Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1519

 

А.Оюундэлгэрэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Оюундэлгэрэхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдох

 

Гачуурт тосгоны төвийн хэсгийн ахлагчаар ажилуулахыг даалгах, цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Оюундэлгэрэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам  нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Оюундэлгэрэхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд төвийн хэсгийн ахлагчаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга буюу Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбалтай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "Хөлсөөр ажиллуулах гэрээ"-г 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажил, үүргээ гүйцэтгэж байтал Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбат гэнэт бөөнөөр нь 8 хэсгийн ахлагчийг ажлаас халах тушаал гаргасан, Уг тушаалынхаа эх хувийг авъя гэхээр өгдөггүй. Надтай байгуулсан гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үүргээ гүйцэтгэж байсан. Тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбат 2017.01.04-ний өдөр биднийг цаашид хамтран ажиллах хүсэлтэй бол тэр хүсэлтээ бичиж өг гэсэн. Энэ үед нягтлан н.Сүнжидмаа, нярав н.Айжан, зохион байгуулагч Ц.Алтанцэцэг, архив бичиг хэрэг н.Эрдэнэчимэг, хөгжлийн нийгмийн ажилтан н.Амартайван нар байсан. Миний бие хүсэлтээ бичиж өөрт нь өгсөн боловч уг хүсэлт байхгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл тэрээр 2017.01.04-ний өдөр ажлаас халсан захирамж гаргасан байсан. Энэ захирамжаа албан ёсоор бидэнд өгөөгүй. Бид хуучин засаг дарга Х.Цэдэнбалтай хөлсөөр ажиллах гэрээг 2017.01.07-ны өдрөөс 2017.12.31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд энэ гэрээг хүчинтэй гэж үзэж байна. Х.Цэдэнбал дарга 2017.01.19-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд ирж түүнээс тамга хурааж авахдаа намайг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Гэтэл 2017.01.20-ны өдөр зохион байгуулагч н.Алтанцэцэг ажлаас халсан захирамж гарсан гэж хэлсэн. Тэгээд 2017.01.23-ны өглөө Даваа гаригт Д.Отгонбат даргатай уулзахад "Өөрийнхөө сонгуулийн сурталчилгаа хийж явсан хүмүүстэй хамтарч ажиллах учраас өрөөгөө суллаж өг" гэсэн хариу өгсөн.

Шинэ, хуучин Засаг дарга нарын хоорондын зөрчилдөөнөөс иргэн хохирох ёсгүй гэж үзэж байна. Миний бие гэрээний хугацаа дууссан ч ажил, үүргээ гүйцэтгэж байсан учир гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна. Хэсгийн ахлагчийн урамшуулал сард 288 000 төгрөг байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оны 1 сараас эхлэн 360 000 төгрөг болсон тул ажил, үүргээ гүйцэтгээгүй үеийн урамшууллыг сарын 360 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Иймд миний бие хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй, хөлсөөр ажиллах гэрээтэй байсан бөгөөд Гачуурт тосгоны төвийн хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан тул уг ажилд эгүүлэн тогтоолгож, 2017.01.20-ны өдрөөс хойш 2017.05.08-ны өдөр хүртэлх хугацааны цалин, хөлс авалгүй хохирсон тул энэ хугацааны урамшуулал 1 071 652 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Отгонбатын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэн А.Оюундэлгэрэхийг Гачуурт тосгоны захирагчийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжаар төвийн хэсгийн ахлагчаар томилжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дүгээр тогтоолоор "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр заасан. Тус журмын 1.4-д "Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг

үүргээ хэрэгжүүлэхдээ харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана", 7.1-д "дүүргийн Засаг даргын Тамгын газар хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгоно" гэж тус тус заасан байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, 5 дугаар хэсгийн ахлагч А.Оюундэлгэрэхтэй Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд cap бүр зохих урамшууллыг Гачууртын ажлын албанаас олгож байсан болно. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар "Нийслэлийн зарим дүүргийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор Баянзүрх дүүрэгт нэгтгэн харьяалуулсан Гачуурт дүүргийг тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар тогтоож, Гачуурт тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Иймд Гачуурт нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо төдийгүй тосгоны зохион байгуулалтын дагуу тусдаа төсөвтэй, ажлын албатай бөгөөд тосгоны захирагчийн хувьд бие дааж гэрээ байгуулсан байдаг.

Гачуурт тосгоны захирагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь заалт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23.6 дахь заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг тус тус үндэслэн Шар хоолойн хэсгийн ахлагч А.Оюундэлгэрэхийг хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул тус харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй, Иргэний хуулийн 360.1, хөлсөөр ажиллах гэрээний 6.1-д заасны дагуу хөлсөөр ажилласан тохиолдолд урамшуулал олгохоос биш ажиллаагүй хугацааны олговор төлөх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 364.1-д "Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно" заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон байна.

Түүнчлэн иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээг 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал байгуулсан бөгөөд Х.Цэдэнбалыг дүүргийн Засаг даргын 2016 очы 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар огцруулж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар Д.Отгонбатыг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл Х.Цэдэнбал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй тул цагдаагийн байгуулагын тусламжтайгаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тамга тэмдгийг хүлээн авснаар А.Оюундэлгэрэхийг 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс ажлаа хүлээж аваад Иргэний хуулийн 220.3, 189.1-д заасны дагуу хөлсөөр ажиллуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн болно. А.Оюундэлгэрэхтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсноор хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон бөгөөд нэгэнт ажиллаагүй хугацааны урамшуулал нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнийг цаашид хөлсөөр ажиллуулах боломжгүйг өөрт нь мэдэгдсэн. Харин цаашид ажиллах талаар түүний өөрийнх нь бичиж өгсөн хүсэлт тус хорооны ажлын албанд хадгалагдаагүй болно. Үүрэг гүйцэтгэгчийн 2017.01.04-ний өдөр гаргасан гэх захирамж байхгүй. 2017.01.20-ны өдөр хорооны тамга, тэмдгийг хуучин Засаг даргаар ажиллаж байсан Х.Цэдэнбалаас хураан авснаар Гачуурт тосгоны үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжтой болсон. Хуучин засаг даргаар ажиллаж байсан Х.Цэдэнбалын ажлыг хүлээлцэх комисс тус хороонд очсон учраас түүнийг огцорсон талаар А.Оюундэлгэрэх мэдсэн гэж үзэж байна. Иймд иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч үүрэгт ажпаас нь чөлөөлсөн тул А.Оюундэлгэрэхийн тус тосгоны төвийн хэсгийн ахлагч үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 071 652 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу А.Оюундэлгэрэхийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны төвийн хэсгийн ахлагчаар ажиллуулахыг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн ажлын албанаас 998 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Оюундэлгэрэхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 73 470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.Оюундэлгэрэхээс улсын тэмдэгтийн хураамжид 30 270 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн ажлын албанаас 28 507 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359.1-д заасан хөлсөөр ажиллуулах гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа ажиллаагүй байсан хугацааны олговрыг Иргэний хуулийн 219.1-д зааснаар хохирол учирсан гэж үзэж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 360.1-д заасныг зөрчиж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 219.1-д заасан үндсэн үүрэг, нэмэлт үүргээ гэрээний аль нэг тал нь биелүүлээгүйгээс бодит хохирол учирсан тохиолдолд харилцан биенээсээ шаардах эрхийн тухай ойлголт юм. Тухайлбал, хөлсөөр ажиллагчийн зүгээс ажлаа гүйцэтгэсээр байтал ажиллуулагч тал хөлс төлөхгүй байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгэж хөлс төлөхийг шаардах, нэмэлтээр хөлсөө тодорхой хадгаламжид хийдэг бол хүүний орлого олох ёстой байсан гэж учирсан хохирлоо давхар нэхэмжлэх тохиолдолд хэрэглэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллуулахаас татгалзсаныг үүргээ зөрчсөн гэж үзэж, ажилгүй байсан хугацааны урамшууллыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 366.1-д заасны дагуу гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан боловч хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдсэнийг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэх байтал, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаатай гэрээг байгуулагдсан байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Учир нь хэрэгт авагдсан дээрх гэрээ нь эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь хангалттай нотлогдож байхад буруу дүгнэлт хийсэн. Иймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгуй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Оюундэлгэрэх нь хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны буюу Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан төвийн хэсгийн ахлагчаар ажилуулахыг даалгах, цалин хөлс гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул ажиллаагүй хугацааны хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбалын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалаар А.Оюундэлгэрэхийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Төвийн хэсгийн ахлагчаар томилон, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүнтэй хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, нөгөө талаас төвийн хэсгийн ахлагч А.Оюундэлгэрэх нар байгуулан, гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэхээр хугацааны талаар тухайлан тохиролцжээ./хх.18-19/

 

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн болно.

 

Зохигчдын хооронд үүссэн маргааныг хөдөлмөрийн гэрээний бус, харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзсэн тохиолдолд тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцласан үндэслэлийн талаар шүүх дүгнэхээс гадна, ийнхүү цуцласнаас үүсэх үр дагаварыг шийдвэрлэх учиртай. Нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн шаардснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах үндэслэлгүй.

 

Хэргийн баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах талаар заасан байх боловч төвийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан нөхцөл байдлыг сэргээн, авч чадаагүй цалин хөлсийг гаргуулах агуулгатай шаардлага байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн, 359.1 дэх хэсэгт хамааралтай гэж үзэхээр байна. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан нь нэхэмжлэгчийн гэрээгээр ажиллах эрхийг сэргээж, учирсан хохирлыг арилгуулах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай "Хэсгийн ахлагч нарыг чөлөөлөх тухай" тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дах заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг үндэслэн тус тосгоны төвийн хэсгийн ахлагч А.Оюундэлгэрэхтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Гэтэл талуудын байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч ажиллагч үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэж байсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө ажиллуулагчийн зүгээс гэрээ дуусгавар болгохыг мэдэгдээгүй, гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан болон гэрээг дуусгавар болгохыг Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3 дах хэсэгт заасан хугацаанд ажиллагчид мэдэгдээгүйн улмаас хөлсөөр ажиллах гэрээний хугацаа сунгагдах нөхцөл бүрдсэн нь хэрэгт авагдсан цалингийн карт, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх.20-21/

 

Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусгавар болсон ч хэсгийн ахлагч нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно. Ийнхүү сунгагдсан гэрээний хугацаа дуусаагүй байхад ажиллуулагч тал гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөн дуусгавар болгосон нь Иргэний хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх А.Оюундэлгэрэхийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны төвийн хэсгийн ахлагчийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Ажиллагчийн ажиллаагүй хугацааны хөлс, урамшуулалыг олгохдоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчснөөс учирсан хохирол гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ