Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 0054

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: О.Баасанхүү

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат

шүүгдэгч   А.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт  Мянган овогт Аюушийн Цогтсайханд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201624000303  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мянган овогт Аюушийн Цогтсайхан, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн  хамт Ховд аймгийн Үенч сумын  5 дугаар багийн Хөх үзүүрт гэдэг газар амьдрах хаягтай, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49 дүгээр гудамжны 760 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ПК88112716/

Холбогдсон хэргийн талаар:

          А.Цогтсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22.50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 42 дугаар байрны арын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Креста маркийн 27-90 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Батхишигийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 84-50 УНП улсын дугаартай автомашин, Ц.Ижилбаатарын эзэмшлийн Daewoo Spark маркийн 71-17 УНЯ улсын дугаартай автомашин, Н.Ариунаагийн эзэмшлийн Nissan Syipny маркийн 44-54 УНӨ улсын дугаартай автомашин, Б.Нямаа болон Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын эзэмшлийн Mitsubishi Colt маркийн 43-66 УНЦ улсын дугаартай автомашинуудыг мөргөж бусдын эд хөрөнгөнд нийт 1.192.000 төгрөгийн хохирол учруулсан осол гаргаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж,түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин осол хэргийн  газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч А.Цогтсайхан  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой 22 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 42 дугаар байрын арын зогсоол дээр  Тоёота креста 27-90ЗА улсын дугаартай машинаараа зогсоолоос гарах гэж байгаад зогсоол дээрх 4 машиныг шүргэсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сүүлийн машинд тулаад машинаасаа буугаад явсан. Маргааш нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж машинаа асуухад  журмын хашаанд байгаа гэсэн. Уг машиныг би хөдөөнөөс худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан юм гэв.

         Шүүгдэгч А.Цогтсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 3 дугаар сарын 28-ны орой 23.00 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн 27-90 СЭА дугаартай Т.Креста маркийн автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны арын замаар явж байгаад зогсоолд тавьсан байсан 4 автомашиныг мөргөөд айж сандарсандаа машинаа орхиод явсан. Замаар машины хөдөлгөөн бага байсан. Гэрэлтүүлэг байгаагүй. Архи уусан байсан. Гэхдээ зүгээр байсан. Яаруу яваагүй. Би зүүн талд очоод буцаж эргээд баруун тийшээгээ явж байхад нэг эрэгтэй хүн машины хажуу талаар орж  ирээд намайг зогсоогоод чи архи уучихсан байна ш дээ, чи машин шүргэчихлээ шүү дээ гэхээр нь би машинаасаа бууж уулзаагүй хөдлөөд явахдаа машин мөргөсөн. Тэгээд машинаа орхиод явсан. Тал хохирлыг нь барагдуулсан. Гэхдээ машины хохирлыг бүгдийг нь төлж барагдуулна. Миний эзэмшлийх юм. Батхүүгээс энэ оны 02 дугаар сарын эхээр худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан юм. Зам мөстэй, гулгаатай байсан. Цаг агаар тогтуун байсан. Би ойрын гэрэл дээрээ явсан. Жолооны хүрд нь баруун гар талдаа байдаг. Автомат араатай. Жолооны үнэмлэхтэй, В ангилалтай. Тухайн үед жолооны курсэд сураад шалгалтаа өгсөн байсан харин жолооны үнэмлэх гараагүй байсан үүргээ мэднэ гэжээ. /хх-ийн 75/

           Иргэний нэхэмжлэгч Н.Ариунаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн машиндаа үнэлгээ хийлгэсэн. Мөргөсөн машины жолоочтой уулзсан. Манай нөхөр Батхишигийн нэр дээр уг машин байдаг юм. Батхишиг хөдөө ажлаар явсан байгаа. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Сэтгүүлч учраас хөдөө ажлаар явдаг юм. Машинд учирсан хохирол болон үнэлгээ хийлгэхэд гарсан мөнгө төгрөгийг нэхэмжилнэ. Жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй байна. Яаралтай хоёр машинд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна. Хоёр автомашиныг өөрсдийнхөө мөнгөөр засаж янзалсан байгаа гэжээ.  /хх-н 15-17/     

   Иргэний нэхэмжлэгч М.Батхишиг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би үнэлгээ хийлгэсэн байгаа. Мөргөсөн машины жолоочтой уулзсан. Машинд учирсан хохирол болон үнэлгээ хийлгэхэд гарсан мөнгө төгрөгийг нэхэмжилнэ. Жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй байна. Яаралтай хоёр машинд учирсан хохирлыг барагдуулж авмаар байна гэжээ. /хх-ийн 19/

 /хх-н 18-19/   

   Иргэний нэхэмжлэгч Б.Нямаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Урд өдөр нь байрны орцны өмнө ертөнцийн зүгээр баруун зүг рүү харуулж замынхаа урд тавьсан байсан. Маргааш орой нь 22.40 цагийн орчимд машинаа мөргүүлсэн нэг машины жолооч нь над руу утсаар залгаж хэлсэн. Гэрээсээ гараад машинаа харахад манай машинаас гадна 3 машин мөргөөд мөргөсөн машин нь зогссон байсан. Мөргөсөн машины жолооч нь машинаа орхиод зугтаагаад явчихсан байсан. Тэгээд цагдаа ирж хэмжилт хийсэн. Үнэлгээ хийлгэсэн. Би машинаа засаж янзлаагүй байгаа. Надад 400.000 төгрөг өгсөн байгаа. Хохирол бүрэн төлөгдөөгүй байна. Үнэлгээгээр гарсан хохирол болон үнэлгээ хийхэд гарсан хохиролыг нэхэмжилнэ гэжээ. /хх-н 20-21/   

          Иргэний нэхэмжлэгч Ц.Ижилбаатар  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 3 дугаар сарын 27-ны орой ажлаа тарж ирээд өөрийнхөө эзэмшлийн автомашиныг байрныхаа арын замд ертөнцийн зүгээр баруун зүг рүү харуулж тавиад гэртээ орж амарсан. Машинд хүн байгаагүй. Би маргааш нь машинаа хөдөлгөөгүй яг тавьсан байрандаа өнжсөн. Маргааш орой нь миний утас руу машиныг чинь мөргөсөн байна гэж мессэж бичсэн байсан. Би тухайн үед гадуур явж байсан. Тэгээд маргааш нь гэртээ ирээд машиныг харахад эвдрэл гэмтэл учирсан байсан. Машиндаа үнэлгээ хийлгэсэн. Мөргөсөн машины жолоочоос эвдрэл гэмтэл, үнэлгээний зардлыг нэхэмжилнэ. Хохирол төлөгдчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй. Би машинаа засаж янзлаагүй байгаа гэжээ.  /хх-н 23-24/   

          Гэрч Н.Идэрбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 28-ны орой 21.00 цагийн орчимд эгчийнхээ эзэмшлийн Н.Блюберд маркийн 44-54 УНӨ дугаартай автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны гадаа ирээд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү машинаа харуулж тавиад эгчийнхээ гэрт орсон. Харин хүргэн ахын 84-50 УНП дугаартай Т.Марк-2 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун зүг рүү харуулаад тавьсан байсан. 22.00-23.00 цагийн орчимд эгчийн утас дуугараад таны машиныг нэг автомашин мөргөчихөөд зугтаачихлаа гэж хэлэхээр нь эгч Ариунаа бид хоёр гэрээсээ гарахад эгч рүү залгаж хэлсэн бололтой танихгүй нэг хүн автомашиныг заагаад тэр машин одоо буцаж эргэж байх шиг байна гэж хэлсэн. Тэгтэл цагаан өнгийн Т.Креста маркийн 27-90 СЭА дугаартай автомашин өөдөөс  хүрээд ирэхээр нь би гараа өргөөд урд нь хөндөлсөж зогстол нөгөө автомашин зогсоод цонхоо буулгахаар нь та машин мөргөчихлөө ш дээ гэхэд 30 орчим  насны эрэгтэй согтуу залуу би юу гэж хэлээд шууд хаазаа гишгээд урагшаагаа явахдаа 71-17 УНЯ дугаартай автомашины зүүн арын буфер орчимд мөргөж цааш явахдаа саадны хашлага мөргөөд цаана хашлага давуулаад тавьсан байсан 43-66 УНЦ дугаартай автомашиныг мөргөж зогссон. Тэгээд жолооч залуу машинаас буугаад машинаа орхиод зугтаагаад явчихсан. Тухайн үед машины хөдөлгөөн сийрэг байсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. Тэрээр ганцаараа явсан. Тухайн орой үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Зугтдаг залуу 30 орчим насны туранхай, халимаг үстэй, бордуу царайтай байсан. Түүнээс архи үнэртэж байсан. Хэр согтуу байсныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ ухаантай байсан. Машинаас буухдаа бичиг баримтаа аваад буусан. Машинаас буугаад зугтааж явахдаа бид хоёртой уулзаагүй. Мөргүүлсэн машинд хүмүүс байгаагүй. Нийт 4 автомашин мөргөсөн гэжээ.  /хх-н 25-27/

          Гэрч Б.Батхүү  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Энэ машиныг би энэ оны 2 дугаар сард зарсан. Худалдаж авсан хүнийг танихгүй. Надаас худалдаж авсан залуу бичиг баримт байхгүй байна гээд бид хоёр нэрээ шилжүүлээгүй байгаа юм. Одоо энэ машин нь надаас худалдаж авсан хүний эзэмшлийх байгаа. Удахгүй нэрээ шилжүүлнэ. Миний эзэмшлийн автомашин  биш болохоор надад хамаагүй болсон. Тухайн жолооч нь өөрөө машинаа мэдэх байх гэжээ.  /хх-н  28-30/

         Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний баримтууд /хх-н 31-57/

        Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 5-7/

        Зөрчлийн талаар асуусан тэмдэглэлүүд / хх-н 8-13/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 58/

        2016.5.27-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.27-90 СЭА дугаартай Тоёота-Креста маркийн автомашины жолооч А.Цогтсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

а/”Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:

б/”Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага /ажилтан/-нд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд  мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.44-54 УНӨ дугаартай N.Syipny маркийн автомашин эзэмшигч Н.Ариунаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.84-50 УНП дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашины эзэмшигч Б.Батхишиг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.43-66 УНЦ дугаартай Mitsubishi Colt маркийн автомашины эзэмшигч Б.Нямаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

5.71-17 УНЯ дугаартай Daewoo Spark маркийн автомашины эзэмшигч Ц.Ижилбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. 59-60/ /хх-н 59-60/

        Оролцогч нарт үинжээчийн дүгнэлт танилцулсан тэмдэглэл/ хх-н 61-65/

          Аюушийн Цогтсайханыг Х.Батлхагва, Б.Баясгалан нарын батлан даалтад өгөх таслан сэригийлэх арга хэмжээ авах тогтоол / хх-н 66-71/   

         А.Цогтсайханг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 72-75/

        А.Цогтсайханы  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77,80/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: ял шийтгэгдэж байгаагүй гэжээ../хх-н 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 81/, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримтууд /хх-н 84-87/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт: Б.Нямаад 302.000 төгрөг хүлээлгэн өгсөн байна./хх-н 88/ зэрэг болно.

        Шүүгдэгч А.Цогтсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22.50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 42 дугаар байрны арын замд Тоёота Креста маркийн 27-90 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Батхишигийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 84-50 УНП улсын дугаартай автомашин, Ц.Ижилбаатарын эзэмшлийн Daewoo Spark маркийн 71-17 УНЯ улсын дугаартай автомашин, Н.Ариунаагийн эзэмшлийн Nissan Syipny маркийн 44-54 УНӨ улсын дугаартай автомашин, Б.Нямаа болон Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын эзэмшлийн Mitsubishi Colt маркийн 43-66 УНЦ улсын дугаартай автомашинуудыг мөргөж бусдын эд хөрөнгөнд нийт 1.192.000 төгрөгийн хохирол учруулсан осол гаргаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж,түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин осол хэргийн  газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        А.Цогтсайхан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зогсоол дээрээс хөдлөх хөдөлгөөн хийх үедээ зогсоол дээр байсан 4 машиныг мөргөж осол гаргаад өөрөө архи уусан байсан учраас тээврийн хэрэгсэлээ орхиод осол гарсан газрыг зориуд орхиж зугатаасан болох нь хангалттай тогтоогдсон, А.Цогтсайханд   холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг зам тээврийн осол гарсан газрыг  санаатай орхиж  зугатаасан гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж  үзэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас өмнө иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба иргэний нэхэмжлэгч нар цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй,  А.Цогтсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурьдав.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 551.9 дэх  хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.  

       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Мянган овогт Аюушийн Цогтсайханыг зам тээврийн осол гарсан газрыг  санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар А.Цогтсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар А.Цогтсайханд  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй,  А.Цогтсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар А.Цогтсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

          6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цогтсайханд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      

 

              

 

 

 

-