Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0443

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү      

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэлийн шаардлага: “... Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А /000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 123/2023/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А /000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр:  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48.3, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А /000 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Анхан шатны шүүх Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай захирамжтай маргаагүй түүнийг илт хууль бус хууль зөрчсөн эсэхийг тогтоох шаардлагагүй гээд маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 28-ны А /000 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсгийг баримталсан гэсэн дүгнэлт хийжээ. Дээрх хуулийн заалтуудаар үр тарианы зориулалтаар 100 га, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн эзэмшүүлж болно, илүү газар олгох тохиолдолд дуудлага худалдаа төсөл шалгаруулалтаар олгохоор хуульчилсан. Энэ хуулийн заалтыг зөрчиж “А ” ХХК-д газар эзэмшүүлсэн үндэслэлээр цуцалсанд дүгнэлт хийгээгүй болно. Энэ хэрэгт 2010 оны 10 дугаар сарын 27-ны А/307, 2016 оны 06 дугаар сарын 21-ний А/214, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/605 гэсэн захирамжууд авагдсан.

3.2. Маргаан бүхий захирамжаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/605 дугаар захирамжийн хүчингүй болгохдоо дээрх үндэслэлийг заасан бөгөөд мөн тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-ийг удирдлага болгосон. Хүчингүй болгосон захирамжаар төмс хүнсний ногооны зориулалтаар 65 га газар эзэмшүүлсэн байдаг. Тус компани нь үйл ажиллагаа явуулж хошуу будаа 40 га-д тарьсан гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн нь зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзэхгүй юм. Мөн тус заалтад тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгохоор заасан. Тухайн компани 40 га-д үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл 25 га газрыг хүчингүй болгох эрх Засаг даргад хадгалагдана. Гэтэл шүүх 25 га газрын асуудлаар маргаагүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Газрын тухай хуулинд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд 40 га газарт хошуу будаа тариалсан нь зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд зориулалтын дагуу төмс, хүнсний ногоо тарих ёстой байсан.

3.3. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “А ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А /000 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2.  Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, мөн сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаар захирамжаар Ч-н А-д Хадат толгой-74 гэх газар 90 га газрыг үр тариа, тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3. Улмаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн А/214 дугаар захирамжаар А ХХК-д Ш га гэх газарт эрдэнэ шиш, шар буурцаг, малын тэжээл тариалах зориулалтаар 75 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн А/605 дугаар захирамжаар Ч-н А  нь Шорнойн 74 га-д байршилтай төмс, хүнсний ногооны зориулалттай 75 га газраасаа хасаж А  ХХК-д 65 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатай эрх шилжүүлэн эзэмшүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн А/214 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

2.4. Маргаан бүхий Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А /000 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж “А ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/605 дугаар захирамжаар олгосон Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шорнойн 74 га-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 65 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

2.5. Дээр захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “... А ” ХХК-ийн хувьд жил бүр газрын төлбөрийг төлж, газраа зориулалтын дагуу зохих зөвшөөрлийг авч ажиллаж байсан. 2021 онд сонсох ажиллагаа хийгээд нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэхийг даалгаад газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүй гэж зөвшилцөлд хүрсэн боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.  “А ” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаж, жил бүр тариалалт хийж байсан...” гэж маргажээ.

2.6. Анхан шатны шүүх ... Тус сумын Засаг даргын орлогч Б.Б-н өрөөнд 2021 оны 03 сарын 05-ны өдрий 15 цагт хийсэн тус сумын Засаг даргын орлогч Б.Б , Газрын даамал М.А , Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ч.Г , Хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Н , А  ХХК-аас Хуулийн зөвлөх Р.Б , захирал М.О нарын бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын тэмдэглэлд Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад цаашдаа хамтарч ажиллахаар боллоо гэж шийдвэрлэсэн байх боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа харилцан адилгүй, ялгамжтай явж байгааг илтгэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна ... 2020-2021 онуудад тариалалт хийсэн болохыг харуулсан гэрэл зургууд, түүнчлэн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлд 40 га газарт тариалалт хийсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хүчингүй болгосон захирамжаар төмс хүнсний ногооны зориулалтаар 65 га газар эзэмшүүлсэн байдаг. Тус компани нь үйл ажиллагаа явуулж хошуу будаа 40 га-д тарьсан гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн нь зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзэхгүй. Тухайн компани 40 га-д үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл 25 га газрыг хүчингүй болгох эрх Засаг даргад хадгалагдана. Гэтэл шүүх 25 га газрын асуудлаар маргаагүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Газрын тухай хуулинд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд 40 га газарт хошуу будаа тариалсан нь зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд зориулалтын дагуу төмс, хүнсний ногоо тарих ёстой байсан... гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.8. Учир нь Тариалангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, ...тэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ...Тариалангийн газарт тариалангийн зориулалтаар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа элдэншүүлэгт оруулсан нийт талбайг хамааруулна”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлыг тариалах, арчлах, ургуулах, хураан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаа хамаарна”, 16.2-д ... Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ” гээд 16.2.1-д “зусах болон өвөлжих үр тарианы ургамал”, 16.2.2“төмс, хүнсний ногоо, мөөг”, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

2.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хошуу будааны үр худалдах, худалдан авах гэрээ, тариалангийн фото зураг, шүүхээс хэргийн газар үзлэг хийсэн тариалалт хийсэн гэх газар нь 40 га газар байв гэх тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг Тарилангийн зориулалтаар эзэмшиж байгаа газартаа хоёроос дээш жил тариалалт хийгээгүй гэж шууд дүгнэх боломжгүй, 40 га газарт хэсэгчлэн тариалалт хийсэн болох нь тогтоогдож байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хошуу будаа тариалсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

2.10. Мөн Захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахаас өмнө юуны түрүүнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” ажиллагаануудыг хийсний үндсэн дээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.

2.11. Гэтэл энэхүү маргааны тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо актын үндэслэлд хамаарах “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж, тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гаргасныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. 

2.12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ