэлцлийн хуулбар /хх-13-I/, хөдөлмөрийн гэрээ /хх-20-21-I/, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-42-I/, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-45-47, 49-50, 181-185-I/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-170-171-I/, Э.Октябрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-208-213-I/, орон сууц, гараж захиалагчтай хийх гэрээ /хх-68-74-IV/, харилцагчийн дансны хуулга /хх-73-79-IV/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж заасан гэмт хэргийн шинжийг Б.Эын үйлдэл хангасан тул анхан шатны шүүхээс түүнд уг зүйл хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд нь тохирсон байна. Мөн шүүгдэгч Э.От шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирчээ.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнийг шүүгдэгч Б.Э, Э.О нарыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эын борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа буюу 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сарын хооронд үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хуульд шинээр тусгасан нөхцөлийг буцаан хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд шийтгэх тогтоолын хууль буцаан хэрэглэсэн болон шүүгдэгчийн гэм буруу, оногдуулсан ял оногдуулсан заалтуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” залилах гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хасч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өөрчилсөн нь түүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүхээс хохирогч М.Тд олгох хохирол төлбөрийг хэнээс хэрхэн гаргуулах талаар тодорхой заагаагүй ба хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд хохирогч М.Тд олгох 11.140.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Эын “ФИ” ХХК-иас завшсан 25.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж компанид олгохоор заагаагүй, хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйлийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан нь шүүгдэгч Б.Эын хэрэгт хамаарахгүй тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулах боломжгүй байна.    

Иймд шүүгдэгч Б.Э болон шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсанаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Түүнчлэн прокуророос Б.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх өршөөлд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Б.Эад холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг...” гэснийг “...Б.Эад холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг...” гэж,

- 3 дахь заалтын “Б.Эыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “Б.Эыг бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйлдсэн гэм буруутайд...” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар Б.Эыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Эыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

- 8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ФИ” компаниас 71.404.200 /далан нэгэн сая дөрвөн зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, 49.404.200 /дөчин есөн сая дөрвөн зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг хохирогч Алаг хүзүүн овогт Ширнэнгийн Ш.Т /РД: ОМ80042405/-д, 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулж Алаг хүзүү овогт Ширнэнгийн Ш.Н /РД: ОМ74032519/-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Октябриас 27.702.100 /хорин долоон сая долоон зуун хоёр мянга нэг зуу/ төгрөг, Б.Эаас 43.702.100 /дөчин гурван сая долоон зуун хоёр мянга нэг зуу/ төгрөг тус тус гаргуулж “ФИ” компанид, 11.140.000 /арван нэгэн сая нэг зуун дөчин мянган төгрөг гаргуулж Холингор овогтой Мишигдоржийн М.Т /РД: ХЕ61090366/-д тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ФИ” компаниас 71.404.200 /далан нэгэн сая дөрвөн зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, 49.404.200 /дөчин есөн сая дөрвөн зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг хохирогч Алаг хүзүүн овогт Ширнэнгийн Ш.Т /РД: ОМ80042405/-д, 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулж Алаг хүзүү овогт Ширнэнгийн Ш.Н /РД: ОМ74032519/-д олгох,

Э.Октябриас 27.702.100 /хорин долоон сая долоон зуун хоёр мянга нэг зуу/ төгрөг, Б.Эаас 68.702.100 /жаран найман сая долоон зуун хоёр мянга нэг зуу/ төгрөг тус тус гаргуулж “ФИ” компанид олгох,

Э.Октябриас 5.570.000 /таван сая таван зуун далан мянга/ төгрөг, Б.Эаас 5.570.000 /таван сая таван зуун далан мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Холингор овогтой Мишигдоржийн М.Т /РД: ХЕ61090366/-д тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э болон шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ