| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0210/и |
| Дугаар | 255 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 255
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1-р хороо, “Жи Мобайл” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4-р баг, Баянцагааны 15-4 тоотод оршин суух О.Ариунчимэгт холбогдох зээлээр олгосон төхөөрөмжний үлдэгдэл төлбөр болон алданги 90000 /ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05-р сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Ариунчимэг нь 2014 оны 05-р сарын 20-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240000 төгрөгний үнэтэй ИР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20000 төгрөг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. О.Ариунчимэг нь одоогийн байдлаар манай компанид ИР10 төхөөрөмжийн 60000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд О.Ариунчимэгээс төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжний үлдэгдэл төлбөр 60000 төгрөг, гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 30000 төгрөг, нийт 90000 /ерэн мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч О.Ариунчимэг нь зээлээр худалдан авсан төхөөрөмжний үлдэгдэл төлбөр болон алданги 90000 /ерэн мянган/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 2275 төгрөгний хамт нийт 92275 төгрөгийг “Жи Мобайл” ХХК-ны 5007456131 тоот данс руу шилжүүлж, хохиролгүй болгожээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1-р хороо, “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4-р баг, Баянцагааны 15-4 тоотод оршин суух О.Ариунчимэгт холбогдуулан зээлээр олгосон төхөөрөмжний үлдэгдэл төлбөр болон алданги 90000 /ерэн мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ариунчимэг нь зээлээр олгосон төхөөрөмжний үлдэгдэл төлбөр болон алданги 90000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөг, нийт 92275 /ерэн хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг бэлнээр “Жи Мобайл” ХХК-ны 5007456131 тоот данс руу шилжүүлж хохиролгүй болгосон нь хариуцагч О.Ариунчимэгийн мөнгө тушаасан баримтаар батлагдаж байх тул хариуцагч О.Ариунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ны 90000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний таль хувь 2275 төгрөгийг хариуцагч О.Ариунчимэг нь нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1-р хороо, “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4-р баг, Баянцагааны 15-4 тоотод оршин суух О.Ариунчимэгт холбогдуулан зээлээр олгосон төхөөрөмжний үлдэгдэл төлбөр болон алданги 90000 /ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ариунчимэг нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ны 90000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний таль хувь 2275 төгрөгийг хариуцагч О.Ариунчимэг нь нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА