Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 707

 

 

                                                                                                                                      

 

 

 

 

 

 

       

           П.Бод холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Ням-Очир,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Б.Дамба,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бод холбогдох эрүүгийн 201524000601 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

         

            Зээрдүүд овгийн Пүрэвжавын П.Б, 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:/;

         

             П.Б нь 2015 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах рестораны өмнөх талбай дээр, архи ууж согтуурсан үедээ, Г.Ж, Д.Х, Ч.М, Ц.Н, О.У, Ц.О нарын хамт зогсож байхдаа иргэн Г.Жтай маргалдаж, авто замын зорчих хэсэг рүү цохиж унагааж, улмаар С.Хийн жолоодож явсан “Хьюндэй Соната-5” загварын 54-08 УНЭ улсын дугаартай автомашинд дайруулж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн Прокурорын газраас П.Быг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, П.Быг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, П.Бод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, П.Б энэ хэрэгт 194 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар П.Боос оршуулгын болон бусад зардалд 13.764.070 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяад /РД: ХИ84040560/, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар П.Боос 2006 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.Анударь, 2014 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн охин Ж.Анирлин нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 82.012 төгрөг гаргуулж, тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон эх Н.Батзаяад олгож, хохирогчоос өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3.800.000 төгрөгийг, оршуулгатай холбогдох зардлаас 858.604 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Батзаяа бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 8 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, “НЕ 3U5TOK” сералл дугаартай “Hize” процессорын 1 ширхэг хард дискийг шүүгдэгч П.Бод буцаан олгож, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, П.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяагийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Н.Батзаяагийн шүүгдэгч П.Боос гаргуулахаар нэхэмжилсэн хохирлоос өмгөөллийн хөлсөнд төлсөн 3,800,000 төгрөг, талийгаачийг оршуулгатай холбоотойгоор ажил явдлын үеэр үйлчилсэн машинуудад хийсэн бензиний үнэ, нийт 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд хохирогчийн төлөөлөгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс П.Быг талийгаач Г.Жы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон боловч энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд 3 өмгөөлөгч оролцуулан тэдгээрт хохирогчийн төлөөлөгчийн төлсөн 3,800,000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын иргэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т тусгагдсан. Мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь өөрийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд хэрэгжих үндэслэлтэй бөгөөд аливаа хэрэг зөрчлөөс үүссэн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь иргэний эрх зүйн хамгаалалтын агуулгад нийцнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг ба учруулсан хохирлыг арилгуулах нь иргэний эрхийг хамгаалах аргад хамаарна.

Өмгөөллийн хөлс бол эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч байгаа эд хөрөнгийн зардал бөгөөд энэ хэргийн хувьд П.Б энэхүү хэргийг үйлдээгүй бол Н.Батзаяа өмгөөлөгчийн хөлс төлөх шаардлагагүй байсан тул эрхээ хэрэгжүүлсний төлөө эрх зүйн хохиролтой үр дагаврыг гэм буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй болно.

Н.Батзаяа нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон иргэний нэхэмжлэл гаргаж өмгөөллийн хөлсийг нэхэмжилсэн тул дээрх хуулийн зохицуулалтаар Н.Батзаяагийн өмгөөлөгч нарт төлсөн хөлс 3,800,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Боос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. 5 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд гэрч Оюунцэцэгийн өгсөн мэдүүлгээр Батзаяагаар бензин хийлгэн Оюунцэцэг, Ганбаатар нар өөрийн автомашинаар талийгаачийн ажил явдлын үеэр үйлчилсэн гэдэг нь нотлогддог тул бензин авахад төлсөн төлбөр нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарах зардалд хамаарах юм. Иймд бензиний үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хөлс, буяны ажилд явсан автомашины шатахууны үнийг хассан байсан. Би өөрийн эрх ашгийг хамгаалуулах гэж байгаа ч гэсэн шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж өмгөөлөгч авсан болохоор үүнийг хасалгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Явсан автомашин бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Мөн хамт явсан 2 жолоочийг байцаасан. Хохирол төлбөрийг бүгдийг нь гаргуулж өгнө үү. Энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй 3 жил болохдоо эхлээд П.Быг санаатайгаар бусдын амь насыг хохироосон гэж шийдвэрлэсэн атлаа сүүлийн нэг жилийн хугацаанд хэргийг буцаагаад манай нөхрийг цохисон гэдгийг хэрэгсэхгүй болгоод болгоомжгүй гэж шийдвэрлэсэн. Миний ханийг нас барснаас хойш настай эцэг, эхийнх нь бие эрс муудаад өчигдөр хадам аав минь нас барсан. Шүүх хуралдаанд 3 өмгөөлөгчтэйгөө оролцъё гэсэн боловч аав маань нас барсан учраас нэг өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд орж байна. П.Батболдын миний нөхрийг санаатайгаар цохиж, амь насыг нь хохироосон буруутай гэж үзэж байсан атлаа сүүлийн 1 жил П.Быг санаандгүй байдлаар амь насыг нь хохироосон гэж дүгнэсэн. Би бага насны 2 хүүхэдтэй. Би хадам эцэг, эхээсээ холдож чадахгүй хамт байдаг. Амьдрахад хэцүү байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяагийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг “Г.Ж нь автомашины зорчих хэсэгт унаж, автомашинд дайруулж нас барсан нь шүүгдэгчийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой. Энэ хэргийн баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар ингэж дүгнэлт өгсөн атлаа  шүүгдэгчийн үйлдсэн хэргийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдол гаргасан. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн субъектив болон объектив шинж нь урьдчилан сануулсан, эсхүл болгоомжлуулсан, ямар нэгэн журмыг зөрчсөн үйлдэл нь хайхрамжгүй хэлбэрээр, эсхүл хөнгөмсгөөр найдсан хэлбэрээр гардаг. Тэгэхээр хэргийн баримтаас үзэхэд шүүгдэгчийн үйлдлээс ийм шинж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэсэн ямар нэгэн үйлдэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ямар гэмт хэргийг санаатай гэмт хэрэгт тооцох талаар тодорхой заасан. Тухайн зүйл, хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэсэн шинжүүдэд зааж өгөөд, үүнийг санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхой заасан. Гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэсэн шинж байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б нь хохирогчийг цохисон нь тогтоогдсон. Шийтгэх тогтоолд П.Бын цохилтын улмаас амь хохирогч нь автомашины зорчих хэсэгт унасан гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ цохиж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл. Санаатайгаар цохиж байгаа үйлдэл нь эрүүл мэндэд хориглосон гэмт халдлага. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл тогтоогдоогүй гэсэн. Энэ талаар маргаж байгаа. Хүнийг цохиж байгаа нь хүний эрүүл мэндэд халдаж байгаа үйлдэл. Хүнийг цохисноор нас барах бүрэн боломжтой. Тэгэхээр шүүгдэгч нь энэ үйлдлийг хүсэж үйлдсэн. Үүнээс үзэхэд үйлдэл нь санаатай. Хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэсэн заалт байгаа. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэл нь хохирол, хор уршиг хүсч үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуульд хохирол, хор уршгийг хүссэн эсэх асуудлыг шууд заасан. Хүсээгүй боловч зориуд хүргэсэн бол шууд бус санаатай. Тэгэхээр анхан шатны шүүх хуучин хуулийг тайлбарласан. Шинэ хуульд хохирол, хор уршгийг хүссэн нэг ч заалт байхгүй. Өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг үйлдэхдээ үйлдлийнх үр дагаварт хайхрамжгүй хандсан. Ийм байдлаар хохирлыг бий болгосон гэсэн тайлбар байдаг. Үүнээс үзэхэд шүүгдэгч хохирогчийг цохисон нь нотлогдсон. Харин цохисноос болж хохирогч нас барах уу гэдэгт шүүгдэгч хайхрамжгүй хандсан. Тийм учраас шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг санаатай үйлдсэн. Өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 3 өмгөөлөгч 3.800.000 төгрөгийг авсан. Өмгөөлөгч авах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал байдаг боловч хэрвээ шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй байсан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ийм асуудал үүсэхгүй байсан. Шүүгдэгчийн буруутай үйлдлээс өмгөөлөгч авах үндэслэл болсон. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бодитой хохирол болсон. Өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлбөргүй баримт нотолгоо байхгүй байхад намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би давж заалдах гомдлоо ярина. Шүүх П.Быг гэм буруутайд тооцохдоо бусдыг болгоомжгүйгээр алсан гэж үзэж ял шийтгэл оногдуулж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсан. Шүүх П.Б нь амь хохирогчтой маргалдсаны улмаас цохиж, хохирогч унаж автомашинд дайруулсан гэх дүгнэлтийг хийсэн. Энэ дүгнэлтээ гэрч Одбаяр, Оюунтүлхүүр, Хаш-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Өмгөөлөгчдийн хувьд П.Быг болгоомжгүй болон санаатай байдлаар бусдын амь насанд хохирол учруулаагүй, тодорхой үйлдэл хийгээгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд прокурор, мөрдөгчийн зүгээс удаа дараа П.Быг буруутгахдаа амь хохирогчтой маргалдсан байна гэсэн асуудлыг тавьдаг. Энэ асуудлаараа яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хэрэг болох үед П.Бтой хамт байсан хэд хэдэн гэрчүүд болох Одмаа, Урантуяа, Мөнх-Эрдэнэ зэрэг нийт 6 хүн хамт байснаас 5 нь ямар нэгэн маргаан болсон асуудал байхгүй гэж тодорхой мэдүүлсэн. Эдгээр мэдүүлэг нь анх хэрэг үүссэн цаг мөчөөс өнөөдрийг хүртэл тогтвортойгоор “П.Б амь хохирогчийг цохиогүй, унагаагүй” гэдэг асуудлыг мэдүүлдэг. Харин шүүх Одбаяр гэх хүний мэдүүлэгт үндэслэж дүгнэлт хийсэн. Одбаярын тухайд хэрэг болсон газрын хажуу талд пиццаны газар ажилладаг хүн байсан. Хэрэг болсон даруйд Одбаяраас анх гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө “Энэ хүмүүс маргалдаж байх шиг байсан. Чанга чанга ярьж байсан” гэж хэлдэг. Гэхдээ хэн нь түлхээд, хэн нь амь хохирогчийг цохиж унагаасныг мэдэхгүй. Би яг тэр үед дотогшоо орсон байсан, гараад ирэхэд автомашинд дайруулсан байдалтай байсан” гэж хэлдэг. Одбаярын тухайд энэ мэдүүлгийг өгөхдөө мөрдөн байцаагчийн зүгээс камерын бичлэг үзүүлээд “чи аль нь вэ. Хэзээ гарч ирсэн бэ” гэдэг асуултыг тавьсан. Гэтэл Одбаяр өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг заагаад “Хэрэг болсны дараа гарч ирээд цагаан өнгийн автомашинд сууж байгаа хүн нь би” гэж тайлбарлаад мэдүүлэг өгсөн. “Яг тухайн цаг мөчид хэн нэгнийгээ цохиод унагасан гэдгийг хараагүй” гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад Одбаярын тухайд П.Б гэдэг өндөр биетэй залуу нь цохисон гэж тайлбарлаж ярьсан. Шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө, энэ талаар тайлбар өгсөн. Гэхдээ өөр өөр байдлаар тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл “пиццаны газар шилэн хаалгатай байсан. Би шилэн хаалганы дотроос харсан” гэж мэдүүлдэг, эсхүл “Би гадаа гарч ирээд довжоон дээр зогссон. Довжооны дээр байсан” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би цохиж байгааг харсан” гэдэг байдлаар мэдүүлсэн. Гэхдээ яаж цохисон гэдгийг хараагүй, цохисон гэж мэдүүлдэг. Мөн “миний хамгийн анх өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн анх өгсөн гэх мэдүүлэг буюу “Би цохиж байгааг хараагүй, намайг гараад ирэхэд ийм асуудал болсон” гэсэн мэдүүлэг. Гэвч шүүх энэ гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийж, гэрчийн мэдүүлэг нотлогдсон гэсэн. Мөн Оюунтүлхүүр гэх гэрчийн мэдүүлгийг ярьсан. Оюунтүлхүүрийн тухайд таксины жолооч Хаш-Эрдэнийн хажуу талд сууж байсан гэрч. Тэр хүний тухайд тодорхой мэдүүлэг өгдөггүй. “Хүчтэй, нисэлттэй, уналттай урдуур орж ирсэн. Хэн цохисныг мэдэхгүй. Өндөр цагаан цамцтай залуу байх” гэж мэдүүлдэг. Дараа нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд энэ мэдүүлэг нь өөрчлөгдөөд “Би хараагүй” гэж мэдүүлдэг. Таксины жолооч Хаш-Эрдэнийн мэдүүлэгт шүүх дүгнэлт хийсэн. Гэхдээ сэжигтний мэдүүлгийг авсан. Хаш-Эрдэнийн тухайд хараагүй. Хэрвээ хэн нэгэн цохиод зам руу унаж байсан бол зогсоох арга хэмжээ авах байсан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байдлаар гарсан. 2 камерт үзлэг хийгээд, дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтүүд дээр хэн нэгэн нь цохиж байгаа, түлхэх хөдөлгөөн, 1-2 удаа цохисон, эсхүл хэн цохисон бэ гэдгийг ялгаж тодорхойлоогүй. Хамгийн сүүлийн байдлаар шинжээчийн дүгнэлт гарахад тогтоох боломжгүй байна гэсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл цохисон, өшиглөсөн хүний хүчин зүйлийн үйлчлэлээс үүссэн гэмтэл байхгүй. Учирсан бүх гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед авсан гэмтлүүд байна гэж тогтоосон. Эдгээр нөхцөл байдал хэргийн материалд авагдсан байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр П.Бод таамаг маягийн зүйл дэвшүүлээд маргалдсаны улмаас цохисон гэж үзсэн. Хэрвээ маргалдсан бол юунаас болж маргалдсаныг тогтоох ёстой байсан. Цохисон бол ямар байдлаар яаж хэдэн удаа цохисон, тэр нь ямар байдлаар нөлөөлсөн бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитоор тогтоохдоо эргэлзээгүй байдлаар тогтооно гэж заасан. Тэгэхээр П.Быг гэм буруутай, бусдыг болгоомжгүй байдлаар алсан гэдэг нөхцөл байдлыг эргэлзээгүй ямар байдлаар тогтоосон бэ. Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй баримт. Яг ийм буруугаас болоод унасан, нас барсан гэж эргэлзээгүй тогтоосон нэг ч баримт байхгүй. Харин ч эсрэгээрээ Одмаа, Урантуяа гээд хоёр архи уугаагүй байсан гэрч нарын тухайд амь хохирогч өөрөө хойшоо саваад унасан гэж мэдүүлдэг. Тэдгээрийн мэдүүлэг нь огт өөрчлөгдөөгүй. Эдгээр гэрчүүдийг сүүлдээ худал мэдүүлэг өгч байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр шалгасан. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэх ёстой байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Тухайн этгээдийн гэм буруу нь эргэлзээтэй, нотлогдохгүй байгаа бол шүүгдэгч, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан П.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг 3 жил шалгагдаж байна. Хэрэг анхан шатны шүүхээр санаатай хүн амины хэргээр шийдвэрлэгдсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа санаатай алсан, болгоомжгүй алсан, хүнийг алахаар завдсан үйлдлүүд нь тогтоогдоогүй байна. Санаатай алах субъектив санаа зорилго нь тогтоогдоогүй байна гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүний дагуу санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу, алах санаа зорилгыг нь тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн. Энэ хэрэгт тодорхой гэрч нар байгаа. Зарим гэрч нар нь тогтвортой мэдүүлэг өгдөг. Зарим гэрч нар нь тогтворгүй мэдүүлэг өгдөг. П.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор амь хохирогч нас барсан гэдэг нь хөдөлбөргүйгээр тогтоогддог. Яагаад гэхээр тухайн газар П.Боос өөр хүн амь хохирогчтой маргалдсан, эсхүл барьцалдсан, барилдсан, ноцолдсон гэсэн янз бүрийн мэдүүлэг өгдөг боловч П.Б амь хохирогч хоёрын хооронд асуудал үүссэн нь тогтоогддог. Таксины жолоочийн мэдүүлгээр ямар ч зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээр урд нь нисэлттэй орж ирсэн гэдэг. Үүнийг нь Тээврийн прокурор дээр байхад нь замын цагдаагийн газраас гаргасан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан буюу 2 автомашины дундуур гарч ирсэн нь тогтоогдож байгаа. П.Б ирж байсан автомашиныг харах боломж байсан уу. Хэрвээ харах боломжтой байсан бол автомашиныг харж байгаад ирэх үед нь амь хохирогчийг түлхэж чадсан уу. Үүн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2 автомашины голд зогсож байсан хүмүүс харж чадсан эсэхийг мэдэхгүй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хүнийг санаатай алах гэмт хэргийн субъектив санаа зорилго мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож чадаагүй. Гэхдээ П.Бын үйлдлээс амь хохирогч нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэдэг нь тогтоогдоогүй. П.Бын цохисон буюу түлхсэн үйлдлийн улмаас амь хохирогч газарт унаад ямар нэгэн гэмтэл авсан эсэх нь тогтоогдоогүй. Амь хохирогчид гэмтэл учруулахыг П.Б хүсэж үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Яг унах үед нь автомашин ирж дайрсан асуудал байгаа. Тэгэхээр автомашин ирж дайрахыг урьдчилан тооцоолох боломж байсан эсэхийг тухайн үед тогтоож чадаагүй учраас шүүгдэгчид ашигтай байдлаар, хор уршгийг хүсэж үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа учраас зүйлчлэлийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг гэдэг байдлаар зүйлчлээд, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

П.Б нь 2015 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “” рестораны өмнөх талбай дээр, архи ууж согтуурсан үедээ, Г.Ж, Д.Х, Ч.М, Ц.Н, О.У, Ц.О нарын хамт зогсож байхдаа иргэн Г.Жтай маргалдаж, авто замын зорчих хэсэг рүү цохиж унагааж, улмаар С.Хийн жолоодож явсан “Хьюндэй Соната-5” загварын 54-08 УНЭ улсын дугаартай автомашинд дайруулж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн мэдүүлэг /1хх-23/, гэрч Ц.Оийн мэдүүлэг /1хх-31-32/, гэрч О.Уийн мэдүүлэг /1хх-33-34/, гэрч Д.Хийн мэдүүлэг /1хх-39-40/, гэрч Ц.Нийн мэдүүлэг /1хх-44-45, 2хх-95/, гэрч Ч.Мийн мэдүүлэг /1хх-49-51/, гэрч Т.Сийн мэдүүлэг /2хх-20/, гэрч Б.Оын мэдүүлэг /1хх-36, 2хх-67/, гэрч С.Оийн мэдүүлэг /1хх-37, 2хх-69/, гэрч С.Хн мэдүүлэг /1хх-122-123, 124-125, 3хх-27-28/, гэрч Б.Уын мэдүүлэг /2хх-29-30/, гэрч Ц.Аийн мэдүүлэг /3хх-32-33/, гэрч Ш.Сийн мэдүүлэг /3хх-89-90/, П.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-55, 60/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /4хх-65-66/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /4хх-67-68/, шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэг /4хх-65-66/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 1017 дугаартай дүгнэлт /4хх-69-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2838 дугаартай дүгнэлт /1хх-77-81/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 3245 дугаартай дүгнэлт /1хх-83-86/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 4213 дугаартай дүгнэлт /2хх-31-36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 1320 дугаартай дүгнэлт /4хх-59-61/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1020 дугаартай дүгнэлт /2хх-120/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Бын гаргасан “...Бусдын амь насыг хохироох бодол санаа, зүрх зориг надад үгүй. ...Хэргийн үнэн зөвийг шүүн тунгааж, гэм буруугүй болохыг минь тогтоож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан нарын гаргасан “...хууль зүйн огт үндэслэлгүй 377 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгож, бидний үйлчлүүлэгч П.Быг цагаатгаж өгнө үү...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бйн гаргасан “...Миний хань бусдын буруутай үйлдлээс болж амь насаа алдаагүй бол өмгөөлөгчийн хөлс төлж, би хохирогч гэж дуудагдаж явахгүй байсан учир бодит гарсан зардалд өмгөөлөгчид төлсөн төлбөр болох 3,800,000 төгрөгийг оруулан шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч П.Б нь болгоомжгүйгээр миний ханийн амь насыг хохироогоогүй болох нь хэргийн баримтаар нотлогдсон байхад болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж хэргийг зүйлчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэсэн,

Н.Батзаяагийн өмгөөлөгч Б.Дамбын гаргасан “...П.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, 377 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

Н.Батзаяагийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан “...Н.Батзаяагийн өмгөөлөгч нарт төлсөн хөлс 3,800,000 төгрөгийн хохирлыг болон бензиний үнэ 500,000 төгрөгийг тус тус шүүгдэгч П.Боос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэрч Б.Оын “...Тэр залуучууд баарны гадаа хоёр машины голд хэрэлдэж маргалдаад чанга чанга дуугараад байсан. ...Таван залуу тойроод зогссон, хоёр нь барилцаад авсан, тэр барилцаж авсан нэг залуу нь туранхай бараан өнгийн хувцастай залуу ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай, харин нөгөө залуу нь цагаан өнгийн фудволктой махлагдуу залуу хоёр маргалдаад бие биеэ “пизда” гээд чанга чанга дуугаралдаад байсан. Анх намайг харах үед бол одоо энэ зураг дээр байгаа П.Б талийгаачтай заамдалцаад барилцаад авсан, чанга чанга хашгираад байж байсан...” гэх мэдүүлэг /1хх-36, 2хх-67/,

гэрч С.Оийн “...Миний санаж байгаагаар тэр талийгаач залууг махлаг өндөрдүү, цагаан өнгийн фудволктой, өмдтэй залуу түлхсэн юм уу, цохисон. Тэгээд л талийгаач нисэлттэй хойшоогоо саваад яг машины урд унасан. Би машины баруун талын урд суудалд сууж явсан болохоор ноцолдож байсан хүмүүсийн толгой хоёр машины дээгүүр харагдаж байсан...” /1хх-37, 2хх-69/ гэх мэдүүлгүүдээр хэрэг болох үед шүүгдэгч П.Б нь амь хохирогч Г.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэд хоорондоо барилцаж, ноцолдсон, улмаар П.Б нь хоёр машины дундуур Г.Жыг цохиход тэрээр замын зорчих хэсэг рүү нисэлттэйгээр хойш савж унаснаас иргэн С.Хийн жолоодож явсан автомашинд мөргөгдөн амь нас нь хохирсон гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч П.Б нь амь хохирогч Г.Жыг цохин унагааж, санаатайгаар автомашинд мөргүүлэн амь насыг нь хохироох гэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаа, сэдэлт, зорилго тогтоогдоогүй болно.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэж зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.         

Харин дээрх мэдүүлгээс эсрэг байр сууринаас өгсөн Ц.Наранхүү, Ч.Мөнх-Эрдэнэ, Д.Хатанбүүвэй, О.Урантуяа нарыг “Худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан шалгасан ба тэдгээрт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /1хх-171-178/-оор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Прокурорын тогтоолд яллагдагч, оролцогч нараас гомдол гаргаагүй байх бөгөөд дээрх нэр бүхий хүмүүсийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн анхан шатны шүүхээс прокуророос П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Ийнхүү хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг баримталсан нь буруу байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг баримтлах нь илүү үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч П.Быг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батзаяа, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ