Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2017/00184

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, утас **********, РД:БЖ********** Х овогт Ж А ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б , **********/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 623 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу үйлчлэгчийн ажилд орохоор болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь надтай хөдөлмөрийн гэрээгээ энэ оны сүүл хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулна, бидний 2017 оны төсөв тодорхойгүй байгаа тул үүнээс цаашдын хугацаанд гэрээ байгуулах эсэх асуудлыг тухайн үед шийднэ. Одоо ямар ч гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж чамайг ажилд авах хэрэгтэй байгаа тул энэ гэрээнд гарын үсгээ зур хэмээн зуруулж авсан. Өмнө нь шүүхээс намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх газарт байгаа гүйцэтгэх ажлыг хаалгахын тулд намайг ажилд авсан дүр үзүүлж гүйцэтгэх ажиллагааг хаалгасан боловч удалгүй намайг дахин ажлаас үндэслэлгүй халчихлаа. Уг нь шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоохдоо хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой хэмээн үзэж гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр гаргахдаа гэрээт үйлчлэгчийн орон тоог байнгын ажлын байр гэж дүгнэсэн. Гэвч эрхлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай нийлж байгаад надтай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна, уг гэрээний хугацаа дуусмагц шинэ оноос эхэлж дахиад гэрээ байгуулна хэмээн намайг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэл ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч улмаар 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болсны дараа эрхлэгч бид нарыг дуудсан. Тэгэхэд та нарыг ажилд аваад 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийнэ. Энэ гэрээний хугацаа дууссаны дараа ажлаас гарна гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө өмгөөлөгчтэйгөө ярилцахад нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ гэж байдаггүй. Ямар ч байсан ажлаа хийгээд байж байгаарай гэсэн. Тэгээд эрхлэгч маань 3 хоногийн дараа би өөрийнхөө өмгөөлөгчтэйгөө ярилцлаа, та нарт цалин гарахгүй юм байна, өнөөдрөөс эхлээд ажлаас чөлөөллөө гээд ажлаас чөлөөлсөн. Тэгээд бид нар 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зураагүй. Бид нар энэхүү 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг зөвшөөрөөгүй учраас шүүхэд хүсэлт гаргасан. Тэгээд 10 хэдэн хоногийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч Б.А нь ажлаас гарсан 4 хүний 2 хүнийг дуудсан. Тэгэхэд жилийн эцэс болж байгаа учраас та нартай нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж байгаа юм байна. Он гараад 10 сараар сунгаж хөдөлмөрийн гэрээ хийнэ. Тийм учраас та нарын гарын үсэг зураарай гэсэн учраас бид нар нэг сарын хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд нэг сар ажилласан. Нэг сар өнгөрсний дараа дахиад ажлаас чөлөөлсөн. Тэгээд шийдвэр гүйцэтгэгч Б.А тай уулзаад та урьд нь 10 сараар сунгаж ажиллуулна гэж хэлсэн, одоо бид нарыг ажлаас гаргах гэж байна гэхэд ажлаас халагдвал шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн. Эхлээд бид нарыг ажлаас гаргахдаа төсөв хүрэлцэхгүй, та нарын орон тоо байхгүй гээд ажлаас гаргасан. Тэгсэн мөртлөө гаднаас туслах, тогооч, үйлчлэгчийн орон тоонд хүн авч ажиллуулсан. Мөн он гараад анги нэмэгдэж багш, туслах багш нэмж авсан. Бид нарыг та нар их л юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандах байх. Тэндээс хүн ирвэл та нарыг ажилд авсан гэх хэлбэр төдий тушаалаа үзүүлнэ гэж хэлж байсан. Тийм учраас өмнөх шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, өмнөх ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус шүүхийн 2016 оны 623 дугаар шийдвэрийг үндэслэн Ж.А ийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Засгийн газрын 2003 оны 233-р тогтоолын дагуу үйлчлэгчээр гэрээгээр авч ажиллуулан, гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор тохирч харилцан гарын үсэг зуралцан, зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлсэн юм. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон тул түүнтэй байгуулсан гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цуцалж ажлаас чөлөөлсөн. 2017 оны төсөв орон тоонд гэрээт үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй, үйлчилгээ цэвэрлэгээний ажлыг бусад үйлчилгээний ажилчид дор бүрнээ өөрсдөө хариуцдаг болсон тул Ж.А ийг үйлчлэгчээр ажиллуулах боломж байхгүй. Би Ж.А ийг хуурч гарын үсэг зуруулсан асуудал байхгүй, бүх юм хуулийн хүрээнд явагдсан гэжээ.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийг ойлгосон. Урьд нь 2016 оны 10 дугаар сарын үед Ж.А нарын хэд хэдэн хүнийг гомдлыг хэлэлцээд ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг үндэслээд Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 62 тушаалаар гэрээт үйлчлэгчийн ажилд томилсон байдаг. Мөн тэр өдөр хөдөлмөрийн гэрээ хийж Ж.А ээр гарын үсэг зуруулсан. Тэр нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 45 хоногийн хугацаатай гэрээ байгуулж ажилд авсан. Энэ дээр Монгол улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу авч ажиллуулсан. Тэгээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Үүний гол шалтгаан нь анх 16 дугаар цэцэрлэг нь 2016 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Тэр үед аймгийн Засаг даргаас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай захирамж гаргаж Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог нь баталж өгсөн. Энэ дээр гэрээгээр ажиллах хүмүүсийн жагсаалт дотор үйлчлэгч-2 гэж баталсан. Гэтэл сонгуулийн дараа засаг солигдоод 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаар захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамж гаргаад Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог дахин баталж өгсөн. Энэ дээр үйлчлэгч гэдэг орон тоо байхгүй. Үйлчлэгч гэдэг бол цэвэрлэгээ хариуцдаг ажил учраас зарим талбайн цэвэрлэгээ, цагаан хэрэглэлийн угаагчид хариуцуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энэ захирамжийг үндэслээд Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 58 дугаар тушаал гаргаж орон тоо, цалин, албан тушаалын жагсаалт батлах тушаал гаргасан. Энүүгээр цагаан хэрэглээний угаагч гэдэг орон тоог М гэдэг хүн гүйцэтгэхээр тодорхой дурдсан. Тэгээд шүүхийн шийдвэрийг үндэслээд хөдөлмөрийн гэрээг 45 хоногийн хугацаагаар байгуулж ажилд аваад хугацаа нь дуусаад цаашид үйлчлэгчийн орон тоонд хүн авч ажиллуулах боломжгүй гэж үзсэн учраас ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 62 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 623 дугаартай шийдвэрийг үндэслэн Ж.А ийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж, Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар тогтоосон байна.Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай байгуулсан байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 623 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байхад Ж.А ийг ажилд томилсон тушаалыг хэлбэр төдий гаргасан нь шүүхийн шийдвэр бодит байдал дээр биелэгдээгүй болохыг нотолж байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байхад Ж.А тэй хугацаатай Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар Ж.А тэй ажил олгогчийн хооронд байгуулсан Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байгаа тул цаашид сунгах боломжгүй, ажлаас чөлөөлөгдөх болсныг мэдэгдсэн ба Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг цуцлах тухай тушаалаар Ж.А ийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхөд доорх байдлаар хуулийг зөрчсөн байна.

Үүнд: -Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор байгаа боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаагүй ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байхад ажил олгогч Ж.А ийг Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь ямар үндэслэл, шаардлагын үүднээс хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна.

-Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаартай захирамжаар Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан 16, 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2016 оны А/206, А/208 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжаар Өлгий сумын Хүүхдийн ...16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралтаар баталсан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжийн хавсралтад тус цэцэрлэгийн нийт 14 орон тоонд угаагч үйлчлэгчийн орон тоо нэг, мөн хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай Орон тоо, ажлын байр, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалын хавсралтад угаагч үйлчлэгчийн орон тоо нэг гэж тус тус батлагдсан болох нь нотлогдож байна.

Үүнээс үзэхэд үйлчлэгч гэснийг угаагч үйлчлэгч гэж нэрийг өөрчлөн баталсан болохоос нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр үгүй болоогүй, байгууллага татан буугдаагүй байхад Ж.А ийг ажлаас нь шууд чөлөөлж хууль зөрчсөн.

- Хавтаст хэрэгт авагдсан №**********бүртгэлийн дугаартай, БЮ********* регистрийн дугаартай Төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Ж.А нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хүү Ж.Жайдарыг төрүүлсэн болох нь нотлогдож байгаа тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг зөрчиж Ж.А ийг ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.А ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЖ********** Х овогт Ж А ийг Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК