Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж Улсын яллагч Б.Жавхлантуяа Шүүгдэгч Ц.Баяраа Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Баяраад холбогдох 201614000213 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгай 23-07 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Түвдэнгийнхэн овогт Цэцэгмаагийн Баяраа /РД: ФМ70052875/

Шүүгдэгч Ц.Баяраа нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ өөрийн хамтран амьдрагч Г.Нямхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүгдэгч Ц.Баяраагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нямхүү 3 хоног дараалан согтуу ирэхээр би уурлаад гарч яваад архи уусан. Би архи ууддаггүй юм. Тэгээд орой нь Нямхүүг бусадтай хардаж маргалдан галын хайчаар гар луу нь 3-4 удаа цохисон. Хохиролд 660.000 төгрөг нэхэмжилсэнээс 350.000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлыг төлнө. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Миний буруу би ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 03 сарын 28-ны өдөр 17 цагийн үед дэлгүүр орчихоод гэрлүүгээ явж байхад Баяраа өрөөсөө гадна 3 хүнтэй согтуу орж ирээд намайг янхан банзал гээд доромжлоод талхны сав авч шидсэн. ...Би Баярааг яагаад байгаа юм одоо жаахан тайвширч болдоггүй юм уу гэхэд галын хайч авад гар гуя луу цохисон. Энэ үед гаднаас манай хүү Бат-Очир орж ирэхэд Баяраа намайг зодохоо болиод цай ууж байснаа энэ пиздаг ерөөсөө ална гээд гал дээр байсан хоолыг цацахаар нь охинтойгоо утсаар ярьсан. Удалгүй охин ирээд Баяраа зөрөөд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/

 -Гэрч Б.Доржзодовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 03 сарын 28-ны шөнө манай аав Баяраа над руу утсаар яриад аавыгаа ирээд аваадах гэхээр нь шөнө гэрт нь яваад очсон чинь аав жаахан халамцуу Нямхүү эгч рүү уурлаад байсан. Тэгэхээр нь би тэднийхээс авч гараад ...13-р сургуулийн хажуу талын байранд байдаг эгчийн гэрт оруулж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 9 ху/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 264 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Нямхүүгийн биед зүүн өгзөг, зүүн гарын сарвуу, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн бугалганд зөөлөн эдэд 10 тооны цус хуралт үүсчээ.. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний 10 удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28-29 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/

-Ц.Баярааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 22-24, 58-59 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Баяраа нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ өөрийн хамтран амьдрагч Г.Нямхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Би Баярааг яагаад байгаа юм одоо жаахан тайвширч болдоггүй юм уу гэхэд галын хайч авад гар гуя луу цохисон” гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/, хохирогчийн биед зүүн өгзөг, зүүн гарын сарвуу, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн бугалганд зөөлөн эдэд 10 тооны цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 264 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Баяраад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Баяраа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч нь хохиролд 600.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаар 250.600 төгрөгний эм тариа худалдан авсан зарлагын падааныг ирүүлжээ. 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 202 тоот анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүгдэгч нь 300.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч нь үлдэх хохирол болох 350.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч баримтаар нотлогдоогүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч нь үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Түвдэнгийнхэн овогт Цэцэгмаагийн Баярааг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баярааг 1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баяраад оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баяраад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА